Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0430

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0430

Улаанбаатар хот

 

 

 

 

С.С-Э нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, М.З, нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0377 дугаар шийдвэртэй, С.С-Э нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн харьяатын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0377 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан Гадаадын иргэн харьяатын газрын дарга 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэгч С.С-Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн маргааныг Захиргааны шүүх 2017 онд хянан хэлэлцэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан баталгаагаар хангаж, урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил. мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгасан шийдвэр гаргасан байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.С-Э нь урьд өмнө Гадаадын иргэн харьяатын газрын Буянт-Ухаа дахь газарт мэргэжилтнээр 785 086 төгрөгийн дундаж цалинтай ажиллаж байсан бол захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг ажилд томилсон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 тоот тушаалаар цалинг 547 759 төгрөгөөр тогтоож, цалин хөлсийг бууруулсан болох нь тогтоогдсон байдлыг шүүх харгалзаагүй шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн С.С-Э албан тушаалын зэрэглэл ТЗ-6-2 шатлалаас ТЗ-6-1 болгон доошлуулж, цалин хөлсийг бууруулж, ажиллах нөхцлийг дордуулж, Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймагт буюу орон нутагт шилжүүлэн томилсон шийдвэрээ өөрт нь албан ёсоор мэдэгдээгүй зэрэг нь тогтоогджээ.

С.С-Э “Ар гэрийн гачигдлыг харгалзан алс баруун хязгаарт биш хотын бүсэд ажиллуулахыг хүссэн” өргөдлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын даргад хандаж гаргасныг зохих журмын дагуу шийдвэрлээгүй атлаа “Хөдөлмөрийн дотоод журам”-аар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн буюу “тушаал” биелүүлээгүй гэж ажлаас халах сахилгын шийтгэлийг нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ногдуулсныг зөвтгөх боломжгүй байна. Ажилд томилсон гэх дээрх Б/401 тоот тушаалыг С.С-Э нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус газарт ажилладаг Н.Мандахаас анх мэдэж, уг тушаалыг албан ёсоор 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шуудангаар хүлээж авсан байтал “Илтгэх хуудас”-аар түүнийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 32 хоног ажил тасалсан гэж танилцуулаад дарга нь шууд ажлаас халахаар цохолт хийж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй болжээ.

Гэтэл хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн орон нутагт томилсон шийдвэрээ С.С-Эд танилцуулсан гэх баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй хуурамч баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлж, ажилд томилсон тушаалыг түүнд албан ёсоор мэдэгдсэн гэж дүгнээд хэргийг шийдвэрлэжээ.

Тухайлбал: Утасны яриа, мэссэж гэх эргэлзээтэй шаардлага хангахгүй, тамга тэмдэггүй баримтуудыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн, шуудангаар явуулсан гэх боловч хүргэлгүй бичиг нь буцаж ирсэн, өөрийн ажилтнаараа зохиомол тайлбар бичүүлсэн.

Иймд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаарх Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан зохицуулалтыг “албадлага”-аар хэрэгжүүлснийг зөвтгөх боломжгүй, шилжүүлсэн ажилд очиж ажиллаагүйг “сахилгын зөрчил”-д тооцсон нь эрх зүйн үндэслэлгүй болжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0377 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт дутуу цуглуулсан, нэхэмжлэлийн агуулга, түүний дагуу тодруулах шаардлагатай зүйлсийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.С-Э нь “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.С-Э нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2016 оны Б/82 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь газрын шалган нэвтрүүлэх албаны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхад нь Монгол Улсын Хилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тус газрын шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг өөрчлөгджээ.

Үүнтэй холбоотойгоор С.С-Э Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны н/02 дугаар тушаалаар Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлсэн боловч нэхэмжлэгч С.С-Э нь цэргийн алба хаагч биш учраас түүнийг ажилд томилоогүй байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0592 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан С.С-Э нэхэмжлэлийг хангаж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын н/02 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0735 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын дарга нь уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.С-Э Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор дахь салбарын мэргэжилтнээр томилсон байна.

Дээрх тушаалыг гаргасан үндэслэлээ “... С.С-Э ажиллаж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй ижил албан тушаалын орон тоо Улаанбаатар хотод байхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлж Баянхонгор дахь салбарын мэргэжилтнээр томилсон ...” гэж хариуцагч талаас, харин нэхэмжлэгч нь “энэ хооронд хэд хэдэн хүмүүсийг шинээр ажилд авсан, томилох боломж байсан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх уг тайлбартай холбогдуулан, мөн урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй холбоотой С.С-Э ажиллаж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүй, мэргэжил, мэргэшлийнх нь дагуу сул орон тоо байсан эсэх талаарх баримтыг бүрэн цуглуулж, хариуцагчийн гаргасан дээрх акт шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгодоо нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болооогүй байна.

Учир нь нэхэмжлэгч ... С.С-Э өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар төрийн байгууллагын чиг үүрэг, бүтэц өөрчлөгдсөн үед хангагдах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа буюу Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан мэргэжил, мэргэшлийн дагуу цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллах баталгаагаар хангах үүргийг Гадаадын иргэн, харьяатын газар хүлээхийг дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт хариуцагч нь төрийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөх үед шинээр 7 хүнийг нэхэмжлэгчийн ажиллаж байсантай адил ТЗ-6 ангиллын албан тушаалд шинээр томилсон талаарх баримтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн дээрх баталгаагаар хангагдах боломжтой байсан гэж үзжээ.

Үүнээс үзвэл Гадаадын иргэн, харьяатын газар нь С.С-Э шүүхийн шийдвэрийн дагуу томилох боломжтой албан тушаалын орон тоо гарсан эсэх, хэрэв гарсан бол ямар шалтгаанаар тухайн албан тушаалд томилоогүй талаарх баримтыг цуглуулах шаардлагатай байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу хэдийгээр ТЗ-6 ангиллын орон тоонд томилсон гэх боловч Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байсан төрийн жинхэнэ албан хаагч С.С-Э нэмэгдэл баталгааг хангахдаа өөртэй нь тохиролцохгүйгээр орон нутагт шилжүүлэн томилсон нь түр буюу байнга оршин суух газраа сонгох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох иргэний үндсэн эрхийг хөндсөн байна.

Хариуцагчаас тушаал гаргахаас өмнө “мэдэгдсэн” гэж, баримт ирүүлсэн боловч үүнийг нэхэмжлэгчтэй “тохиролцсон” гэж үзэхгүй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдал буюу “сул орон тоо байсан” эсэх нь тогтоогдоогүй байхад маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР   

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ