Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2021/03054/И |
Дугаар | 210/МА2022/00893 |
Огноо | 2022-05-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2022/00893
2022 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2022/00893 |
Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/02714 дугаар шийдвэртэй,
Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Б.Ө-, Б.О-, Б.Ө- нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 25,971,495 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагч Б.Ө-, хариуцагч Б.Ө-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Б.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч Б.Ө-, хамтран зээлдэгч Б.О-, Б.Ө- нар нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 22,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Тоёота Алпард маркийн суудлын автомашин болон бусад хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нар нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6,833,282 төгрөг, хүүнд 8,484,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 543,432 төгрөг нийт 15,861,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нарыг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж энэ тухай шаардлага, мэдэгдлийг хэд хэдэн удаа хүргүүлсэн ч үр дүн гараагүй.
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь үндсэн зээлийн төлбөрт 15,166,718 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 9,000,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,800,129 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гаргасан зардал 4,000 төгрөг, нийт 25,971,495 төгрөг байна. Иймд зээлдэгч Б.Ө-, хамтран зээлдэгч Б.О-, Б.Ө- нараас зээлийн гэрээний үүрэгт 25,971,495 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Тоёота Алпард маркийн суудлын автомашин болон барьцааны гэрээнд тусгагдсан бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Б.Ө-, Б.Ө-, Б.О- нар 2019 оны 09 дүгээр сараас аялал зуучлалын Гэрэлт Оюу Дэлгэрэх ХХК-ийг үйл ажиллагаа эрхэлж байсан, Ковид-19 вирус гарснаар компанийн үйл ажиллагаанд асуудал үүсч зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Т ББСБ-д хэд хэдэн удаа бичгээр хүсэлт өгч байсан ба нэг ч удаа хүү зогсоох, бууруулах тал дээр арга хэмжээ авч өгч байгаагүй.
Т ББСБ-ын нэхэмжилсэн үндсэн мөнгө 15,166,716 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Учир нь Ковид-19 вирусийн үеийн нөхцөл байдлаар нэг ч удаа хүү зогсоож, зээл хөнгөлөх талаар шийдэж өгөөгүй ба улсаас хүртэл ББСБ-ыг хүүгээ зогсоох шийдвэр гарсан ч харгалзан үзээгүй. Иймд бид зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар бууруулах хүсэлтэй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ө-, Б.О-, Б.Ө- нараас 25,971,495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож,
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2006 онд үйлдвэрлэгдсэн, АТН10-0019109 арлын дугаартай, 71-14 УНЕ улсын дугаартай, хар өнгийн Toyota Alphard маркийн суудлын автомашин, Samsung маркийн зурагт 1 ширхэг, Sharp маркийн хөргөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг, эргэлтийн хөрөнгө зэрэг хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,008 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-, Б.О-, Б.Ө- нараас улсын тэмдэгтийн хураамжид 358,008 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б.Ө-, Б.О- нар 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Т ББСБ тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сар бүр төлөлт хийж явж байгаад 2019 оны 9 сараас манай аялал жуулчлалын чиглэлтэй компани нь дампуурч, мөн Ковид 19 цар тахал гарч, үйл ажиллагаагаа зогсоосон, мөн компани өр төлбөрт орсон.
Бид Т ББСБ-аас удаа дараа хүүгээ зогсоож өгөхийг хүссэн боловч бидний хүсэлтийг авч хэлэлцээгүй. Үндсэн зээл болох 15,166,718 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр 9,000,647 төгрөгийн 50 хувь болох 4,500,323 төгрөгийг төлж, 50 хувь болох 4,500,323 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн нэмэгдүүлсэн хүү болох 1,800,129 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Зээлийн хүүг 50 хувь бууруулах боломжтой эсэх талаар зээлийн хорооны гишүүдээс асуусан боловч зээлийн хүүг бууруулах, эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасны дагуу шүүхээс зээлийн хүүг бууруулах боломжтой. Гэхдээ 2019 оны 9 дүгээс сараас хойш компанийн үйл ажиллагаа доголдсон эсэх, хариуцагч эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх нь баримтаар тогтоогдсон байх ёстой. Хариуцагч нар нь энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Хэрэгт компанийн гэрчилгээний хуулбар болон итгэмжлэл авагдсан. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хангаж, хууль хэрэглээ болон хуулийн нэрийг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Ө-, Б.О-, Б.Ө- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,971,495 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.а. Т ББСБ ХХК болон Б.Ө-, Б.О-, Б.Ө- нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр автомашин худалдан авах зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т ББСБ ХХК нь 22,000,000 төгрөгийг автомашин худалдах авах зориулалтаар зээлдэгч Б.Ө-, Б.О-, Б.Ө- нарт шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг нэг сарын 2,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай төлөх үүрэг хүлээсэн. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.б. Зээлийн гэрээний 1.1.1-т Зээлийн хүү сарын 2.7 хувь гэж, 1.1.10-т Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж тохиролцсон. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй боловч уг алдааг залруулах боломжтой тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэв.
3.в. Зээлдүүлэгч нь 22,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн, зээлдэгч нь дээрх гэрээний үүрэгт 15,861,000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний үүргийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргийг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс зөрчсөн талаар талууд маргаагүй байна.
3.г. Зээлдэгч нар Ковид-19 цар тахлын улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон, зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Б.Ө- нь 2 удаа буюу 2019 оны 08 дугаар сарын 13, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт нь зээл төлөх үүргийн зөрчлөө арилгах агуулгатай байна. Иймд зээлийн хүүг зогсоолгох тухай хүсэлтийг Т ББСБ ХХК-аас удаа дараа авч хэлэлцээгүй гэх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.
3.д. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалж, хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 15,166,718 төгрөг, зээлийн хүү 9,000,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,800,129 төгрөг, нийт 25,967,495 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
3.е. Урт хугацаатай гэрээг цуцалж хохирол шаардах эрхийн зохицуулалт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт заасныг үндэслэж мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх дүгнээгүй орхигдуулсныг залруулав. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 451-453, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зээлийн хүүг бууруулах зохицуулалтад хамаарахгүй.
4.а. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар нотариатын зардал 4,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.
5.а. Т ББСБ ХХК болон Б.Ө-, Б.О-, Б.Ө- нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байна. Гэрээгээр 2006 онд үйлдвэрлэгдсэн, АТН10-0019109 арлын дугаартай, 71-14 УНЕ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Алпард маркийн суудлын автомашин, Самсунг маркийн зурагт 1 ширхэг, Шарп маркийн хөргөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг, эргэлтийн хөрөнгийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т ББСБ ХХК-д барьцаалсан. Уг гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
5.б. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийн зохицуулалт нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дугаар зүйлийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны шаардах эрхийн зохицуулалт хэрэглэсэн нь буруу болсон, уг алдааг залруулах боломжтой.
5.в. Анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэнийг залруулж, шийдвэрийн 2 дахь заалтад найруулга оновчгүй болсныг залруулна.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/02714 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ө-, Б.О-, Б.Ө- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2006 онд үйлдвэрлэгдсэн, АТН10-0019109 арлын дугаартай, 71-14 УНЕ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Алпард маркийн суудлын автомашин, Самсунг маркийн зурагт 1 ширхэг, Шарп маркийн хөргөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин, эргэлтийн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА