| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2422001950147 |
| Дугаар | 2026/ДШМ/02 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/02
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Энхтулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахим/
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2422001950147 тоот хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД: *******);
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын “” сургуулийн эмчээр томилогдон ажиллахын тулд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Анагаах ухааны сургуулийг “хүний их эмч” мэргэжлээр суралцан төгсөөгүй атлаа 2023 онд төгссөн гэх 0202313497 дугаартай “боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Дундговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын “” сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны Б/49 дугаартай тушаалаар томилогдон 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
1. Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие өөрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргаагүй, сайн дураар гэм буруугаа зөвшөөрсөн. Мөн хохирогч байгууллага болох сургуулиас хохирол нэхэмжлээгүй. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Иймээс гэм буруугаа зөвшөөрсөн байдал, хэргийн хор уршиг, хохирол төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Бид анхан шатны шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар гэм буруугийн тал, хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон зүйл байхгүй. Давж заалдах гомдол гаргаж байгаа гомдлын зорилго бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх зорилгоор манай үйлчлүүлэгч гомдол гаргасан. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн нөхцөл байдлыг харж давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учир энэ нөхцөл байдлуудыг харгалзаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Хэргийн нөхцөл байдал 2024 оны 09 сарын 04-ны өдрөөс 2024 оны 10 сарын 31-ний өдрийн хооронд хуурамч дипломоор ажил хөдөлмөр эрхэлсэн гэдэг асуудал яригддаг. Цаашлаад хор уршиг үр дагаврын асуудал даамжирч удаан хугацаанд үргэлжлээгүй асуудал байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон сургуулиас ямар нэгэн хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Бид давж заалдах гомдол гаргасан хугацаанд хохирлыг төлье гэхэд төрийн сангийн байгууллагын дансанд мөнгийг шилжүүлж болохгүй нөхцөл байдал үүссэн. 2 дугаарт сургуулийн удирдах албан тушаалтнуудаас хохирол төлбөр авахгүй гэдэг асуудал яриад байсан учир бид хохирол төлбөр төлж давж заалдах шатны шүүхээр ороогүй байгаа. Хэрэгт авагдсан баримтаар ямар нэгэн хохирол төлбөргүй гэж үзэх нөхцөл байдал үүсэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон манай үйлчлүүлэгчийн бага насны хүүхэдтэй хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн хэр хэмжээ гэх нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
4. Прокурор Н.Энхтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан дээр дипломыг бусдаас худалдаж авсан бөгөөд боловсролын яамны албан ёсны бүртгэлд бүртгэгдсэн гэж ойлгосон тул гэм буруугүй. Тухайн дипломыг үйлдсэн хүнийг шалгах ёстой тухайн хүн гэм буруутай гэж хэргийн үйл баримт гэм буруугийн талаар маргаж оролцсон. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын хяналтын шат мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд улмаар анхан шатны шүүх гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл болохгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээ болон мөн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.7 дугаар зүйлд заасан болзол шаардлагыг хангасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэх шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан олгосон эрх хэмжээний асуудал юм. Дотоод итгэл гэх энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хэсэгт дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй мөн бага насны хүүхэдтэй эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэргийг харгалзсан. Түүний хөдөлмөрлөх болон зорчих эрхийг хөндөхгүйгээр торгуулийн ял оногдуулах талаар дүгнэлт хийсэн байна. Өмгөөлөгч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хүсэлт гаргасныг шүүхээс хохирогч өөрт нь учирсан хохирлоо нэхэмжлэхээсээ татгалзсан. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх уг саналыг хүлээн аваагүй талаар дүгнэлт хийсэн байна. Ингэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Холбогдсон хэргийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед анхнаас нь буюу прокурорын хяналтын шатанд гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой зүйл анги. Гэсэн хэдий ч хуулийн шаардлагыг хангаагүй байгаа нь хэрэглэх боломжгүй байна. Өмгөөлөгч хохирол хор уршиг учраагүй гэж тайлбарлаж байна. Хохирол хор уршиг эрсдэлтэй талаас яривал хүний эрүүл мэндтэй холбоотой ажил хийж байсан. Нийгмийн хор аюулын шинж чанараар хохирол хор уршиг учраагүй гэж үзэх нь дутагдалтай гэж үзэж байгаа. Мөн хувийн байдал буюу 2 хүүхэдтэй гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан. Шүүх саналын хүрээнд шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зүйл тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Ийм учир Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 17-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******д холбогдох 2422001950147 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын “” сургуулийн эмчээр томилогдон ажиллахын тулд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Анагаах ухааны сургуулийг “хүний их эмч” мэргэжлээр суралцан төгсөөгүй атлаа 2023 онд төгссөн гэх 0202313497 дугаартай “боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Дундговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын “” сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны Б/49 дугаартай тушаалаар томилогдон 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ашигласан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн.
Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд уг хэрэг нотлогдсон гэж дүгнэн холбогдох нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан байна. Тухайлбал:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би АШУҮИС /Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 2016-2022 оны хооронд 4 жил суралцсан, дунд нь хүүхдээ төрүүлэх гээд 2 жилийн чөлөө авсан, уг сургуульд 6 жилийн хугацаатай суралцаж төгсдөг гэдгийг мэднэ. Би 6 жил суралцаагүй...” /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ гэж мэдүүлжээ..
Уг хэргийн талаар хэрэгт хохирогчоор тогтоогдсон Дундговь аймгийн ******* сумын “” сургуулийн нягтлан бодогч мэдүүлэгтээ: “******* гэх хүн манай сургуульд эмчээр ажиллаж байсан юм. ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын тушаалаар 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус сургуульд эмчээр томилогдон ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байсныг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал гарч ажлаа өгсөн. ******* нь эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын (ТҮЭМ-5) шатлалаар цалинжиж байсан ба 2024 оны 09 дүгээр сарын 04- ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 3,340,000 төгрөгийн цалин гар дээрээ авч байсан. Тухайн хүний цалин хөлсийг өөрийнх нь өгсөн арилжааны банкны данс буюу Хаан банкны 5031863170 тоот дугаарын дансанд ******* сумын Төрийн сангаас гүйлгээ хийгдэж ордог байсан. ... ******* манай байгууллагад ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэж байсан учир манай байгууллагаас ажиллах хугацаандаа авсан цалин болох 3.340.000 төгрөгийг нэхэмжлэхгүй болно” гэжээ /хх-ийн 23-33-р хуудас/
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Оюутны хөгжил, удирдлагын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай албан бичигт “Дундговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулиас манай сургуулийн төгсөгч гэх ******* овогтой ******* нь /РД: *******/ Э202313497 дугаартай дипломын лавлагаа авах хүсэлт албан ёсоор ирүүлсэн байна. ******* нь манай сургуулийг төгсөөгүй, тодорхойлолт, дипломыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй тул хуульд заасны дагуу шалгаж, шийдвэрлэж өгнө үү” гэж, / хх-ийн 11-р хуудас,
******* овогтой *******ын гэх /РД: *******/ 0202313497 дугаартай Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийг бакалаврын зэрэгтэй “Хүний их эмч” мэргэжлээр төгссөн гэх хуурамч дипломыг хураан авсан прокурорын тогтоол, хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд хавтаст хэргийн 19-23-р хуудсанд,
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ДУА0125/022 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 0202313497 дугаартай *******ын *******ын "БАКАЛАВРЫН ДИПЛОМ" гэх баримт болон шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн 0202307269 дугаартай "БАКАЛАВРЫН ДИПЛОМ" гэх баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ,
Шинжилгээнд ирүүлсэн 0202313497 дугаартай "БАКАЛАВРЫН ДИПЛОМ" гэх баримт нь Т.Тэмүүжингийн 0202307269 дугаартай дипломын үнэт цаас болон диплом дээрх нууцлалтай тохирохгүй байна
Шинжилгээнд ирүүлсэн 0202313497 дугаартай "БАКАЛАВРЫН ДИПЛОМ” гэх баримтыг хэрэглээний цаасан дээр энгийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч "БАКАЛАВРЫН ДИПЛОМ" байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 50-58-р хуудсанд,
Монгол Улсын Боловсролын яамны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/2041 дугаартай “... Иргэн *******ын ******* (*******) нь Боловсролын яамны дээд боловсролын удирдлага мэдээллийн системд дээд боловсрол эзэмшсэн мэдээлэл байхгүй байна. ..." гэх албан бичиг хавтаст хэргийн 75-р хуудсанд,
Дундговь аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын “” сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай “*******ыг сургуулийн эмчээр томилж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/63 дугаартай “чөлөөлсөн” тушаалууд, ажиллах хугацаандаа 3,340,000 төгрөгийн цалин авсан талаарх цалингийн тооцоо, *******ын ажлаас чөлөөлөгдөх гараар бичсэн хүсэлт, хавсарган өгсөн дипломын хуулбарууд хавтаст хэргийн 79-87-р хуудсанд тус тус авагдаж, эдгээр болон бусад нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг хангалттай тогтоосон байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч *******ын Дундговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын “” сургуулийн эмчээр томилогдон ажиллахын тулд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Анагаах ухааны сургуулийг “хүний их эмч” мэргэжлээр суралцан төгсөөгүй атлаа 2023 онд төгссөн гэх 0202313497 дугаартай “боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Дундговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын “” сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны Б/49 дугаартай тушаалаар томилогдон 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ашигласан үйлдэл нь хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Гэм буруутайд тооцогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг “Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн.
Шүүгдэгч талын давж заалдах гомдлын агуулга, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт прокурор: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрхийг шүүхэд олгосон боловч энэ тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Шүүгдэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд ийм зүйл ярьж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд гэм бурууд маргаж байсан учир гомдол үндэслэлгүй гэв.
Прокурорын ийнхүү тайлбарласан нь үндэслэлтэй бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгчөөс учирсан хохирол байхгүй учир нэхэмжлэхгүй гэснээр тухайн хэргийн хохирол, хор уршиг тодорхойлогдохгүй. Энэ нь төсвийн хөрөнгө буюу шүүгдэгчид олгосон цалингийн хэмжээгээр илрэхээс гадна төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдах байдлаар илэрсэн гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ