Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1040

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгч Ө.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* нарыг оролцуулан иргэн Ө.А*******ын нэхэмжлэлтэй, Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл гомдлыг Ёс зүйн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхэд татгалзах зүйлгүй” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* нь нэхэмжлэлийн шаардлага болох “Улсын ерөнхий Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/1696 дугаар албан бичигт тусгагдсан Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын гаргасан “...өмгөөлөгч Ө.А******* таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн...” тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.А*******ын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б-1/16-049 дүгээр албан бичигт тусгагдсан Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б*******д холбогдох прокурорын ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж, шийдвэрлэхийг Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1.1-д “Хариуцагч нь ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө шүүх хуралдаанд илэрхийлжээ.  

Хариуцагч Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаас 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******ад олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх эрхийг олгосон байх тул хариуцагч Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлж, баримтад гарын үсэг зурсныг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг тус тус баримтлан иргэн Ө.А*******ын  нэхэмжлэлтэй, Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн “Улсын ерөнхий Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/1696 дугаар албан бичигт тусгагдсан Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын гаргасан “...өмгөөлөгч Ө.А******* таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн...” тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.А*******ын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б-1/16-049 дүгээр албан бичигт тусгагдсан Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б*******д холбогдох прокурорын ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж, шийдвэрлэхийг Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Д.ОЮУМАА