Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 611

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Ц.Д, С.Х, С.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Гангантөгс, Н.Болормаа,

хохирогч Ж.Жтүүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ________нарт холбогдох эрүүгийн ______дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Шүүгдэгч Ц.Д нь С.С, С.Х нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төвийн гадна талбайд хохирогч Ж.Ж-ыг өөрийг нь өмнө нь зодсон хүнтэй андууран маргалдаж, улмаар түүнийг газар унаган өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах,

 

Шүүгдэгч С.Х нь Ц.Д, С.С нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төвийн гадна талбайд хохирогч Ж.Ж-ыг Ц.Дыг өмнө нь зодсон хүнтэй андууран маргалдаж, улмаар түүнийг заамдан нүүрэн тус газар нь мөргөж унаган цохих, газарт унаган өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах,

 

Шүүгдэгч С.С нь С.Х, Ц.Д нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төвийн гадна талбайд хохирогч Ж.Ж-ыг Ц.Дыг өмнө нь зодсон хүнтэй андууран маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Дын өгсөн:

            “...2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би хорооллын эцсийн Тэс петролиум колонкийн баруун талд байдаг караокед Б, С хоёртой шөнийн 00 цагын үед ороод шөнийн 2 цаг 50 минутын үед би тамхи татах гээд ганцаараа гараад хорооллын эцсийн тэнд байдаг ТҮЦ руу явж очиж тамхи авчихаад явган хүний замаар гараад уруудаад явж байхад А төвийн яг урд талын замын хажууд хар машинтай хүмүүс бууж ирээд чи яаж байгаа юм гээд намайг хавирч унагаад өшиглөсөн нүүрлүү дух руу толгой тархи руу өшиглөсөн тэгээд би босоод А төвийн хажууд байрлах Формула гэсэн бичигтэй байшингийн урд очоод С, Х ах хоёр луу утасдаж хүнд зодуулчихлаа намайг ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд эхлээд С над дээр ирсэн. Дараа нь Х ах над дээр ирээд чамайг ямар хүмүүс зодсон юм гэхэд нь машинтай хүмүүс намайг зодсон гэж хэлсэн. С миний нүүрийг арчаад байж байхад Х ах нэг хүнийг нь зуурчихсан зогсож байсан. Х ахыг зуурчихсан байсан хүн намайг зодсон хүнтэй адилхан харагдсан тэгээд би очоод тэр хүнийг өшиглөж цохьсон...” гэх мэдүүлэг /хх-н 65-67, 123-124/,

        

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Хгийн өгсөн:

            “...Би Улаанбаатар хотод ирээд гэртээ унтаж байхад надруу Д яриад би зодуулчихлаа гэсэн. Хаана байгааг нь асуухад хорооллын эцэст байна гэхээр нь би гэр ойрхон байсан учир Длуу очсон. Дын духнаас нь цус гарчихсан сууж байсан. Дын хажууд нэг хүн байхаар чи яах гэж хүүхэд зодож байгаа юм гээд тэр хүнийг барьж авсан. Тэр хүн нь би биш гээд байсан. Тэр хүн надаас зуураад байхад Д ирээд тэр хүнийг өшиглөсөн. ....Ж-ыг явуулахгүй гэж зулгаах үед би нэг удаа нүүрлүү нь түлхсэн. Би Ж-ы нүүрлүү цохиогүй 2-3 удаа түлхсэн...Д нүүр лүү нь нэг удаа цохисон...2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 68, 119-120/,

         

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Сгийн өгсөн:

            “...Бид 2 пиво уугаад байж байхад Д ганцаараа гараад явсан байсан. Эргээд удаагүй Д хүнд зодуулчихлаа гээд цус болчихсон орж ирсэн. Д бид хоёр зодсон хүнийг нь олох гээд явсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байсан байх БГД-ийн 9-р хороо А төвийн гадаа Х ах нэг хүнийг энэ мөн үү гээд зуурчихсан байсан. Тэгээд Д тэр хүнийг мөн гээд заагаад байсан. Х ах тэр хүнийг явуулахгүй гээд зуурсан байсан. Тэгж байхад Д очоод тэр хүнийг өшиглөөд цохьсон юм. Би тэр хүнээс Х ахыг салгаад аваад явсан. Бид гуравыг цааш явахад араас дагаад байхаар нь би эргэж тэр хүн рүү очоод яах гээд байгаан гээд түлхсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 63, 134-135/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Ж-ы өгсөн:

            “...2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагын орчимд би Баянбулаг авто сургуулийн хажуу талын А төвийн караокегоос найзыгаа авах гэж машинтайгаа караокены гадна очсон боловч хаалга нь цоожтой байсан тул буцаад машин руугаа явж байтал үл таних 3 залуу доороос ирж яваад үгийн зөрүү байхгүй нэг нь намайг заамдаж авахаар нь би миний дүү учраа ол та нар юун хүмүүс вэ хэлэхэд намайг заамдсан ногоон цамцтай залуу шууд мөргөж унагаагаад цохьсон дараа нь чирч миний машин байсан газрын тэнд аваачиж дахин гурвуулаа нийлж зодсон. Ингэж зодуулсны улмаас миний дээд уруул сэтэрч 6 оёдол тавиулсан. Мөн миний хийлгэсэн байсан 4 хиймэл шүд хугарч унасан. Хиймэл шүднүүдийг хооронд нь холбоос хийж суулгасан авдаггүй шүднүүд байсан одоо энэ шүднүүд бүгд унасан. Холбоос хийсэн нэг шүдэнд хөдөлгөөн орсон одоо өвдөж байгаа. Одоогоос 13 жилийн өмнө хамрынхаа ясыг хугалж янзлуулж байсан гэтэл сая зодуулснаас болж хамар эргээд хэвээ алдсан. Миний өмсөж байсан хувцаснууд, цамц, куртик нь урагдчихсан нил цус болчихсон байгаа. Өмд бас цус болчихсон байгаа. Миний хувьд маш их гомдолтой байгаа. Миний уруул хэзээ ч хуучин шигээ бүтэн болж чадахгүй. Би зодуулснийхаа дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлж 6 оёдол тавиулсан, мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн...тэр гурван залууг хэн гэдгийг ямар шалтгаанаар намайг зодсныг мэдэхгүй би хүнтэй маргалддагггүй сүүлийн 2 жил архи огт уугаагүй. Улаан куртиктэй залуу намайг зодоогүй гэж хэлчихээд дараа нь хүнтэй андуурч зодсон байна гэж хэлсэн...Намайг улаан куртиктэй, ноосон цамцтай, эрээн куртиктэй гурван залуу л зодсон болохоос яг царай зүсээр нь хэлж мэдэхгүй байна...тэр гурван залуу намайг зодчихоод доошоо зугатагаад явсан намайг араас дагавал ална шүү гэж хэлсэн би тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-25/,

 

    Мөрдөн байцаалтад гэрч Б.Ч-ий өгсөн:

“..2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04 цагийн үед нэг зодуулсан байдалтай ах орж ирээд танай үүдэнд камер байдаг уу гэсэн би байгаа гэхэд гарч яваад цагдаатай буцаж орж ирээд зодооны бичлэгийг цагдаа орж ирж үзсэн. Камерын бичлэгээс үзэхэд 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө шөнийн 03 цагийн үед манай төвийн баруун урд буланд нэг залууг эхлээд нэг залуу зодож байснаа дараа нь 2 залуу ирээд тэрний нэг залуу нь эхний зодсон залуутай нийлээд нэг залууг зодож байсан бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 38-40/, 

 

  Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн:

“...2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1037 дугаартай дүгнэлтэнд иргэн Ж-ы биед учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх үүссэн гэдэг нь үзлэгийн хэсэгт оёдол тавьсан гэж бичсэн байгаа. Дүгнэлт хэсэгт уруулын шарх гэж бичнэ, оёдол гэж бичдэггүй юм. Хамрын хугарал нь компьютерын шинжилгээгээр шинэ хуучин гэмтэл гэдэг нь хамар хуучин хугаралтай байсан. Шинэ хамрын хугарал гэмтэл тогтоогдсон гэсэн үг юм. Уруул хавдсан, уруулын шарх шүд хөдөлсөн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хамар ясны хугарал баруун сарвууны ар гадаргуу хавдсан гэмтэл нь тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсдэг. Эдгээр бүх гэмтэл нь 3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн _________ тоот: 

1. Ж.Ж-ы биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зулай, баруун сарвуу, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дээд үүдэн зүүн 3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 43/,

- Хохирогч гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хх-н 40/,

  • Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-20/,

 

Шүүгдэгч Ц.Д, С.Х, С.С нарын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 104, 108, 112/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 103, 107, 111/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 105, 113/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

            Өмгөөлөгч Н.Болормаа, Д.Гангантөгс нар шүүхийн хэлэлцүүлэгт дараах саналыг гаргаж мэтгэлцлээ: шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Камерын бичлэгээс хохирогчид гэмтэл учруулсан эсэх нь хамгийн их эргэлзээтэй хүн нь шүүгдэгч С гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч С.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

Хохирогч өөрт учирсан гэмтлийг хэн учруулсан талаар “...Би эрүүл байсан. Д эсвэл эрээн куртиктэй залуу хоёрын нэг нь учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх-25х/,

гэрч Ц.Дын “...С бол салгасан цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-9/,

шүүгдэгч С.Сгийн “...Би тэр хүнээс Х ахыг салгаад аваад явсан. Бид гуравыг цааш явахад араас дагаад байхаар нь би эргэж тэр хүн рүү очоод яах гээд байгаан гээд түлхсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 63, 134-135/,

гэрч Б.Ч-ий “...манай төвийн баруун урд буланд нэг залууг эхлээд нэг залуу зодож байснаа дараа нь 2 залуу ирээд тэрний нэг залуу нь эхний зодсон залуутай нийлээд нэг залууг зодож байсан бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-38-40х/ зэргээс үзэхэд 2 залуу хохирогч Ж.Жаргалсайхныг зодсон талаар мэдүүлсэн байна. Түүнчлэн  шүүгдэгч С.С нь хохирогчийг цохиж гэмтэл учруулаагүй талаарх гэрч Ц.Дын мэдүүлэг, шүүгдэгч С.Сгийн мэдүүлэг, шүүгдэгч С.Сг өөрт нь гэмтэл учруулсан талаарх хохирогчийн эргэлзсэн мэдүүлэг зэрэг нь хавтас хэрэгт авагдсан Сиди бичлэгээр давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн Сиди бичлэгт шүүгдэгч С.С нь зодооныг салгасан үйлдэл хийж байгаа нь харагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч С.Сг гэм буруугүйд тооцож түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Сгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Д нь С.Хтэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төвийн гадна талбайд хохирогч Ж.Ж-ыг өөрийг нь өмнө нь зодсон гэх шалтгаанаар газарт унаган өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Дын “.... Дараа нь Х ах над дээр ирээд чамайг ямар хүмүүс зодсон юм гэхэд нь машинтай хүмүүс намайг зодсон гэж хэлсэн. С миний нүүрийг арчаад байж байхад Х ах нэг хүнийг нь зуурчихсан зогсож байсан. Х ахыг зуурчихсан байсан хүн намайг зодсон хүнтэй адилхан харагдсан тэгээд би очоод тэр хүнийг өшиглөж цохьсон...”...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч С.Хгийн “....Дын хажууд нэг хүн байхаар чи яах гэж хүүхэд зодож байгаа юм гээд тэр хүнийг барьж авсан. Тэр хүн нь би биш гээд байсан. Тэр хүн надаас зуураад байхад Д ирээд тэр хүнийг өшиглөсөн. .... Д нүүр лүү нь нэг удаа цохьсон...2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

        шүүгдэгч С.Сгийн “...2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байсан байх БГД-ийн 9-р хороо А төвийн гадаа Х ах нэг хүнийг энэ мөн үү гээд зуурчихсан байсан. Тэгээд Д тэр хүнийг мөн гээд заагаад байсан. Тэгж байхад Д очоод тэр хүнийг өшиглөөд цохьсон юм...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Ж.Ж-ы “...машин руугаа явж байтал үл таних 3 залуу доороос ирж яваад үгийн зөрүү байхгүй нэг нь намайг заамдаж авахаар нь би миний дүү учраа ол та нар юун хүмүүс вэ гэж хэлэхэд намайг заамдсан ногоон цамцтай залуу шууд мөргөж унагаагаад цохьсон дараа нь чирч миний машин байсан газрын тэнд аваачиж дахин гурвуулаа нийлж зодсон....” гэх мэдүүлэг,        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 1037 тоот дүгнэлт, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар,

           Шүүгдэгч С.Х нь Ц.Дтай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” төвийн гадна талбайд хохирогч Ж.Ж-ыг Ц.Дыг өмнө нь зодсон хэмээн маргалдаж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болон нь:

 

шүүгдэгч С.Хгийн “....би гэр ойрхон байсан учир Длуу очсон. Дын духнаас нь цус гарчихсан сууж байсан. Дын хажууд нэг хүн байхаар чи яах гэж хүүхэд зодож байгаа юм гээд тэр хүнийг барьж авсан. Тэр хүн нь би биш гээд байсан. Тэр хүн надаас зуураад байхад Д ирээд тэр хүнийг өшиглөсөн. ....Ж-ыг явуулахгүй гэж зулгаах үед би нэг удаа нүүрлүү нь түлхсэн. Би Ж-ы нүүрлүү цохиогүй 2-3 удаа түлхсэн...Д нүүр лүү нь нэг удаа цохьсон...2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг,

 

          шүүгдэгч С.Сгийн “...2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байсан байх БГД-ийн 9-р хороо А төвийн гадаа Х ах нэг хүнийг энэ мөн үү гээд зуурчихсан байсан. Тэгээд Д тэр хүнийг мөн гээд заагаад байсан. Х ах тэр хүнийг явуулахгүй гээд зуурсан байсан. Тэгж байхад Д очоод тэр хүнийг өшиглөөд цохьсон юм. Би тэр хүнээс Х ахыг салгаад аваад явсан. Бид гуравыг цааш явахад араас дагаад байхаар нь би эргэж тэр хүн рүү очоод яах гээд байгаан гээд түлхсэн юм...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Ж.Ж-ы “...машин руугаа явж байтал үл таних 3 залуу доороос ирж яваад үгийн зөрүү байхгүй нэг нь намайг заамдаж авахаар нь би миний дүү учраа ол та нар юун хүмүүс вэ хэлэхэд намайг заамдсан ногоон цамцтай залуу шууд мөргөж унагаагаад цохьсон дараа нь чирч миний машин байсан газрын тэнд аваачиж дахин гурвуулаа нийлж зодсон....” гэх мэдүүлэг,        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 1037 тоот дүгнэлт, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Д, С.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Д, С.Х нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирлын баримтуудаас 164.000 төгрөгийн баримт гэм хорын хохирлын баримт болох нь нотлогдож байх бөгөөд шүүх хуралдаанд 177.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч Ж.Жнь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлэж байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Д, С.Х нарт 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Д, С.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди хураагдсан бөгөөд битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт С-н С-д холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч _____ овогт Ц-н Д, _______ овогт С-ын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Дыг 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Хг 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д, С.Х нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хохирогч Ж.Жнь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Д, С.Х нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ