Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ________ овогт Л-н Д-т холбогдох ___________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________

 

Шүүгдэгч Л.Д нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 15-22 тоотод иргэн Э.Отэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Дын өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 27-нд би ажлаа тараад 15 цагийн үед гэрт ирэхэд манай дүү 2 найз охинтойгоо хамт байсан. Урьд нь тэд нар манай эхнэртэй маргаж байсан болохоор тэд нарт намайг буцаж ирэхэд манай гэрээс явсан байгаарай гээд гараад явсан. Тэгээд би ажил руугаа явчихаад 21 цагийн үед гэртээ буцаад ирэхэд манайд байсан хүмүүс яваагүй байсан. Тэгэхээр нь би та нар яагаад явдаггүй юм гэхэд О одоо явах гэж байна юун сүртэй юм гээд маргалдаад би Оийг хоёр удаа нүүрэн хэсэгт нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Э.Оийн өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 27-нд намайг шинэ дугаар авах эрхээрээ шинэ дугаар аваад өгчих гээд манай найз А дуудаад тэгээд би Аын гэрт БГД-н 22-р хороо 15-22 тоотод очиход А надад хоол хийж идчихээд гарлаа гэсэн. Тэгээд хоолоо хийгээд байж байхад Даваа-Очир гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй миний толгой нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд би унахад дээрээс дэвссэн. Тэгээд А, Н 2 салгаад аваад гарсан тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Нийн өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 27-нд би ахын хашаанд гэрт А, О нартай хамт хоол хийж идэх гээд байж байсан. Тэгтэл ах Даваа гаднаас орж ирээд Оийг яв гээд хоёр удаа алгадаж нэг удаа хөлөөрөө жийсэн. Тэгэхэд би салгасан удалгүй цагдаа нар ирээд ах Давааг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Ү-гийн өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 27-нд би нөхөртэйгөө хамт ажлаасаа ирэхэд О, А, Н нар манай хашаанд байсан гэрт байсан. Тэгээд Нид манай нөхөр бид 2 наад хэдээ одоо явуулаарай гэсэн. Тэгээд  буцаад гарч явчихаад эргэж ирэхэд яваагүй байсан. Манай нөхөр тэд нарыг явцгаа гэхэд О одоо явлаа гарлаа юун сүртэй юм гэсэн. Тэгээд манай нөхөртэй маргасан. Манай нөхөр гар яв гээд хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-н 27/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн шинжээчийн ____ тоот: 

1. Э.Оийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 3-р хурууны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх- 18/,

 

- Хохирогч Э.Оийн хүсэлт /хх-н 43/,

 

Шүүгдэгч Л.Дын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 39-40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Д нь иргэн Э.Отэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Дын “...2018 оны 5 дугаар сарын 27-нд ... 21 цагийн үед гэртээ буцаад ирэхэд манайд байсан хүмүүс яваагүй байсан. Тэгэхээр нь би та нар яагаад явдаггүй юм гэхэд О одоо явах гэж байна юун сүртэй юм гээд маргалдаад би Оийг хоёр удаа нүүрэн хэсэгт нь алгадсан...” гэх мэдүүлэг,  

 

            хохирогч Э.Оийн “...2018 оны 5 дугаар сарын 27-нд ... Даваа-Очир гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй миний толгой нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд би унахад дээрээс дэвссэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Л.Нийн “...2018 оны 5 дугаар сарын 27-нд ... ах Даваа гаднаас орж ирээд Оийг яв гээд хоёр удаа алгадаж нэг удаа хөлөөрөө жийсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Э.Ү-гийн “...2018 оны 5 дугаар сарын 27-нд ... Манай нөхөр тэд нарыг явцгаа гэхэд О одоо явлаа гарлаа юун сүртэй юм гэсэн. Тэгээд манай нөхөртэй маргасан. Манай нөхөр гар яв гээд хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн шинжээчийн 6795 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.О нь “...Даваа-Очир миний хохирлыг барагдуулж сайн дурын үндсэн дээрээс эвлэрсэн...” гэх хүсэлтийг /хх-н 43-44/ гаргасан байх тул шүүгдэгч Л.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Дт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Л.Дт 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй байсныг дурдах нь зүйтэй.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ______ овогт Л-н Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Дын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Дт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ