| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/03103/И |
| Дугаар | 191/ШШ2026/04228 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/04228
| 2026 03 23 | 191/ШШ2026/04228 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М хүсэлттэй,
Улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Гэрч Д.*******, А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1982 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Ногооны комбинатад галчаар ажилд орж, 1983 оны 6 дугаар сар хүртэл ажиллаад 6 дугаар сараас ногоочноор ажиллаж 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан. Ингээд миний бие 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж, цэргээс халагдаж ирээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагадаа ногоочноор 1987 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаад, дотроо автогаражид жолоочоор 1992 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Баянзүрх компанид жолоочоор, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс Баянтуул компанид мөн жолоочоор ажилласан. Архиваас баримт шүүлгээд гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Цэрэгт явсан 3 жил маань архивын лавлагаагаар болж байгаа.
Иймд намайг 1982 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дээрх байгууллагад ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-3/, Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт /хх-4/, Нийслэлийн архивын газрын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт /хх-5,18/, Д.*******ын иргэний үнэмлэх /хх-6/, Д.*******ын хөдөлмөрийн дэвтэр /хх-7/, Ногооны комбинатын даргын 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 81 дугаартай тушаал /хх-8,9/, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа Ногооны комбинатын даргын 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаартай тушаал /хх-10-12/, 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай тушаал /хх-13,14/, 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалин тавьж олгох хүснэгт /хх-15/, Улаанбаатар хотын Ногооны комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 209 дугаартай тушаал /хх-16/, 1983 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт /хх-17/, Д.*******ийн тодорхойлолт /хх-19/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05/449 дугаартай албан бичиг /хх-20/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00583 дугаартай шийдвэр /хх-21,22/, А.*******ийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтэр /хх-23,24/-ийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Нийслэлийн архивын газрын 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/277 дугаартай албан бичиг /хх-31,32/, Ногооны комбинатын 1982 оны 02 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгт /хх-33/, Ногооны комбинатын даргын 1983 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 264 дугаартай тушаал /хх-34/, 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай тушаал /хх-35,36/, 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 81 дугаартай тушаал /хх-37,38/, 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаартай тушаал /хх-39-41/, Ногооны комбинатын автогаражийн 1988 оны 6 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгт /хх-42/, 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн цалин тавьж олгох хүснэгт /хх-43/, Улаанбаатар хотын Ногооны комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 209 дугаартай тушаал /хх-44/, 1991 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт /хх-45/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6/2104 дугаартай албан бичиг /хх-46/, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №181 /хх-47,48/, Хаягийн хуудас №7 маягт /хх-49/, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Д.*******ын хөдөлмөрийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-54-57/, гэрч Д.*******, А.******* нарын мэдүүлгийг тус тус шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба тэрээр энэхүү хүсэлтийг гаргасан зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой гэж тайлбарлаж байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2а. Д.******* нь Улаанбаатар хотын Ногооны комбинатын 1 дүгээр ангид уурын зуухны галчаар 1982 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажилд орж, 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ногоочин, горим тохируулагч-ногоочноор ажиллаж, 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хугацаат цэргийн албанд татагдсан, улмаар цэргийн албанаас халагдаж ирээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ногоочноор, 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс автогаражид жолоочоор 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь,
Д.*******ын ажиллаж байсан дээрх Улаанбаатар хотын Ногооны комбинат нь бүтцийн өөрчлөлтөд орж, Улаанбаатар хотын АХГЗ-ны өмч хувьчлалын комиссын 39 дүгээр тогтоолоор 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн ажлаас нь чөлөөлж, Баянзүрх компанийн мэдэлд шилжүүлсэн байх ба мөн өдрөөс Баянзүрх компанид жолоочоор ажиллаж, 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, Баянтуул компанид жолоочоор 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Д.******* нь тус тус ажиллаж байсан болох нь
- түүний хөдөлмөрийн дэвтэрт хийсэн бичилтүүд, уг дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл,
- Ногооны комбинатын даргын 1983 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 264 дугаартай Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд ... ногоочин Д.******* ... нарыг үүрэгт ажлаас 1983.10.01-нээс чөлөөлж, мөн өдрөөс ангид нь горим тохируулагч-ногоочноор ... гэж, мөн даргын 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай Ажилд батлах чөлөөлөх тухай тушаалд ...1 дүгээр ангийн ногоочин ******* овогтой ******* цэргийн албанд дайчлагдсан тул 1984.06.28-наас тасалбар болгож буцалтгүй 14 хоногийн тэтгэмж олгох ... гэж,
- Мөн даргын 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 81 дугаартай Ажилд батлах, ажлаас чөлөөлөх шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд ... *******ын ******* /ХАХЗГ-ийн мэдэгдэл №64/ 1987 оны 7 дугаар сарын 01-нээс ногоочноор... гэж, 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаартай Ажилд батлах, ажлаас чөлөөлөх шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд ...жолоочийн 3 дугаар зэрэгтэй /№067865/ *******ын *******ыг 1987.09.09-нөөс ногоочноос чөлөөлж, авто гаражид ГАЗ-53 маркийн автомашины жолоочоор ... гэж, Ногооны комбинатын автогаражийн 1988 оны 6 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгтийн 14 дугаарт ******* ******* гэж, 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн цалин тавьж олгох хүснэгтийн 22 дугаарт ******* ******* гэж, Улаанбаатар хотын Ногооны комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 209 дугаартай Зарим хүмүүсийг түр ажилд шилжүүлэх тухай тушаалд ... Д.******* комбинатын автогаражийн жолооч гэж, 1991 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтийн 17 дугаарт ******* ******* гэх бичилтүүд,
- Гэрч Д.*******, А.******* нарын мэдүүлэгээр Д.*******тай хамт ажиллаж байсан байх бөгөөд тэдний дээрх байгууллагад ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр, шүүхийн шийдвэр,
- 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №181 маягтад ...Ногооны комибнатад 1982 онд ажилд орсон, автогаражид 1987 оноос жолооч... гэх бичилт хийгдсэн, нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Д.******* нь 1982 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дээрх байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан баримт, түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтүүдээс үзэхэд цэргийн албанд татагдсан хугацаа, зарим сар, жилд ажилласан жил тасарсан байх тул энэ хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үйл баримтуудыг дүгнээд нэхэмжлэгчийн улсад ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Д.*******т 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний үнэмлэх олгогдсон байх бөгөөд уг үнэмлэхэнд түүний овгийг Дулмаа гэж бичсэн, дээрх тушаалуудад ******* гэсэн овогтой байх бөгөөд иргэний бүртгэлийн байгууллагын 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №181 маягтад ******* регистрийн дугаартай ******* овогтой ******* гэж бүртгэсэн нь уг маягт болон иргэний үнэмлэх дээр бичигдсэн регистрийн дугаартай тохирч байгааг дурдаж байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт Дулмаагийн ******* /регистрийн дугаар *******/ нь
- Улаанбаатар хотын Ногооны комбинатад 1982 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл уурын зуухны галч-аар, 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ногоочин, горим тохируулагч-ногоочин-оор, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ногоочин-оор, 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл автогаражид жолооч-оор,
- Баянзүрх компанид 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл жолооч-оор,
- Баянтуул компанид 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолооч-оор тус тус улсад ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ