| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2018/0613/Э |
| Дугаар | 606 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Т.Оюунжаргал,
шүүгдэгч Э.М,
хохирогч Л.Унарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____ овогт Э-н М-т холбогдох эрүүгийн ______ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23б байрны 55 тоот гэрээс иргэн Л.У-ийн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Умэдүүлэхдээ:
“...Тухайн өдөр манай гэрт дүү маань байсан. Тэгээд манай дүүг гараа угааж байх хооронд шүүгээнд байсан мөнгийг авсан. Тэгээд олдохгүй сар гаран хугацаанд алга болсон учраас хүнд мөнгө өгч олуулсан. Надаас авсан 1.000.000 төгрөгөө төлөх боломж Мт байсан. Би түүнээс 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Мын өгсөн:
“...Хэдэн сарын хэдний өдрөө санахгүй байна. Н намайг машин засуулна гээд гэрлүүгээ аваад явсан юм. Н бид хоёртой бас нэг залуу байсан тэр залуугаа хорооллын эцсээс очиж авсан. Бид хэд машин засаж байгаад нилээн хэдэн шил архи уусан. Тэгэж байгаад Н нөгөө залууд гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Тэгээд би орох гэсэн чинь тэр залуу үүдэн дээр оруулахгүй зогсоогоод байсан. Үүдний коридорт зогсож байсан. Тэр залуу гараа угааж байхад орон дээр байсан торонд ороосон мөнгө байхаар нь би аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-18, 41-42/,
Мөрдөн байцаалтад хохирогч Л.У-ийн өгсөн:
“...Би Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23б байрны 55 тоот нэг өрөө байрыг нөхөр охины хамт түрээслэн амьдардаг юм. Би өөрөө Гандангийн төв хаалганы орчимд ТҮЦ ажиллуулдаг, харин нөхөр Н нь мөн Гандангийн орчимд зурхайчаар ажилладаг. Бид гурав уг байраа сарын 500.000 төгрөгөөр түрээслэдэг юм. Тэгээд гэрийнхээ шүүгээний дээд талын шургуулганд нөхөр бид хоёр мөнгөө цуглуулдаг байсан бөгөөд тухайн мөнгөн дотор 2018 оны 2 дугаар сарын байрны түрээсийн төлбөр болох 500.000 төгрөг болон цуглуулж байсан 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөг байсан юм. Хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би тухайн цуглуулганд байсан мөнгөө тоолж үзэхэд 1.000.000 төгрөг байсан юм. Тэгтэл 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр Н нь танил М, дүү Л нараар машинаа засуулж байсан бөгөөд харин Н хүргэн Гтай хамт гадаа саадан дотор шатар тоглож байсан байна лээ. Тэгээд тэр хооронд Э.М, Л нар гар нүүрээ угаах гээд манай гэрт орсон байсан. Лийг угаалгын өрөө ороод гар нүүрээ угааж байх хооронд Э.М гэрийн шүүгээний дээд талын шургуулганд байсан мөнгийг авсан байсан. Тэгээд тухайн өдөр би гэртээ 16 цагийн орчимд ирэхэд гэрт Л, Н, Г нар байсан. Харин М байгаагүй.
Сүүлд М миний таньдаг лам Тэшгээ гэдэг хүн М хөдөө манай малыг маллаж байхдаа согтуу надад Нийн гэрээс мөнгийг нь авсан гэж байна лээ гэдгийг хэлсэн. Тэгээд М өөрөө танай гэрээс мөнгө авсан талаараа хүлээн зөвшөөрөөд бид нараас уучлалт гуйж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Гын өгсөн:
“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би Нтой хамт гэрийнх нь ойролцоо машин засна гээд намайг дуудуулсан юм. Тэгээд би тэдний гэрийн гадаа 12 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхэд Нийн гэрт Н болон М нар байсан. Тэгээд бид дөрөв гарч машинаа янзлахаар болсон. ... гэрт орсны дараа Уранчимэг хадгалсан байсан мөнгө байхгүй байна гэхэд Л гэрт Мыг дагуулж орж ирсэн талаар хэлсэн бөгөөд М луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Уранчимэг хадгалж байсан 1.000.000 төгрөг алдагдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12/,
Шүүгдэгч Э.Мын хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23б байрны 55 тоот гэрээс иргэн Л.У-ийн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Э.Мын “...Хэдэн сарын хэдний өдрөө санахгүй байна. Н намайг машин засуулна гээд гэрлүүгээ аваад явсан юм. ... Н нөгөө залууд гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Тэгээд би орох гэсэн чинь тэр залуу үүдэн дээр оруулахгүй зогсоогоод байсан. Үүдний коридорт зогсож байсан. тэр залуу гараа угааж байхад орон дээр байсан торонд ороосон мөнгө байхаар нь би аваад гарсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Л.У-ийн “...М миний таньдаг лам Тэшгээ гэдэг хүн М хөдөө манай малыг маллаж байхдаа согтуу надад Нийн гэрээс мөнгийг нь авсан гэж байна лээ гэдгийг хэлсэн. Тэгээд М өөрөө танай гэрээс мөнгө авсан талаараа хүлээн зөвшөөрөөд бид нараас уучлалт гуйж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Гын “...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би Нтой хамт гэрийнх нь ойролцоо машин засна гээд намайг дуудуулсан юм. Тэгээд би тэдний гэрийн гадаа 12 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхэд Нийн гэрт Н болон М нар байсан. Тэгээд бид дөрөв гарч машинаа янзлахаар болсон. ... гэрт орсны дараа Уранчимэг хадгалсан байсан мөнгө байхгүй байна гэхэд Л гэрт Мыг дагуулж орж ирсэн талаар хэлсэн бөгөөд М луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Уранчимэг хадгалж байсан 1.000.000 төгрөг алдагдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.М нь хохирогч Л.У-ийн гэрээс 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тогтоогдсон бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Э.Маас 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.У-т олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Мт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч _______ овогт Э-н М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Маас 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Л.У-т олгосугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ