| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 2524000000114 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
Ч.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э
Прокурор Б.Ч
Шүүгдэгч Ч.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолтой Ч.Н-д холбогдох 2524000000114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г-ийн давж заалдах гомдлоор шүүгч З.Нандинцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....... оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн ...... сумд төрсөн, халх, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ аймгийн ......... сумд ........-д ....-аар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ......... аймгийн ......... сумын 7 дугаар багийн ........ хорооллын ......... тоотод түр оршин суух хаягтай,
урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ...... овогт Ч-ын Н, /регистрийн дугаар ................/
Шүүгдэгч Ч.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ......... сумын ......... багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....... улсын дугаартай “....” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймгийн ......... сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ч.Н-ийг дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч ..... овогт Ч-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж, нийт эдлэх хорих ялын хугацааг 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ч.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025.12.01-ний өдрийн 2025 /ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эс зөвшөөрч ЭХХШТХ-ийн 38.1-р зүйлийн 1-д зааснаар гомдол гаргаж байна. Агуулга нь: Шүүгдэгч Ч.Н нь 2025.10.15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох, зорчих эрх хязгаарлах, хорих ялуудаас сонгон хариуцлага оногдуулахдаа аль хүнд, хорих ялыг оногдуулсанд гомдолтой байна. Тухайлбал: Шүүгдэгчийн хувийн байдал талыг нь харж хэргийг тал бүрээс нь харж тухайн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн "Шударга ёсны зарчим"-д гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. /1.3/ гэсэн байгаатай тохироогүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үе болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа нөхцөл зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6,7 дугаар зүйлд заасныг баримтлан анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай Ч.Н-д оногдуулсан хорих ял оногдуулсан шийдвэрийг өөрчилж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүх хуралдаанаар Ч.Н-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байгаа. Ч.Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруугийн асуудал дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зүйчлэл бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ял гэсэн санкцтай. Эдгээр ял шийтгэлээс аль нэгийг нь сонгож хэрэглэнэ. Шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа хаягтай холбоотой нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Ч.Н-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн нь 0.31 хувийн согтолттой гарсан. Согтууруулах ундаа хэрэглэснээс ямар нэгэн байдлаар авто осол гараагүй, тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн байгууллагад шалгагдаад энэ асуудал дээрээ маргадаггүй. Өмнө нь хэд хэдэн удаа шүүхээр шийтгэгдэж ял шийтгэл авч байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй. Ч.Н-ийн хувьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эрүүгийн хэрэг нь анх удаагийнх. Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох арга хэмжээ авах боломжтой байсан. Монгол улсын иргэн хаана ажиллаж амьдрах нь тухайн хүний эрхийн асуудал, ......... аймагт ажиллаад амьдарч байгаа нь түүний хувийн байдал, ажил албатай нь холбоотой асуудал. Өмнө нийтэд тустай ажил хийх ял авч байсан боловч үүнийг эдэлж дуусгаагүй, энэ хэрэгтээ эрэн сурвалжлагдаж байсан, энэ нь цагдаагийн АСАП санд бүртгэгдсэн. Миний ойлгож байгаагаар энэ холбогдсон гэмт хэргийн зүйчлэлийг тусад нь оногдуулах боломжтой. Ч.Н нь олон удаа Эрүүгийн хуулиар ял авч шийтгэгдэж байсан боловч засарч хүмүүжиж байгаа, ажил амьдралаа засъя гэж байгаа нь хүн ёсны зарчим юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 0.20 хувийн согтолттой байхыг зөвшөөрдөг Зөвшөөрсөн хэмжээнээс 0.11 хувийн илүү согтолттой байсан. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваад торгох шийтгэл оногдуулах боломжтой байсан. Иймд Эрүүгийн хуулийг хүндрүүлж байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Н-ийн хувьд бага насны хоёр хүүхэдтэй, бага хүүхэд нь 2 сартай. Гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд ажил хөдөлмөр эрхэлж байсан. Иймд ялыг нь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Бид хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, шударга ёсны зарчим, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх ёстой гэв.
4. Шүүгдэгч Ч.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
5. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Ч.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах мөн Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж заасан байдаг. Ч.Н-ийн хувьд хэдийгээр хөнгөн, сонгох санкцтай гэмт хэрэгт холбогдсон боловч хувийн байдлын хувьд урьд өмнө 6 удаагийн ял шийтгүүлж байсан, түүнээс хоёр удаа хорих, хоёр удаа нийтэд тустай ажил хийх, нэг удаа зорчих эрхийг хязгаарлах, нэг удаа торгох ялаар шийтгүүлж байсан. 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээхдээ 2 удаа хорих ялаар шийтгүүлээд бусад 4 тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулж байсан байна. Ч.Н-ийн хувьд дахин санаатай гэмт хэрэгт холбогдсон нь урьд өмнө оногдуулсан хорихоос өөр төрлийн ял оногдуулж байгаа байдалд өөртөө болон хувийн сахилга бат дээр дүгнэлт хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хамгийн сүүлд Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг огт эдлээгүй, шүүхийн шатнаас оргон зайлсан. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш эрэн сурвалжлагдаж байгаад, 2025 оны 08 сард цагдаагийн байгууллагын АСАП санд бүртгэгдэж, тухайн 720 цаг нийтэд тустай ажил хийх ялыг Ч.Н-ийн хувьд санал, санаачилга гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагаас оргон зайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Мөн хувийн байдлын хувьд улсын бүртгэлд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, ...... аймгийн ........ сумд оршин суудаг талаар гэмт хэрэгт холбогдсоныхоо дараа багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон. Энэ талаарх баримт Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад авагдаагүй байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэлийг сонслоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаад хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилгыг хангасан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь зөв гэж үзэж байна. Иймд Ч.Н-ийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн байна. 6 сарын хорих ялыг урьд өмнө эдлээгүй байсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн хорих ялын хугацааг 9 сараар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзэж байна. ...Ч.Н-ийн хувьд 0.31 хувийн согтолттой байсан гэдэг нь хууль тогтоогчийн зүгээс тухайн гэмт хэрэгт холбогдож байгаа хүний сэтгэц болон самбаачлах чадварт өөрчлөлт орох боломжтой, ингэснээрээ бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах боломжтой учраас гэмт хэрэгт хамаарна гэдэг байдлаар хуульчилсан. 0.31 хувийн согтолттой байсан гэдэг нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй. Мөн шүүхээс өмнө нь нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулсныг тусад нь эдлүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. 2023 онд шийтгэх тогтоол гарснаас хойш 2 жилийн хугацаанд оргон зайлсан талаарх мэдээлэл хэрэгт авагдсан. Тийм учраас нийтэд тустай ажил хийлгэх ял нь хэрэгжих боломжгүй байдал үүссэн тул хорих ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хулийн шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгч Ч.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ......... сумын ......... багийн нутаг дэвсгэрт согтуугаар ........ улсын дугаартай “.......” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болохыг нотолсон Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2627 дугаартай шийтгэвэр,
Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 27-р хуудас/,
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон эрх бүхий албан тушаалтны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийн “2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17:35 цагт Ч-ын Н-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг...Alcotest багаж ашиглан шалгахад 0,31 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3, 10-р хуудас/,
гэрч Х.Г-ны “...Би 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... сумын ..... багийн нутаг А0603 дугаартай зам дээр хяналт шалгалт хийж байхад орой 17 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож байсан ...... улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн .... маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад иргэн Ч.Н нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож явсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийг би жолоодож цагдаагийн хэлтэс дээр ирээд иргэн Ч.Н-ийг согтолт шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 0,31 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан, цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэж гомдол мэдээлэлд оруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай магадалгаа /хх-ийн 20-22-р хуудас/,
- 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай тогтоогдож байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Ч.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулжээ.
5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж, нийт эдлэх хорих ялын хугацааг 9 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимтай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
6. Шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч М.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг. Согтолтын зэргийн хувьд 0,31 хувь буюу бага хэмжээний согтолттой байсан. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох, зорчих эрх хязгаарлах, хорих ялуудаас сонгон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа аль хүнд, хорих ялыг оногдуулсанд гомдолтой байна. ...Ч.Н-д оногдуулсан хорих ял оногдуулсан шийдвэрийг өөрчилж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлуудыг хуульчилсан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээр байна.
8. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа урьд нь 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, иргэний үнэмлэхийн лавлагаа дахь үндсэн хаягтаа амьдардаггүй, сүүлийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдлээгүй зайлсхийсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
9. Шүүгдэгч Ч.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүнээс гаргуулах хохирол төлбөр байхгүй хэдий ч, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөн эхэлсэн цагаасаа эхлэн аюултай хэрэгсэлд тооцогдох бөгөөд жолооч нь сонор сэрэмжтэй, самбаачлах хугацаа сайтай байхыг шаарддаг ба согтууруулах ундаа нь жолоочийн учрах аюулыг танин илрүүлэх, эрсдэлд үнэлгээ, шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадварыг багасгадаг.
Ч.Н нь суурингаас, суурингийн хоорондох замд буюу Завхан аймгийн ....... сум хүртэл замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба амьсгал дахь спиртийн агууламж хувь хэмжээ бага гэдгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй юм.
11. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн ял оногдуулах бөгөөд ял нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, ажил, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч М.Г-ийн шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч М.Г-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
З.НАНДИНЦЭЦЭГ