Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 597

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч А.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн _______ овогт А-н И-т холбогдох _____ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________

 

Шүүгдэгч А.И нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-ын замд иргэн Д.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Иийн өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 25-нд манай найз Шарын төрсөн өдөр болоод 25 дугаар эмийн сангийн тэнд Дагва гэж найзынхаа гэрт нь очиж бид нар пиво ууж сууж байгаад Шарын машинд суугаад үүрээр 04 цагийн үед гэртээ харихаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Модны 2-н ойролцоо “Хан” зочид буудлын тэнд явж байхад машинаас утаа саагаад шатаж эхэлсэн. Тэр машинд манай эхнэр О, найз Шар түүний эхнэр, 2 хүүхэд нь, дүү нь бид нар явж байсан. Бид нар буугаад унтраах гэсэн боловч унтрааж чадахгүй байсан. Манай эхнэр О байсан айлаасаа хүн дуудаж ирье гээд такси барьсан. Би эхнэр Ог ганцаараа явж яах гэж байгаа юм гээд би хойноос нь очоод цуг суугаад явсан. Машинд суугаад сандарсан байсан болохоор манай эхнэр О “хурдан яваад өгөөч, энүүгээр буцаж эргээд 25 дугаар эмийн сангийн тийшээ буцаж эргье гэж хэлээд” гуйсан. Тэгэхэд жолоо барьж байсан эмэгтэй “яараад байгаа юм уу буу л даа гичий минь” гэж хэлсэн. Тэр машинд жолооч эмэгтэй болон нөхөр нь цуг явж байсан. Бид дөрөв тэгээд маргалдсан. Машинаа зогсоогоод маргалдаад би тэр эмэгтэй болон нөхөртэй нь барьцалдаж авсан. Тэр эмэгтэй ноцолдож байхад зам хааж тавьсан байсан төмрөнд тээгэлдээд унасан. Би шатаж байгаа машин руугаа санаа зовоод машин руугаа явах гэхэд намайг зугтаах гэж байна гээд зуураад авсан. Миний цамц фудволкыг ураад цээж, хүзүү маажсан. Би буцаад шатсан машин дээрээ ирэхэд цагдаа ирсэн байсан. Тэгээд цагдаа дээр ирээд өргөдлөө өгсөн. Тэр эмэгтэй, эрэгтэй хоёр цагдаа нартай бас маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 40-41, 49-50/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Эын өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 05:00 цаг өнгөрч байхад би нөхрөө айлаас аваад 25-аас дээшээ өгсөөд модны 2-ын дунд замаар зүүн эргээд Парис баар өнгөрөөд явж байтал замд нэг цагаан машин шатаж байсан ба хэдэн согтуу залуучууд тойроод зогсож байсан. Тэгэхээр нь манай нөхөр бид хоёр юу болж байгаа юм бол гээд зогсож байтал машинд нэг согтуу хүүхэн хурдлаарай яваарай гээд орилоод ороод ирсэн тэгсэн араас нь бас нэг эрэгтэй хүн орж ирсэн тэгснээ нөгөө эмэгтэй нь хурдан яв хурдлаарай машин шатаад байна гэсэн.  Тэгэхээр нь би хаашаа явах гээд байгаа юм бэ гэтэл төмөр зам руу эргээд явна гэсэн. Тэгэхээр нь би уурлаад ингэн ингэн явах хэрэг байгаа юм уу гээд эрэгтэйд нь хандаад наад гичийгээ аваад буу гэтэл нөгөө залуу нь бууж ирээд жолооч талын хаалга онгойлгоод намайг үсдээд машинаас чирээд гаргасан тэгээд үсдээд тавихгүй байсан. Би “би жирэмсэн шүү чи намайг хамаагүй битгий зодоод байгаарай гэмтээчихвээ дараа нь араа бодоорой” гэтэл чиний жирэмсэн гэж юу байдаг юм гээд хашлагатай төмөр лүү түлхэж унагаасан. Тэгсэн нөгөө эмэгтэй нь гичий минь чи хүний өмнөөс жирэмсэн болоогүй юу гээд хацарлуу алгадаад авсан. Тэгээд зугатаах гэхээр нь манай нөхөр нөгөө эрэгтэйг бариад авсан. Тэр үед цагдаа дуудчихсан байсан. Цагдаа ирэх хооронд нөгөө эрэгтэй нь зугатаах гээд байхаар нь цамцнаас нь зуурч байх хооронд цамц нь урагдсан. Тэр хоёр эхнэр нөхөр 2 байсан. 2-лаа согтуу байсан.

            Зүүн талын шанаа том, жижиг хоёр газар халзарсан байна. Мөн зүүн талын өвдөг хөхөрсөн байна. Бас унасан талаараа хөндүүрлээд байна. Одоо 5 сартай жирэмсэн. Даралт ихсээд байна...” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,  

 

            Мөрдөн байцаалтад гэрч Н.М-ийн өгсөн:

            “...2018 оны 6 дугаар сарын 26-ны үүрээр 05 цагийн үед манай эхнэр Элдэвзул намайг Модны 2-н тэндээс айлаас ирж авсан. Тэгээд Модны 2-н замаар харих гээд явж байхад замын хажууд цагаан өнгийн машин шатаж байсан. Би эхнэртэйгээ зам дээр машинаасаа хараад зогсож байхад эмэгтэй, эрэгтэй хоёр машинд орж ирж суугаад эмэгтэй нь “машин шатаж байна хурдан яваарай эргэ” гээд ард суугаад орилоод байсан. Манай эхнэр жолоо барьж байсан хаашаа эргэх юм бэ гэхэд эрэгтэй нь зүүн эргэ гээд орилоод байсан. Манай эхнэр тэр залууг наад гичийгээ аваад буу гэж хэлсэн. Машинаа зогсоогоод буу гэхэд арын хаалганаас буух шиг болсон. Тэгэхэд жолооч талын хаалга онгойлгоод тэр залуу нь манай эхнэрийн үснээс нь зулгаасан би тэгэхээр чь үснээс нь тавь гэхэд тавихгүй байсан. Би бууж ирээд салгах гэхэд үснээс тавихгүй байсан. Тэгээд тэр залуу атга үс зулгаагаад нэг гараа тавьсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэр залуу надад хууль үйлчлэхгүй шүү гээд орилоод байсан. Дахиад тэр эрэгтэй үсдээд замын хажуу талын төмөр лүү түлхсэн. Би боль гээд очиход намайг эмэгтэй нь машиндаа сууж бай гээд түлхээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн ______ тоот: 

1. Д.Э-н биед чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 17/,

 

Шүүгдэгч А.Иийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.И нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-ын замд иргэн Д.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Эын “...2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 05:00 цаг өнгөрч байхад би нөхрөө айлаас аваад 25-аас дээшээ өгсөөд модны 2-ын дунд замаар зүүн эргээд Парис баар өнгөрөөд явж байтал замд нэг цагаан машин шатаж байсан ба хэдэн согтуу залуучууд тойроод зогсож байсан. Тэгэхээр нь манай нөхөр бид хоёр юу болж байгаа юм бол гээд зогсож байтал машинд нэг согтуу хүүхэн хурдлаарай яваарай гээд орилоод ороод ирсэн тэгсэн араас нь бас нэг эрэгтэй хүн орж ирсэн тэгснээ нөгөө эмэгтэй нь хурдан яв хурдлаарай машин шатаад байна гэсэн, тэгэхээр нь би хаашаа явах гээд байгаа юм бэ гэтэл төмөр зам руу эргээд явна гэсэн. Тэгэхээр нь би уурлаад ингэн ингэн явах хэрэг байгаа юм уу гээд эрэгтэйд нь хандаад наад гичийгээ аваад буу гэтэл нөгөө залуу нь бууж ирээд жолооч талын хаалга онгойлгоод намайг үсдээд машинаас чирээд гаргасан. Үсдээд тавихгүй байсан. Би “би жирэмсэн шүү чи намайг хамаагүй битгий зодоод байгаарай гэмтээчихвээ дараа нь араа бодоорой” гэтэл чиний жирэмсэн гэж юу байдаг юм гээд хашлагатай төмөр лүү түлхэж унагаасан.

            Зүүн талын шанаа том, жижиг хоёр газар халзарсан байна. Мөн зүүн талын өвдөг хөхөрсөн байна. Бас унасан талаараа хөндүүрлээд байна. Одоо 5 сартай жирэмсэн. Даралт ихсээд байна...” гэх мэдүүлэг,  

 

            гэрч Н.М-ийн “...2018 оны 6 дугаар сарын 26-ны үүрээр 05 цагийн үед манай эхнэр Элдэвзул намайг Модны 2-н тэндээс айлаас ирж авсан. Тэгээд Модны 2-н замаар харих гээд явж байхад замын хажууд цагаан өнгийн машин шатаж байсан. Би эхнэртэйгээ зам дээр машинаасаа хараад зогсож байхад эмэгтэй, эрэгтэй хоёр машинд орж ирж суугаад эмэгтэй нь “машин шатаж байна хурдан яваарай эргэ” гээд ард суугаад орилоод байсан. Манай эхнэр жолоо барьж байсан хаашаа эргэх юм бэ гэхэд эрэгтэй нь зүүн эргэ гээд орилоод байсан. Манай эхнэр тэр залууг наад гичийгээ аваад буу гэж хэлсэн. Машинаа зогсоогоод буу гэхэд арын хаалганаас буух шиг болсон. Тэгэхэд жолооч талын хаалга онгойлгоод тэр залуу нь манай эхнэрийн үснээс нь зулгаасан. Тэгэхээр чь үснээс нь тавь гэхэд тавихгүй байсан. Тэгээд тэр залуу атга үс зулгаагаад нэг гараа тавьсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэр залуу надад хууль үйлчлэхгүй шүү гээд орилоод байсан. Дахиад тэр эрэгтэй үсдээд замын хажуу талын төмөр лүү түлхсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 6835 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Ит холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Иийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Э нь “...эмчилгээний зардлын мөнгө 70.000 төгрөгийг хүлээн авсан. Дахиж нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх хүсэлтийг /хх-н 42/ Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч А.Иийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Ит холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос А.Иийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ______ овогт А-н И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Иийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Иийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ит авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ