2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/01157

 

 

 

 

 

                                                         2026             01            26  

                                       192/ШШ2026/01157

 

              

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.С,

Хариуцагч: Т ХХК,

Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гэрч С.Н, А.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Д.С нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Т ХХК-ийн ... тоот тушаалаар тус байгууллагад Ерөнхий менежер албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдож, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Т ХХК-ийн захирлын ... тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, ажилтан тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний ... тоот шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Т ХХК 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... тоот тушаалаар түүнийг Транслийз албаны дарга албан тушаалд эгүүлэн томилсон боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь бүхэлд нь сэргээж өгөөгүй, ажил хийх нөхцөл бололцоогоор хангахгүй гүйцэтгэх захиралын зүгээс өмнөх хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах бүх боломжийг нь хязгаарлаж, хандах мэдээлэл, группд түүнийг хандуулахгүй зөвхөн борлуулалт хийх, өгсөн үүрэг биелүүлэх хэмжээнд борлуулалтын ажилтан байдлаар хязгаарлаж ажилтны үндсэн эрхийг нь зөрчсөөр байсан. Уг асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг оролцуулан уулзах санал хүсэлт удаа дараа тавьсан боловч шийдвэрлэхгүй худал, үнэн шалтиг тоочиж, холбогдох хурал, уулзалтууд хийгдэж байгаа аталаа нэг ч удаа түүнийг оролцуулаагүй байна. Үүнээс үзэхэд магадгүй компаний ашиг сонирхол, ашигт ажиллагаанд нөлөөлөхүйц, буруутай үйл ажиллагааг илрүүлэх хэмжээний мэдлэгтэй байгаагаас нь эмээж, түүний өмнө нь эдэлж байсан эрхийг хязгаарлаж ажил үүргээ гүйцэтгэх боломжийг олгоогүй боогдуулж эхлэсэн. Улмаар ажилтанг цаг бүртгэлийн системд биеэр ирж бүртгэл хийгээгүй гэдэг шалтгаан гаргаж, түүнийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчлийг илрүүлж, баталгаажуулахгүй, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүй, ажилтанд мэдэгдэлгүйгээр нэг талыг барьсан сахилгын сануулах арга хэмжээ авч, түүнийгээ үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ... тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дахин ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 42.2.2-д заасанд нийцээгүй, үндэслэлгүй тул эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Т ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ... тоот тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Монгол Улсын иргэн Д.С зүгээс Т ХХК-д холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Д.С нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалаар Т ХХК-д Ерөнхий менежерийн албан тушаалд дадлагажигчаар хөдөлмөрийн гэрээ (Хөдөлмөрийн гэрээ) байгуулан ажиллаж байсан. Д.С нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалаар Үндсэн ажилтнаар томилон ажиллаж байсан болно. Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэг ажлаас нь чөлөөлсөн болно. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар шийдвэрээр Д.С Т ХХК-ийн Транслизийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2.3.1, 3.1.10, 3.4.26-д заасан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцан тохиролцож байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ажилд эгүүлэн тогтоосон болно. Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тушаалаар Д.С Урьдчилан зөвшөөрөл авч мэдэгдээгүй ажлын байрыг орхисон, гадуур ажиллахдаа нэгжийн удирдлагадаа мэдэгдээгүй, гадуур ажиллах хүсэлт илгээлгүйгээр ажлын байранд ирээгүй нь камерын бичлэг, цаг бүртгэлийн систем болон хүний нөөцийн нэгжийн тайлбар зэргээр нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасны дагуу өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр тушаалаар Д.С нь Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дараах сахилгын зөрчил гаргасан нь камерын бичлэг, цаг бүртгэлийн систем болон ажилтны тайлбар зэргээр нотлогдож сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. 2025 оны 03 дугаар сард цаг бүртгэлийн системээр ажлын цагийг огт бүртгүүлээгүй буюу ажилдаа хэсэгчлэн ирсэн боловч санаатай болон санамсаргүй байдлаар цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан зөвшөөрөл авч, мэдэгдээгүй, ажлын байрыг орхисон буюу хүсэлтийг цаг бүртгэлийн системээр зохих ёсоор илгээгээгүй, ажлын байанд биечлэн ирээгүй буюу ажлын цагийг баримтлаагүй эс үйлдэхүйгээр Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.2, 8.3 дах заалтыг тус тус зөрчсөн. Д.С Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт (Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан буюу сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан.) зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно. Иймд Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс ... дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, бүртэл хяналтын карт, ажлын байрны тодорхойлолт, Т албаны даргын ажлын байрны гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, ажил хүлээлцэх маягт, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар шийдвэр, оюуны өмчийн зохиогчийн эрхийн гэрчилгээ, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаал, түүний хавсралт, ажил хүлээлцэх маягт, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар хөдөлмөрийн дотоод журам, захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаал, тайлбар авах хуудас, Д.С 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших ирц бүртгэлийн тайлан, 2025 оны 3 дугаар сарын Д.С цалингийн дэлгэрэнгүй, захирлын 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаар ажиллах цагийн хуваарийг шинэчлэн тогтоох тухай тушаал, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар байгууллагын үйл ажиллагаанд систем нэвтрүүлэх тухай тушаал, хариуцагч компанийн 2025 оны 2, 3 дугаар сарын цагийн дэлгэрэнгүй тайлан, хариуцагч байгууллагын 2024 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн ... дугаар тушаал, 2024 ны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тушаал, хөдөлмөрийн дотоод журам, ажил хүлээлцэх маягт, анхааруулах хуудас, ажлаас гарах үеийн асуулга, нэгжийн ээлжийн амралтын хуваарь, бүтээгдэхүүн үйлчилгээний худалдан авалтын судалгааны маягт, сахилгын шийтгэл ногдуулах хуудас, чөлөөний хуудас, захирлын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаал, цалин гүйцэтгэлийн үнэлгээний журам тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот албан тушаалд томилох тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот компанийн үйл ажиллагаанд чиглэл өгөх тухай тушаал, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, Т ХХК-ийн 2023 оноос 2025 оны хооронд Д.С олгосон цалингийн тооцоолол гаргуулж, гэрч А.Т, С.Н нарыг асууж, хариуцагчийн хүсэлтээр цахим хаяг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн байна.

           ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Д.С нь өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлд нь сэргээж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчлийг илрүүлж, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүй, ажилтанд мэдэгдэлгүй сахилын арга хэмжээ авсан, түүнийгээ үндэслэж ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаа ажил хийхээс татгалзсан байхад ажлаас чөлөөлсөн тул тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч гомдол гаргах хугацаа дууссан, ажил тасалсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маргажээ.

           6. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4995 дугаар шийдвэрээр Д.С Т ХХК-ийн Транслизийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2.3.1, 3.1.10, 3.4.26-д хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцан тохиролцож байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ./1хх-139 тал/

Д.С нь Т албаны даргын ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан болох нь ажлын байрны тодорхойлолт, Транслийз албаны даргын ажлын байрны гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, ажил хүлээлцэх маягтаар тогтоогдож байна. /1хх 28-32,60 тал/

Хариуцагч компанийн 2025 оны 2, 3 дугаар сарын цагийн дэлгэрэнгүй тайлангаар нэхэмжлэгч Д.С нь сард бүрд 144 цагийн ажил тасалсан нь талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 138-139/

Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/35 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Транслийз албаны дарга Д.С нь урьдчилан зөвшөөрөл авч мэдэгдээгүй ажлын байрыг орхисон, гадуур ажиллахдаа нэгжийн удирдлагадаа мэдэгдээгүй буюу гадуур ажиллах хүсэлт илгээлгүйгээр ажлын байранд ирээгүй тул ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх 95 тал/

Гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Транслийз албаны дарга Д.С нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа цагаа бүртгүүлээгүй, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс ажлын байранд ирээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. /1хх 15 тал/ Талууд тушаалын хүчин төгөлдөр байдалтай маргаагүй болно.

... дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар тэмдэглэлээр Д.С нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлс 52,249,067 төрөг гаргуулах, 2024 оны 12 дугаар сарын цалин хөлс, 2025 оны 2, 3 дугаар сарын цалин тооцож олгуулах гомдлын шаардлага гаргасныг дуусгавар болгосон тэмдэглэлийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гардан авчээ. /1хх 4-12 тал/

Талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зөрчил дутагдал гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцжээ./1хх 58 тал/

Мөн байгууллагын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар хөдөлмөрийн дотоод журмын 5.6.1-д “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу цуцлах бөгөөд энэхүү дотоод журмын заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно”, 8.3-т ажилтан ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах, ажлын цагаа бүртгүүлэх үүрэгтэй ба цаг бүртгэлийг илүү бодитойгоор тооцуулахын тулд ажил олгогчоос тогтоосон цаг бүртгэлийн зориулалтын системийг ашиглана” гэжээ. /1хх 75, 82 тал/

Гүйцэтгэх захирлын 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаар ажиллах цагийн хуваарийг шинэчлэн тогтоох тухай тушаалаар 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугар тушаал, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар уян хатан цагийн хуваариар ажиллах тушаалыг хүчингүй болгожээ./1хх 196 тал/

Төв азийн зам компаниас Д.С цахим хаягт ажлын цагийг баримтлан ажиллах талаар мэдэгдэж байсан бөгөөд Д.С хариу захидал илгээж байсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд бүртгэлтэй цагт камерт биеэр ирж бүртгүүлээгүй болох нь тогтоогджээ. /хэргийн 103-107, 208-233 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ажил таслаагүй болохоо, ажил үүргээ гүйцэтгэж байсан болохоо баримтаар нотлоогүй байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэжээ.

Нэхэмжлэгч ... дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

Харин гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Транслийз албаны дарга Д.С нь урьдчилан зөвшөөрөл авч мэдэгдээгүй ажлын байрыг орхисон, гадуур ажиллахдаа нэгжийн удирдлагадаа мэдэгдээгүй буюу гадуур ажиллах хүсэлт илгээлгүйгээр ажлын байранд ирээгүй тул ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.

8. Гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Транслийз албаны дарга Д.С нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа цагаа бүртгүүлээгүй, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс ажлын байранд ирээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 42 дугаар зүйлийн 42.2.2, хөдөлмөрийн дотоод журмын 6.4 дүгээр зүйлийн 6.4.2, 8.3 дугаар зүйл, 8.12 дугаар зүйлийн 8.12.1, 8.12.2, 8.12.4, 12 дугаар зүйлийн 12.1.18-ийг тус тус үндэслэл болгожээ.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

9. Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалтай холбоотой нэхэмжлэгч Д.С нь гомдол гаргаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс энэхүү тушаалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хүсэлт, холбогдох баримтаа ирүүлэхийг 2025 оны 1 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлснийг Д.С цахим шуудангаар хүлээн авснаа илэрхийлжээ.

Иймээс нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/35 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалтай холбоотой хууль заасан журмын дагуу маргаагүй тул эхний удаа сахилгын зөрчил гаргасан гэж үзээд энэ талаар баримтад дүгнэлт хийх шаардлагагүй болжээ.  

10. Түүнчлэн ажил олгогчийн 2024 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн ... дугаар тушаал, 2024 ны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тушаал, хөдөлмөрийн дотоод журам, ажил хүлээлцэх маягт, анхааруулах хуудас, ажлаас гарах үеийн асуулга, нэгжийн ээлжийн амралтын хуваарь, бүтээгдэхүүн үйлчилгээний худалдан авалтын судалгааны маягт, сахилгын шийтгэл ногдуулах хуудас, чөлөөний хуудас, захирлын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаал, цалин гүйцэтгэлийн үнэлгээний журмыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.С цахим хаягаар илгээснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ.

Ажилтан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.С нь хөдөлмөрийн дотоод журмын 6.4 дүгээр зүйлийн 6.4.2-“Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах”, 8.3 дугаар зүйлд “Ажилтан ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах, ажлын цагаа бүртгүүлэх үүрэгтэй ба цаг бүртгэлийг илүү бодитоор тооцоолуулахын тулд ажил олгогчоос тогтоосон цаг бүртгэлийн зориулалтын системийг ашиглана”, 8.12 дугаар зүйлийн 8.12.1-д “удьдчилан зөвшөөрөл авч, мэдэгдээгүй ажлын байрыг орхисон тохиолдолд ажил тасалсанд тооцно”, 8.12.2-д “Гадуур ажиллахдаа нэгжийн удирдлагадаа мэдэгдээгүй буюу гадуур ажиллах хүсэлт илгээгээгүй тохиолдолд”, 8.12.4-д “Ажилдаа ирсэн боловч санаа болон санамсаргүй байдлаар цаг бүртгэлтийн төхөөрөмжид бүртгүүлээгүй” тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй.”, 54.2-д “Ажилтан энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.”, 54.3-д “Ажил олгогч энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсантай нь холбогдуулан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно.” зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өмнөх ажил сэргээгүй, өмнөх ажлын цалин хөлс дутуу олгосон, тэтгэмж олгоогүй гэсэн нь дээрх зохицуулалтад хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон Транслийз албаны даргын албан тушаал сэргэхгүй байгаа, ажилд орох хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, тэтгэмж олгоогүй үндэслэлээр ажиллахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх, холбогдох шүүхэд хуульд заасан арга, журмаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх эрх нээлттэй болно. Мөн нэхэмжлэгч Д.С ажлын цагаа бүртгүүлээгүй, ажлын байранд очсон боловч ажил үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласан тул түүнийг ажлаа тасалсан гэж үзнэ. Ажлын байранд очсон, ажлын цагаа бүртгүүлсэн боловч ажил үүргээ гүйцэтгэхээс хууль бусаар татгалзсаныг ажил таслаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагчийн “2025 оны 3 дугаар сард цаг бүртгэлтийн системээр ажлын цагийг огт бүртгүүлээгүй буюу ажилдаа хэсэгчлэн ирсэн боловч санаатай болон санамсаргүй байдлаар цаг бүртгэлийн төхөөрөмжид цагаа бүртгүүлээгүй эс үйлдэхүй, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс тушаал гарах хүртэл өдрийн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан зөвшөөрөл авч, мэдэгдээгүй ажлын байрыг орхисон буюу хүсэлтийг цаг бүртгэлийн системээр зохих ёсоор илгээгээгүй ажлын байранд биечлэн ирээгүй буюу ажлын цагийг баримтлаагүй зөрчил гаргасан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Д.С үгүйсгэж чадаагүй, зайнаас ажиллахыг М зөвшөөрсөн гэсэн тайлбараа нотлоогүй, ажил үүргээ гүйцэтгэхээс хууль бусаар татгалзсан тул түүнийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй болжээ.   

            Иймд нэхэмжлэгч Д.С хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ. 

11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан Т ХХК-д холбогдох, тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай Д.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.З