| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/05296/И |
| Дугаар | 192/ШШ2026/02089 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/02089
| 2026 02 24 | 192/ШШ2026/02089
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: A ХХК,
Хариуцагч: П ХХК,
67,491,213 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай А ХХК нь тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд П ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Тээвэр зуучын үйлчилгээ, төмөр замаар ачааг хүргэхэд вагонаар хангах ажлыг зохион байгуулах гэрээ”-г байгуулан хамтран ажилласан. Тус гэрээний дагуу П ХХК-ийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 61,3 тонн цайг тээвэрлүүлэх, тээвэр дамжуулах үйлчилгээ авахаар компанийн мэйл хаягаар мэдэгдсэн. Бид саналыг хүлээн авч 61,3 тонн цайг 12460 доллараар тээвэрлэхээр тохиролцож захиалга бүхий хуудсан дээр гарын үсэг зурж, тамга дарж мэйлээр ирүүлсэн. Мөн тээвэрлэлийн зардалын задаргаа бүхий нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр талууд тамга дарж гарын үсэг зуран баталгаажуулж мэйлээр илгээсэн. Дээрх захиалгыг тохиролцсон ёсоор тээвэрлэн гүйцэтгэсэн бөгөөд П ХХК-ийн зүгээс нийт төлөх байсан 12,460 доллараас 6215 доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 6245 доллар төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөө мэдэгдэж, мэйлээр албан бичиг илгэээсэн байдаг. Бидний зүгээс ковидын нөхцөл байдал харилцагч компанийн эдийн засгийн байдлыг харгалзан үзэж хүлээсээр байсан билээ. Бидний зүгээс 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр П ХХК-д үлдэгдэл төлбөр болон алдангийн хамт төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн ба 2024 оны 07 дугаар сард цахим уулзалтаар Н.З захиралтай ярилцсан ба үлдэгдэл төлбөрөө төлөхөө мэдэгдсэн эргэж холбогдох гэсэн утсаа авахгүй байсан. Иймээс манай компанийн зүгээс маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтийг ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2025 оны 12 дугаар сард гаргасан ч хариуцагч талын гаргасан бага дүнгээр урт хугацаанд төлөх саналыг хүлээн авах боломжгүй тул 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Эвлэрүүлэн зуучлагч Б.Д ... дугаар бүхий “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” үндсэн төлбөр 6245 доллар буюу 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны ханш 3,573.80 төгрөгөөр тооцож 22,318,381 төгрөг, гэрээний 9.17-д үйлчлүүлэгч нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлбөрийг хойшлуулсан өдөр бүрийн төлөөгүй үнийн дүнгийн 1 хувиар хариуцна гэхдээ үйлчилгээний зардалаас хэтрэхгүй гэж зааснаар төлөөгүй дүнгийн 1 хувь болох 62.45 доллар буюу Монгол банкны ханш 3,573.80 төгрөгөөр тооцож 223,183.81 төгрөг, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 1408 хоног буюу 87,117 доллар болж байгаа хэдий ч үйлчилгээний төлбөрөөс хэтрэхгүй гэсэн тул 12460 доллар буюу 45,172,832 төгрөгийн алданги нийтдээ 67,491,213 төгрөгийг гэрээний 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар П ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэж буй А ХХК-ийн нэхэмжлэлтэй, П ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг байгуулж тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан, үүний дагуу 12,460 долларын ажил үйлчилгээ явуулж, 6215 долларыг төлсөн бөгөөд үлдэгдлийг төлөөгүй талаар нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл манай байгууллагын бүртгэлд тухайн тооцооны өглөг, өр төлбөрийн мэдээлэл байхгүй. Өөрөөр хэлбэл 6245 доллар төлөөгүй гэх мэдээллийг тухайн үеийн компанийн удирдлага нь ямар баримтыг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байгаа билээ. Тухайн үеийн гүйцэтгэх захирал Б.У нь ажлаа хүлээлгэн өгөөд П ХХК-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд үүсгэн байгуулж өрсөлдөж байгаа ба А ХХК-ийн асуудлаар холбогдож санал солилцох ямар ч боломжгүй юм. Иймд тухайн компанитай үүссэн гэх өр төлбөр үнэхээр ажил үйлчилгээний явцад үүссэн эсэх нь тодорхойгүй байдалтай тул харилцан зөвшилцөх, эвлэрэн хэлэлцэх ямар ч боломжгүй тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүний орчуулга, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тээвэр зуучийн үйлчилгээ, төмөр замаа ачааг хүргэхэд вагонаар хангах ажлыг зохион байгуулах гэрээний орчуулга, баталгааны бичгийн орчуулга, нэхэмжлэлийн орчуулга, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн гэрээний хөлс 22,318,381 төгрөг, алданги 45,172,832 төгрөг, нийт 67,491,213 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн үеийн удирдлагатай холбоотой тул хариуцахгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тээвэр зуучийн үйлчилгээ, төмөр замаар ачаа хүргэхэд вагоноор хангах ажлыг зохион байгуулах гэрээ байгуулсан бөгөөд 61.3 тн цайг 12,460 ам доллароор тээвэрлүүлэхээр тохиролцжээ. /хэргийн 12-49 тал/
Гэрээний дагуу нэхэмжлэгч A ХХК гэрээний үүргээ гүйцэтгэснийг хариуцагч П ХХК баталгаажуулж, үлдэгдэл төлбөр 6245 ам долларыг төлөхөө 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр илэрхийлсэн бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа 6245 ам.долларыг зөвшөөрч байжээ. /хэргийн 8, 54 тал/
П ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.У сонгосон бол 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н.З сонгожээ./хэргийн 68 тал/
7. Зохигч маргаан гарвал Бүгд найрамдах Казакстан улсын хуулийг хэрэглэхээр гэрээгээр тохиролцсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү тохиролцоогоо өөрчилж, Монгол улсын хуулиар шийдвэрлүүлэхийг хүссэн тул диспозитив зарчмын дагуу хэргийг Монгол улсын хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Талууд 61.3 тн цайг 12,460 ам доллароор тээвэрлэхээр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.
Хариуцагч П ХХК нь үлдэгдэл төлбөр 6245 ам долларыг төлөхөө 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр илэрхийлснээс гадна 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа 6245 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн боловч төлбөр төлөх хуваарь дээр тохиролцоогүй байна. Иймээс хариуцагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн татгалзал үндэслэлгүй болжээ.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” 79.7 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” зааснаар хариуцагч П ХХК нь нэхэмжлэлийн 6245 ам долларын шаардлагыг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа төлөхөө зөвшөөрч байсан тул шаардах эрх хэрэгжүүлэх боломжтой үлджээ.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчөөгүй, өөрийн үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тээвэр зуучийн үйлчилгээ, төмөр замаар ачаа хүргэхэд вагоноор хангах ажлыг зохион байгуулах гэрээний дагуу 6450 ам долларын төлбөрийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй болжээ.
9. Мөн нэхэмжлэгч 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 америк долларыг 3,573.80 төгрөгөөр тооцсон болон 6450 ам долларын үлдэгдлийг өмнөх удирдлага хүлээн зөвшөөрч байсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд компанийн өмнөх гүйцэтгэх захирлын хийсэн гэрээний үр дагаврыг хариуцахгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Хуулийн этгээд нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” зааснаар өөрийн нэрээр иргэний эрх зүйн харилцаанд оролцохоос бус гүйцэтгэх захирал тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.
Иймээс өмнөх гүйцэтгэх захирлын үлдэгдэл төлбөрийн тооцооллыг хүлээн зөвшөөрсөн асуудлыг мэдэхгүйн улмаас шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэл муутай болжээ.
10. Харин гэрээний 9.17-д “Экпедиторын үйлчилгээ, зардлын төлбөрийг хожимдуулсан тохиолдолд үйлчлүүлэгч нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлбөрийг хойшлуулсан өдөр бүрийн төлөөгүй үнийн дүнгийн 1 хувиар хариуцна. Гэхдээ зуучлагчийн үйлчилгээний зардлаас хэтрэхгүй. Өгөгдсөн ачааг хүргэхэд зориулагдсан” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцээгүй байна.
Иймээс алдангийн тохиролцоо хуульд нийцээгүй байх тул алданги 45,172,832 төгрөг шаардах эрхгүй болжээ.
11. Иймд хариуцагч П ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 22,318,381 төгрөг гаргуулж, үлдэх 45,172,832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны баримтлан хариуцагч П ХХК-иас 22,318,381 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 45,172,832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269,541 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З