Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 602

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн _______ овогт М-н Б-д холбогдох _________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” зочид буудалд хохирогч С.Бтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Бгийн өгсөн:

            “...2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Н манай ажил дээр ирсэн. 21 цагийн үед Б ажил дээр ирсэн. Н Б хоёр манай ажил дээр архи пиво аваад суусан. Би архи уугаагүй ажлаа хийгээд явж байсан. Тэр хоёр миний ажлыг тарахыг хүлээгээд байж байсан. Шөнийн 04 цагийн үед миний ажил тараад Н Б Очирхүү бид нар БГД-н 8-р хороо Хан зочид буудалд нэг өрөө авч орсон. Буудалд ороход бид 4-с гадна Бын танилцсан охин дагаж орсон. Бид нар 0,75 литрийн хоёр шил архи авч буудалд уусан. Би 2 дахь архи уугаад талдаа орсны дараа унтаад өгсөн. Намайг сэрэхэд Б нөгөө танилцсан охинтойгоо гараад явсан байсан. Би залгах гээд утсаа хайхад миний утас байхгүй, Нын утсаар өөрийн утасруу залгахад Б авч ярьсан. Б би та нарын үлдээсэн газар байна шүү дээ гэсэн би юу яриад байгаа юм буудалруу буцаад ороод ир гэсэн. Б буудалд ганцаараа буцаж орж ирсэн. Б нилээд согтуу байсан. Б Нтай маргалдсан. Н орон дээр хэвтчихсэн Б дээрээс нь дарчихсан байхаар нь би тэр хоёрыг салгасан. Бтай яагаад ингээд байгаа юм гэхэд уучлаарай гээд гуйчихаад эргээд Нтай Б хэрэлдээд эхэлсэн. Б миний дээрээс дохойлдоод суухаар нь би боль гэхэд надруу уурлаад би цагдаад өгнө гэсэн. Би Бын хацар луу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 24, 38-39/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Бын өгсөн:

            “...Н Б- нар уулзаад намайг дуудсан. Б-гийн ажлыг тарахыг хүлээгээд тэнд бааранд суусан. Б-гийн ажил нь тараад бид БГД-н 8-р хороо Хан зочид буудалд орсон. Буудалд 1 шил архи уусан. Бааранд байхдаа Удвал гэдэг хүүхэнтэй танилцаад Удвалыг суулгаж өгөх гээд гараад явсан. Би эргэж буудлын өрөөнд орж ирээд маргаан үүссэн. Б- гар утасруу залгасан би гар утсыг аваад гарсан байсан юм. Тухайн үед би гар утсаа буудалд цэнэглээд үлдээсэн юм. Б-д би гар утсыг нь өгчихөөд тэгээд өөрийн гар утсаа авах гэтэл цэнэглэгч нь үлдчихсэн миний гар утас байхгүй байсан. Тэгээд гар утсаа хайгаад маргаан үүсгэсэн юм. Тэгээд Б- намайг цохиод бид хоёр барьцалдаад авсан. Б- миний нүүрлүү 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 19, 36-37/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн _______ тоот: 

1. С.Бын биед зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 23/,

 

Шүүгдэгч М.Бгийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” зочид буудалд хохирогч С.Бтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Бгийн “...Би Бын хацар луу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч С.Бын “...Б- миний нүүрлүү 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 3845 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Баас “...уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг /хх-н 46/ гаргасан байх тул шүүгдэгч М.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос М.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ________ овогт М-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Бгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ