Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 287

 

“Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэс,

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

 тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   М.Батсуурь

                                                   Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0120 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Д, Т.Э, И.Б, Б.Т нарыг оролцуулж,

            Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0120 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Ашигт малтмалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн цуцлуулах тухай” 2019/15 дугаартай дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Б т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаар дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

          3. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг МV-...эзэмшдэг “Б т” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5. “Хүсэлт хүргүүлэх тухай” Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг үндэслэн “Б т” ХХК-ийн эзэмшдэг МV-...тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/15 дугаар “Ашигт малтмапын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан.

        4. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “... Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална...” гэж заасан ба “...56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

        5. Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.

         6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “...Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ...” гэж заасан.

        7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ...” гэж заасан бөгөөд 16.2.4-д “... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж, 16.2.10-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан.

         8. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “...Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан бөгөөд 17.2.4-д “... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж, 17.2.8-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах ...” гэж тус тус заасан.

         9. Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй.

         10. Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус байна.

         11. Энэ заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Өмнөговь аймгийн Засаг дарга, Гурван тэс сумын Засаг дарга нар санал, дүгнэлтээ ирүүлсэн. Гол нь нутгийн иргэдийг төлөөлж байгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж байгаа, төрийн нэрийн өмнөөс ажиллаж, байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субьектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй юм.

         12. Шүүгч яамны дүгнэлтэд хэт их ач холбогдол өгч харин нутгийн удирдлагын албан бичиг, саналд хайхрамжгүй хандаж байна. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна.

         13. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0120 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 315 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

         14. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Б т” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/15 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

        15. Тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалыи тухай хуулийи 56 дугаар зүйлд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийи 56 дугаар зүйлийн 56.1 5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежмөнтийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын санапыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу Кадастрыи хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийи 429 дүгээр шийдвэр гарсан.

       16.  Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичгээр тус аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Б т” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын МV-...дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргажээ.

        17. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/15 дугаар бүхий дүгнэлт гарч, уг дүгнэлтээр “Б т” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн байна.

        18. Үүний дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэрээр “Б т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-...дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

         19. Хариуцагч байгууллагын зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй юм.

          20. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

         21. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

22. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарласан хэрэглэжээ.

23. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулсан, уг Ажлын хэсгээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус баримтлан, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн, “... “Б т” ХХК-ийн эзэмшдэг MV-...тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг нь цуцлах нь зүйтэй” гэх 2019/15 дугаар дүгнэлтийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг тус тус баримтлан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн дээрх дүгнэлтийг үндэслэн, “Б т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-...дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “... хууль бус, ... үндэслэлгүй шийдвэр гаргасан, ... шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх зэргээр маргажээ.

24. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/15 дугаар дүгнэлт гаргасан үндэслэлээ “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга О.Б-ын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/302 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Н-ын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1-2103 тоот албан бичгийг ... үндэслэн шийдвэрлэсэн” гэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас маргаан бүхий  429 дүгээр шийдвэрийн үндэслэлээ “...байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан, ... Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т зааснаар ... урьдчлан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй” гэх тайлбар гаргаж маргасан байна.

25. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн  1-2103 дугаар албан бичгээр “...шинээр уухай нээгдэхтэй холбоотой аж ахуйн нэгж, иргэдийн дунд үл ойлголцол үүсч зарим нэг зөрчил гарсан, ... тус аймагт уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхгүй байх талаар аймгийн нийт иргэд санал бодлоо илэрхийлж байгаа тул үйл ажиллагаа эхлээгүй байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах... хүсэлт”-ийг, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргын мөн өдрийн  1/302 дугаар албан бичгээр “ ... тус уурхайд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нутгийн иргэд, уурхайчдын хооронд маргаан үүсч эмх замбараагүй байдал үүссэний улмаас гэмтэж бэртсэн хүмүүс гарсан, ... энэ байдал нь “Б т” ХХК тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсантай холбоотой, уурхайг нээх үедээ тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас зөвшөөрөл аваагүй, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийдэггүй зэрэг нутгийн иргэдийн хүсэл, шаардлагыг хүлээн авдаггүйн улмаас дээрх нөхцөл байдал үүссэн, ... тусгай зөвшөөрлүүдийг ... цуцлах шийдвэр гаргах санал”-ыг тус тус гаргасан, Өмнөговь аймгийн Засаг дарга, мөн аймгийн Гурван тэс сумын Засаг дарга нараас дээрх хүсэлт, саналын үндэслэлээ “... тус компанийн тухайд холбогдох хууль журам зөрчсөнийг хууль хяналтын байгууллагаас тогтоосон баримт байхгүй, аймаг орон нутгийн зүгээс баримталж буй бодлогын хүрээнд хүсэлт хүргүүлсэн”, “...тус тусгай зөвшөөрлийн талбайд компанийн ажилчид, нутгийн иргэдийн хооронд үүссэн эмх замбараагүй байдал үүссэний улмаас тусгай зөвшөөрлийг хянан шалгах ажлын хэсгээр шалгуулах талаар хүсэлт уламжилсан” гэж, шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

26. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “... тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан /бол тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар заасан, энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахад “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа”, “байгаль орчныг нөхөн сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” нь эрх бүхий этгээдээс тогтоогдсон байхыг шаардана, тухайн тохиолдолд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б т” ХХК нь ямар зөрчил гаргасан талаар маргаан бүхий захиргааны актуудад дурдаагүй, хариуцагч нараас “зөрчил гаргасан” талаар шүүхэд маргаагүй байх тул  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/15 дугаар дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас маргаан бүхий  429 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасантай нийцээгүй, хууль бус, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв.

27. Аливаа этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь түүний хуульд нийцээгүй “буруутай үйл ажиллагаа” буюу “зөрчил гаргасан” нь зохих журмын тогтоогдсон байх эрх зүйн нийтлэг зарчимтай, хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдэд үр дагавар үүсэх учиртай, тухайн тохиолдолд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/15 дугаар дүгнэлтээр “Б т” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа эсхүл ямар нэг тогтоосон зөрчил байхгүй,  “...ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” гэж,  “... орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэж” тусгай зөвшөөрлийг цуцлах үр дагавар үүсгэсэн захиргааны акт гаргасан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

28. Захиргааны байгууллага гаргасан шийдвэрийн үндэслэлээ өөрөө нотлоно, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /манай яам/ хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд ...  нутгийн иргэдийг төлөөлж байгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж байгаа, төрийн нэрийн өмнөөс ажиллаж, байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субьектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй”, “...шүүгч яамны дүгнэлтэд хэт их ач холбогдол өгч харин нутгийн удирдлагын албан бичиг, саналд хайхрамжгүй хандсан, ... хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

29. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүргийн нарийвчлан зааж өгсөн, тодруулбал, уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 37.2-т “Байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно”, 39 дүгээр зүйлийн 39.7-д “тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй” гэж тус тус заасан, түүнчлэн, байгаль орчныг хамгаалах энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, харин, Байгаль орчныг хамгаалах тухай (1995) хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “... байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарах”-аар, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “... /байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй, эдгээр хуулийн заалтуудыг үндэслэж дүгнэлт гаргасан нь захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзнэ.

30. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “ ... ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” үүрэгтэй, үүний дагуу мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

31. Эдгээр үндэслэлээр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА