Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч О.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Загасны овогт Оюунбилэгийн Н-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805012910325 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хархорин худалдааны төвд утас завсарчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо __________тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Загасны овогт Оюунбилэгийн Н-

 

Шүүгдэгч О.Н- нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төв дотор А.Бтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  О.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч  О.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч О.Н- нь А.Бтай маргалдан улмаар зодож түүний биед тархи, доргилт, хамар ясны хугарал, баруун доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч А.Бы “... 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим байх худалдааны төвийн үйлчлэгч архи уугаад байна намайг шаардлага тавьсан чинь гарахгүй байна гэхээр нь би утас засварын цахилгаан шатны дэргэд яваад очтол 50 орчим насны 2 эрэгтэй хүн байсан. Би тэр хүмүүст энд архи дарс ууж болохгүй эндээс гар гэж хэлээд нилээд согтсон хүнийг нь хөтөлсөн явж байтал өөдөөс нэг залуу ирсэн. Тэгээд наад хүнээ тавь гэхээр нь би энд архи уулгахгүй би энэ хүнийг гаргах гэж байна гэсэн чинь тэр залуу гартаа барьж байсан аягаа шидэхээр нь би тэр аяга дагуулж хараад эргээд тэр залуу руу хартал миний нүүр рүү уг залуу гараараа 1 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

“...Миний биед Н- надад гараараа хамар руу нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Өөр хүн надад хүрээгүй. ...  Миний хувьд Н-тэй сайн дураараа эвлэрсэн. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан. Цаашид гомдол саналгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дугаар хуудас/

 

Гэрч Д.Зууннастын “...Тэгээд манай хамгаалагч А.Б тэр дээлтэй эрэгтэйг гарнаас хөтлөөд одоо та нар гар гээд хөтлөөд цаашаа эгнээгээр явж байхад О.Н- гэгч өөдөөс нь ирээд хашааны банхар минь наадахаа тавь пизда минь гэсэн. Тэгэхэд хамгаалагч энэ хүнийг би гаргах гэж явна энд архи уугаад гэж хэлсэн. Тэр О.Н- нь аягатай зүйл барьсан байж байгаад хамгаалагч А.Бы хажуу тал руу нь шидсэн. Эргээд харахад хамгаалагчийн нүүр рүү нь гараараа О.Н- гэгч нь цохисон. Хамгаалагч газар унасан. Эргээд босоход хамарнаас нь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023 тоот дүгнэлтэнд:

“1. А.Бы биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Манал оточ эмнэлгийн өвчний түүх /хэргийн 65-82 дугаар хуудас/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 84 дүгээр хуудас/

 

Яллагдагч О.Н-гийн “2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим байх би эхнэр Дэлгэрмаагаас махны мөнгө авах гээд дотогшоо яваад орж явтал Хархорин захын харуул хамгаалалтын хувцастай залуу В-1 давхарт 2 настай согтуу хүнийг олон хүмүүсийн дунд чирээд түлхээд явж байгааг хараад чи наад хүнээ яаж байгаа юм бэ аятайхан аваад явж болдоггүй юм уу гэхэд чамд хамаагүй гөлөг минь гэсэн. Тэгэхээр нь би чи яахаараа намайг гөлөг нохой болгодог юм бэ настай хүнийг ингэж шалаар чирээд авч явж болдог юм уу гээд би хамгаалагч Бтай барилцаж авсан. Ингээд бид хоёр ноцолдож байгаад нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэр үед хамгаалагч Бы хамраас цус гарсан. ... Би гараараа цохиж Бы нүүрэн тус газар гэмтэл учруулсан. Надаас өөр хүн  гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч О.Н- А.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

Шүүгдэгч О.Н- нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Хохирогч А.Бд шүүгдэгч О.Н-гээс “нийт 1.380.000 төгрөг өгсөн” тухай баримт хэрэгт цуглуулсан ба /хэргийн 92 дугаар хуудас/ хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Миний хувьд Н-тэй сайн дураараа эвлэрсэн. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан. Цаашид гомдол саналгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-44 дүгээр хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Н-гийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 56 дугаар хуудас/ урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байжээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулинд О.Н-гийн урьд үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан”, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 “Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч ... мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэмт хэргүүд нь гэмт хэрэгт тооцохгүй болсон тул түүнд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хуулиар ... гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж зааснаар О.Н-гийн эдлээгүй 2 жилийн хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Н- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч О.Н-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигийг төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  37.8 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 

                                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. О.Н-г Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.

 

2. Шүүгдэгч Загасны овогт Оюунбилэгийн Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н- торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ