Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар  2025/ДШМ/300

 

 

 

 

 

   2025            03            11                                          2025/ДШМ/300

 

Б.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Соронзонболдын өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор Б.Сд холбогдох 2208036771923 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

00  тоотод түр оршин суудаг,  /РД:0000000/,

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит” караокед байх үедээ тус караокед үйлчлүүлж байсан Н.Н-тай маргалдаж улмаар түүнийг үсдэж доош дараад үснээс нь чирэн гадаа гаргаж хөл гуя руу нь өшиглөж эрүүл мэндэд нь “эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Н-ын гар утасны төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл, мөн сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Н нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй бөгөөд хэрэг бүртгэлтийн явцад зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаа болох таньж олуулах, хэргийн газрын үзлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж нотлох баримтыг бэхжүүлээгүй байдаг. Мөн хохирогч болон шүүгдэгч нарын зүгээс тухайн караокед ажилчдаас гадна дүүрэн хүмүүс үйлчлүүлж байсан талаар удаа дараа мэдүүлдэг боловч хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тэдгээр хүмүүсийг олж тогтоон гэрчийн мэдүүлэг аваагүй энэ талаар ажиллагаа хийлгэхээр 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хурал дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно” хэмээн заасныг шууд зөрчин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны дагуу явуулаагүй ноцтой зөрчил гаргасан байдаг. Хохирогч Н.Н гэрч М.У нар нь бие ээ удирдан жолоодох чадваргүй өндөр хэмжээний согтолттой байсан бөгөөд энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн ба дуудлагаар очсон цагдаа “дуудлага өгсөн эмэгтэй согтуу мэдүүлэг өгөх чадваргүй байсан тул мэдүүлэг авалгүй явуулсан” хэмээн өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон гол нотлох баримт болох хохирогч Н.Н, гэрч М.У нар нь тухайн үед болсон үйл явдлыг ойлгох чадваргүй өндөр хэмжээний согтолттой байсан этгээдийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 2024/ШЗ/2657 тоот шүүгчийн захирамжаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагааг хийлгэхээр шүүх хурлыг 60 хоног хойшлуулж хохирогч Н.Нын биед өөр этгээд халдсан эсхүл гэрч Б.Бэй маргалдан зууралдах явцдаа гэмтэл учирсан эсэх талуудын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгаж, хохирогч Н.Н нь Б.Бийн биед халдаж гэмтэл учруулсан гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх холбогдох баримтуудыг хэрэгт цуглуулахаар шийдвэрлэсэн боловч дээрх заасан ажиллагаа огт хийгдээгүй байдаг. Хэрэгт хөндлөнгийн хоёр гэрч гэх шүүгдэгчийн эхнэр, хохирогчийн найзыг гэрчээр асуусан. Гэрчүүдийн мэдүүлгээр хэрэг учрал болсон газарт дүүрэн хүн байсан, хохирогчийг түүний найзтай хамт өөр үйлчлүүлэгчидтэй нэг ширээнд шахаж суулгасан. Тийм учраас маргаан болохоос өмнө ажиллаж байсан зөөгч, ажилтнууд зэрэг ямар нэгэн хөндлөнгийн ашиг сонирхолгүй хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй. Тэдгээрээс мэдүүлэг авч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ёстой байтал арилгаагүй. Хэрэг учрал эхлэхэд хохирогч Н.Н гэрч Б.Б-ийн толгой руу пивоны шилээр цохиход шүүгдэгч салгасан. Н.Н-ын энэхүү үйлдэлд зөрчлийн хэрэг нээж шалгуулах баримт авагдаж, энэ талаар яаж шийдвэрлэсэн, эрүүгийн хэрэгт хамааралтай эсэхийг нь тодруулж, хэрэгт нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлэх гэсэн боловч огт ажиллагаа хийгээгүй.  Нэмэлт ажиллагааны явцад хохирогч шүүгдэгч нараас авсан гэх мэдүүлэгт мөрдөгчийн гарын үсэг байхгүй ямар албан тушаалтан тухайн мэдүүлгийг авсан нь тодорхой бус атал анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. Харин Н.Н нь Б.Б-ийн биед халдаж гэмтэл учруулсан гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх холбогдох нотлох баримтуудыг огт цуглуулалгүй прокурорын зүгээс шүүх хурал яг эхлэхийн өмнө Б.Б-ийн нэр дээрх торгуулийн лавлагааг шүүж шүүгчийн туслахаар хэвлүүлэн хэрэгт хавсаргасан нь дээрх шүүгчийн захирамжид заасан нэмэлт ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 2025/ШЦТ/112 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Хохирогч Н.Н нь өөрийн биед халдсан хүний талаар мэдүүлэхдээ “Өндөр шар залуу гарч ирээд зөөгч эмэгтэйг өмөөрөөд намайг зодож цохисон” гэж, гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед зааланд нэг эмэгтэй орилж хашхираад байсан тул би өөрийн нөхөр С-ыг дуудсан, С тэр махлаг, шар царайтай эмэгтэйн мөрнөөс татаад гадагш аваад гарсан” гэдэг. Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Зааланд чимээ гарсан учраас заал руу очиж харахад манай эхнэр Б-тэй нэг хүүхэн барьцалдаад зогсож байсан, тийм учраас би  тухайн эмэгтэйг заалнаас гаргаж, гадаа гаргаж тавьсан” гэж мэдүүлсэн. Тиймээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Н.Н-ын биед халдсан этгээд нь шүүгдэгч Б.С байх бөгөөд өндөр залуу гэх этгээд нь өөр этгээд байсан гэх ямар нэгэн эргэлзээ төрөхөөр баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч У, А, Л, шинжээчийн дүгнэлт болон дүгнэлт гаргасан шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар Б.С нь хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.С нарын мэдүүлгийг нотлох баримтаас хассан гэсэн нөхцөл байдлыг ярьж байна. Мөрдөн байцаалтын шатанд Б.Б, Б.С нар анх гэрчээр мэдүүлэг өгсөн. Харин сүүлд 60 хоног хойшилж, мөрдөн шалгах ажиллагаа явагдах явцад Б.Б, Б.С нараас өгсөн мэдүүлэг нь мөрдөгчийн гарын үсэггүй байсан учраас шүүгч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шийтгэх тогтоолд дурдсан. Тийм учраас Б.Б, Б.С нарын мэдүүлэг тэр чигтээ үгүйсгэгдсэн нөхцөл байхгүй. Мөн өмгөөлөгчөөс Б.Б-ийн зөрчлийн материалыг шалга гэсэн ч шалгаагүй гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч Лхагвадорж мэдүүлэг өгч “Зөрчлийн хэрэг нээн шалгаж, Н.Н, Б.Б нарт шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад Н.Нямбатад гэмтлийн хөнгөн зэрэг, Б.Б-д гэмтлийн зэрэг тогтоогдоогүй” гэсэн тул зөрчлийн материал нь цааш мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж явсан. Энэ нөхцөл байдал хэргийн 1, 2 дугаар хуудсанд авагдсан тул зөрчлийн асуудлыг шалгаагүй гэх асуудал яригдахгүй. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдлийг хангалттай тогтоосон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Б.С нь 2022 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит” караокед байх үедээ тус караокед үйлчлүүлж байсан Н.Н-тай маргалдаж улмаар түүнийг үсдэж доош дараад үснээс нь чирэн гадаа гаргаж хөл гуя руу нь өшиглөж эрүүл мэндэд нь “эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Н 2022.12.30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022.11.07-08-нд шилжих шөнө найз У-тай караоке орсон. ...Караокед орж ирээд 3 дуу бичүүлээд захиалсан боловч миний захиалсан дуу явахгүй байхаар нь караокений эзэн гэх эмэгтэйгээс асуухад “...болоогүй байна. ...” гэж хэлсэн. ...Тэгээд дахиад караокений зөөгч залуу хажуугаар зөрөхөөр нь би “дуу тавьж болох уу гэж асуухад”  “...манай байнга орж ирдэг хүмүүс дуулж байна” гэж хэлээд яваад өгсөн. ...Тэгэхээр нь би “...өө ямар пизда шиг юм бэ” гэхэд миний ард зогсож байсан өндөр нуруутай эрэгтэй “...чамайг дуулуулах албатай юм уу гар” гэхээр нь би “...чи яагаад хөөгөөд байгаа юм” гэхэд “...би хөөдөг хүн нь байна пизда” гэж хэлсэн. ... Тэгтэл нэг эмэгтэй ирээд “....чи пизда гэдэг хэн бэ” гээд миний нүүр лүү маажсан. ...Тэгээд би тэр эмэгтэйг болиулах гээд гараа өргөсөн чинь миний хажууд зогсож байсан өндөр залуу намайг үсдээд доошоо дараад намайг үсдэж чирээд хажуунаас нөгөө эмэгтэй нь толгой руу цохиод, эрүү лүү бас нэг нь цохиж, өшиглөөд залуу нь чирсээр байгаад намайг 2 давхараас гадаа гартал үсдээд гаргасан. ...Тэгээд гадаа гарсан байж байхад өндөр залуу нь миний хөл рүү нэг удаа өшиглөөд караоке руу яваад орсон. ...Би тэр хүмүүсийг танихгүй. ...Миний эрүү лүү намайг үсдэж чирсэн өндөр эрэгтэй хүн хүчтэй нэг удаа цохьсон. ...Баруун шилбэ рүү бас тэр эрэгтэй нь өшиглөсөн. ...Нөгөө өндөр залуу намайг чирж байхдаа миний зүүн шилбэнд зулгаралт үүссэн юм. ...Дээрх асуудлыг манай найз Уянгаас өөр хүн хараагүй. ....Зодуулах үед миний гар утас эвдэрсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх 21/,

хохирогч Н.Н дахин: “...Өндөр эрэгтэй намайг үсдэж чирсэн. ...Нэг удаа өшиглөсөн. ...Мөн чирж гаргахаас өмнө тэр эрэгтэй цохисон. ...Тэр эрэгтэй миний эрүү рүү цохиж, хөл рүү 1 удаа өшиглөж гэмтлүүдийг учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 229-230/,

гэрч М.У /тухайн үед хохирогчтой хамт байсан гэх хохирогчийн найз/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Манай найз Н.Н /хохирогч/ бид 2 караоке орж дуулах гээд манай найз Н.Н зөөгч эмэгтэйтэй маргалдсан. ...Тэгэхэд цаанаас өндөр том биетэй шар царайтай залуу гарч ирээд зөөгч эмэгтэйг өмөөрөөд найзыг маань үүдний хэсэгт хана руу шахаад хүзүүг нь боогоод булчин хэсэгт нь цохиод байсан. ...Салгах гэтэл нөгөө залуу найзын маань үснээс зулгаагаад чирээд гадагшаа гарсан. ....Ардаас нь гартал нөгөө том биетэй залуу найзын маань хөл рүү 2-3 удаа өшиглөөд зогсож байсан ба хамарнаас нь цус гарчихсан байсан. ...Б.С нь манай найзыг үсдэж зодсон хүн байна. ...Зөөгч эмэгтэй нь буюу Б манай найзын хөл рүү 2-3 удаа өшиглөж зүүн гарын булчин руу нь 2-3 удаа цохисон. ...Нөгөө залуу нь буюу Б.С нь найзын маань үснээс зулгаагаад шатаар чирч, гадаа хөл рүү нь 2-3 өшиглөөд зодож байсан. ...Миний харж байснаар манай найз Нямбат /хохирогч/ зөөгч эмэгтэй Б-тэй үсдэлцээд, цохилцоод ноцолдоод байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 23-24/,

гэрч Т.Анхбаяр /эргүүлийн цагдаагийн жолооч/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дуудлагаар очиход 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүн гадаанаа маргалдсан байдалтай зогсож байсан. ...Дуудлага өгсөн гэх том биетэй эмэгтэй нь газар суучихсан, намайг дуулуулахгүй зодчихоод гаргасан гэж орилооод дэлгэц нь хагарсан утсаа бидэнд үзүүлсэн. ...Биднийг очиход зодолдсон зүйлгүй байсан. ...Том биетэй эмэгтэй нь /хохирогч Ц.Нямбат/ тухайн караокены эзэмшигч эрэгтэй, эмэгтэй 2 хүнд зодуулсан гэж хэлээд байсан. ..Харин караокены эзэн эмэгтэй нь бас өөрт нь толгой руугаа шилээр цохиулсан гэж хэлээд байсан. ... Тухайн том биетэй эмэгтэйг /хохирогч Ц.Нямбат/ хэлтэс рүү авч явахад босч алхахдаа догонцоод хөл нь бэртсэн байдалтай байсан. .....Харин караокены эзэн эмэгтэй тэр дороо шүүх эмнэлэг рүү өөрөө явна гэж ярьж байсан. ...Бид дуудлага ихтэй явж байсан учраас камерын бичлэгт үзлэг хийж чадаагүй. ....”  гэсэн мэдүүлэг /1хх 28/,

шинжээч эмч О.Нансалмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Н-ын биед учирсан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. ...Уг гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. ...” /1хх 47/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Ц.Н-ын биед хийсэн 2022.11.11-ний өдрийн 15349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Хэрэг болсон үед үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...1хх 42-43

Шүүгдэгч Б.С-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх 53-65/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Билгүүн “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй таньж олуулах, хэргийн газрын үзлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж нотлох баримтыг бэхжүүлээгүй. ....шаардлагатай гэрч нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. ...нэмэлт ажиллагааны явцад хохирогч шүүгдэгч нараас авсан гэх мэдүүлэгт мөрдөгчийн гарын үсэг байхгүй ямар албан тушаалтан тухайн мэдүүлгийг авсан нь тодорхой бус атал анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн. ....шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд; хохирогч Н.Н, гэрч М.У нарт хууль сануулж мэдүүлэг авсан зэргээс дүгнэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд тухайн хэрэг учралыг шууд харсан гэрч М.У “....Б.С манай найзыг үсдэж, зодсон” гэж шүүгдэгчийг шууд нэрлэн заасан, мөн хохирогч Н.Н “...Өндөр эрэгтэй намайг үсдэж чирсэн. ...Нэг удаа өшиглөсөн. ...Мөн чирж гаргахаас өмнө тэр эрэгтэй цохисон. ...Тэр эрэгтэй миний эрүү рүү цохиж, хөл рүү 1 удаа өшиглөж гэмтлүүдийг учруулсан. ...” гэж тодорхой мэдүүлсэн, дуудлагын дагуу ирсэн цагдаа Т.Анхбаяр “...дуудлагаар очиход том биетэй эмэгтэй нь /хохирогч Н.Н/ тухайн караокены эзэмшигч эрэгтэй, эмэгтэй 2 хүнд зодуулсан гэж хэлээд байсан ба тухайн том биетэй эмэгтэйг /хохирогч Ц.Н/ хэлтэс рүү авч явахад босож алхахдаа догонцоод хөл нь бэртсэн байдалтай байсан. ...” зэрэг мэдүүлэг болон бусад баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг зодоогүй гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн хохирогчийн биед халдсан хүн нь шүүгдэгч Б.С бөгөөд өндөр шар залуу гэх этгээд нь өөр этгээд байсан гэх ямар нэгэн эргэлзээ бүхий түүнийг үгүйсгэсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Мөн нэмэлт ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нараас авсан гэх мэдүүлэгт мөрдөгчийн гарын үсэг байхгүй байхад нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлын хувьд; Уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж /1хх 202-206/ шийдвэрлэсэн, гэрч Б.Б, шүүгдэгч Б.С нараас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгчийн гарын үсэг байхгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх тухайн мэдүүлэг, тэмдэглэлийг нотлох баримтад тооцоогүй үнэлээгүй байна. /2хх 26, шийтгэх тогтоолын 8 дахь тал/

          Харин хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгчийн гарын үсэг зурагдсан /1хх 229-230/ байх ба анхан шатны шүүх тухай мэдүүлгийг үнэлсэн байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолдоо дурдсан “....хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгчийн гарын үсэхгүй байхгүй байхад нотлох баримтаар үнэлсэн. ....” гэх гомдол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж нотлох баримтыг бэхжүүлээгүй гэх гомдлын хувьд; Гэрч Б.Л: /Тухайн үед дуудлагаар очсон цагдаа/: “...Караокены ажилчдаас “танайх хяналтын камертай юу” гэж асуухад “манайх дотор гаднаа камертай гэж байсан. ...Тухайн үед камерын бичлэгийг сиди-нд хуулан авчирч өгөөрэй гэж хэлсэн бөгөөд оролцогчид “тэгье бид хуулаад аваад ирье” гэж байсан. ...Тухайн 2 эмэгтэйгээс “та 2 камерын бичлэгээ яасан бэ, аваад ирээч” гэж дахин шаардсан бөгөөд Б.Б гэх эмэгтэй нь камерын бичлэгээ авчирч өгөхгүй байсаар байгаад би хэргээ шилжүүлсэн. ....” /1хх 31-32/, гэрч Т.Анхбаяр /Эргүүлийн цагдаагийн жолооч/: “...Бид дуудлага ихтэй явж байсан учраас камерын бичлэгт үзлэг хийж чадаагүй. ...” /1хх 28/ гэх мэдүүлгүүд авагдсан бөгөөд хэргийн оролцогч талуудын хэн аль нь камерын бичлэгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, гэмт хэрэг гарснаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, одоо хяналтын камерын бичлэг байхгүй талаар шүүгдэгч мэдүүлсэн байх тул өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн тухайн үед байсан шаардлагатай гэрчүүдийг асуулгах “...талаар дурдсан байх ба шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримт бүрэн нотлогдсон, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                 Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                                 Д.МӨНХӨӨ