| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/11031/И |
| Дугаар | 192/ШШ2025/10604 |
| Огноо | 2026-12-10 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/10604
2025 12 10 192/ШШ2025/10604
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Х.Сарангэрэлийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух Ц-ын Е /РД:УМ*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ** тоотод байрлах Г ХХК /РД:****5/-д холбогдох,
41,369,564 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1. Гэрээний үүрэг биелүүлээгүй байдал: Хариуцагч тал гэрээний төлбөрийн нөхцөлийг зөрчиж, нэхэмжпэгчийн хийсэн ажлын төлбөрийг хугацаанд нь бүрэн олгоогүй. 2. Төлбөрөөс үндэслэлгүй суутгал хийсэн байдал: 2024 оны 10 дугаар сараас “менежментийн зардал” нэрийн дор 10,793,564 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан; 2025 оны 3-6 дугаар саруудад нийт 6370 тонн нүүрсийг 45 юаниар тооцон тээвэрлэсэн боловч 35 юаниар бодож төлбөр хийсэн, үүнээс 63,700 юань буюу 30,576,000 төгрөгийн зөрүү гарсан; “Контейнер түрээсийн 4.4 юанийн суутгал”-ын талаар хариуцагч талаас баримт ирүүлээгүй. 3. Иймд хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид нийт 41,369,564 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 288, 291, 319 дүгээр зүйлүүдийг үндэслэн дараах шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж байна: 1. Хариуцагч “Г” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүйд тооцож, нэхэмжлэгч Ц.Е-д 41,369,564 төгрөгийг төлөхийг үүрэг болгож өгөх, шүүхийн зардал болох тэмдэгтийн хураамжийг хариуцагч талаас гаргуулах” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Е шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Ц овогтой Е миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Е нь Г ХХК-д холбогдуулан 41,369,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 41,369,564 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Е нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 41,369,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ