Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __________овогт А-н Б-д холбогдох эрүүгийн _________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 1-р орцны жижүүрийн өрөөнд эхнэр Б.Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Бгийн өгсөн:

            “...2018 оны 3 дугаар сарын 28-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ ирээд амрах гэтэл эхнэр Б.Х- надаас мөнгө нэхээд байсан. Мөнгө өгөхгүй болохоор надтай хэрүүл хийгээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч яваад СХД-н ханын материалд таньдаг ах Дашийнд очоод бид хоёр 2 шил 0,75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи хувааж уугаад би согтоод гэртээ ирээд эхнэрээ зодсон...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Х-гийн өгсөн:

            “...Миний нөхөр А.Б нь дуудлагын жолооч ажилтай. Ажлаараа далимдуулаад 3, 4 хоног хаашаа хэнтэй юу хийж яваа нь мэдэгдэхгүй түүнээс болж маргалддаг. 2018 оны 03-р сарын 28-ны өдөр өглөө 06 цагийн үед ажлаасаа ирсэн. Тэгээд зөвшөөрөлгүй бэлгийн харьцаанд орох гээд байхаар нь би дургуйцсэн. Ер нь надтай дандаа хүчээр бэлгийн харьцаанд ордог намайг байнга зоддог цагаан сарын өмнө нь намайг зодоод нүүр эрүү хавдсан байсан тэрийгээ тухайн үед аав ээждээ хэлээгүй нууж байсан тэр өдөр энэ тухайгаа Бд хэлээд би чамд дандаа зодуулж доромжлуулж чадахгүй хоёулаа салъя гэж хэлэхэд нөхөр Б би чамайг яах вэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд орой 21 цагийн үед гаднаас согтуу баруун гартаа архины хагархай шил бариад орж ирээд чи надаас ингээд сал гэж хэлээд миний толгойруу 40, 50 удаа зогсоо зайгүй цохисон. Тухайн үед би хоёр гараараа толгойгоо дарахад миний хоёр гар луу гараа атгаж байгаад зодоод байсан. Тэгээд намайг зодож байгаад болиод миний өмдийг шувтлаад бэлгийн харьцаанд орьё гэж хэлсэн. Тэгэхэд нь би за за тэгье гэж хэлээд нөхөр Бг орондоо орж бай гэж хэлээд цаашаа харж байхад нь хаалганыхаа цоожийг онгойлгоод гараад зугтаасан. Гараад манаач Дамба гээд ахын ажлын байранд нь очоод би ахыгаа дуудсан намайг ах дээр аваачаад өгөөч гэж гуйж байхад төрсөн ах Б.П ирсэн. Тэгээд ах Пүрэвдорж нөхөр Бгийн 89041367 дугаар руу нь залгаад чи миний дүүг зодсон байна чи хаана байна гэж хэлэхэд би кино үйлдвэр дээр байна чамайг бас ална гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Пийн өгсөн:

            “...2018 оны 3 дугаар сарын 28-ны орой 21 цаг өнгөрч бахйад манай дүү Х- над руу залгаад намайг нөхөр Б зодчихлоо та хурдан хүрээд ирээч гэсэн. Тэгээд би 10 минутын дараа байрных нь гадаа очиход Х- байрныхаа гадаа үс нь сэгсийсэн нүүр нь хавдаж гар нь салагнаж гар нь хөхөрч хавдсан уйлчихсан байсан. Тэгээд би Бг асуугаад гэрт нь очиход хүргэн Б гэртээ байхгүй гараад явсан байсан. Тэгээд би Бгийн 89041367 дугаар луу залгаад яриад юу болсон талаар асуухад би кино үйлдвэр дээр байна чаддаг юм бол хүрээд ир чамайг ч гэсэн ална шүү гэх мэтээр хэл амаар доромжлоод согтуу байсан болохоор утсаа салгаад байсан.

Тухайн үед Х-гийн биед толгой чамархайн хэсэг хавдсан, толгойн дагзнаас нь барьж үзэхэд хавдаад цус гарч байсан. 2 гарын сарвуу хавдаж хөхөрсөн байсан. Нүүр нь хавдаж нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг 21-22/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ______ тоот: 

1. Б.Х-гийн биед тархи доргилт, зүүн чамархайд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 14/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн _______ тоот:

1. А.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. А.Б нь болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. А.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. А.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. А.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-н 53-55/,

 

Шүүгдэгч А.Бгийн хувийн байдалтай холбоотой:

- Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 24/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 39-45/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 46/,

 зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 1-р орцны жижүүрийн өрөөнд эхнэр Б.Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Бгийн “...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ...би согтоод гэртээ ирээд эхнэрээ зодсон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Х-гийн “...2018 оны 03-р сарын 28-ны өдөр ... орой 21 цагийн үед гаднаас согтуу баруун гартаа архины хагархай шил бариад орж ирээд чи надаас ингээд сал гэж хэлээд миний толгойруу 40, 50 удаа зогсоо зайгүй цохисон. Тухайн үед би хоёр гараараа толгойгоо дарахад миний хоёр гар луу гараа атгаж байгаад зодоод байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Пийн “...2018 оны 3 дугаар сарын 28-ны орой 21 цаг өнгөрч байхад манай дүү Х- над руу залгаад намайг нөхөр Б зодчихлоо та хурдан хүрээд ирээч гэсэн. Тэгээд би 10 минутын дараа байрных нь гадаа очиход Х- байрныхаа гадаа үс нь сэгсийсэн нүүр нь хавдаж гар нь салагнаж гар нь хөхөрч хавдсан уйлчихсан байсан. ... Тухайн үед Х-гийн биед толгой чамархайн хэсэг хавдсан, толгойн дагзнаас нь барьж үзэхэд хавдаад цус гарч байсан. 2 гарын сарвуу хавдаж хөхөрсөн байсан. Нүүр нь хавдаж нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 4258 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Х-гээс гаргасан баримтууд хавтаст хэргийн 12, 35-р талуудад авагдсан баримтууд нийт /8.000+120.000=128.000/ төгрөг болж байх тул шүүгдэгч А.Бгээс гэм хорын хохиролд нийт 128.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Х- нь цаашид гарах  эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой гэж үзэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Бг 500 нэгжээр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ______ овогт А-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Бг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Бгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгээс 128.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Х-д олгож, хохирогч Б.Х- нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ