Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00827

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00827

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00195 дугаар шийдвэртэй,

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х.Н-д холбогдох,

Сургалтын төлбөрт 3,775,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай Н ХХК нь гадаад худалдаа, үйлчилгээний чиглэлээр буюу 2010 оноос АНУ-ын Грако компанийн уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын заслын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн албан ёсны борлуулагчаар 2016 оноос автосэлбэг, засвар болон барилгын хөөсөн дулаалгын худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч Х.Н-г 2011 оны 9 сараас компанийн гадаад харилцаа, Грако талыг хариуцсан ерөнхий менежерээр ажиллуулж байгаад 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсан.

Манай компанийн үүсгэн байгуулагч Ц.Буянжаргал 2014 оны 08 дугаар сард нас барж, эхнэр Л.Баярмаа нь компанийн 100 хувийн хувьцааг өв залгамжилсан боловч ар гэрийн ажил, хүүхдүүдээ асрах зэргээр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцоод байгаагүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Н-д бүрэн итгэн ажиллуулж байсан юм.

Х.Н- нь 2018 оны 12 дугаар дугаар 10-ны өдөр гэнэт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Компанийн зүгээс ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, үр шимийг нь хүртэх зорилгоор компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу сургалтанд хамруулдаг. Х.Н-г 2012, 2016 онуудад АНУ-ын Грако компанийн албан ёсны дистрибюерийн сургалтанд, онгоцны тиз, буудлын зардлыг төлж суулгасан.

Мөн Шинжлэх ухаан техникийн их сургууль Геологи уул уурхайн сургуульд тосолгооны тоног төхөөрөмжийн угсралт, тосолгоо үйлчилгээний чиглэлээр магистрийн боловсрол эзэмшүүлэхээр болж 2017 онд 2,075,000 төгрөг, 2018 онд 1,700,000 төгрөг, нийт 3,775,000 төгрөг төлсөн.

Гэтэл Х.Н- нь түүнд оруулсан хөрөнгийн үр шимийг гаргалгүйгээр ажлаа орхин явсан тул сургалтын төлбөр 3,775,000 төгрөгийг хариуцагч Х.Н-гаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2011 оноос Н ХХК-д гадаад худалдааны менежерээр ажиллаж эхэлсэн, Н ХХК нь Ц.Буянжаргал, Л.Баярмаа нарын гэр бүлийн компани. Ц.Буянжаргал нас барсны дараа компаний хувьцаа эхнэр Л.Баярмаад шилжиж захирал болсон ба намайг гүйцэтгэх захирлаар томилсон боловч албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Л.Баярмаа өөрөө компанийн бүх эрхийг хэрэгжүүлж, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан. Харин намайг гүйцэтгэх захирал болгосон гэж итгүүлж ачигчаас эхлээд захирлын хийвэл зохих бүхий л ажлыг хийлгүүлж байсан.

Анх ажилд ороход Н ХХК нь АНУ-ын Грако компанийн албан ёсны төлөөлөл гэгддэг байсан ч тоног төхөөрөмжийн борлуулалтын орлого нь жилийн 10-20 хувь орчим байсан. Харин миний бие ажилд ороод жил бүр Гракогийн тоног төхөөрөмжийн борлуулалтыг дээшлүүлж, Гракогийн тоног төхөөрөмжийн борлуулалтыг жилийн орлогыг 70-80 хувьд хүргэсэн тул өөрийн мэдлэг, эзэмшсэн чадварыг компанид зориулаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Эдгээр сургалтад хамрагдаж ирсэний дараа Грако компанийн тоног төхөөрөмжийн борлуулалтыг дараах байдлаар борлуулж, Н ХХК 2014 онд 261,548,540 төгрөг, 2015 онд 112,388,690 төгрөг, 2016 онд 106,823,475 төгрөг, 2017 онд 410,748,878 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын байдлаар 126,659,249 төгрөгийн ашгийг оруулсан.

АНУ-ын Грако компанийн тоног төхөөрөмжийг авто засварын төвүүдэд суурилуулах ажлыг Газрын тосны инженерийн хяналтан дор гүйцэтгэх хэрэгтэй тул Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн инженерийн чиглэлээр магистрийн боловсрол эзэшихийг дэмжиж, сургалтын төлбөрийн талыг төлсөн.

Миний бие Үндсэн хуульд заасан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн хүрээнд ажлаас гарах хүсэлтээ албан ёсоор өгсөн боловч шийдвэрлэхгүй, ажил хүлээлцүүлэхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлыг орхиж явсныг ажлаа хаяж явсан гэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд сургалтын төлбөр 3,775,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Н-гаас 3,775,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 75,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-гаас 75,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журамд зааснаар ажилтан нь ажил олгогчийн зардлаар сургалтанд хамрагдвал тус компанид 2 жилийн хугацаанд ажиллах, өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болговол сургалтын зардлыг буцаан төлөх үүргийг хүлээсэн тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Миний ажиллаж байсан Н ХХК газрын тосны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, засвар шинэчлэл, орчны тохижилтын ажил хийх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгуулага нь газрын тосны барилга байгууламжийн инженертэй байх ёстой гэсэн шаардлага хангахын тулд намайг үнэгүй сургая гэж хэлсэн. Тодруулбал, хэрвээ би энэ сургалтын төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр сургах байсан бол сурахгүй гэдгээ ажил олгогчид тодорхой хэлж ажил олгогч үүнийг хүлээн зөвшөөрч өөрийнхөө эрх ашгийн төлөө намайг сургасан. Түүнчлэн сургалт тусгай зөвшөөрөл авах, сунгах, ашиглахын тулд хэн нэг хүнийг сургах шаардлага гарсан ба тэр хүн би байсан. Сургалтын төлбөрөөс 3,775,000 төгрөгийг хариу төлбөргүйгээр намайг уг аж ахуй нэгжид 6 жил ажилласныг үнэлж бэлэг болгон өгсөн гэсэн атлаа одоо нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбарын агуулга: Тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж байсан учир сурах талаар хүсэлт гаргасан гэж хариуцагч тайлбарладаг. Хариуцагч нь 2017 онд ШУТИС-д элсэж ороод, 2 улирлын төлбөр төлүүлсэн. Нэхэмжлэгч тал ямар нэгэн үр дүнд хүрэх гэж хариуцагчид хүсэлт тавьсан бол тухайн үр дүндээ хүрээгүй. Өмнөх захирал нь 2014 онд нас барсан бөгөөд 3 жилийн дараа н.Баярмаа захиралтай тохиролцсон учраас сурсан. Үр дүн нь гараагүй байхад хөдөлмөрийн гэрээгээ цуцалснаар хөдөлмөрийн харилцааны явцад байгуулсан сургалтын гэрээнээс хариуцагч татгалзсан. Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шаардсан. Хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хариуцагч хөдөлмөрийн гэрээн дээрх гарын үсэг минийх биш гэж маргаад, шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг гэдэг нь тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу компаниас сургалтын төлбөрийг нь төлсөн тохиолдолд 2 жил үр бүтээлтэй ажиллах ёстой гэх үүрэг ногдуулсан байдаг. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х.Н-д холбогдуулан тус компанид ажиллаж байхдаа сургалтанд хамрагдсан сургалтын төлбөр 3,775,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг хөдөлмөрийн гэрээнд зааснаар Х.Н- нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлаар албан тушаалд ажиллаж эхэлсэнээр тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. Гэрээний хугацааг 24 сар, нэг удаа 3 сар хүртэл хугацаагаар сунгахаар тохиролцсон байна. Гэрээг хугацаатай байгуулсан, хугацаа дуусгавар болгох үндэслэл заагаагүй тул гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай байгуулсан гэж үзнэ.

 

Хариуцагч Х.Н- нь Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн магистрийн хөтөлбөрт 2017-2018 оны намар элсэн суралцаж, 2018-2019 оны хавар Газрын тосны барилга байгууламж хөтөлбөрөөр төгссөн, уг сургалтын төлбөрт Н ХХК 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,075,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 3,775,000 төгрөгийг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй байна.

 

Х.Н- 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон талаар талууд мөн маргаагүй.

 

Хөдөлмөрийн гэрээний 3.2.17-д Ажилтан ажил олгогчийн зардлаар дадлагад хамрагдан, туршлага судлах, мэргэжил болон гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх зэргээр дотоод гадаадын сургалтанд хамрагдаад зохих журам сургалтын гэрээнд заасан тодорхой хугацаанд Н ХХК нд ажиллахгүй өөрийн хүсэлтээр эсвэл өөрийн буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд Н ХХК-ний сургалтын болон холбогдох журмын дагуу ажил олгогчоос тухайн сургалтанд төлсөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй гэж тохиролцсон /х.х 11-13/, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.9-д Ажилтан энэ журмын 11.2.8-д заасны дагуу сургалтанд хамрагдсанаас хойш 2 жилийн хугацаанд компанид ажлалгүй өөрийн хүсэлтээр эсвэл өөрийн буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд сургалтын төлбөр, түүнтэй холбоотой гарсан бусад зардлыг ажилласан хугацаа хамаарахгүйгээр ажил олгогчид бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж заасантай /х.х 14-25/ харьцуулан үзвэл хариуцагч Х.Н- нь Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн магистрийн хөтөлбөрт хамрагдан 2017-2019 оны хугацаанаас хойш 2 жилийн дотор ажил үүргээ гүйцэтгээгүй тул тэрээр сургалтын төлбөр болох 3,775,000 төгрөгийг Н ХХК-д буцаан төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Харин хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн нэмэлт үүргийг талууд харилцан тохиролцсоноор Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийн харилцаа үүсгэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох байтал анхан шатны шүүх гэрээний чөлөөт байдлын зарчмын тодорхойлох заалтыг хэрэглэн шийдвэрлэхдээ баримталсныг буруу гэж үзнэ. Түүнчлэн гэрээг цуцалж, үүссэн харилцааг буцаан өгөх үүргийг тодорхойлсон нь оновчгүй гэж үзэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт... гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА