| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00178и |
| Дугаар | 315/ШШ2026/00166 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2026/00166
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай, МН тауэр 2 давхарт 205 тоот РД:6062725, Централ капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, ******* ******* хашаанд оршин суух, *******, ******* овогт ******* ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 456,918 (Дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун арван найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* (РД: *******) нь манай банк бус санхүүгийн байгууллагын КМОВІМИ цахим зээлийн үйлчилгээнд цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 160,000 (Нэг зуун жаран мянган) төгрөгийг 45 хоногийн хугацаатай 18,500 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх" 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт "Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх" гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан.
Уг зээлийн гэрээний эх хувь алдагдсан тул нэхэмжлэлд хавсаргах боломжгүй болсон. Гэвч зээлийн шилжүүлгийн баримт, зээлийн эргэн төлөлтийн баримт болон зээлийн үлдэгдлийн тооцооны баримтуудаар хариуцагч зээлийг авсан нь нотлогдож байна.
Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Хариуцагч ******* 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн өр төлбөрт төлбөр 160,000 төгрөг, шимтгэл 18,500 төгрөг, хүү 278,418 төгрөг, нийт 456,918 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Централ капитал ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 456,918 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК нь хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 456,918 (Дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун арван найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 955,439 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,358 төгрөгийн тал хувь 7,179 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,179 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 456,918 (Дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун арван найм) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,358 төгрөгийн тал хувь 7,179 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,179 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН