| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/00304/И |
| Дугаар | 210/МА2022/00838 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2022/00838
| 2022 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2022/00838 |
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00742 дугаар шийдвэртэй,
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Я.Ц-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 31,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М ХХК нь Я.Ц-тай 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 19-89 УН улсын дугаартай Хьюндай маркийн экскаваторыг сарын 25,000,000 төгрөгөөр 2 сарын хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд газар шорооны ажилд түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл Я.Ц- нь түрээсийн төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй тул түрээсийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цуцалж, экскаваторыг түрээслүүлэгч тал хүлээн авсан.
Хариуцагч 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 32,500,000 төгрөгийг төлөхөөр байсан ба 12,500,000 төгрөг төлж, 20,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
Гэрээний дагуу түрээслэгч нь экскаваторын ирж очих хоёр талын зардлыг бүрэн хариуцахаар тохиролцсон байсан ба М ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр экскаваторын зөөвөрлөх зардалд 1,700,000 төгрөгийг бусдад төлсөн тул гэрээний үүрэгт тооцон хариуцагчаас гаргуулна.
Гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 129 хоногийн алданги 12,900,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу түрээсийн төлбөрийн 20,000,000 төгрөгийн 50 хувь буюу 10,000,000 төгрөгийн алданги бодогдож байна.
Иймд Я.Ц-аас гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, ачилт тээвэрлэлтийн зардал 1,700,000 төгрөг нийт 31,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Я.Ц- нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй 2 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан. Тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8 хоног ашигласны төлбөр болох 12,500,000 төгрөгийг бүрэн төлсөн. Түрээсийн гэрээнд 20 цагаар ажиллуулж тооцоог гаргасан.
Гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалсан гэх боловч цуцалж байгааг манайд мэдэгдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийг авч явсан, алдангийг 129 хоногоор тооцсоныг ойлгохгүй байна. Гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цуцалсан атлаа 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл алданги тооцсон байгааг зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Ц-аас 10,833,324 төгрөгийг гаргуулан М ХХК-д олгож, үлдсэн 20,866,676 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ц-аас 188,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Хариуцагч түрээсийн гэрээгээр экскаваторыг 28 хоног ашигласан гэж шүүх дүгнэж 23,333,324 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, шийдвэртээ энэ талаар тусгаагүй.
Нэхэмжлэгч хариуцагчийг 12,500,000 төгрөг төлсөн гэдэгт маргаагүй, нэхэмжилсэн түрээсийн төлбөр болох 20,000,000 төгрөгөөс тооцож төлбөр гаргах ёстой атал 23,333,324 төгрөгөөс 12,500,000 төгрөгийг бодож тооцсон нь үндэслэлгүй.
Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд тухайн экскаваторт эвдрэл гарсан, түүнд шаардагдах сэлбэгийг авчирч засахад тодорхой хугацаа орсон, тухайн хугацаанд экскаватор ажиллаагүй талаар мэдүүлсэн. Уг нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч 7 хоногийн хугацаагаар экскаваторыг ашиглаагүйн төлбөр болох 3,125,000 /сарын 25 000 000 төгрөг гэж тооцоод/ төгрөгийг хасаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Түрээсийн гэрээ нь сарын 25,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр байгуулагдсан. Гэрч нарын мэдүүлэгт 28 хоногийг хэрхэн тооцсон талаар тодорхой тусгагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий гарсан тул тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Я.Ц-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 31,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь 19-89 УН улсын дугаартай Хьюндай маркийн экскаваторыг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлэх, Я.Ц- нь уг экскаваторыг өдрийн 20 цагаар ажиллуулах, шатахуун болон экскаваторын ирж очих 2 талын трайлерын зардлыг хариуцах, 1 сарын түрээсийн төлбөрт 25,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
3.а. Түрээсийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан ба хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч гэрээг цуцалсан, түрээсийн төлбөрт Я.Ц- 12,500,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.
3.б. Түрээсийн гэрээний зүйл болох экскаваторыг ашигласан хугацаанд талууд маргажээ.
3.в. Анхан шатны шүүх гэрч Я.Ганбаатар: ...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө уурхайд очсон, барагцаагаар 21 хоног ажилласан санагдаж байна ... би уурхайд экскаваторын оператор хийж байсан ... Ингэхдээ 14 хоног тасралтгүй ажиллаж ... 7 хоног ажил зогссон... гэх, гэрч Б.Бямбацогт: ...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр очоод 20-ны өдөр хүртэл ажилласан... би экскаваторыг нь жолооддог байсан... гэх, гэрч С.Мижид: ... би уг нь үндсэн оператор нь ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж эхэлсэн ... 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан... гэх мэдүүлгийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл түрээслэгч Я.Ц- экскаваторыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ашигласан гэж дүгнэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалсан тул давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэв. Хариуцагч 37 хоног экскаваторыг ашиглахаас 7 хоног сул зогссон нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх хариуцагчийн түрээсийн зүйлийг ашигласан хугацааг 28 хоногоор тогтоосныг буруутгах боломжгүй. Энэ дүгнэлтэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 10,833,224 /25,000,000 төгрөг 30 хоног 28 хоног 12,500,000 төгрөг/ төгрөгийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Алданги болон нэмэлт үүргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА