| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/04114/И |
| Дугаар | 192/ШШ2026/02187 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2026/02187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 2-р баг, ******* байр, 25 тоот хаягт оршин суух, *******ийн ******* /РД:*******/,
Хариуцагч: дүүрэг, 01-р хороо, 22а-200 тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ББСБ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-231205069 дугаар Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэл болон түүхийг арилгахыг даалгах тухай нэхэмжлэлд 2025 оны 05-р сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч У.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номинтуяа.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч ******* ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэл болон түүхийг арилгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.
Үүнд: ... У.******* миний бие 2023 оны 10-р сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Гурвалжингийн гүүрний урд Дэлгэрэх хотхоны замын эсрэг талд байрлах, Петровис шатахуун түгээх станц дээр хүнтэй уулзахаар машинаас бууж байхдаа өөрийн эзэмшлийн бор өнгийн хэтэвч, түүний дотор иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон өөрийн эзэмшлийн Хаан банкны карт, Худалдаа хөгжлийн банкны карт автобусны карт, бэлэн мөнгөний хамт гээгдүүлсэн.
Улмаар тэр өдрөө буюу хэдэн цагийн дараа хэтэвч, бичиг баримтуудаа гээгдүүлсэн болохыг мэдэж, буцаад очтол хэтэвч маань байгаагүй бөгөөд тухайн шатахуун түгээх станцад хяналтын камер байгаагүй тул олж чадалгүй өнгөрсөн. Маргааш өглөөнөөс хэтэвч, бичиг баримт олсон хүн байж магадгүй гэж таамаглан цахим орчинд зар мэдээлэл тавьсан. Улмаар 2 хоногийн дараа Жаргалсайханы Бат-Эрдэнэ гэх цахим хаягнаас олсон гээсэн бичиг баримт хайх нэгдсэн групп-д миний хэтэвч болон бичиг баримт, бэлэн мөнгөний зургийг байршуулж ,өчигдөр олсон, эзэн нь хартал шэйр хийж туслаарай гэх тайлбартай нийтэлсэн байсан. Би уг зарыг 2023 оны 10-р сарын 31-ний өдрийн 13:16 цагт харж, уг хаяг руу холбогдон тухайн үедээ хөдөө явж байсан тул маргааш очиж авахаар болж мөн өдөртөө амжилгүй, нөгөөдөр нь буюу 2023 оны 11-р сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүрэг, ХБНГУ-ын элчин сайдын яамны ойролцоо байх Жаргалсайханы Бат-Эрдэнийн ажил дээр очиж авсан. Тэрээр тухайн үедээ миний бичиг баримтыг эхнэр нь шатахуун түгээс станцаас олсон гэж хэлж өгсөн. Мөн би түүнээс миний бичиг баримт, картуудаар ямар нэгэн зүйл хийсэн үү гэж асуухад үгүй ээ, мэдэхгүй ээ гэж хариулсан ба тэр хүнтэй уулзахын өмнөх өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5001637088 тоот данснаас 35,380.48 төгрөгийн гүйлгээ 74V3YR AMZN Digital O70UC1E 888-802-3080 гэх утгатайгаар гарсан байсан.
Төд удалгүй сар орчмын дотор Хаан банкнаас над руу холбогдож таны данснаас 1,800 ам.долларын арилжаа хийгдэх гэж байна, энэ та мөн үү, биш бол яаралтай хаах хэрэгтэй гэхэд нь би биш гэж хэлээд картаа хаалгасан.
Дээрх үйл баимтууд нь бичиг баримтаа гээгдүүлснээс олж авах хүртэл цаг хугацаанд болсон үйл баримтууд бөгөөд 2024 оны 02-р сараас эхлэн ******* ББСБ ХХК-иас холбогдож, таны Сайн электрониксоос авсан цахилгаан бараанд гаргуулсан зээлийн төлөлт хугацаа хэтэрсэн байна, зээлээ яаралтай төлнө үү гэж хэлсэн ба би тухайн үед огт зээл аваагүй, цахилгаан бараа ч аваагүй талаараа хэлсэн бөгөөд улмаар одоо миний зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл муу төлөвтэй байгаа нь төрийн мэдээллийн сангаас харагдаж байна. Дээрхээс үзвэл нэгэн үл таних этгээд миний бичиг баримт, эсхүл бичиг баримтын мэдээллийг ашиглан ******* ББСБ ХХК-тай миний нэрийн өмнөөс зээлийн гэрээ байгуулж, улмаар Сайн электроникс ХХК-иас Айпонэ 15промакс маркийн гар утсыг авсан байна.
Дээрх байгууллагууд нь надаас 2024 оны 02-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр шаардаж байгаа бөгөөд миний нэрээр байгуулсан тэрхүү зээлийн гэрээг надад огт үзүүлэхгүй, гаргаж өгөхгүй байсаар байна. Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас үзэхэд 2023 оны 12-р сарын 27-ны өдөр зээл олгосон нь харагдаж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу У.******* миний нэрээр ******* ББСБ ХХК-тай байгуулсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжилсэн,
2.Хариуцагч ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.
Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага нь Сайн электроникс ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгч нь зохих журмын дагуу материал бүрдүүлж манай байгууллагаас зээл хүссэн бөгөөд зээл олгогдож бараагаа хүлээн авсан. Сайн электроникс ХХК нь олгогдсон зээлүүдэд давхар хяналт тавьж ажилладаг гэж тайлбарласан.
3.Нэхэмжлэгч У.******* 2026 оны 01-р сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэгчийн гаргасан анхны шаардлагыг шүүх хангасан ч хариуцагч тал үр дагаврыг арилгахгүй буюу зээлийн мэдээллийн түүхийг арилгахгүй байх магадлалтай байна. Энэ нь хариуцагчийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоос биш Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх үр дүнд хүргэхээргүй байна. Хариуцагч тал нь зээлдэгч бус этгээдийн зээлийн мэдээллийг зээлдэгч мэтээр нийлүүлж, харин жинхэнэ зээлдэгчийнхээ мэдээллийг бүрэн нягталж, шалгах үүргээ биелүүлэхгүйгээр хамаагүй иргэнийг ийнхүү хохироож байгаа нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлсэн, бүрдүүлсэн үйлдэлд хамаарч байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар нэхэмжлэгч У.*******ын зээлийн мэдээллийн сан дахь ******* ББСБ ХХК-ийн нийлүүлсэн зээлийн мэдээлэл болон зээлийн түүхийг арилгахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
4.Хариуцагч ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд: Хариуцагч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Гэрч А. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2025 оны 12 дугаар сарын 27 өдөр У.*******тай хамт ******* аймгийн ******* сум Зүүн хараад байсан. У.******* энэ IPhone 15 Pro mах гэдэг утсыг худалдаж аваагүй. Тухайн үед би жирэмсэн байсан. 12-р сарын 22 өдөр У.******* Зүүн хараад ирсэн. 12-р сарын 25-ны өдөр би эмнэлэгт үзүүлэх байсан учраас хамт явж үзүүлсэн. 12-р сарын 27-ны өдөр манай өвөө эмээгийнд хамт байсан гэжээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
-нэхэмжлэгчээс, /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-3, 116/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4/ ******* ББСБ ХХК-ийн шаардах хуудас, /хх-5/ шуудангийн дугтуй, /хх-6-7/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын тогтоол, /хх-8-10, 117-118/ У.*******ын зээлийн мэдээллийн лавлагаа, /хх-12/ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-92/ баталгааны гэрээ, /хх-93-94/ хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, /хх-95/ цалингийн зээлийн гэрээ, /хх-96-97/ зээлийн эргэн төлөлтийн хуваарт, /хх-98-99/ гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, /хх-100-111/ У.*******ын гар бичвэр, /хх-114-115/ нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас /хх-16/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-17, 119, 122/ ******* ББСБ ХХК-иас Д.,, , , нарт олгосон итгэмжлэл, /хх-37, 124/ хариу тайлбар, /хх-51/ ******* ББСБ ХХК-ийн албан бичиг, /хх-52-53/ ******* ББСБ ХХК, Сайн интернэйшнл ХХК нарын хамтран ажиллах гэрээ, /хх-79, 81/ Зээл хүсэгчийн анкет, /хх-80/ зээлийн хүсэлт, /хх-82-83/ бараа хүлээлгэн өгсөн акт, /хх-84/ Зөвшөөрлийн хуудас, /хх-85-87/ зээлийн гэрээ, /хх-88-89/ барьцааны гэрээ, /хх-90-91/ зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-Шүүхийн журмаар /хх-23-36/ хариуцагч талаас ******* ББСБ ХХК-ийн *******ийн ******* /РД:*******/-той байгуулсан зээлийн гэрээг, холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан.
-/хх-63-76/ Шүүх шинжилгээний Ерөнхий газар 2025 оны 11-р сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлтээр ... У.******* гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн У.*******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна У.*******ын гарын үсэг таарахгүй байна. гэх гаргасан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон ихэсгэсэн шаардлагын шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэл болон түүхийг арилгахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжилснийг,
3.Хариуцагч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон ихэсгэсэн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж, маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-У.******* нь 2023 оны 10-р сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Гурвалжингийн гүүрний урд Дэлгэрэх хотхоны замын эсрэг талд байрлах, Петровис шатахуун түгээх станц дээр бор өнгийн хэтэвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны карт, автобусны карт, бэлэн мөнгөний хамт гээгдүүлсэн,
-У.******* нь дээрх хэтэвч, бичиг баримтуудыг олж авсан гэх иргэн Жаргалсайхын Бат-Эрдэнийн Сүхбаатар дүүрэг, ХБНГУ-ын элчин сайдын яамны ойролцоо байх ажил дээр 2023 оны 11-р сарын 02-ны өдөр гээгдүүлсэн бичиг баримтуудыг очиж авсан,
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2024 оны 04-р сарын 04-ний өдрийн 2102 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан,
-******* ББСБ ХХК, У.******* нарын хооронд 2023 оны 12-р сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэх,
-уг зээлийн гэрээг У.******* ******* ББСБ ХХК-тай байгуулаагүй, Айпонэ 15промакс загварын гар утас хүлээж аваагүй,
-уг зээлийн гэрээний эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн үндэслэлээр ******* ББСБ ХХК-иас У.*******т 2025 оны 01-р сарын 09-ний өдөр зээлийн эргэн төлөлт шаардах хуудас ирүүлсэн,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газраас 2025 оны 11-р сарын 17-ны өдрийн дугаар ... 2023.12.27 гэсэн огноотой, Зээл хүсэгчийн анкет гэсэн гарчигтай 1 ширхэг гарын үсэг, бараа хүлээлгэн өгсөн акт 2 ширхэг гарын үсэг, зөвшөөрлийн хуудас 1 ширхэг гарын үсэг, зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь 6 ширхэг гарын үсэг, барьцааны гэрээ 3 ширхэг У.******* гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн У.*******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэх дүгнэлтээр тус тус У.******* нь ******* ББСБ ХХК-тай 2023 оны 12-р сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй, уг гэрээнүүдтэй холбоотой баримт бичиг гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байна.
5.Гэрч А. шүүх хуралдаанд: ... Би 2023 оны 12 дугаар сарын 27 өдөр У.*******тай хамт ******* аймгийн ******* сум Зүүн хараад байсан. У.******* энэ IPhone 15 Pro mах гэдэг утсыг худалдаж аваагүй. Тухайн үед би жирэмсэн байсан. 2023 оны 12-р сарын 22-ны өдөр У.******* Зүүнхараад ирсэн. 12-р сарын 25-ны өдөр би эмнэлэгт үзүүлэх байсан учраас хамт явж үзүүлсэн. 12-р сарын 27-ны өдөр манай өвөө эмээгийнд хамт байсан гэж мэдүүлжээ.
6.Зохигчийн хооронд 2023 оны 12-р сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдаагүй, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж,
-энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж,
-энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж,
-энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална гэж,
-энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж тус тус заасан зарчимд нийцэхгүй байна.
7.Талуудын маргааны зүйл У.******* дээрх зээлийн болон барьцааны гэрээг өөрийн биеэр, эд зүйл худалдах худалдан авах, зээлдэх хүсэл зоригийн илэрхийлэлээр байгуулсан эсэх талаар байна. Бусад үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Прогресскапитал ББСБ ХХК-ийн ... Манай байгууллага нь Сайн электроникс ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгч нь зохих журмын дагуу материал бүрдүүлж манай байгууллагаас зээл хүссэн бөгөөд зээл олгогдож бараагаа хүлээн авсан. Сайн электроникс ХХК нь олгогдсон зээлүүдэд давхар хяналт тавьж ажилладаг. гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгт нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн нь түүний татгалзлын үндэс болж чадахгүй бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэмж тайлбар татгалзал гаргаагүй байна.
8.Иймд дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлээд үнэлээд нэхэмжлэгч У.*******ын гаргасан нэхэмжлэлийг хангаж,
-У.*******, Прогресскапитал ББСБ ХХК нарын хооронд 2023 оны 12-р сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч У.*******ын зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэл болон түүхийг арилгахыг хариуцагч ******* ББСБ ХХК-д даалгаж шийдвэрлэлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4-т зааснаар нэхэмжлэгч У.*******ын гаргасан нэхэмжлэлийг хангаж, У.*******, ******* ББСБ ХХК нарын хооронд 2023 оны 12-р сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ-231205069 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч У.*******ын зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэл болон түүхийг арилгахыг хариуцагч ******* ББСБ ХХК-д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН