Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж

Улсын яллагч А.Марал,

Иргэдийн төлөөлөгч Н.Энхцэцэг,

Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____ овогт Ө-н Б-т холбогдох эрүүгийн ______ тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________

 

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо “Горькийн 22-ын задгайд оршин суух М.Чын гэрт 5 настай О.Г-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цахилгааны төмөр утсыг зэвсгийн чанартай хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхай толгойн няцрал, хэвлий арын зайнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Бын өгсөн

“...2015 оны 01 дүгээр сарын 18 ны өглөө 09-10 гийн үед Г, Ч нар хог түүхээр гарсан ба би Г-тай үлдсэн тэгээд айж байтал Г- өмдөндөө баачихаар нь миний уур хүрээд гэрт байсан гүпер утсыг авч байгаад цээж бөгс рүү нь ороолгосон 10 орчим удаа, тэгсэн Г- агаа болъёо гээд уйлахаар нь би больсон... тэгээд орой 20 цагийн үед Г, Ч нар ирээд намайг хоол хийсэнгүй чи зайл энэ тэр гэхээр нь би явлаа гээд гараад явсан. Тэр өдөр яваад арван хэд хоног гадуур тэнэж хогийн цэг дээр хоноглоод явж байтал цагдаад баригдсан. Тэгээд Г-ын бие муудсаныг мэдсэн. Тухайн үед би Г-ыг зодсондоо санаа зовоод тэднийхээс явсан, нэг совин татаад эднийхээс явсан нь дээр гэж санагдаад байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-н 105-106, 115-116, 2-р хх-н 52-60, 200-202/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн өгсөн:

            “...О.Г- нь 2016 оны 01 дүгээр сарын 15-нд Хүчирхийллийн үндэсний төвөөс манай Шинэ найдвар төвд хүргэгдэж ирсэн. Тэрнээс хойш манай төвд О.Г- нь хүмүүжиж байна. О.Г- нь ирснээсээ хойш эхлээд үг дуу цөөтэй, тураалтай, өсөлт хоцронгуй, хичээлийн хоцрогдолтой байсан. Харин одоо бусад хүүхдүүдтэй харилцдаг 85-р сургуулийн 2а бүлэгт суралцаж байна. Одоо сэтгэл санааны байдал дээрдсэн, өндөр жин нь нэмэгдэж байгаа. Ямар нэг гаж зан байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч О.Г-ын өгсөн:

“...Эмээ миний толгой руу орны төмрөөр цохисон, агаа миний хөл рүү модоор цохисон, аав миний гэдэс рүү цохиход би уйлсан, миний бөгс рүү эмээ баалаа гэж цохисон... Намайг эмээгийнд байхад зодсон. Памбага /Ө.Б/ намайг зодсон, аав зодоогүй...”  гэх мэдүүлэг /1-р хх-н 31-32, 2-р хх-н 28, 3-р хх-н 29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Э-гийн өгсөн:

“...2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Г залгаад Г- тоглож байгаад юмнаас уначихлаа, одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна, хагалгаанд орохоор болчихлоо гэж хэлсэн... Эмнэлэг рүү ороход Г- сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан ба сахиулаар Гын эхнэр нь бололтой нэг авгай байж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгээс яахаараа энэ жаахан хүүхдийг ингэтэл нь зоддог юм бэ гэхэд тэр эмэгтэй манайд байсан нэг залуу Быг ийм болтол зодсон юм байна лээ. Г тэр залууг хайгаад гадуур явж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 60-61/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Э-ийн өгсөн:

“...Манай ээж Ч, Г ах 2 шил лааз түүдэг гөөд олсон мөнгөөрөө гал түлэх, мод нүүрс хүнсний зүйл аваад үлдсэн мөнгөөрөө уудаг... Харин Б бол ээж болон Г ахын хамт шил лааз түүдэг залуу байгаа юм... Манай ээж Ч архи уусан үедээ хааяадаа Г-ыг ганц нэг удаа цохиж авч загнадаг байсан... Б Г ахтай ам мурийсан үедээ Г-ыг зоддог байсан ба би тэр үед чи жаахан хүүхдийг яаж байгаа юм гэхээр чамд хамаагүй гээд цохидог байсан... 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г-ыг би гэртээ харж байсан ба тэр үед Г-ын биеийн байдал нь ерөнхийдөө муу, сул байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 66-67/,

 

Мөрдөн байцаалтад Ж.Гын гэрчээр өгсөн:

“...2015 оны 1 дүгээр сарын 17-ны орой гэртээ ,рээд Ч бид 2 хоорондоо маргалдаад би Ч руу гутал авч шидсэн ба миний шийдсэн гутал хэнийг ч оноогүй бөгөөд Ч хойшоо гэж дуугараад Г-ыг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би хүүхэд яагаад унагааж байгаа юм бэ гээд удалгүй унтацгаасан. 2015 оны 01 дүгээр сарын 18 ны өдөр намайг орой ирэхэд хүүхдийн биеийн байдал муу шинжтэй байсан ба Г- бага зэрэг энүүгээр өвдөөд байна гээд гэдэс рүүгээ заасан тэгэхээр нь би гэдэс нь өвдсөн байлгүй гэж бодсон. 2015 оны 01 дүгээр сарын 19 ний өдөр миний өөрийн бие муу байсан учир гэртээ өнжсөн бөгөөд Г- ер нь бол хөдлөхгүй хэвтээд биеийн байдал нь нэг л сул юм шиг харагдсан тэгэхээр нь би гэдэс нь гайгүй болоогүй юм байхдаа гэж бодсон ба миний хүүгийн хаана нь өвдөөд байна гэхэд дуугарахгүй байсан. 2015 оны 01 дүгээр сарын 20 ны өдөр Ч бид 2 шил лааз түүх гээд явсан ба Г-ыг Энхцэцэг харж байсан бөгөөд намайг явахад Г- сулбагар бие султай байсан, орой ирэхэд Г- орон дээр хэвтээд л байсан тэгэхээр нь би миний хүүгийн хаана нь өвдөөд байна гэхэд дуугарахгүй байсан шил лааз түүгээд эм авч өгье гэж бодсон. Тэгээд маргааш нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө Ч бид 2 шил лааз түүх гээд явах гэж байхад Г-ын бие муу байгаа юм шиг ажиглагдсан тэгэхээр нь би Чыг гэртээ үлдээгээд Г-ыг хараад байж бай би ганцаараа шил лааз түүе гэж хэлээд явсан. Тэгээд намайг орой ирэхэд өөдөөс Ч Г- нэг л сонин болоод байна гэхээр нь би чи тэгээд эмнэлэг дуудахгүй яасан юм бэ гэж хэлээд гэртээ ороход Г-ын царай нь цонхийчихсон орон дээр хэвтэж байсан учир би түргэн дуудаад эмнэлэг рүү явсан..” гэх мэдүүлэг /1-р хх-н 74-75/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Чын өгсөн:

“...2015 оны 01 дүгээр сарын 17-ны 18 цагийн үед гэртээ ирээд Г-ыг усанд оруулах гээд пийшэн дээр ус халаагаад байж байхад гаднаас Г согтуу орж ирсэн. Тухайн үедээ би бас л хар усаа уучихаж гэж дотроо бодоод сууж байтал Г- урдуур хойгуур гүйгээд халуун усанд орчих гээд байхаар нь би гараараа түлхтэл урагшаа унахдаа шкафны үзүүр мөргөж толгойгоо гэмтээсэн тэгээд толгойноос нь цус гарсан. Тухайн үед Б хамт байсан. Би толгойг нь боогоотхъё гээд боосон. Тэгээд надад гайгүй юм шиг байна гэж хэлсэн тухайн үед охин байгаагүй. Маргааш өглөө нь босоод гороо түүхээр гарахдаа Г бид хоёр Быг хамт явах уу гэхэд үгүй гээд үлдсэн. Тэгээд бид хоёр гадуур хог түүж байгаад 19 цагийн үед эргээд иртэл Б Г-тай хамт гэрт унтаж байсан. Тэгээд чи хоол хийчихгүй хаашаа юм гэхэд харин тэглээ гэж хэлсэн. Тухайн үед Г-ын толгой боолттой байсан. Би тэгээд уурлахад Б гараад яваад өгсөн тэрнээс хойш эргэж ирээгүй, хэд хоногийн дараа Г-ын бие муудсан, нүүр ам нь хачин болоод байсан. Тэгээд айгаад түргэн дуудсан. Түргэн ирээд Г-ыг аваад явсан ба Г бид хоёр ГССҮТөв дээр очоод эмч нар Г-ын хувцсыг тайлахад энэ тэндээ хөхрөөд, гуя бөгсөн бие хөхөрсөн байсан. Тэгээд танай хүүхэд хүнд зодуулсан байна гэж байсан. Тэгээд дараа нь Г бид хоёр цагдаад хэлсэн. Манай Г 2017 оны 05 дугаар сарын 30-нд элэг ходоодны өвчнөөр нас барсан. ... Би түлхэж унагаагаад толгойг нь гэмтээсэн нь үнэн бусад гэмтлүүдийг бүгдийг нь Ө.Б Г-ыг зодож учруулсан. Учир нь өглөө бид гарахад толгой нь боолттой бусдаар өөр зодуулсан зүйлгүй зүгээр байсан. Тэгээд Б Г-тай үлдсэн өдөр л Б зодсон байх дараа нь Б явсны дараа хүүгийн бие муудсан..” гэх мэдүүлэг /2-р хх-н 206-207/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Н.Туяагийн өгсөн:

“...Хохирогч О.Г-ын толгойн үстэй хэсэг, хамар хацар, гар, шуу, өгзөг, гуя, тавхай шилбэ нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн хамар нилэнхүйдээ шаргалтсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх бөгөөд өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь цохисноос эсхүл зэвсгийн чанартай мод, төмөр зэргээр цохиулснаас үүсэх боломжтой..” гэх мэдүүлэг /1-р хх-н 179/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн _____ тоот:

1. О.Г-ын хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн толгойн няцрал, хэвлийн арын зайнд цус хуралт, духанд шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

3. 4. Хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн толгойн няцрал, хэвлийн арын зайд цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн.гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Духанд шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуянд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.

6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн Акт №1942 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /1-р хх-н 82-83/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ___ тоот:

1. О.Г-ын биед толгойн үстэй хэсгийн няцарсан шарх, хамар хацар, гар шуу, өгзөг, гуя, тавхай шилбэ нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн, хамар нилэнхүйдээ шархалсангэж өвчний түүхэнд дурьдагдсан байх ба уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. О.Г-ын биед толгойн үстэй хэсгийн няцарсан шарх, хамар хацар, гар шуу, өгзөг, гуя, тавхай шилбэ нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн, хамар нилэнхүйдээ шархалсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.

3. О.Г-ын биед толгойн үстэй хэсгийн няцарсан шарх, хамар хацар, гар шуу, өгзөг, гуя, тавхай шилбэ нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн, хамар нилэнхүйдээ шархалсна гэмтлүүд нь 2015.01.18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. О.Г-ын биед тухайн үед хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн толгойн няцрал, хэвлийн арын зайнд цус хуралт, духанд шарх, зүүн гуянд цус хуралт, хамар хацар, гар шуу, өгзөг, гуя, тавхай шилбэ нилэнхүйдээ халвдаж хөхөрсөн, хамар нилэнхүйдээ шархалсан гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. 2015-01-29-ний өдрийн №1942 дугаартай дүгнэлт болон 2015-03-16-ны өдрийн хавтаст хэргийн материалын №283 тоот дүгнэлтүүдтэй санал нэгтэй байна гэх дүгнэлт /1-р хх-н 177-178/,

 

- Сэжигтэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-н 19-22/,

 

 Шүүгдэгч Ө.Бын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-н 128х/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 130х/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

            Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо “Горькийн 22-ын задгайд оршин суух М.Чын гэрт 5 настай О.Г-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хэвлий битүү гэмтэл, нойр булчирхай толгойн няцрал, хэвлий арын зайнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ө.Бын “...2015 оны 01 дүгээр сарын 18 ны өглөө 09-10 гийн үед Г, Ч нар хог түүхээр гарсан ба би Г-тай үлдсэн тэгээд айж байтал Г- өмдөндөө баачихаар нь миний уур хүрээд гэрт байсан гүпер утсыг авч байгаад цээж бөгс рүү нь ороолгосон 10 орчим удаа, тэгсэн Г- агаа болъёо гээд уйлахаар нь би больсон...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч О.Г-ын “...Намайг эмээгийнд байхад зодсон. Памбага /Ө.Б/ намайг зодсон, аав зодоогүй...”  гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Эгийн “...2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Г залгаад Г- тоглож байгаад юмнаас уначихлаа, одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна, хагалгаанд орохоор болчихлоо гэж хэлсэн... Эмнэлэг рүү ороход Г- сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан ба сахиулаар Гын эхнэр нь бололтой нэг авгай байж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгээс яахаараа энэ жаахан хүүхдийг ингэтэл нь зоддог юм бэ гэхэд тэр эмэгтэй манайд байсан нэг залуу Б нь ийм болтол зодсон юм байна лээ гэсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Э-ийн “...Б Г ахтай ам мурийсан үедээ Г-ыг зоддог байсан ба би тэр үед чи жаахан хүүхдийг яаж байгаа юм гэхээр чамд хамаагүй гээд цохидог байсан... 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г-ыг би гэртээ харж байсан ба тэр үед Г-ын биеийн байдал нь ерөнхийдөө муу, сул байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Гын “...2015 оны 1 дүгээр сарын 17-ны орой гэртээ ирээд Ч бид 2 хоорондоо маргалдаад би Ч руу гутал авч шидсэн ба миний шийдсэн гутал хэнийг ч оноогүй бөгөөд Ч хойшоо гэж дуугараад Г-ыг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би хүүхэд яагаад унагааж байгаа юм бэ гээд удалгүй унтацгаасан. 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг орой ярихад хүүхдийн биеийн байдал муу шинжтэй байсан ба Г- бага зэрэг энүүгээр өвдөөд байна гээд гэдэс рүүгээ заасан тэгэхээр нь би гэдэс нь өвдсөн байлгүй гэж бодсон. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр миний өөрийн бие муу байсан учир гэртээ өнжсөн бөгөөд Г- ер нь бол хөдлөхгүй хэвтээд биеийн байдал нь нэг л сул юм шиг харагдсан тэгэхээр нь би гэдэс нь гайгүй болоогүй юм байхдаа гэж бодсон ба миний хүүгийн хаана нь өвдөөд байна гэхэд дуугарахгүй байсан. 2015 оны 01 дүгээр сарын 20 ны өдөр Ч бид 2 шил лааз түүх гээд явсан ба Г-ыг Энхцэцэг харж байсан бөгөөд намайг явахад Г- сулбагар бие султай байсан, орой ирэхэд Г- орон дээр хэвтээд л байсан тэгэхээр нь би миний хүүгийн хаана нь өвдөөд байна гэхэд дуугарахгүй байсан шил лааз түүгээд эм авч өгье гэж бодсон. Тэгээд маргааш нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө Ч бид хоёр шил лааз түүх гээд явах гэж байхад Г-ын бие муу байгаа юм шиг ажиглагдсан тэгэхээр нь би Чыг гэртээ үлдээгээд Г-ыг хараад байж бай би ганцаараа шил лааз түүе гэж хэлээд явсан. Тэгээд намайг орой ирэхэд өөдөөс Ч Г- нэг л сонин болоод байна гэхээр нь би чи тэгээд эмнэлэг дуудахгүй яасан юм бэ гэж хэлээд гэртээ ороход Г-ын царай нь цонхийчихсон орон дээр хэвтэж байсан учир би түргэн дуудаад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Чын “...Г бид хоёр Быг хамт явах уу гэхэд үгүй гээд үлдсэн. Тэгээд бид хоёр гадуур хог түүж байгаад 19 цагийн үед эргээд иртэл Б Г-тай хамт гэрт унтаж байсан. Тэгээд чи хоол хийчихгүй хаашаа юм гэхэд харин тэглээ гэж хэлсэн. Тухайн үед Г-ын толгой боолттой байсан. Би тэгээд уурлахад Б гараад яваад өгсөн тэрнээс хойш эргэж ирээгүй, хэд хоногийн дараа Г-ын бие муудсан, нүүр ам нь хачин болоод байсан. Тэгээд айгаад түргэн дуудсан. Түргэн ирээд Г-ыг аваад явсан ба Г бид хоёр ГССҮТөв дээр очоод эмч нар Г-ын хувцсыг тайлахад энэ тэндээ хөхрөөд, гуя бөгсөн бие хөхөрсөн байсан. Тэгээд танай хүүхэд хүнд зодуулсан байна гэж байсан. Тэгээд дараа Г бид хоёр цагдаад хэлсэн... Би түлхэж унагаагаад толгойг нь гэмтээсэн нь үнэн бусад гэмтлүүдийг бүгдийг нь Ө.Б Г-ыг зодож учруулсан. Учир нь өглөө бид гарахад толгой нь боолттой бусдаар өөр зодуулсан зүйлгүй зүгээр байсан. Тэгээд Б Г-тай үлдсэн өдөр л Б зодсон байх дараа нь Б явсны дараа хүүгийн бие муудсан..” гэх мэдүүлэг,

 

шинжээч Н.Туяагийн “...Хохирогч О.Г-ын толгойн үстэй хэсэг, хамар хацар, гар, шуу, өгзөг, гуя, тавхай шилбэ нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн хамар нилэнхүйдээ шаргалсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх бөгөөд өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь цохисноос эсхүл зэвсгийн чанартай мод, төмөр зэргээр цохиулснаас үүсэх боломжтой..” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 283 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ___ тоот дүгнэлт, сэжигтэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ө.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ гүпер хэргэлсэн гэх боловч эд мөрийн баримтаар хураагдаагүй тул зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй байх тул Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Быг бага насны хүүхэд биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь хавтаст хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ө.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргалаа. Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Бт 06 /зургаа/ жил 08 /найман/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бын биечлэн эдлэх ялыг тогтоохдоо түүний цагдан хоригдсон 265 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хохирогчийг биеэ хамгалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ___ овогт Ө-н Б-ыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар Ө.Быг 06 /зургаа/ жил 08 /найман/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Бт оногдуулсан 06 /зургаа/ жил 08 /найман/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Бын урьдчилан цагдан хоригдсон 265 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Ө.Бын эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Бт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

  •  

 

Л.ОЮУН