Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 576

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ________ овогт Д-н М-д холбогдох _____________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___.

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “HOTEL-28” зочид буудалд иргэн М.О-тай маргалдан улмаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Мгийн өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 23-ны үүрээр би найзтайгаа 28 дугаар сургуулийн урд талд байрлах зочид буудалд орсон. Тэгээд өглөө 08 цагийн орчимд тус буудлын 3 давхарт үл таних залуугийн хажуугаар нь зөрөөд доош буутал араас дуудаад “хөөе, наашаа хүрээд ир бацаануудаа, манай бааранд гуйж ордог бацаанууд мөн үү” гээд нилээд биерхүү, халамцуу залуу орилоод дуудаад байхаар нь “за зайлаа” гэчихээд доош уруудаад шатаар буутал хойноос хүрч ирээд заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж аваад зууралдсан. Тэгтэл манай найз бид хоёрыг салгах гэтэл та нар хэзээ ийм байсан юм бацаанууд” гэснээ дахиад заамдаад авахаар нь би түүний нүүрэн хэсэг рүү цохисон, хөл рүү өшиглөж өвөгдлөсөн. Энэ үед манай найз дахиад салгахаар нь би гараад машиндаа суутал нөгөө залуу араас гарч ирээд машин дотор намайг өшиглөхөөр нь эргүүлээд өөр лүүгээ татаж байгаад мөргөж цохисон. Бид хоёр харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 35-36/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч М.О-ын өгсөн:

            “...Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 08 цагийн орчим тасарсан найз Ж-ыг буудалд оруулж унтуулах гээд 28-р зочид буудал руу орсон. Уг буудалд ортол нэг эмэгтэй хоёр эрэгтэй хажуугаар зөрсөн. Зөрөхдөө шар цамцтай залуу нь “пизданууд яагаад муухай хараад байна” гэхээр нь би “юу гээд байна” гээд тасарсан найзыгаа шатан дээр суулгаад нөгөө залуучууд дээр очиход тэр шар цамцтай залуу боогоод, нүүр лүү цохиод мөргөхөөр нь би түүнд боогдсон чигээрээ тэр буудлаас гарсан. Тэгээд буудлын үүдэнд дахин нүүр лүү гараараа хэд хэд цохиод машин руугаа гүйснээ багаажнаасаа төмөр цохиур шиг зүйл гаргаж ирснээ толгой болон баруун дал мөр хэсэг рүү цохисноо машиндаа ороод суучихаар нь би араас нь ороод “цагдаа иртэл байж бай” гэсэн. Тэгтэл тэр залуу машин дотроо дахин нүүр лүү өшиглөөд цохисон. Энэ үед би машинаас нь буутал тэр залуу машинтайгаа мөн хамт явж байсан эмэгтэйн хамтаар явчихсан. Би эмчилгээ хийлгээгүй, бодит зардал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. М.О-ын биед тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 1 шүдний сулрал, хүзүүний цус хуралт, зулгаралт, баруун далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 13/,

- Хохирогч М.О-ын хүсэлт /хх-н 45/

 

Шүүгдэгч Д.Мгийн хувийн байдалтай холбоотой:

- АСАП сангийн лавлагаа /хх-н 22-26/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.М нь иргэн М.О-тай маргалдан улмаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Мгийн “...би түүний нүүрэн хэсэг рүү цохисон, хөл рүү өшиглөж өвөгдлөсөн. Энэ үед манай найз дахиад салгахаар нь би гараад машиндаа суутал нөгөө залуу араас гарч ирээд машин дотор намайг өшиглөхөөр нь эргүүлээд өөр лүүгээ татаж байгаад мөргөж цохисон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч М.О-ын “...шар цамцтай залуу боогоод, нүүр лүү цохиод мөргөхөөр нь би түүнд боогдсон чигээрээ тэр буудлаас гарсан. Тэгээд буудлын үүдэнд дахин нүүр лүү гараараа хэд хэд цохиод машин руугаа гүйснээ багаажнаасаа төмөр цохиур шиг зүйл гаргаж ирснээ толгой болон баруун дал мөр хэсэг рүү цохисноо машиндаа ороод суучихаар нь би араас нь ороод “цагдаа иртэл байж бай” гэсэн. Тэгтэл тэр залуу машин дотроо дахин нүүр лүү өшиглөөд цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн _____ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.О- нь “...хохирлын нөхөн төлбөр болох 700.000 төгрөгийг бэлнээр авсан нэхэмжлэх зүйлгүй гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг /хх-н 45/ гаргасан байх тул шүүгдэгч Д.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Мд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Мд 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Сүхбаатар дүүргийн 15-р хороо” гэж бичсэнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ________ овогт Д-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Мгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ