2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/01158

 

 

 

 

 

                                                         2026             01            26  

                                       192/ШШ2026/01158

 

              

                                

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц,

           Хариуцагч: Н.У,

698 м.кв талбайтай, Э-... эзэмших эрхийн дугаартай зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь Н.У холбогдуулан нэгж талбарын ... дугаар бүхий 698 м.кв талбайтай, Э-... эзэмших эрхийн дугаартай зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь зуслангийн газрыг 2006 онд өөрийн эгч Б.Н худалдан авсан. Тухайн үед Б.Н эгчийн гэр бүлийн эзэмшилд зуслангийн зориулалттай 3 айлын газар байсан ба эгч нэг айлын газар дээр нь байшин барьж, би газрыг нь эгчээсээ худалдан авсан. Б.Ц эхнэр Н.Б 2018 оны үед Б.Н эгч үлдсэн нэг зуслангийн газраа зарна гэж байна, энэ газрыг нь авъя гэж ярихад нь би эхний авсан газар дээрээ байшин барьж чадаагүй байж, дахин газар авахгүй гээд авахаас татгалзсан. Хэсэг хугацааны дараа эхнэрийн төрсөн эгч Н.У нь зуслангийн байшин барихаар болсон гэдгийг эхнэрээс сонсоод эгчийн зарах гээд байсан газрыг нь авсан юм байна гэж ойлгосоор өдийг хүрсэн. Тухайн үед би эхнэрийн эгч Н.У тус больё гэж бодоод өөрт байсан байшинг буулгаж түүнд өгсөн бөгөөд байшин барихтай холбоотой бас бус зүйлээр нэмэр болсон. Б.Ц эгч Б.Н АНУ-д амьдарч байгаа бөгөөд саяхан утсаар ярихдаа үлдсэн нөгөө газраа Н.У биш өөр хүнд зарсан талаар надад хэлсэн. Ингээд би өөрийн эзэмшлийн газар дээр очиж үзтэл Н.У нь миний газар дээр байшин барьсан болохыг олж мэдсэн. Н.У нь миний газар дээр миний өгсөн байшинг шилжүүлэн барьж байхдаа надад огт хэлж мэдэгдээгүй бөгөөд эхнэр ч бас энэ талаар надад огт дурдаагүй. Миний хувьд анхнаасаа өөрийн газар дээр эхнэрийн эгчийг байшин барих гэж байгааг мэдээгүй бөгөөд Н.У болон түүний нөхөртэй ямар нэг газрын талаар гэрээ хэлцэл, яриа тохироо хийсэн зүйл огт байхгүй. Эхнэрийн эгчийн гэр бүл миний эзэмшлийн газар дээр надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, энэ талаар надад хэлэлгүйгээр байшин барьсанд гомдолтой байгаа тул газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. Иймд гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг Н.У хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.” гэв.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Ц эхнэр Н.Б төрсөн эгч юм. Б.Ц, Н.Б нар нь 3 хүүхэдтэй бөгөөд Б.Ц, Н.Б нар гэр бүл болсон цагаас хойш ажил, бизнес гээд завгүй ажилладаг байсан тул 3 хүүхдийг нь нөхөр бид 2 нялх багаас нь өсгөсөн. Б.Ц, Н.Б нар нь 3 хүүхдийг өсгөсөнд талархаж зуслангийн газрыг нөхөр бид 2-т бэлэглэсэн. Бид бүхэн аль аль нь ажил цаг зав муутайн улмаас газрыг албан ёсоор шилжүүлж аваагүй байсан. Нөхөр Б.Ө цэргийн байнгын тэтгэвэрт гарч 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг төрөөс авсан бөгөөд Б.Ц, Н.Б нараас бэлэглэсэн дээрх газар дээр байшин барьж амьдрах болсон. Б.Ц, Н.Б нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүл цуцлахаар шүүхэд маргаан гаргасан байгаа бөгөөд тэдний гэр бүлийн маргааны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанд тус газрын ногдох хэсгийг гаргуулахаар Н.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд энэ газрыг хууль бусаар эзэмшээгүй, бусдаас бэлэглэсний дагуу өөрийн хөрөнгөөр байшин барьсан тул газрыг чөлөөлж өгөх боломжгүй гэж гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай захирамж, хариуцагчаас ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай албан бичиг, итгэмжлэл, Төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай захирамж, .... дүүргийн Газар зохион байгуулалтын ... албаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай албан бичиг, ... дүүргийн ... даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай захирамж, түүний хавсралт, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, ... дүүргийн ... даргын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай захирамж, түүний хавсралт, .... дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албаны даргын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаал, түүний хавсралт, Л.Б, Б.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон эвлэрэн хэлэлцэх санал, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .... дугаартай захирамж, ... дүүргийн газар зохион байгуулалтын ... албаны 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай албан бичиг, ш ХХК-ийн дүгнэлт тус тус шүүхэд гарган өгчээ.

            Шүүхээс ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай албан бичиг, түүний хавсралт, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай албан бичиг, түүний хавсралт, мөн газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай албан бичиг, түүний хавсралт гаргуулж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Д.Ц гэрчээр асуусан байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь миний эхнэрийн эгч Н.У миний эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй байшин барьсан тул газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Б.Ц, Н.Б нар нь 3 хүүхэдтэй бөгөөд Б.Ц, Н.Б нар гэр бүл болсон цагаас хойш ажил, бизнес гээд завгүй ажилладаг байсан тул 3 хүүхдийг нь нөхөр бид 2 нялх багаас нь өсгөсөн. Б.Ц, Н.Б нар нь 3 хүүхдийг өсгөсөнд талархаж зуслангийн газрыг нөхөр бид хоёрт бэлэглэсэн гэж маргажээ.

6. Хэрэгт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдлоо.

зуслангийн газар нь иргэн Б.Ц нэр дээр бүртгэлтэй болох нь газрын гэрчилгээний хуулбар болон 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын ... дугаартай газрын кадастрын зураг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. /хх 5-8 тал/.

... дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай албан бичгээр .... нэгж талбарын дугаартай газрын түүхчилсэн мэдээллийг гаргасан байна. Уг баримтад ... дүүргийн засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай захирамжаар 700 м.кв газрыг Л.Б 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээг гаргажээ. 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг Л.Б, Б.Ц нар байгуулж, .. дүүргийн засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг Л.Б Б.Ц шилжүүлсэн байна. ... дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжаар Б.Ц газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан, ийнхүү сунгахдаа газрыг 699 м.кв болгосон бөгөөд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргахдаа газрыг 698 м.кв гэж өөрчилсөн байна. /хх-5-7х,61,63-70х/.

Нэхэмжлэгч Б.Ц төрсөн эгч нь Б.Н гэж, Л.Б, Б.Н нар гэрлэгчид буюу эхнэр нөхөр гэсэн нь төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. /хх-62, 71х/.

Б.Ц эзэмшлийн зуслангийн газарт хариуцагч Н.У өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа болох нь Ш ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх 205 дугаар тал/ Зохигч энэ талаар маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч барилга барихад зөвшөөрөөгүй болохоо, хариуцагч нь газрыг бэлэглэлээр авсан болохоо баримтаар нотлоогүй байна.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Энэхүү зохицуулалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах бөгөөд хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн эзэмшигч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд: нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” тус тус зааснаар Б.Ц газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэхээр байна.

Харин хариуцагч Н.У нь газрыг хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч Б.Ц нь өөрийн эзэмшлийн газраа арчлах, хамгаалах, хашаалах, тэмдэгжүүлэх, бусад этгээдийг хохироох нөхцөл байдлыг үүсгэхгүй байх үүрэгтэй бөгөөд түүний газарт нь бусад этгээд үйл ажиллагаа явуулах, эзэмших, барилга байшин барьсан тохиолдолд тухайн үед нь эсэргүүцэх, шаардлага тавих эрхтэй. Гэтэл барилга 2021-2022 оны хооронд баригдахад нэхэмжлэгч эсэргүүцээгүйгээс гадна шүүхээс гэрлэлт цуцалсны дараа шаардлага гаргасныг тухайн үед барилга байгууламж барихыг зөвшөөрч байсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч барилга байгууламж барихыг зөвшөөрсөн байгаа нь газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй тул эзэмшил газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй болжээ.

8. Иймд Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй болжээ.

9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н.У холбогдох газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай Б.Ц нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.З