| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 2424000790031 |
| Дугаар | 2026/ДШМ/06 |
| Огноо | 2026-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/06
В.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Б.Ч
Шүүгдэгч В.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Г
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б /цахимаар/
Иргэний нэхэмжлэгч Г.В
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Г нарын давж заалдах гомдлоор В.Э-д холбогдох 2424000790031 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч З.Нандинцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны 07 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын ........ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ....... овогт В-ын Э, /РД:............/
2.Шүүгдэгч В.Э нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ..... сумын ..... багийн нутаг дэвсгэр “........” гэх газарт ..... улсын дугаартай “..........” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн зорчигч Ч.Б-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
3. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч В.Э-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч ......... овогт В-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч В.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч В.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хорих ялын биелэлтийг тоолохыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, шүүгдэгч В.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч В.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт бэлнээр 500,000 төгрөг, 1,700,000 төгрөгийн үнэ бүхий үхэр-1, 1,300,000 төгрөгийн адуу-1 ширхэг нийт 3,500,000 төгрөгийн хохирол төлбөр, бусад зардалд 205,273 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нь оршуулгын зардалд 10,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн гэр бүлийн гишүүн мөн болохоо тогтоолгосны дараа шүүгдэгч В.Э-д холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо амь хохирогч Ч.Б-ийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Э.Б нь түүний гэр бүлийн гишүүн буюу хүүхэд мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй, амь хохирогч Ч.Б-ийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа 3.Б нь амь хохирогч Ч.Б-ийн гэр бүлийн гишүүн буюу хүүхэд мөн болохыг тогтоолгосны дараа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ч.Б нь нас барсан тул ДНХ-ийн шинжилгээгээр Ч.Б, Э.Б нарыг төрсөн эцэг, хүү мөн болохыг тогтоох боломжгүй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, гэрч А.Б, Ч.Х, Ч.Ц нарын мэдүүлэг, тайлбар. улсын бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаанууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн оролцогчдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хууль ёсны төлөөлөгч Э.Б нь амь хохирогч Ч.Б-ийн төрсөн хүү мөн бөгөөд түүнтэй хамт амьдарч байсан болох нь нотлогдож байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно." гэж хуульчилсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгахаар заасан боловч Иргэний хуулийн энэхүү зүйл, хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд гэм хор учирсан тохиолдолд түүнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох журмыг зохицуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын асуудлаар холбогдох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч В.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын асуудлаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ыг амь хохирогч Б-ийн хүү мөн эсэх нь тодорхой бус, хамт амьдарч байсан талаарх баримт байхгүй тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргаж шийдвэрлээгүй тул давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нартай хохирол төлбөрийн талаар тохиролцсон тул давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Эхний удаа 3,000,000 төгрөг өгсөн, гэрээ хийж баталгаажуулсан байгаа. ...Байр сууриа өөрчилж оролцож байна гэв.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
8. Шүүгдэгч В.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутай гэж үзэн, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн асуудал байсан. Үүнийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр байсан. Хохирогч талаас давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгчийн ар гэрийн зүгээс амь хохирогчийн ар гэрийнхний хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан. В.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзээгүй. Авто ослын улмаас талийгаач амь насаараа хохирсон. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
10. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгч нарын дүгнэлтийг сонслоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байна гэж ойлголоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдлоосоо татгалзах эрхтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг хөнгөрүүлж өгөөч гэх саналыг гаргаж байна. В.Э анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлдэг. Гэмт хэргийн улмаас үүссэн хохиролд хохирогч талаас 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгч хэргийг илтгэж дууссаны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Г давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаагаа илэрхийлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдол эсэргүүцлээсээ татгалзаж болно” гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хэргийг илтгэсний дараа давж заалдах гомдлоосоо татгалзсан учир хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан хэлэлцлээ.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Хэргийн бүх ажиллагааг хянахад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч В.Э нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ...... сумын ........ багийн нутаг дэвсгэр “.........” гэх газарт ........ улсын дугаартай “..........” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн зорчигч Ч.Б-ийн амь насыг хохироосон гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Тухайлбал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гардаг өдрийн өглөө манай аав ......... гэх газар байх гэрээсээ гараад ...тэр хүмүүстэй таараад модонд явсан юм шиг байсан. Ууланд очоод модоо ачаад уруудаж байгаад осол болсон юм шиг байсан. Тэр хүмүүс нь модонд явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг байна лээ. ....4 хүн хамт модонд яваад 2 нь уулнаасаа алхаж буугаад манай аав жолоочтой хамт машинтай уруудаж байгаад осолдсон юм шиг байна лээ. ...Надад хэрэгтэй холбоотой ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй, оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилмээр байна. Оршуулгын зардал 10,000,000 төгрөг болсон. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр /хх 34-36/,
Зам тээврийн ослыг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө ... Бид нар машиндаа түлш хийгээд сумын төвөөс гараад Б-ын өвөлжөөний тийш мод хийх газар руугаа явж байгаад нэг даваан дээр гараад Э-ийн машинд суугаад явж байтал хамт явж байсан ах өврөөсөө нэг ширхэг 2,5 литрийн ногоон савтай пиво гаргаж ирээд бид нар уусан. Бид нар бүгдээрээ хуваагаад уусан, бүгд уусан. Тэр пиво ууж дуусаад цааш яваад Б-ын өвөлжөөний хажуугаар гараад нэг уулын мод руу ороод тэндээс хэдэн ширхэг мод бөөгнүүлээд ачсан. Тэндээс дандаа унасан, хугархай, нарийн бүдүүн моднуудыг цуглуулаад нэг тэвш мод болгоод ачаад даруулаад хөдөлсөн. Хөдлөх үед Э машинаа бариад, нөгөө хамт явж байсан ах хажууд нь суугаад явсан. Б зам заагаад хажууд нь явган явж байсан, би араас нь дагаад явж байгаад цааш эргээд бие засаад эргээд хартал нөгөө машин доошоо уруудаад их хурдтай явсан. Тэр машин уулын уруу их хурдтай яваад харагдахгүй болчихсон. Тэгэхээр нь Б бид 2 араас нь гүйгээд иртэл нөгөө машин уулын бэлд очоод уначихсан, жолооч Э машинаас гараад ирчихсэн, машины баруун хэсэгт хэвтэж байсан. Харин нөгөө ах машины кабин дотор хавчигдчихсан байсан. Б бид 2 нөгөө ахыг машинаас гаргаж ирээд газар тавьчхаад сүлжээтэй газар руу гүйгээд эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлэг болон цагдаа нар ирээд эмнэлэг нөгөө 2 хүнийг үзэж байгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 40-42/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өглөө ...Бид нар сумын төвөөс манай өвөлжөө рүү явж байтал Э-ийн машин замаас гараад, руль нь булаагаад байхаар нь би “явахаа болъёо, наад машин чинь болохгүй байгаа юм биш үү” гэхэд Э “зүгээр ээ, би машинаараа ..... орчхоод ирсэн гэж хэлсэн...Тэгээд бид нар цааш яваад манай өвөлжөөний урд байдаг ........ гэдэг даваан дээр гарсан чинь өнгөрдөг Ч.Б өврөөсөө том савтай пиво гаргаж ирсэн. Тэр пивоны дээрээс нь жоохон уусан байсан. Бид нар даваан дээр зогсож байгаад нөгөө пиво уусан. Би жолоочид өгч болохгүй шүү гэж хэлсэн, жолооч бараг тэрнээс уугаагүй байхаа. Тэр пиво ууж дуусаад цааш яваад манай өвөлжөөн дээр очоод зогсож байгаад “хэдүүлээ мод хийхээ болъё оо, машин чинь болохгүй байна” гэж хэлсэн боловч зүгээрээ гээд явахаар болсон. Бид нар манай өвөлжөөний зүүн урд талд байдаг модны зах руу ороод дандаа унасан, хугархай, нарийн бүдүүн моднууд, гишүү цуглуулаад нэг тэвш мод болгоод ачаад даруулаад хөдөлсөн. Хөдлөх үед Э машинаа бариад хөдөлсөн, би болон Ч.Б, С.Б бид алхаад модны зах руу гарч ирсэн. Модны захад гарч ирээд Ч.Б машинд суугаад тэгээд доошоо уруудсан. Тэгээд машин доошоо уруудаад их хурдтай явсан. Хурдтай явж байгаад уулын хамар дагуу явж байгаад уулын бэл рүү орчихсон. С.Б бид 2 араас нь гүйсээр байгаад уулнаас буугаад иртэл нөгөө машин уулын бэлд очоод уначихсан, жолооч Э машинаас гараад шидэгдчихсэн, машины баруун хэсэгт хэвтэж байсан. Харин нөгөө Ч.Б машины кабин дотор талд, толгой нь цонхоор гараад ирчихсэн амьсгалаад байхаар нь Б бид 2 татаж гаргаж ирээд дээш харуулж тавиад эмч болон цагдаа дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлэг болон цагдаа нар ирээд нөгөө 2 хүнийг үзэж байгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 48-50/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байсан байхаа ажил дээрээ байж байтал манай нөхөр С.Б нь хамт явж байсан найз Б-ын утаснаас залгаад “бид нар модоо ачаад уулнаас уруудаж байгаад гэнэт дэгдээд өнхөрчихлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээрээсээ гараад цагдаа дээр очиж мэдэгдээд, эмнэлэг рүү хэлээд, найз О.А-ийн хамт осол болсон гэх газар руу явсан. Тэгээд тэр газар очтол мод ачсан машин уул руу өнхрөөд осол гарсан байсан. Би яг машин унасан газар нь очоогүй холоос харсан. Хэрэг болсон гэх газар очих үед манай нөхөр С.Б, Б нар осол болсон машины хажуухан талд байсан. Тэнд бас цагдаа болон эмнэлгийн ажилчид ирсэн байсан...” гэсэн мэдүүлгээр /хх 63-65/,
2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвчээр /хх 8-16/
Зам тээврийн ослын шалтгааны тогтоосон мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай: “...маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В-ын Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дугаар зүйлийн А-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна...” гэсэн магадалгаагаар /хх 134-139/,
Осол гарах үед В.Э согтуурсан байсныг нотолсон шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5666 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Б 54н эр гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 1,7 промилли стиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх 108-109/,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000000063 дугаартай: “...Амь хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд ЗТО орох үед үүсгэгдсэн байх боломжтой сээрний 6, 7-р нугалмын уулзах 6, 7-р нугалмын уулзах хэсгийн хөндлөн хугарал, нугас дарагдал, гавал ясны урд хонхорыг дайрсан шугаман хугарал, олон хавирганы хугарал, баруун эгэм, баруун зүүн дээд эрүү, зүүн бугалга, зүүн шаант болон тахилзуур ясны хугарал, хамрын нурууны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун духны дээд хэсэг, баруун зүүн шанаа, зүүн хацар, зүүн чихний доор, баруун чихний ар хэсэг, баруун доод эрүүн, зүүн чихний ар хэсгийн хэгзлэгдсэн зулгаралт шарх хохирол тогтоогдлоо. Ч.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь ЗТО-д орох үед нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирлууд байна. Сээрний 6, 7-р нугалмын уулзах хэсгийн хөндлөн хугарал, нугас дарагдал, гавал ясны урд хонхорыг дайрсан шугаман хугарал, олон хавирганы хугарал хохирлууд нь нас барах шалтгаан шууд болох тул хохирлын зэрэг тогтоохгүй, баруун эгэм, баруун зүүн дээд эрүү, зүүн бугалга, зүүн шаант болон тахилзуур ясны хугарал хохирлууд нь хохирлын хүндэвтэр зэрэгт бусад хохирлууд нь дан дангаар болон нийлээд хохирлын хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Ч.Б-ийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ч.Б нь сээрний 6, 7-р нугалмын уулзах хэсгийн хөндлөн хугарал, нугас дарагдал, гавал ясны урд хонхорыг дайрсан шугаман хугарал, олон хавирганы хугарал хохирлын улмаас нас баржээ. Амь хохирогч нь эмнэлгийн анхан шатны тусламж авсан тохиолдолд амь аврагдах боломжгүй байжээ...” гэсэн дүгнэлтээр /хх 84-87/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5665 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн жолооч В.Э 41н эр гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 1,7 промилли стиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх 103-104/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 690 дугаартай: “...В.Э-ийн биед хүзүүний 2-р нугалмын баруун, зүүн хажуугийн масс, арын сэртэнг хамарсан бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн шуу ясны дистал булуунд зөрсөн хугарал, хэвлий, баруун мөрний шонтон, баруун бугалганд сорви гэмтэл, хүзүүний 2-р нугалмын тогтвогүй хугарлыг хүзүүний ардаас дагзны ялтас латералл масс шургаар бэхлэх мэс засал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлтээр /хх 116-118/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1438 дугаартай: “...Э-ийн Б-ны сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх126-128/,
Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай: “... маркийн тээврийн хэрэгсэл 7,500,000 төгрөг үнэтэй...” гэсэн үнэлгээ тогтоосон магадалгаагаар /хх 143-144/, тус тус тогтоогдож байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйл баримтыг бүхэлдээ нотолсон шинжтэй байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч В.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулжээ.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
7. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ны сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч гомдлоосоо хэргийг илтгэсний дараа татгалзсан учир шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
8. Харин шүүгдэгч В.Э-ийн өмгөөлөгч М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч В.Э-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргасан.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан.
10.Шүүгдэгч В.Э нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Г нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
З.НАНДИНЦЭЦЭГ