| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2411015840335 |
| Дугаар | 2026/ДШМ/135 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/135
2026 01 29 2026/ДШМ/135
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Баасанбат, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Лхагвадорж,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2594 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2411015840335 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-ийн Б-, ........, ял шийтгэлгүй, /РД: Б-/;
Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Яргайтын богино зуслангийн задгай тоотод иргэн С.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 6,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.М-ад, 102,800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /РД:6263305/-т тус тус олгож, хохирогч С.М- нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 /хоёр/ ширхэг сиди, шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн 1 /нэг/ ширхэг сиди зэргийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтыг үнэлж Б.Б-ийг гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Хүчингүй болгосон журам үндэслэж дүгнэлт гаргасан учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх агуулга бүхий өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн аваагүй болно...” гэсэн байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг 2024.09.25-ны 950 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Уг дүгнэлтийн 4 дэх хэсэгт “...хохирлын зэрэг тогтоох журам 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн байдаг билээ. Гэвч 2024.05.21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар Монгол улсын эрүүл мэндийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ыг баталсан билээ. Уг тушаалын 3-т “Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216, 422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.” гэж зааж өгсөн. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд 2024.09.25-ны өдрийн байдлаар "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам" нь хэрэгжиж эхэлсэн байхаар байна. Гэтэл шинжээч нь хүчингүй болсон буюу "Гэмтлийн зэрэг ашиглаж хохирогчийн гэмтлийг тогтоож, шүүх дээрх дүгнэлтийг үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
2. Нэмэлт шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн нэмэлт өвчний талаар хийгдсэн шинжилгээ болохыг шинжээч нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтдээ онцолсон байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс анхны шинжээчийн дүгнэлт буюу 2024.06.11-ний өдрийн дүгнэлтийн дараа буюу 2024.06.13-ны өдөр “Мед траум” эмнэлэгт үзүүлсэн баримтыг нэмэлт шинжилгээнд хүргүүлснийг шинжээч эмч нь нэмэлт шинжилгээнд ирүүлсэн материал гэж дүгнэлтийн 2-р хэсэгтээ онцолсон байна. Тухайн хохирогчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслээд нэмэлт дүгнэлтээр хохирогчийн дээд баруун, зүүн 1-р шүдний хугарал нэмэгдсэн бөгөөд үүнийг шинжээч дүгнэлтийн 1-т нэмж оруулсан нь тухайн дүгнэлтээс тодорхой харагддаг. Нэмэлт шинжилгээний дүгнэлтээр хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг тогтоогоогүй болно. Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2594 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул хүчингүй болгож, Б.Б-ийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хадам ээжийн хашааг эргэхээр нөхөр бид хоёр очсон. Хамар хашааг нь буулгачихсан байсан ба байшингийн хажуу талд хохирогч эрхтнээ гаргаад шээж байсан. Би шаардлага тавьсан. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт хүчингүй болсон журам баримталсан гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч өөрөө оролцсон. Ингэхдээ яагаад хүчингүй болсон журам баримталсан талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд журамд өөрчлөлт орсон боловч Шүүх шинжилгээний ерөнхий газар албан ёсоор журам ирээгүй байсан учраас хуучин журмыг баримталж дүгнэлт гаргасан гэдгээ тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих зүйлсийг нотолж тогтоосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Яргайтын богино зуслангийн задгай тоотод иргэн С.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.М-ын "... О-тай хамт ажиллаж байсан хүн нь манай хөрш айлын хашаанд шээсэн гэсэн. Тэгээд хөрш айлын эзэн авгай хашаа руу нь хүн шээсэн гээд тухайн хүнтэй маргаад манай хашаанд орж ирсэн. Тэр үед гар утсаараа миний нүүрэнд тулгаад бичлэг хийгээд эхэлсэн бөгөөд би нүүрээ хааж, дараа нь бичлэг хийхийг болиулах гэхэд надтай маргалдсан. Тухайн үед тэр хөрш айлын эмэгтэй миний нүүр лүү гараараа самардаад байсан бөгөөд өөрийнхөө гар утсаар миний нүүрний хэсэгт цохих үед миний үүдэн хоёр шүд уначихсан юм. Тэр үед хамрын хэсгээр хөндүүрлээд шокт ороод доош суусан. Тэгээд намайг доош суусан байхад тэр эмэгтэй зүүн гар талаас цохиод байсан ба хэсэг хөндийрөхөөр нь босоод зугтаасан..." /хх 35-39/,
гэрч Б.Ц-ийн "... Би 2024 оны 05 дугаар сард өөрийн аав болох Б-тай хамт Г- гэх хүний ажиллуулж байсан хоёр ажилчных нь нэг нь хажуу айлын хашаанд бие засаж байхад нь тухайн айлын эзэн гэх эмэгтэй, эрэгтэй ирж таарсан. Тэгээд тухайн айлын эхнэр гэх хүн ирээд Г- гэх хүн рүү бичлэг хийгээд нохой Гончиг гээд уурлаад хашхираад байсан. Тэгсэн Г- гэх хүний эхнэр гэрээсээ гарч ирээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд тухайн үл таних эмэгтэйтэй маргалдаад байсан. Тэгсэн нөгөө үл таних эмэгтэй Г- гэх хүний эхнэрийн гар утсыг унагаад үсдэж доош нь дараад дээрээс нь цохиод байсан..." /хх 42-43/,
гэрч Ц.Г-гийн "...хөрш айлын эмэгтэй О-тай хамт ирсэн эрэгтэйг хашаанд нь шээлээ гэж маргалдаад над руу уурлаад байсан. Би болон нөгөө хашаанд нь бие зассан гэх хүн бид хоёр зөндөө уучлалт гуйж учрыг олох гэж хичээсэн. Манай эхнэр М- намайг загнуулж байхад гарч ирсэн бөгөөд тэр үед хөрш айлын эмэгтэй бичлэг хийгээд байгаа бололтой гар утсаа гаргаад хэл ам хийгээд байсан. Манай эхнэр М- тухайн эмэгтэйтэй очиж уулзаж байхад гэнэт нүүр лүү цохиод байсан бөгөөд М- доошоо газарт суухад нь дээрээс нь өшиглөөд байсан ба би хашааны гадна байсан болохоор зайтай байсан тул Б- ойрхон байхаар нь "наадахаа салгаарай" гэж хэлээд салгуулсан..." /хх 49-50/,
гэрч Э.Б-ын "...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ц-ийн хамт Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн задгай тоотод найз Г-гийн гэрт очсон. Тэдний хашаанд ирэхэд 2 ажилчин аваад хашааныхаа доор хундам цутгуулж байсан. Тэгсэн хойд талын хашаанд амьдардаг хүмүүс бололтой нэг эмэгтэй хашаанд орилж орж ирээд манай хашаа руу танай хүн шээлээ гээд Г-г элдэв муу үгээр хараагаад байсан. Тэгсэн М- гэрээс гарч ирээд тухайн хүүхэн дээр очоод тэр хоёр хоорондоо маргасан ба тухайн эмэгтэй М-ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод газарт унагачихаар нь би очиж салгасан..." /хх 58-59/,
шинжээч эмч С.Чулуунхүүгийн “...Эхний дүгнэлтээ гаргаж байх үед хуучин “Гэмтлийн зэрэг тогтоох журам” хэрэгжиж байсан. Дараагийн нэмэлт шинжилгээг “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох журам”-аар гарсан. Журам өөрчлөгдлөө гэхэд үндсээрээ шинэчлэгдэнэ гэж байхгүй, нэр томьёоны хувьд өөрчлөлт орсон болохоос үндсэн шалгуурууд нь адилхан. Хоёр тогтоосон гэмтлийн зэрэг хоёулаа ижилхэн гэж ойлгож болно. Шинэ журам 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 11,21 буюу дээд баруун, зүүн үүдэн хоёр шүдийг хэлдэг. Энэ шүдний гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Өвдөгний холбоосны урагдал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 8 дугаар хавирганы далд хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь бүх үйлчлэлээр үүсэж болно. Жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл нь ихэвчлэн биеийн жингээр унах үед хөшигдөх гэх мэт үйлчлэлээр үүсдэг. Бусад гэмтлүүдийн тухайд цохигдох, унах аль аль нь ч байж болно...” гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7745 дугаартай "...С.М-ын биед зүүн 8 дугаар хавирганы далд хугарал, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих цохигдох, өшиглөгдөх, унах үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх 65-66/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 950 дугаартай "...С.М-ын биед зүүн 8 дугаар хавирганы далд хугарал, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, цээжинд цус хуралт, дээд баруун, зүүн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих цохигдох, өшиглөгдөх, унах үйлчлэлээр, бусадтай ноцолдох, тэмцэлдэх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2024.05.27-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх76-78/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Б.Б-ийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Лхагвадоржоос “... шинжээч нь хүчингүй болсон “Гэмтлийн зэрэг тогтоох журам” ашиглаж хохирогчийн гэмтлийг тогтоож, шүүх дээрх дүгнэлтийг үндэслэж үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Б-ийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэгт хохирогч С.М-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2 удаагийн дүгнэлт гарсан байна.
Тодруулбал, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7745 дугаар дүгнэлтийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмыг буюу хүчингүй болсон журмыг баримталж, хохирогч С.М-ын биед тус журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон талаар дүгнэжээ.
Гэсэн хэдий ч 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч “С.М-ын биед учирсан хохирлын зэрэг тогтоох зорилгоор урд гаргасан шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн бичиг баримттай танилцан шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээ”-г хийж, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 950 дугаар дүгнэлтээр “С.М-ын биед учирсан гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн тул уг нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн дээрх дүгнэлт гаргасан шинжээч С.Чулуунсүхэд хууль сануулж, мэдүүлэг авахад тэрээр “... миний гаргасан 1 дүгнэлт нь шинээр баталсан Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр баталсан Эрүүл мэндийн сайд, УЕП, Хууль зүй дотоод хэргийн сайд нарын хамтарсан А/225, А/153, А/85 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримталж гаргасан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан дүгнэлт нь шинэ журам батлагдсан боловч хэрэгжиж эхлээгүй байсан болохоор хуучин журмаа баримталж гаргасан. ...” хэмээн тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан шинэ, хуучин журмуудад “...өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал буюу өвдөгний үений гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах”-аар аль аль журамд нь тусгагдсан байх тул хохирогчид учирсан гэмтлийн зэрэгт маргах хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Б.Б- нь хашаа руу нь хүн шээсэн гэх үндэслэлээр С.М-тай маргалдаж, түүний нүүр лүү цохисон, доош суухад бие хэсэгт нь өшиглөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудалд үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах боломжгүй юм.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2594 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2594 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ