| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2512001100174 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
2026/ДШМ/05
Прокурор: Т.Алтанзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Б.Д
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШТЦ/316 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Д холбогдох 2512001100174 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 200 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0 эцэг, эх, дүүгийн хамт А аймаг Э сумын 0 дугаар баг Тын 0-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнссэн Г ургийн овогт Бийн Д /РД:0000000000/
Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Б хорооллын 0-0 тоот дахь иргэн Г.Дийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйлс хулгайлж 1,047,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Г овогт Бийн Д /РД:0000/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолож, Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо ... Би энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Би тухайн үед ажил олдохгүй банкны өр зээл нэхэгдээд маш хүнд байсан учир буруу шийдвэр гаргаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Би дахиад хэзээ ч хулгай хийхгүй маш их гэмшиж харамсаж байна. Миний ээж чихрийн шижин өвчний учир эмнэлэгийн хяналтанд байдаг. Өвчин нь маш их хүндэрсэн заримдаа хэвтэрт ороод ажлаа хийж чадахгүй болдог. Аав маань өрхдөө ганцаараа хөдөлмөр эрхэлдэг зах дээр бусдын бараа зөөдөг цалин хөлс багатай. Ээж маань өвчтэй учир байнгын эмчилгээ шаардлагатай ар гэрийн амьдрал хүнд байдаг. Миний банкинд тавьсан өр зээлийг тэд нар маань төлөөд амьдрал нь улам хүндэрч байгаа би энэ бүхнийг харж ойлгож маш их харамсаж байна. Иймд надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг багасгаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.02-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Д эс зөвшөөрч, хорих ялыг хөнгөлж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг байгаа. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. 7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж, хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан байгаа. Хохирогч Г.Дийн гэрт 2025.02.01-02-ны өдөр 2 удаагийн үйлдлээр нэвтрэн, үргэлжилсэн үйлдлээр 2 удаа хулгай хийж, эдийн болон эдийн бус хохирол учруулсан, тухайн учруулсан хохирлоо биет байдлаар буюу авсан эд зүйлийг буцааж өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн 316 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шүүдэгчийн зүгээс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас хийсэн хэрэгтээ ямар нэгэн байдлаар маргадаггүй. Мөн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлыг биет байдлаар бүрэн төлсөн байдаг. Гомдлын агуулга нь оногдуулсан ялыг ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан байдаг. Холбогдсон хэргийн санкцын хувьд хорихоос өөр төрлийн ямар нэг ял байхгүй, 2-8 жилийн хорих ялтай байгаа. Анхан шатны шүүх эргүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж шийдвэрлэсэн байгаа. Энэ нь хуульд нийцсэн зөв, түүний анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээсэн, ар гэрийн байдал, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг бүх байдлаа хэлж, ярьсантай холбоотойгоор дээрх зүйл, хэсгийг хэрэглэсэн байх. Хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т оногдуулах ялын доод хэмжээг 2/1-ээс багагүй, дээд хэмжээг мөн 2/1-ээс дээш ял оногдуулахгүй байхаар хуульчилсан. Ийм учраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Түүний холбогдсон гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байгаа байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний хорих ялыг багасгаад, өөр ял оногдуулж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхэд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Дийн ... одоогоор мэдэж байгаа нь 1 ширхэг унадаг дугуй, шинэ гэрийн цагаан бүрээс, солонгос олс 100м, нарийн уяа 100м зэрэг алдагдсан байна ... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Дийн дахин өгсөн ... 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед хулгайч гэр рүү орсон талаар Амаржаргал хэлсэн. Би энэ талаар мэдээд иртэл манай хашаанд байсан шинэхэн цасан дээр гутлын мөр явчихсан. Мөн гэрээс унадаг дугуйг аваад явсан гэмээр мөр гарсан байсан. Мөн дараагийн өдөр нь түрдэг тэрэгний мөр гарсан гэмээр харагдсан. Тэгтэл А 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө бас танай гэрт хулгай орсон байна нөгөөх гутлын мөр болон түрдэг тэрэгний мөр шинээр гарсан байна гэж хэлэхээр нь би очиж үзээд эрүүгийн мөрдөгчийн хамт мөрөөр нь явж байтал Т байх 0 дугаар цэцэрлэгийн ард гудамжны доод талаасаа 3 дахь хаалга руу орсон байсан уг хашаанд ортол миний унадаг дугуй болон хулдаас зэрэг эд зүйлс байсан бөгөөд Д гэх хүн миний эд зүйлсийг хулгайлсан талаараа надад хэлсэн. Хулгайч манай гэрийн шилэн цонхыг хагалж орсон. Би эд зүйлсийг өөрийн мөнгөөр худалдан авч байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Рийн ... Б.Д нь 2023 оны 10 дугаар сард хот тохижуулахад ажиллаж байсан бөгөөд уг ажлаасаа 2024 оны 09 дүгээр сард халагдсан. 2025 оны 02 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө бол бүүр оройтож 01 цаг өнгөрөөж ирсэн. 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бол 02 цаг болж байхад гэртээ ирсэн. Уг орой гэртээ ирэхдээ бор өнгийн хуйлаастай 1 боодол хулдаасыг тэврээд оруулж ирж тавьсан. Би юун хулдаас авч ирсэн бэ гээд асуутал өрөндөө хүнээс авсан юм гэж хариулсан. Тэгэхээр нь чимээгүй унтаад өгсөн. Би уг өглөө 09 цагийн үед босоод бие засах гэтэл гэрийн гадаа том дугуйтай усны тэрэг 1 ширхэг, хар өнгийн унадаг дугуй 1 ширхэг байсан. Тиймээс гэртээ ороод юу юм гэрт авч ирсэн бэ гээд асуутал хүнээс өрөндөө авсан гэж надад хариулсан. Би Дт хандаад “чи юм хулгайлчихсан юм биш үү” гээд асуутал “би юу гэж хулгай хийх юм бэ” гэж хариулсан. 2025 оны 02 дугаар сарын сарын 02-ны өглөө амралтын өдөр байсан тул 09 цаг хүртэл унтаж амраад босож бие засах гэтэл манай хашаанд хураасан түлээний тэнд хар өнгийн 2 үүргэвчтэй, цэвэрхэн цүнх байсан. Тэгэхээр нь би гэртээ орж ирээд Доос модны хажууд юун цүнх байгааг асуутал “би мэдэхгүй. Миний цүнх биш урд айлын хүүхдүүдийн цүнх байгаа байх” гэж хэлээд би ажил хайхаар гарлаа гээд явсан. Тиймээс би араас нь гараад нөгөөх цүнх хашаанд байгаа эсэхийг хартал тэр цүнх хашаанд байхгүй. Д аваад явсан байсан. Уг орой орж ирэхээр нь би яагаад оройтсон гэтэл Д С ХХК-ийн барилга дээр ажил хийж байгаад ачаа ачаад оройтлоо гэж хэлсэн. Хувцас нь юм ачсан гэхээр шинжгүй байсан. Манай хашаанд амьдарч байх хэн нэгэн хүний цүнх биш. Уг цүнх хар өнгөтэй, 2 мөрөвчтэй сургуулийн хүүхдийнх гэмээр харагдсан. Шинэвтэр, цэвэрхэн цүнх байсан. Уг цүнхний ёроолд л юм байх шиг харагдсан. Хоосон цүнх бол хуниралдаж харагдах байсан. Цүнхний дотор бол овортой зүйл харагдаагүй … гэсэн мэдүүлэг, Дамно үнэлгээ ХХК-ний 2025 оны 03 сарын 18-ны өдрийн АЦ25-55 дугаартай нийт 1.047.600 төгрөг ... гэсэн дүгнэлт, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АРХ0125/025 дугаартай шинжээчийн ... 1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд байх №41, №42 дугаартай гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн №41, №42 дугаартай баруун болон зүүн хөлийн гутлын мөрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гутлын баруун болон зүүн хөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна ... гэсэн дүгнэлт яллагдагч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ... Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ... гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна
Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүхэд ... Би энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Би тухайн үед ажил олдохгүй банкны өр зээл нэхэгдээд маш хүнд байсан учир буруу шийдвэр гаргаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Би дахиад хэзээ ч хулгай хийхгүй маш их гэмшиж харамсаж байна. Миний ээж чихрийн шижин өвчний учир эмнэлэгийн хяналтанд байдаг. Өвчин нь маш их хүндэрсэн заримдаа хэвтэрт ороод ажлаа хийж чадахгүй болдог. Аав маань өрхдөө ганцаараа хөдөлмөр эрхэлдэг зах дээр бусдын бараа зөөдөг цалин хөлс багатай. Ээж маань өвчтэй учир байнгын эмчилгээ шаардлагатай ар гэрийн амьдрал хүнд байдаг. Миний банкинд тавьсан өр зээлийг тэд нар маань төлөөд амьдрал нь улам хүндэрч байгаа би энэ бүхнийг харж ойлгож маш их харамсаж байна. Иймд надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг багасгаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна ... гэх агуултай гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т ... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж хуульчилсан тул шүүгдэгчийн хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ .. гэж заасантай анхан шатны шүүхийн шийдвэр нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т ... шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно ... гэж шүүхэд хуулиар эрх хэмжээ олгосон.
Дээрх хуулиар олгосон эрх хэмжээний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч нь 55 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА