| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2323000230007 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
Н.А-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б
Прокурор Ц.М
Шүүгдэгч Н.А /цахимаар/
Хохирогчийн хууль ёсны ******* Б.М
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны *******, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Н.А-д холбогдох 2323000230007 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ......... сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, “........” ХХК-д ........... ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт амьдардаг, Завхан аймгийн ........ сумын ........ багийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан ........ овогт Н-ын А. /РД: .............../,
Шүүгдэгч Н.А нь “..........” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт ..........-өөр ажиллаж байхдаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд компанийн бараа бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулж, байгууллагад тушаах ёстой байсан зээлийн эргэн төлөлтийн мөнгийг өөрийн эзэмшлийн арилжааны Хаан банкны .......... дугаарын дансаар болон бэлнээр “.........” дэлгүүрээс 7,433,510 төгрөг, “.........-ээс 7,970,760 төгрөг, “.........” дэлгүүрээс 8.065.060 төгрөг, “...........” дэлгүүрээс 11,317,080 төгрөг, “............” дэлгүүрээс 4,538,070 төгрөг, “..........” дэлгүүрээс 5,226,700 төгрөг, “.........” дэлгүүрээс 44,531,199 төгрөг, нийт 7 харилцагч байгууллагаас 89,082,379 төгрөгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулан, завшсаны улмаас “............” ХХК-д их хэмжээний буюу 89,082,379 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н-ын А-д холбогдох эрүүгийн 2323000230007 дугаартай хэргийг Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Н-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А-д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-аас 39,731,288 төгрөгийг гаргуулж, ....... ХХК-д олгож, хохирогч Н.М-ны нэхэмжилсэн 44,531,199 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М нь 44,531,199 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
2. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Анхан шатны шүүх Н.А-ын үйлдлээс хохирогч Н.М-д холбогдох хэсгийг хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Н.М-ны зүгээс Н.А-д 29,770,000 төгрөгийн үнэ бүхий тоглоомын эрхийг шилжүүлсэн байна. 2022 оны 12 дугаар 22-ны өдрийн 15 цаг 18 минутад тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байдаг. Миний бие энэ хэрэгт прокурорын шатнаас орсон. Н.А-ыг анх яллагдагчаар татахдаа 89,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн яллагдагчаар татсан байдаг. ......... ХХК-ийн ......... ХХК-ийн гэрээтэй холбоотой асуудлаар гаргасан Улсын дээд шүүхийн тогтоолыг хавсарган 44,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн хяналтын прокурор, аймгийн прокурор, Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Хяналтын прокурор миний гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Улсын ерөнхий прокурорын зүгээс миний гаргасан гомдлыг бүрэн хангаж, дахин ажиллагааг хийхээр буцаасан. Улсын ерөнхий прокуророос даалгавар ирүүлсэн. Энэ даалгаврыг прокурор, мөрдөгчийн зүгээс бүрэн дүүрэн хийгээгүй. Нэр төдий зүйл хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. ........ ХХК нь нэр бүхий 8 дэлгүүрт бараагаа нийлүүлэн, барааны мөнгийг итгэмжлэн хариуцуулсан хүн болох Н.А-д бэлнээр өгч, ......... ХХК-даа тушаадаг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н.А-тай тооцоо нийлсэн байхад, Н.А-ыг тухайн мөнгийг аваагүй гэж үзэн, мөрийтэй тоглоом тоглуулахаар өгсөн байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэл, түүний үндэслэл хэрхэн нотлогдсон байдлыг харгалзан шүүх хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн баримт буюу 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 8,515,000 төгрөгийг бэлэн мөнгөөр тоолж өгсөн, үлдсэнийг 1ХBT тоглоомын эрх шилжүүлсэн талаар дурдан, 40,285,200 төгрөгийн баримт үйлдэн 2 тал гарын үсэг зурсан баримтыг үнэлэхгүйгээр анхан шатны шүүх Н.А-ыг мөрийтэй тоглоом тоглохыг мэдсээр байж, мөрийтэй тоглоом тоглуулахаар өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх тухайн мөнгийг ...... ХХК-д ......... ХХК-ийн өрийг төлөхөөр бус Н.А-ыг мөрийтэй тоглоход туслах зорилгоор өгсөн болохыг гэрч н.Ч, шүүгдэгч Н.А нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэрч н.Ч нь шүүх хуралдаанд Н.М-аас мөнгө авах ёстой гэж хэлээд Н.М дээр очиж бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлэн авдаг. Гэрч н.Ч тоглоом тоглуулахаар мөнгө авсан талаар мэдүүлдэггүй, авсан мөнгөө надад өгөөд тоглоомын дансыг цэнэглээд өг гэдэг байдлаар хэлж байсан. Н.М-ны зүгээс тоглоом тоглох гэж мөнгө өгсөн талаар илэрхийлээгүй. Иргэний шүүхээр шийдвэрлэсэн хэрэг нь ...... ХХК болон .......... ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудал. ........... ХХК-ийн гэрээт борлуулагч буюу тухайн компанийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд нь харилцагч дэлгүүрээс 44,000,000 төгрөгийг өөрөө хувьдаа аван завшсан байхад үүнийг дүгнэхгүйгээр, Н.А, Н.М нар нь арван жилийн найзууд гэж үзэн иргэн хоорондын харилцаа үүссэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан хүнд ялтай гэмт хэрэгт холбогдсон Н.А-ын иргэний нэхэмжлэгчийн 44,000,000 төгрөгийг хассанаар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Хяналтын прокурор анхнаасаа 44,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг, Улсын ерөнхий прокурорын зүгээс хасах үндэслэлгүй байна гэж үзэн буцаасан боловч хяналтын прокурорын яллах дүгнэлтийнхээ хүрээнд эсэргүүцэл гаргасан гэж үзэж байна. Энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна гэв.
4. Шүүгдэгч Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М бид 2 арван жилдээ ойрхон найз нөхөд байсан. Оюутны нэг ангийн найзууд. Миний хамгийн сайн найз. 2022 онд миний алдаа хийсэн хугацааны тухайд манай компанийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авлагаа авах ёстой байдаг. Бүх дэлгүүрүүдээс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүх дэлгүүрээс авлагаа авч дуусахаар болсон. Н.М дээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4 дэлгүүрийн авлага 23,000,000 төгрөгийн өрд орчхоод очиж уулзсан. Н.М тухайн үед найз нь .... банкнаас зээл авч танай компанийн мөнгийг төлье, одоо төлөх боломжгүй байна гэж хэлсэн. Зээл авах гэж байгааг нь мэдээд найздаа 23,000,000 төгрөг зээлээч би 4 дэлгүүрийн авлагаа авах гэсэн юм гэж хэлэхэд, Н.М банкнаас зээл гарсан эсэх талаар мэдээлэл ирээгүй байна. ......... 1ХВТ ажиллуулдаг манай үеэл байгаа гээд н.Ч-ийг танилцуулсан. Нэмж дэлгүүрүүдээс мөнгө авсаар дөч гаруй сая төгрөг болсон. Би тухайн үед найздаа итгэсэн байсан. 2,300,000 төгрөгөөр тоглоод 4,000,000 төгрөг болгон авсан. н.Ч надад бага мөнгө учраас удаан өсөж байна. Их хэмжээний мөнгө байвал хурдтай өснө гэж хэлэхээр нь дэлгүүрүүдээс нэмж мөнгө авсан. н.Ч намайг залилсан гэж би үзэж байгаа. Одоохондоо би гомдол санал гаргаагүй.Н.М н.Ч-өөс мөнгө авах ёстой байсан юм шиг байна лээ. н.Ч бэлэн мөнгө байхгүй тоглоом тоглуулдаг депозит байсан. н.Ч мэдүүлэгтээ 19,000,000 төгрөгөөр данс цэнэглэсэн гэж мэдүүлсэн боловч, миний дансыг цэнэглээгүй. н.Ч нь Н.М-д өгөх ёстой мөнгийг танд өглөө гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө аккаунтаас мөрий тавиад тоглоё гэсэн, мөнгөө алдсан гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний аккаунтаар тоглож, мөнгө олчхоод эхнэрийн данс руу арван сая төгрөгөөр 2 удаа татан авалт хийсэн байдаг. Энэ нь тоглоомын түүх, мөнгө шилжүүлсэн агентаас нотлогдсон. Би Н.М-д итгэж, мөн Н.М надад итгэж тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан. Дараа нь өөрийн буруугаа хэлээд Б.М эгчтэй уулзсан гэв.
5. Хохирогчийн хууль ёсны ******* Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
6. Прокурор Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуульд зааснаар прокурор нотлох баримтын хүрээнд хэргийн дүгнэлтээ хийдэг. Нотлох баримтыг үнэлэхдээ хууль болон дотоод итгэлдээ тулгуурлан үнэлдэг. Нэгдүгээрт, хэргийн зүйлчлэлийн тухайд гэвэл улсын яллагчийн зүгээс 7 дэлгүүрийн итгэмжлэн хариуцсан хөрөнгийг завшсан байна гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Н.А-ыг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ....... ХХК буюу иргэний нэхэмжлэгч Н.М-ны ........ дэлгүүртэй холбоотой асуудал дээр ........... ХХК нэхэмжлэл гарган, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэн, хэргийн зүйлчлэлийг хэвээр нь үлдээх боломжгүй. Нийт 89,000,000 төгрөгөөс ........ ХХК-д холбогдох 44,000,000 төгрөгийг хасан, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчилсэн. Зүйлчлэл дээр өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурор хэргийг хянан үзээд, хяналтын прокурорын шийдвэр алдаатай байна гэж үзэн хэргийг буцаан хүндрүүлэн зүйлчилсэн. Дээд шатны прокурорын зүгээс хэргийг хүндрүүлсэн учраас шүүх хуралдаан дээр хүндрүүлсэн зүйл ангийг нотолж шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг дахин хөнгөрүүлсэн. Өөрөөр хэлбэл .... ХХК 44,000,000 төгрөгийг хасан тооцох нь зүйтэй гэж үзсэн. Энэ хэрэгт анхаарвал зохих нэг зүйл нь Н.А, Н.М нарын найз нөхдийн харилцаатай байсан нөхцөл байдал юм. Н.А нь нэр бүхий 6 дэлгүүрийн 44,554,000 төгрөгийг 1ХВТ гэх мөрийтэй тоглоом тоглон алдсан байдаг. Нэр бүхий 6 дэлгүүртэй холбоотой маргаан байхгүй. Н.А нь Н.М дээр очоод, найз нь компанид өгөх байсан мөнгөө мөрийтэй тоглоом тоглоод алдчихлаа. Энэ мөнгөө хэрхэн олж авах вэ? гэхэд Н.М ........ буудалд миний хамтардаг дүү н.Ч байгаа. Манай дүү дээр очъё гээд хамт очдог. Н.М, Н.Ч нь 1ХВТ мөрийтэй тоглоомын агент ажиллуулдаг байсан. Монгол улсад хэд, хэдэн агентууд байсан, үүнийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Н.А нь н.Ч-тэй хамтран мөрийтэй тоглож, ашиг олж байгаад сүүлдээ алдсан. 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. 8,045,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг. Нийт 34,531,199 төгрөгийн асуудал үүсдэг. Энэ мөнгө ....... ХХК буюу Б.М-ын компанид очих ёстой байсан мөнгө. ........ нь Н.А. ........-өөр ажилладаг гэж үзэн Н.А-д өгсөн гэж Н.М, түүний өмгөөлөгчийн зүгээс маргадаг. Н.М, Н.А нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байдаггүй. Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийг зүйлчилсэн. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэн хуурч, мэхлэх аргаар үйлдэхийн зэрэгцээ эд хөрөнгийг эзэнд нь өгөхгүйгээр ашиг олох зорилгоор үйлдэгддэг. Н.М-ыг залилж байгаа зүйл байхгүй. Н.А мөнгө алдсан талаараа хэлж хэрхэн богино хугацаанд мөнгө олж авах талаар ярилцсан байдаг. Завших гэмт хэрэг нь хууль, гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд гэмт санаа зорилгоор түүнийг шамшигдуулах байдаг. Н.М, Н.А нарын хооронд завших гэмт хэргийн шинж байдаггүй. Өөрөөр хэлбэл, Н.М энэ мөнгийг компанидаа аваачиж өг гэхгүйгээр найздаа тусалж байгаа үйлдэл байдаг. Алдсан мөнгийг нь богино хугацаанд олж авахад нь туслах зорилгоор үүссэн иргэд хоорондын сайн дурын харилцаа байдаг. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. ..... ХХК нь иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. ..... дэлгүүр нь ......... ХХК-д өр зээлийн асуудал байхгүй талаар иргэний хэргийн шийдвэр байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Улсын ерөнхий прокурорын зүгээс миний шийдвэрийг алдаанд тооцохдоо ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар дурдаагүй. Нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Н.А нь “............” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт .........-өөр ажиллаж байхдаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд компанийн бараа бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулж, байгууллагад тушаах ёстой байсан зээлийн эргэн төлөлтийн мөнгийг өөрийн Хаан банкны ........... дугаарын дансаар болон бэлнээр “.........” дэлгүүрээс 7.433.510 төгрөг, “...........” дэлгүүрээс 7,970,760 төгрөг, ....... дэлгүүрээс 8,065,060 төгрөг, .......... дэлгүүрээс 11,317,080 төгрөг, ........... дэлгүүрээс 4,538,070 төгрөг, “..........” дэлгүүрээс 5,226,700 төгрөгийг,буюу нийт 6 дэлгүүрээс 44,551,180 төгрөгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулж, завшсаны улмаас “........” ХХК-нд 44,551,180 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан
гэрч Э.Б-ийн “... ХХК-ийн ******* ******* Н.А гэх залуугаас архи пивоны захиалга аваад барааг зээлээр авч төлбөрийг нь сар бүрийн 20-ны дотор байгууллагын дансанд тушааж дуусгавар болгодог байсан. ...тэгтэл 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд авсан барааны үнийн үлдэгдэл болох 9,819,140 төгрөгийг Н.А нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай дэлгүүр дээр ирээд зээлсэн барааны тооцоогоо дуусгах хэрэгтэй байна гээд 3,000,000 төгрөгийг Хаан банкны ......... гэсэн данснаас Н.А-ын өөрийнх нь хувийн ......... данс руу шилжүүлсэн. 12 дугаар сарын 21-ний өдөр дахин түүний Хаан банкны данс руу 5.619.140 төгрөг 12 дугаар сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Н.А нь мөнгөө бэлнээр аваад кассад тушаана гэсэн шаардлага тавьсан. Би тухайн үед бэлэн мөнгөгүй гэж хэлтэл миний хувийн данс руу тушаачих ямар ч асуудалгүй гэж хэлсэн. ...үүнээс хэд хоногийн дараа Н.А нь өөрийнхөө .......... гэсэн утаснаас залгаад манай байгууллагын нягтлан чам руу залгаж магадгүй, хэрэв залгах юм бол манайх хаагаагүй өртэй байгаа гэж хэлээрэй энэ сарын зээл оны сүүл хүртэл буюу 30-ны өдөр хаагдахаар болсон гэж хэлэхээр нь тэгвэл чамд өгсөн мөнгөө 30-ныг болтол буцааж авъя гэж хэлэхэд, би маргааш чам руу шилжүүлье гэхээр нь тухайн өдөр нь орхисон. Тэгтэл ........ ХХК-иас зээлээр авсан барааны тооцоогоо нийлэхээр орж ирэхээр нь Н.А руу залгаад ....- аас авсан 2,385,630 төгрөгийг төлмөөр байна гэхэд надад дансыг нь өгчих гэхээр нь Н.А руу данс явуулахад тэр өдөртөө төлсөн байсан. ...Би өнөөдрийн байдлаар “.........” ХХК-д 7,433,510 төгрөгийн өртэй гээд яваад байгаа. Би уг нь энэ мөнгөө “........” ХХК-ийн ******* ******* Н.А-д хүлээлгэн өгсөн боловч уг хүн нь хариуцлагагүй байдлаас болоод надаас тооцоо нийлж авсан мөнгөө байгууллагынхаа дансанд тушаалгүй хувьдаа завшсан юм шиг байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Х-ын “...”.........” хүнсний дэлгүүрт манайх 2022 оны 12 дугаар сард 2,385,630 төгрөгийн бараа зээлээр өгсөн байсан. Сарын сүүлээр буюу 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр уг зээлсэн барааны мөнгөө авахаар “.......” дэлгүүрт нь очиход би нэг хүнээс мөнгө авах ёстой гэж хэлээд нөгөө хүнтэйгээ яриад миний дансыг явуулаад нөгөө хүн нь миний ......... дугаарын данс руу шилжүүлж “.........” дэлгүүрийн тооцоо хаагдсан. Тухайн үед хэн гэх хүн яагаад тухайн тооцоог шилжүүлэх болсныг нь би лавлаж асуугаагүй учир мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,
Э.Б-ийн .......... ХХК-д гаргасан “...нийт зээл болох 9,819,140 төгрөгийг ******* ******* Н.А өөрийн дансанд хий, маргааш кассанд тушаана гэж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5,619,140 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөг авсан. Нийт 9,819,140 төгрөгөөс 2,385,630 төгрөгийг ......... компанийн дансанд шилжүүлэн буцаан авч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буцаан танай компанийн дансанд шилжүүлэн өгсөн..” өргөдлөөр,
гэрч Г.Э-ын “...Би Завхан аймгийн ..... сумын ....... багийн нутаг дэвсгэрт ....... хүнсний дэлгүүрийг 2020 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. ...тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг Улаанбаатар хотод дэлгүүрийн бараандаа явж байхад Н.А нь өөрийнхөө ......... гэсэн дугаараас над руу залгаад танайх бараа татахаар бол лимит хэтрэлттэй байна. Хэрэв миний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлбэл би данснаасаа аваад бэлнээр байгууллагад тушаагаад лимитийг чинь сунгаад бараагаа нөхөж авч болно гэж хэлэхээр нь түүний ....... гэсэн түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үүний дараагаар буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын данс руу авч болохгүй байна гэхээр нь түүний данс руу 6,970,760 төгрөгийг өөрийнхөө ......... гэсэн данснаас шилжүүлж тухайн сарын тооцоогоо дуусгасан. ... ингэж л Н.А надаас авсан мөнгөө өөрийн хувийн данс руу хийгээд байгууллагынхаа данс руу хийгээгүй гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,
Г.Э-н ....... ХХК-д гаргасан “...Н.А зээлийн хэмжээ хэтэрсэн байна бэлэн тушаана гээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ........... дугаарын данс руугаа 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дээрх дансаар 6,970,760 төгрөг тус тус нийт 7,970,760 шилжүүлэн авсан...” өргөдлөөр,
гэрч Ц.Б-ийн “...Манай “............” хүнсний дэлгүүр нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд “...........” ХХК-иас 8,065,000 төгрөгийн архи, пиво захиалж зээлээр авсан байсан. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* ******* Н.А нь надтай уулзаад тооцоогоо хийгээрэй, миний данс руу хийчих гээд өөрийнхөө .......... гэсэн дансны дугаарыг өгөхөөр нь би хаан банкны ........... гэсэн данснаас 3,000,000 төгрөгөөр 2 удаа, 2,065,060 төгрөгийн буюу нийт 3 удаагийн гүйлгээгээр 8,065,060 төгрөгийг төлж тухайн сарынхаа тооцоог дуусгаж “.............” ХХК-тай ямар нэгэн тооцоогүй болсон. ...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Н.А нь данс руугаа заавал мөнгө хийх шаардлагатай гэхээр нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Ц.Б-ийн ......... ХХК-д “......... Н.А нь надтай уулзаад тооцоогоо хийгээрэй, миний данс руу хийчих гээд өөрийнхөө .......... гэсэн дансны дугаарыг өгөхөөр нь би Хаан банкны ......... гэсэн данснаас 3,000,000 төгрөгөөр 2 удаа, 2,065,060 төгрөгийн буюу нийт 3 удаагийн гүйлгээгээр 8,065,060 төгрөгийг төлж тухайн сарынхаа тооцоог дуусгаж “...........” ХХК-тай ямар нэгэн тооцоогүй болсон...”гэсэн өргөдлөөр,
гэрч Т.С-ийн “... хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ...сар бүрийн 20-ны төлбөр тооцоог байгууллагын данс руу эсвэл бэлнээр нь Н.А-д өгдөг байсан. 2022 оны 12 дугаар сарын 17-ны билүү 18-ны үед Н.А над дээр ирээд 2022 оны 12 сарын зээлээ 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд хааж дуусгах хэрэгтэй байна. Хааж дууссаны дараа 20-ноос 30-ны хооронд зээл дахин гаргана гэж хэлээд 12 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүр дээр ирээд бэлнээр 4,000,000 төгрөг аваад үлдэгдэл мөнгийг дансаар хийвэл энэ данс руу хий гэж хэлээд Хаан банкны ......... гэсэн өөрийнхөө хувийн дансыг өгөхөөр нь түүний данс руу 5,952,200 төгрөгийг өөрийнхөө ........ болон төрийн банкны .......... дансаар тус тус 2 удаагийн гүйлгээ хийж 12 дугаар сарын 20-ны өдөр нийт 9,952,200 төгрөгийг шилжүүлж 12 сарын зээлээ хааж дуусгасан. “...........” ХХК-ийн менежер Б.М гэх хүнтэй 2023 оны 01 дүгээр сард уулзахад Н.А нь манай дэлгүүрийн 2022 оны 11 дүгээр сарын зээлээс 1,364,800 төгрөгийг байгууллагын дансанд хийлгүйгээр хувьд завшсан байсныг мэдсэн. Ингээд нийтдээ 11,317,080 төгрөгийг Н.А нь хувьдаа завшсан байсныг олж мэдсэн. ...бидний зүгээс түүнийг авлагын мөнгөө хувьдаа ашиглаж байгааг нь мэдээгүй. Уг хүнтэй 2 жил хамт ажиллаж байгаа болохоор итгээд өгсөн. Н.А нь 11 дүгээр сарын зээлээс 1,364,800 төгрөг 12 дугаар сарын зээлээс 9,952,200 төгрөг буюу нийтдээ 11,317,080 төгрөгийг аваад хувьдаа завшсан...” гэсэн мэдүүлгээр
Т.С-ийн ......... ХХК-д “... ....... Н.А нь 12 дугаар сарын архи пивоны зээл болох 11,317,080 төгрөгийг 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,364,880 төгрөг бэлнээр өгсөн, 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг бэлэн өгөөд 3,000,000 төгрөг дансаар, мөн 2,952,200 төгрөг дансаар дахин хийсэн болно. Уг мөнгийг авахдаа авлагаа хаагаад 12 дугаар сарын 20-ноос 30-ны өдрийн хооронд дахин зээл олгох тул 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх зээлээ хаа гэж зээл төлүүлсэн. Ингээд бүх зээлийг хаагаад дахин зээл төлүүлэхээр тохирсон.” гэсэн өргөдлөөр,
гэрч Ц.Ж-ийн “... дэлгүүр ажиллуулдаг болоод 1 жил 3 сар болж байна. Энэ хугацаанд “.........” ХХК-аас архи пиво захиалдаг бөгөөд захиалгыг “.........” ХХК-ийн ******* ******* Н.А нь ирж аваад бараагаа зээлээр аваад сар бүрийн 20-ны өдөр төлдөг байсан. 2022 оны 12 дугаар сард “.......” ХХК-аас 4,538,070 төгрөгийн бараа захиалаад төлбөрийг 12 дугаар сарын 20-ний өдөр Н.А нь тооцоогоо нийлээрэй 20-ны өдөр болсон байна, мөнгөө Н.А-ын мессежээр явуулсан Хаан банкны түүний хувийн .......... гэсэн данс руу 12 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой байсан 4,538,070 төгрөгийг өөрийн Хаан банкны .......... гэсэн данснаас шилжүүлж барааны тооцоогоо дуусгасан. ...Ихэвчлэн байгууллагын данс руу нь хийдэг, амралтын өдөр бол бэлнээр Н.А-д өгөөд явуулдаг байсан. Бид нар заримдаа өөрсдөө мөнгөө тушааж амждаггүй. Өмнө нь ганц хоёр удаа түүний данс руу шилжүүлж байсан байх...” гэсэн мэдүүлгээр,
Ц.Ж-ийн ......... ХХК-д “...танай компанийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх тооцоо болох 4,538,070 төгрөгийг ******* ******* Н.А-ын арилжааны Хаан банкны .......... дугаарын дансанд тушаасан болно...” гэсэн өргөдлөөр,
гэрч Д.О-ийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ........ суманд байсан болохоор сар бүрийн 20-нд төлөх тооцоогоо төлж чадаагүй хугацаа хэтэрсэн байсан. Тэгтэл Н.А над руу утсаар яриад сарын сүүл болсон байна. Та яаралтай миний данс руу тооцоогоо хийгээрэй гээд өөрийнхөө Хаан банкны ........ дансыг өгөхөөр нь би сандраад түүний өгсөн хаан банкны хувийн данс руу нь 5,266,060 төгрөгийг 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд хоёр хуваагаад шилжүүлж 12 сарын тооцоогоо дуусгасан. Би түүний миний шилжүүлсэн мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлнэ гэж огт бодоогүй. ... “........” ХХК-д олон жил ажиллаж байгаа болохоор нь итгээд түүний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Д.О-ийн .......... ХХК-д “...12 дугаар сарын 20-ноос төлдөг авлагаа хугацаа хэтэрсэн байна гээд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ......... Н.А-ын арилжааны Хаан банкны .......... дугаарын данс руу шилжүүлээд өг гээд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4,111,900 төгрөг, 1,114,800 төгрөг, нийт 5,226,700 төгрөг шилжүүлсэн...” гэсэн өргөдлөөр,
Н-ын А-ын эзэмшлийн арилжааны Хаан банкны .......... дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлийн “.... дэлгүүрийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 25 минутад ......... дугаарын данснаас ......... гэсэн утгатай 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 23 цаг 08 минутад ........... дугаарын данснаас “...........” гэсэн утгаар 6,970,760 төгрөг, нийт 7,970,760 төгрөг шилжүүлсэн гүйлгээгээр,
........... дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 12 цаг 05 минутад .......... дугаарын данснаас “...........” гэсэн утгатай 3,000,000 төгрөг, мөн өдрийн 12 цаг 08 минутад “...........” гэсэн утгаар 2,952,200 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,364,880 төгрөг бэлнээр өгсөн, 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг бэлнээр, нийт 11,317,080 төгрөг төлсөн гүйлгээгээр,
............. дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг 53 минутад .......... дугаарын данснаас “..........” гэсэн утгатай 3,000,000 төгрөг, мөн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 19 цаг 56 минутад “.........” гэсэн утгатай 5,619,140 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 02 цаг 58 минутад “...........” гэсэн утгатай 1,200,000 төгрөг, нийт 9,819,140 төгрөгийг, 2,385,630 төгрөгийг .......... компанийн дансанд шилжүүлэн буцаан авч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буцаан танай компанийн дансанд шилжүүлэн өгсөн. Нийт 7,433,510 төгрөгийн гүйлгээгээр,
...... дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 20 минутад ......... дугаарын данснаас “........” гэсэн утгатай 3,000,000 төгрөг, 18 цаг 21 минутад 3,000,000 төгрөг, мөн тухайн цаг үед 2,065,060 төгрөг тус тус нийт 8,065,060 төгрөгийн гүйлгээгээр,
...... дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 03 минутад ....... дугаарын данснаас “.........” гэсэн утгатай 4,538,070 төгрөгийн гүйлгээгээр,
.......... дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 19 минутад ......... дугаарын данснаас “.........” гэсэн утгаар 4,111,900 төгрөг, мөн тухайн цаг хугацаанд “..........” гэсэн утгаар 1,114,800 төгрөг, нийт 5,226,700 төгрөгийн гүйлгээгээр,
“.........” ХХК-ны хууль ёсны ******* Б.М-ын “...Н.А нь 2019 оны 6 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Манай байгууллага нь ус, ундаа, архи, пиво, хүнс, ахуйн зэрэг бараануудыг иргэд аж ахуйн нэгжид худалдан борлуулдаг. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зээлээр авсан барааны тооцоогоо сар бүрийн 20-ний өдөр төлж барагдуулдаг. ...Н.А бид хоёр 12 дугаар сарын 20-ны өдрөөс дэлгүүрүүдээс авлагаа авч дуусгая гэж ярилцсан. Тэгтэл Б, Б, Б, Б, С, Х, Ч гэдэг дэлгүүрүүд авлагаа өгөөгүй байхаар нь Н.А-аас эдгээр дэлгүүрүүд өгөөгүй байна гэхэд 23-ны өдөр авлагаа өгнө, цаад талын хугацаа 26-ны өдөр гэж надад хэлэхээр нь ...байгууллагын данс шалгаж үзэхэд мөнгө ороогүй байсан. Тэгтэл 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой манай коланы ******* ******* С над руу залгаад та гэрээсээ гараад ирээч Н.А бид хоёр тантай уулзах хэрэгтэй байна гэхээр нь гараад уулзахад Н.А нь 7 харилцагч байгууллагаас авлага болох 89,082,379 төгрөгийг хувьдаа завшсан бэлнээр болон өөрийнхөө дансаар аваад цахим тоглоом тавиад алдсан гэдгээ хэлсэн. Маргааш нь түүнээс ямар ямар байгууллагуудаас хэдэн төгрөг авсан талаар асуухад өөрөө харилцагч байгууллагуудаас авсан мөнгөө цаасан дээр бичиж өгөхөөр нь би өөрөө түүний авлага авсан гэх 7 дэлгүүрт очиж уулзахад 12 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хооронд авлагын 89,082,379 төгрөгийг авсан байсан. Н.А нь дэлгүүрүүдээс мөнгө авахдаа “авлага хааж байна” авлага хаасны дараа бараагаа захиал, данс руу мөнгө оруулах хэрэгтэй байна гэх мэт зүйл яриад авлагын мөнгөө авсан байсан. ...Манай байгууллагын ажилчдаас хэн нь ч харилцагч байгууллагын авлагын мөнгийг хувийн дансаар авч болохгүй. Манай ............ Н.А нь ...... дэлгүүрээс 12 дугаар сарын авлага болох 44,531,199 төгрөг авсан байсан. Н.А нь надад хэлэхдээ 2,000,000 төгрөг өөрийнхөө хувийн дансаар, бэлнээр 12,761,000 төгрөгийг, үлдсэн 29,770,200 төгрөгийг 1xbet-ийн депогоор авсан гэж хэлсэн. Харилцагч байгууллагаас авсан 89,082,379 төгрөгийг цахим бооцоот тоглоом хэд хэдэн удаа тоглож байгаад алдсан байсан...”, гэсэн “...тухайн байгууллагын зээлийн эргэн төлөлтийг ******* ******* хариуцаж худалдан авсан зээлийг хугацаанд нь төлүүлэх дуусах үүргийг ******* ******* хариуцдаг. ...Н.А-ын хувьд хэрэг гарахаас өмнө байгууллагуудаас бэлэн мөнгө аваад түүнийгээ бүрэн бүтэн авчирч өгдөг байсан. Н.А нь харилцагч байгууллагаас бэлэн мөнгө авах эрхтэй бөгөөд энэ асуудлыг худалдан авагчтай хийсэн зээлийн гэрээ, зээлийн борлуулалтын журам болон холбогдох байгууллагын журмууд дээр заасан байгаа би яг ямар журам дээр заасныг нь санахгүй байна. Н.А нь байгууллагад 89,082,379 төгрөгийн хохирол учруулснаас 3,682,379 төгрөг төлсөн, 85,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...”, гэсэн, “...тус дүгнэлтэд харилцагч байгууллага болох Б, С, Ч нэртэй байгууллагуудын Н.А-д шилжүүлсэн мөнгөн дүн зөрүүгүй таарч байна. Харин “Х” дэлгүүрээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,329,560 төгрөгийг Н.А өөрийн хувийн дансаар авч байгууллагад төлөгдсөн мөнгө болно. Тийм учраас “Х” дэлгүүрийн шилжүүлсэн мөнгөн дүн таарч байгаа гэж ойлгож болно. “Б” дэлгүүрийн 11 сард төлөгдөх ёстой байсан 4,245,999 мянган төгрөгийг Н.А нь М-аас бэлнээр аваад байгууллагад төлөлгүй 12 дугаар сарын тооцоонд оруулчихсан байсан. Энэ дүн нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй учир зөрүүтэй гарсан байна. “Б” дэлгүүрээс манайх нийт 44,531,199 мянган төгрөгийн барааны үнэ авах ёстой байсан. Тус мөнгийг Н.А нь авч хувьдаа зарцуулсан байсан. Б дэлгүүр манайхаас 12 сард нийт 9,819,140 төгрөгийн барааны үнэ авах ёстой байсныг Н.А нь авч хувьдаа зарцуулж 2,385,630 мянган төгрөгийг нь байгууллагын дансанд буцаан төлж үлдэгдэл 7,433,510 мянган төгрөгийг төлөөгүй. Шинжээчийн дүгнэлтэд Н.А-ын төлсөн 2,385,630 мянган төгрөг орсон учир манайд төлөгдөх мөнгөн дүнгээс зөрүүтэй илүү гарсан байна. “Б” дэлгүүрийн 11 сарын 20-ны өдөр А-д шилжүүлсэн 5,812,260 мянган төгрөг нь байгууллагад төлөгдсөн мөнгө болно. Харин 11 сарын 20-ны өдөр бэлнээр 1,334,880 мянган төгрөг Н.А нь “Б” дэлгүүрийн С-аас бэлнээр авч байгууллагад тушаалгүй хувьдаа зарцуулж 12 дугаар сарын тооцоонд оруулсан байсан. 12 дугаар сард “Б” дэлгүүр нь манай байгууллагаас нийт 9,952,200 төгрөгийн бараа авсан ба 11 сарын үлдэгдэл 1,364,880 төгрөгийг нэмээд нийт 11,317,080 мянган төгрөг болж байгаа юм. Тус 11,317,080 төгрөгийг Н.А нь авч хувьдаа зарцуулсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд төлөгдсөн 5,812,260 мянган төгрөг орсон мөн “Б” дэлгүүрийн С-ийн бэлнээр Н.А-д өгсөн 1,364,880 болон 4,000,000 төгрөг ороогүй учир зөрүүтэй гарсан байна. “........” ХХК нь харилцагч 7 байгууллагаас нийт 89,082,379 төгрөгийг авах ёстой авлагыг Н.А нь бэлнээр болон дансаар авч хувьдаа зарцуулж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Үүнээс Н.А нь 3,682,379 төгрөгийг төлж үлдэгдэл 85,400,000 төгрөгийг төлөөгүй өдийг хүрсэн учир Н.А-д хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байгууллагыг хохиролгүй болгуулж энэ асуудлыг хурдан шийдэж өгвөл сайн байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Э.С-ын “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад орой Н.А нь над руу залгаад уулзъя гэхээр нь гараад түүнтэй уулзахад би байгууллагын мөнгөөр 1 XBET бооцоот тоглоом тоглоод алдчихлаа одоо яах бэ? Ямар арга байна гэхээр нь би чи бүс хариуцсан ....... Б.М эгчид хэлэх хэрэгтэй гээд Б.М эгч дээр дагуулж очоод түүнтэй уулзуулаад дараа нь би гэртээ хүргүүлээд буусан. Н.А 90 орчим сая төгрөгөөр бооцоот тоглоом тоглоод алдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр болон “.........” ХХК-ийн бичгээр гаргасан өргөдөл, “.........” ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны дүгнэлтээр, “.......” ХХК-ийн Санхүүд “Миний бие Н.А нь Завхан салбарт ........-өөр ажилладаг... нийт 89,082,379 төгрөгийн авлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн хүсэлтээр, “Зээлийн борлуулалтын үйл ажиллагааны журам”-ын 5.5.д Харилцагчийн төлбөр тооцоог ******* ******* бэлэн мөнгөөр авсан тохиолдолд “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг заавал хавсаргана. 6.11-д Бүх зээлүүд нь тогтоосон лимитийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой ба төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь барагдуулах ажлыг ******* ******* болон бүс хариуцсан менежер нар хариуцан ажиллана...” гэсэн хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлгийг авч бэхжүүлэн авсан, тухайн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, эх сурвалжаа заан мэдүүлсэн, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэж, бусдад 44,551,180 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдлээс “....” ХХК-ны “........” дэлгүүрээс “.........” ХХК-д төлөх 44,531,199 төгрөгийг завшсан гэх үйлдлийг хасч, хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Н.А-д оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М-ны өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх Н.А-ын үйлдлээс хохирогч Н.М-д холбогдох хэсгийг хуульд нийцээгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм...” гэжээ.
Хэрэгт авагдсан хохирогч Н.М, шүүгдэгч Н.А, гэрч М.Ч нарын мэдүүлгээс дүгнэлт хийхэд, шүүгдэгч Н.А нь хохирогч Н.М-аас мөнгө авсан гэх үйлдэл нь “.........” ХХК-ийн нэрийг барьж, хууран мэхэлж, түүний итгэмжлэн хариуцуулсан мөнгийг авч ашигласан гэх, Эрүүгийн хуульд заасан завших, залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Н.А хохирогч Н.М нар нь багын найз нөхдийн харилцаатай бөгөөд Н.А нь Н.М-д харилцагч дэлгүүрүүдээс мөнгө аваад цахим мөрийтэй тоглоом тоглож, алдсан талаараа хэлсэн, Н.М нь шүүгдэгч Н.А-ын мөрийтэй тоглох гэж байгааг мэдэж, түүнд нь зориулж дансаар 2,000,000 төгрөгийг, бэлнээр 8,515,200 төгрөгийг өгсөн гэх үйлдэл нь Н.А нь хохирогч Н.М-ныг “...........” ХХК-ийн өрийг төлөхөөр шаардаж, Н.М-ыг хуурч мэхэлж, итгэл эвдэх замаар авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Н.А нь Н.М-аас мөнгө авсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэж, Н.М нь М.Ч-рөөс авах 1XBET мөрийтэй тоглоомын 29,770,000 төгрөгийн үнийн дүнтэй эрхийг Н.А-ын нэр дээр шилжүүлсэн гэх үйлдэл нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, тухайн мөрийтэй тоглох эрхээр төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй гэж тус тус дүгнэж, Н.А-ын үйлдлээс “.........” ХХК-ны “.........” дэлгүүрээс “..........” ХХК-д төлөх 44,531,199 төгрөгийг завшсан гэх үйлдлийг хасч, хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “хохирогч Н.М-аас нэхэмжилсэн 44,531,199 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэж иргэний нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн нь “ шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт заасан “Н.М нь 44,531,199 төгрөгийг ...иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсэн” хэсэгтэй зөрчилдөж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаарх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтаас “хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М-аас нэхэмжилсэн 44,531,199 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М-ны өмгөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтаас “хохирогч Н.М-аас нэхэмжилсэн 44,531,199 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хасч, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М-ны өмгөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ