| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 156/2021/00448/И |
| Дугаар | 226/МА2022/00020 |
| Огноо | 2022-05-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 226/МА2022/00020
2022 оны 05 сарын 30-ны өдөр 226/МА2022/00020 Хэрлэн сум
ы 05 сарын 30-ны өдөр 226/МА2022
С.А-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Ө.М-д холбогдох
иргэний хэргийн талаар
226/2022/00020/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нэхэмжлэгч С.А-, түүний өмгөөлөгч У.Түвшин /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э- /цахимаар/,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00155 дугаар шийдвэртэй С.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.М-д холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 50 хувь болох 48.742.950 төгрөг гаргуулах, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэгт 2.132.200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2014 онд Ө.М-тэй танилцаж, бидний дундаас 2015 онд хүү О- мэндэлсэн. Хүү төрснөөс хойш С.Э-ийн зан харилцаанд өөрчлөлт орж бидний харилцаа таарамжгүйгээс 2015 онд салж тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш хүү бид хоёр өөрийн гэсэн байр, маншингүй байсан учир 2015 оноос хойш эгч Тунгалагийнд амьдрахаас өөр аргагүй болсон. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бидний амьдарч байсан хашаа байшин шатаж сэргээн засах хүртэл нь хүү бид хоёр түрээсийн байранд амьдрах болсон. 2018 онд тухайн хашаа байшинг сэргээн засаж түүндээ амьдарч байсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин гал гарснаар хүү бид хоёр эгчийндээ амьдрах боломжгүй болж 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байгаад хүүхдийн хүмүүжил болон амьдрах аюулгүй орчин талаас нь санаа зовж үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн байранд нүүж орсон. Хуульд заасны дагуу бол эцэг, эх нь шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран хүүхдээ эцэг, эхийн хайр халамж, эдийн засгийн тусламж үзүүлж байх үүрэгтэй. Иймээс 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны 23 сарын хүүхдийн тэтгэлэгт 2.132.000 төгрөгийг, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 50 хувь буюу 46.610.750 төгрөгийг Ө.М- хүүгийн эцгийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ биелүүлж төлөх ёстой гэж үзэж байна.
Иймд 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны 23 сарын хүүхдийн тэтгэлэгт 2.132.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүнгийн 50 хувь болох 46.610.750 төгрөгийг тус тус Ө.М-эс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.А-тай 2014 онд танилцаж, 2015 онд хүү О- мэндэлсэн. Түүнээс хойш бид хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг байх үүргээ биелүүлж шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэмжийг тогтмол төлж байгаа, мөн хүүхдийн шаардлагатай бусад зардлыг сайн дураараа төлсөөр ирсэн. Тиймээс С.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах үүднээс орон сууцны 50 хувийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлголоо. 2017 онд шүүхээс хүүхдэд тэтгэлэг тогтоох зайлшгүй шаардлагатай байна гэж үзээд тэтгэлэг тогтоосон. Үүний дагуу Ө.М- нь хүүхдийн тэтгэлгийг сар болгон өдийг хүртэл төлж байна. Мөн хүүхдийн сурч боловсрох, төрсөн өдөр, хүүхдийн баяр, бусад баяр ёслолоор хүүхдийг нөхцөл боломжоор нь хангалттай хангаж, цэцэрлэгийн төлбөрийг төлж байна. Хэнийх нь мэдэгдэхгүй орон сууцны 50 хувийг нэхэмжлээд үүнийг нь төлж барагдуулна гэдэг асуудалтай. Хүүхдийн тэтгэлгийг төлж байгаа учраас тухайн байрны 50 хувийг төлөх боломжгүй” гэв.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00155 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т зааснаар хариуцагч Ө.М-эс 21.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.610.750 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт нэхэмжилсэн 2.132.200 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.1, 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч С.А- нь хүү О-г өсгөхөд орон байраар хангахад зориулж үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэж түүний үнийн дүнгийн 50 хувь болох 46.610.750 төгрөгийг эцэг Ө.М-эс гаргуулахаар нэхэмжилж, анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасныг үндэслэж хариуцагч Ө.М-эс 21.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Орон байр нь айл өрх, тухайн гэр бүлийн бүх гишүүд амьдрахад зориулагдсан, хүний наад захын хэрэглээний зүйл юм. Гэтэл тухайн худалдаж авсан гэх орон сууцыг зөвхөн хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахад зориулсан наад захын хэрэгцээний зүйл гэж тайлбарлаж байгаа хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл С.А-ын худалдан авсан гэх 2 өрөө орон сууцыг зөвхөн хүү О-д зориулагдсан гэж дүгнэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ, тухайн байранд амьдарч байгаа тодорхойлолт, байрны өмчлөгчийн дансанд 42.000.000 төгрөг шилжсэн баримт зэрэгт үндэслэж тухайн орон сууцыг худалдан авсан байна гэж шууд дүгнэх боломжгүй, анхан шатны шүүх тухайн орон сууцыг бүрэн худалдан авсан гэж дүгнэж, орон сууцны үнэд төлсөн төлбөрийн 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “хариуцагч Ө.М-эс 21.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгож” шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч Ө.М-д холбогдуулан хүү М.О-г өсгөхөд орон байраар хангахад зориулж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 50 хувь болох 46.610.750 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт 2.132.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.М- нь “хүүхдэдээ тэтгэлэг төлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх хүүхдийн тэтгэлэг гаргуулсан шүүхийн шийдвэр гарахаас өмнөх тэтгэлгийг хариуцагч Ө.М- төлөх үндэслэлгүй гэж дүгнэж 2.132.200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шүүх Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-д “хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүргийг эцэг эхэд үүрэг болгосон ...хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эх тэгш хэрэгжүүлнэ” гэснийг баримтлан нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас “үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүнгийн 50 хувь болох 48.742.950 төгрөгөөс 21.000.000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам нөхцлийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” ойлгоно гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч С.А-, хариуцагч Ө.М- нар нь гэр бүл биш бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө.О-н төрсөн эцэг нь хариуцагч Ө.М- болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр тогтоогдож, хүүхдийн тэтгэлгийг төлдөг байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Ө.М- хүү Ө.О-г тэжээн тэтгэх эрх үүрэг үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэсэн тэжээн тэтгэхтэй холбогдуулан шаардах эрхийг хуульчилсан байна.
Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч Ө.М- нарын хооронд гэр бүлийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцаа байхгүй тул “нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан үнийн дүнгийн 50 хувь болох 48.742.950 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх хуулиар үүсээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00155 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хянатын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА