Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Ө.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт Ө-н С-т холбогдох эрүүгийн _________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________ 

 

Шүүгдэгч Ө.С нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зурагтын хуучин эцсийн автобусны буудлын замд Nissan X-Trail маркийн 78-15 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас автобусны буудал дээр зогсож байсан явган зорчигч Н.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Д.Д-гийн эзэмшлийн дэлгүүрийн тамбар, хашаа зэргийг мөргөж 1.088.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Сын өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний 11 цагийн орчим өөрийн эзэмшлийн Nissan X-Trail маркийн 75-18 УБВ дугаартай автомашинтай, автомашинаа өөрөө жолоодоод кабиндаа найз охин Мгийн хамт БГД-ийн нутаг Баянхошууны Хөтөлөөс зурагт руу уруудаад ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай замын 2-р эгнээгээр явж байсан юм. Тухайн үед зам уруу байсан болохоор нь натурал дээр нь араагаа хийчихсэн явж байсан ба хурдаа хасах гээд араагаа “D” дээрээ хийгээд тоормосоо гишгэсэн чинь тоормос барихгүй байсан. Тэгэхээр нь М руу хараад тоормос ажиллахгүй байна гэж хэлээд тоормосон дээрээ 2-3 удаа жийсэн тэгсэн бас барихгүй байсан. Замын 1-р эгнээ рүүгээ орох гээд рулээ баруун гар талруугаа дарсан чинь руль хатуурсан байсан тэгэхээр нь сигналаа дуугаргаад сандраад рулээ 2 талруугаа ээлжилж дарахад зүүн гар талруугаа руль дарагдаад урсгал сөрөх гээд эсрэг урсгал руу хальт орсон тэр үед өөдөөс автобус ирж байсан ба рулээ буцаагаад баруун гар талруугаа дарсан тэр үедээ араагаа шилжүүлэх гэж оролдоод түлхүүрээ эргүүлсэн тэгэхэд болохгүй байсан. Тэгээд тэр чигтээ яваад замын хашлага давж явган зорчигч мөргөөд цаашаа яваад дэлгүүрийн тамбар мөргөөд зогссон. Тэгээд нилээн сандарсан байсан ба хэсэг сууж байгаад Мг машинаас хамт бууя гээд тэгээд цуг буугаад нөгөө мөргөсөн хүнээ хайсан. Тэгээд машин доор орчихсон юм байхдаа гэж бодоод машинаа өргөсөн чинь хүмүүс тэр цаана байна гэсэн тэгээд хартал дэлгүүрийн урд талд хэвтэж байсан. Тэгээд М өөрийнхөө утсаар түргэн болон цагдаад дуудлага өгсөн тэр үед хорооны 2 эмч хүрч ирээд хохирогчид өвчин намдаах тариа булчинд нь хийсэн. Удалгүй замын цагдаа ирсэн ба 20 орчим минутын дараа түргэн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 118-119/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Оын өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 30 минутын орчим сургуулиа тараад гэрлүүгээ харих гээд БГД-ийн нутаг дэвсгэр зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр автобус хүлээгээд автобус ирдэг зүгрүүгээ хараад зогсож байтал хар өнгийн автомашин их хурдтай ирж яваа харагдсан. Тэгээд би яасан хурдтай явдаг машин бэ гээд бодоод хажуу талруугаа хартал жолооч нь рулээ надруу чиглэлтэй дараад хашлага давж орж ирээд намайг мөргөчихсөн. Нэг сэргэхэд дэлгүүрийн хашлага дотор хэвтэж байсан. Тэгтэл машин дотроос нэг эмэгтэй бууж ирээд Сайнаа би чамайг аажуухан яв гэж хэлээ биздээ гээд уйлаад байсан. Нэг их удалгүй хорооны эмч гээд нэг эмч ирээд өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд удалгүй 103 ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.

            Ослын улмаас 2 хавирга хугарсан, тархины гиматан болсон, тархины зүүн талд зүсэлт хийж их хэмжээний нөжирсөн цус гарсан, баруун гуя зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун ташаа зулгарсан баруун хөл зулгарсан мөн үс халцарсан байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 56-57/,

 

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Т.Дгийн өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний 11 цаг 30 минутын орчим дэлгүүр дотроо байж байтал түс тас хийх чимээ гарсан тэгээд гараад харахад манай дэлгүүрийн тамбар болон манай гэрийн хашаа, хайс, тарьсан байсан модыг хөх өнгийн жийп маркийн автомашин мөргөчихсөн байдалтай жолооч нь хажуудаа нэг охин суулгачихсан 2-лаа машин дотроо сууж байсан ба нэг охин манай дэлгүүрийн тамбарын урд талд засмал хавтан зам дээр хэвтэж байсан. Тэгээд байж байтал түргэн болон цагдаа ирсэн. 78-15 УБВ гэсэн дугаартай хөх өнгийн жийп маркийн автомашин байсан. Эвдрэл хохирлоо үнэлүүлсэн нийт 1,088,000 төгрөг болсон үүн дээр үнэлгээ хийлгэсний 60,000 төгрөг болсон. Хохирлоо төлчихвөл өөр ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Я-ын өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 35 минутын орчим БГД-ийн нутаг зурагтын хуучин эцсийн урууддаг талын автобусны буудал дээр автобус хүлээгээд ТҮЦ-ний сүүдэрт зогсож байтал нүдний буланд нэг автомашин зам дээр хачин дуугараад 2 тийшээгээ дайвалзснаа яах ийхийн зуургүй замаас гарсан тэгээд юу болсныг сайн анзаарч хараагүй нэг мэдэхэд нөгөө замаас гарсан автомашин дэлгүүрийн хаалгыг мөргөөд зогссон байсан. Тэгээд яасан юм бол гээд яваад очиход манай сургуулийн миний баруун гар талын урд замын явган хүний зам дээр зогсож байсан охин дэлгүүрийн тамбарын цаад талд орилоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 66-67/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Мгийн өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө 11 цаг өнгөрч байх үед Сайнбаяр бид 2 манай гэрээс Сайнбаярын эзэмшлийн Nissan X-Trail маркийн 78-15 УБВ дугаартай автомашинтай автомашиныг Сайнбаяр жолоодоод сургууль руугаа явсан юм. Тэгээд зурагтын шинэ эцэс өнгөрөөд доошоо уруудаад явж байтал Сайнбаяр надруу хараад тоормос ажиллахгүй байна гэхээр хөл рүү нь харсан чинь тоормосон дээрээ 2-3 гишгэж байсан ба тэр үед тоормос нь барихгүй байсан мөн гар карданаа татах гээд оролдоод байсан. Тэгээд тухайн зам уруу байсан учир автомашин их хурдтай яваад эхэлсэн тэгсэн Сайнбаяр рулээ баруун гар талруугаа дарсан тэгтэл нэг эмэгтэйн орилох дуу сонсогдсон тэгээд л тас няс гээд юм мөргөөд зогссон. Тэгээд машинаасаа буугаад харахад манай автомашин автобусны буудал руу ороод замаас гараад дэлгүүрийн үүдний тамбар, төмөр хайс, мод, айлын төмөр хашаа зэргийг мөргөөд зогссон байсныг харсан. Тэгтэл машины зүүн гар талд нэг эмэгтэй хажуу талаараа хэвтчихсэн ёолж байсан тэгээд би шууд өөрийн 89897218 гэсэн дугаартай утаснаас 102, 103 руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 69-71/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ____ тоот: 

1. Н.Оын биед бүсэлхийн 2-р /L2/ нугалмын баруун талын хөндлөн сэртэн болон зүүн талын 6-р хавирганы далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зулгаралт, зүүн чамархай, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өгзөг, баруун хөлийн шагай хэсгийн зулгаралтууд, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх бүсэлхийн 2-р /L2/ нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 75-76/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ____тоот: 

1. Шинжилгээнд ирүүлсэн Nissan X-Trail 78-15 УБВ улсын дугаартай автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Автомашины урд бамбай зурагдаж хагарсан, зүүн талын урд далбаа хагарсан, капот дотогш хонхойсон, хойд бамбайн будаг халцарсан, зүүн хэсгээрээ ангайсан, зүүн, баруун талын их гэрлийн цацруулагч хагарсан, зүүн талын дохионы гэрэл байхгүй, баруун талын дохионы гэрлийн цацруулагч хагарсан, урд бамбайн баруун талын нэмэлт гэрэл хагарч унжсан, жанамны ремений ирмэг сэтэрсэн, радиаторын битүүмж алдагдсан, гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн асахгүй зэрэг гэмтлүүдтэй байна.

3. Автомашины урд хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй, автомашины гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагаа болон хойд бамбайн гэрэл нь автомашин хөдөлж явахад нөлөөлөхгүй тул осол гарахад нөлөөлөхгүй.

4. Нөлөөлөхгүй.

5. Автомашины тоормосны ABS системтэй, тоормос шингэн дамжуулгатай байна.

6. Автомашины тоормосны механизм ажиллаж байна. Гар тоормос бүрэн барихгүй байна гэх дүгнэлт /хх-н 88-97/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ____ тоот:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, баруун гар талын ойр болон хол, зүүн гар ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд болон хойд дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Харин автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Галын хор эмийн сан байхгүй, урд дохионы гэрлүүд хагарсан, урд их гэрлүүд хагарсан, урд буфер хагарч унжсан, зүүн талын крыло хагарч хонхойсон байдалтай байна.

2. Уг тээврийн хэрэгслийн урд дохионы гэрлүүд хагарсан, урд их гэрлүүд хагарсан, урд буфер хагарч унжсан, зүүн талын крыло хагарч хонхойсон байдалтай байна.

3. Уг автомашины урд дохионы гэрлүүд хагарсан, урд их гэрлүүд хагарсан, урд буфер хагарч унжсан, зүүн талын крыло хагарч хонхойсон байдалтай байгаа нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэмтэл байх учир уг зам тээврийн осол гарахад дээрхи эвдрэл гэмтлүүд нөлөөлөхгүй.

4. Уг автомашины урд дохионы гэрлүүд хагарсан, урд их гэрлүүд хагарсан, урд буфер хагарч унжсан, зүүн талын крыло хагарч хонхойсон байдалтай байгаа нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэмтэл байх учир уг зам тээврийн осол гарахад дээрхи эвдрэл гэмтлүүд нөлөөлөхгүй.

5. Уг автомашин нь шингэн дамжуулгат тоормосны системтэй.

6. Уг тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд ажлын тоормос хэвийн стандартын шаардлага хангаж байна гэх дүгнэлт /хх-н 99-102/,

 

Техникийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ___ тоот:

1. Nissan X-Trail 78-15 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ө.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлт /хх-н 109х/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-15/, 

 - Хохирогч Н.Оын өвчний түүх /хх-н 26-38/,

 

Шүүгдэгч Ө.Сын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 125/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 127/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 129/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ө.С нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зурагтын хуучин эцсийн автобусны буудлын замд Nissan X-Trail маркийн 78-15 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас автобусны буудал дээр зогсож байсан явган зорчигч Н.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Д.Д-гийн эзэмшлийн дэлгүүрийн тамбар, хашаа зэргийг мөргөж 1.088.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ө.Сын “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний 11 цагийн орчим ... замын хашлага давж явган зорчигч мөргөөд цаашаа яваад дэлгүүрийн тамбар мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Н.Оын “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 30 минутын орчим ... хар өнгийн автомашин их хурдтай ирж яваа харагдсан. Тэгээд би яасан хурдтай явдаг машин бэ гээд бодоод хажуу талруугаа хартал жолооч нь рулээ надруу чиглэлтэй дараад хашлага давж орж ирээд намайг мөргөчихсөн...” гэх мэдүүлэг,

 

            иргэний нэхэмжлэгч Т.Дгийн “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний 11 цаг 30 минутын орчим дэлгүүр дотроо байж байтал түс тас хийх чимээ гарсан тэгээд гараад харахад манай дэлгүүрийн тамбар болон манай гэрийн хашаа, хайс, тарьсан байсан модыг хөх өнгийн жийп маркийн автомашин мөргөчихсөн байдалтай жолооч нь хажуудаа нэг охин суулгачихсан 2-лаа машин дотроо сууж байсан ба нэг охин манай дэлгүүрийн тамбарын урд талд засмал хавтан зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч М.Я-ын “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 35 минутын орчим БГД-ийн нутаг зурагтын хуучин эцсийн урууддаг талын автобусны буудал дээр автобус хүлээгээд ТҮЦ-ний сүүдэрт зогсож байтал нүдний буланд нэг автомашин зам дээр хачин дуугараад 2 тийшээгээ дайвалзсанаа яах ийхийн зуургүй замаас гарсан тэгээд юу болсныг сайн анзаарч хараагүй нэг мэдэхэд нөгөө замаас гарсан автомашин дэлгүүрийн хаалгыг мөргөөд зогссон байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч М.Мгийн “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө 11 цаг өнгөрч байх үед Сайнбаяр бид 2 манай гэрээс Сайнбаярын эзэмшлийн Nissan X-Trail маркийн 78-15 УБВ дугаартай автомашинтай автомашиныг Сайнбаяр жолоодоод сургууль руугаа явсан юм. Тэгээд зурагтын шинэ эцэс өнгөрөөд доошоо уруудаад явж байтал Сайнбаяр надруу хараад тоормос ажиллахгүй байна гэхээр нь хөл рүү нь харсан чинь тоормосон дээрээ 2-3 гишгэж байсан ба тэр үед тоормос нь барихгүй байсан мөн гар карданаа татах гээд оролдоод байсан. Тэгээд тухайн зам уруу байсан учир автомашин их хурдтай яваад эхэлсэн тэгсэн Сайнбаяр рулээ баруун гар талруугаа дарсан тэгтэл нэг эмэгтэйн орилох дуу сонсогдсон тэгээд л тас няс гээд юм мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн __ тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ___ тоот дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн __ тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ___ тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Оын өвчний түүх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Ө.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ө.Сыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас автобусны буудал дээр зогсож байсан явган зорчигч Н.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Оын өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас шүүхэд “...эмчилгээний зардал төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Ө.С хохирогч Н.От төлөх төлбөргүй гэж үзэж, харин иргэний нэхэмжлэгчийн эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 1.088.000 төгрөг /хх-н 78-81/, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн хөлс 60.000 төгрөг зэргийг гаргуулж шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч  Ө.Ст 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Ө-н С-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Сыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ө.Сын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ө.Саас 1.148.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Дд олгож, хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Ө.Сын 1186956 дугаарын жолооны үнэмлэх, 01898475 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ө.Ст буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ