Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00904

 

 

        2022         05           11                                        210/МА2022/00904

 

 

Н.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/00799 дугаар шийдвэртэй,

Н.С-гийн нэхэмжлэлтэй

Л.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 66,715,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 55,642,660 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Н.С- нь Л.Б-той садан төрлийн холбоотой тул түүний ажил төрөлд тус болж, тодорхой хэмжээгээр хүү тохиролцож мөнгө зээлдэг байсан. Энэ харилцааны явцад Л.Б- нь Н.С-гаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 27 удаагийн гүйлгээгээр нийт 53,790,000 төгрөгийг цувуулан зээлж авсан боловч зээлийг эргэн төлөөгүй.

1.2. Н.С- нь тухайн үед дээрх мөнгийг Л.Б-т зээлүүлэхдээ 15 хувийн хүүтэйгээр өгч байхаар итгэлцлийн үндсэн дээр амаар хэлцэл хийж мөнгө зээлдэг байсан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Л.Б-т караоке түрээслэх төлбөр яаралтай хэрэг болоод байна гэсэн тул 3,500,000 төгрөгийг зээлж, 1 сарын хугацаатайгаар 15 хувийн хүү төлөхөөр, хэрэв зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр үүрэг хүлээж гэрээ байгуулж, мөнгийг караокены эзэн Ю.Цэрэнхүүгийн дансаар шилжүүлэн Л.Б-т зээлийг олгосон байдаг. Тухайн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүү 525,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 5,775,000 төгрөгийн үлдэгдэлтэй боловч Л.Б- төлөөгүй байна.

1.3. Мөн Л.Б- нь Н.С-гаас мөнгөний хэрэгцээ байна гээд Хаан банкны зээлийн карт гаргуулж төлбөрийг нь би өөрөө хийнэ гэж ам өчиг өгсөн боловч мөн л төлөлгүй Н.С-г хохироосон. Зээлийн картын хуримтлагдсан үлдэгдэл болох 5,120,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Н.С- төлсөн.

Хаан банкны дансны хуулгыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 2,030,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 66,715,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Л.Б- нь Н.С-тай садан төрлийн холбоотой ба олон жилийн өмнөөс мөнгө зээлж байсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 2019 оны 2 сараас ч урьд мөнгө зээлэн төлж байсан.

2.1. Нэхэмжлэгч нь огт зээлийн гэрээ байгуулахгүйгээр cap тутам 15 хувь буюу маш өндөр хүүтэй мөнгө зээлдэг байсан бөгөөд хариуцагч ажилгүй болсон тул төлж чадахгүй болсон. Л.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний хооронд хүлээн авсан 66,715,000 төгрөгийн үнийн дүнд маргаан байхгүй, үүнээс Л.Б- нь өөрийн болон нөхөр, аав, бусдын дансаар 24,086,040 төгрөг төлсөн, 5,000,000 төгрөгт тооцож гал тогооны тавилга өгсөн, бэлнээр 2,200,000 төгрөг, нийт 31,286,040 төгрөг төлсөн, үлдэх мөнгийг төлөхөд татгалзахгүй.

2.2. Зээлсэн гэх мөнгөн дүн дээр маргахгүй ба харин нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаана ч байхгүй өндөр хүү буюу сарын 15 хувийн хүү нэхэж мөнгөн өгсөн байх ба уг хугацаанд эргүүлэн төлсөн мөнгөн дүнг хасахгүйгээр хүүндээ авч байгаа бол зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байж зээлийн хүү бодох эрхгүй, энэ хугацаанд төлсөн бүх мөнгөө хасаж бодит үлдэгдэл төлбөрийг бол төлөх болно.

2.3. Нэхэмжлэгч өгсөн мөнгийг хасаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Г.Болор, Н.С- нар нь 2016 оноос хойш нэг нэгэндээ мөнгө төгрөг зээлж явсан ба зээлийг хүүтэй гэдэг боловч зээлийн гэрээг бичгээр хийж байгаагүй бөгөөд Н.С- нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл Л.Б-т нийт 90,705,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Л.Б- буцаагаад 146,347,660 төгрөг төлсөн байдаг. Иймд 55,642,660 төгрөг илүү төлсөн байх тул зээлийн гэрээгүй өгсөн уг мөнгөний зөрүү 55,642,660 төгрөгийг гаргуулж өгнө үү. Н.С-гийн шаардсан 2019 оны 02 сараас 2021 оны 08 сарын зээл 66,715,000 төгрөгт бол хамаарахгүй, тэрнээс өмнөх зээлд илүү төлсөн мөнгө юм.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлд дурдсан дээрх мөнгөн дүнгүүд нь хэзээ хэдийд хэнээс өгсөн мөнгөний дүн гэдэг нь тодорхой бус. Тиймээс хэзээ, ямар гүйлгээний утгаар хийсэн мөнгөний зөрүү нэхэмжилж байгааг дурдаагүй байх тул тайлбар хэлэх боломжгүй байна. Үндсэн нэхэмжлэлтэй огт хамааралгүй, цаг хугацааны хувьд хамтатган тооцох нэхэмжлэл биш байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 30,111,760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,603,240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Н.С-д холбогдох 55,642,660 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л.Б-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528,805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 308,508 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Л.Б-ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 436,164 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Л.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримттай нийцээгүй.

6.1. Шүүх Л.Б-ыг нийт 29,403,240 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагчаас 31,286,040 төгрөг төлсөн, үлдэх мөнгийг төлөхөд татгалзахгүй  гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагад дурьдсан 64,685,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага болох 2,030,000 төгрөг нь нэхэмжлэгч Н.С-гаас Л.Б-т зөвхөн зээл гэсэн утгаар өгсөн мөнгө юм. Үүнээс гадна тухайлсан утгаар олон гүйлгээ хийж Л.Б-т мөнгө өгч байсан нь хэргийн материалын 126-145 дугаар талд буй дансны хуулга, фэйсбүүк дэх харилцан яриа зэргээр нотлогддог. Гэтэл шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг шүүхийн шийдвэрийн үндэс болох баримтыг орхигдуулан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг зөрчиж байна.

6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 184/ШШ2022/00799 шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүгчийн туслахаас гардаж аваад шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч тэмдэглэл гараагүй байсан ба 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсан.

6.3. Мөн шүүхээс хэргийн 126-145 дугаар талд буй нэхэмжлэгч Н.С-гаас гаргаж өгсөн Хаан банкны дансны гүйлгээний хуулгыг огт дурдалгүй орхисон атлаа, хариуцагч Л.Б-оос хэзээ, ямар дансаар, гүйлгээний ямар утгаар Н.С-д мөнгө шилжүүлснийг огт тодруулалгүй зөвхөн мөнгөн дүнг түүвэрлэж шийдвэрт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалттай зөрчилдөж байна.

Учир нь хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэл, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад ч мөн адил нотлож чадаагүй, шүүх хуралдаанд зээлийн үлдэгдэл 44,765,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлаа “нотолж чадаагүй” гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх нь ямар нотлох баримтад үндэслэж, “Н.С-гийн дансаар зээлдүүлсэн 60,940,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 20- ны өдрийн 361 тоот зээлийн гэрээний үүрэг 5,775,000 төгрөг, нийт 66,715,000 төгрөгөөс Л.Б-ын дансаар төлсөн 29,403,240 төгрөг, бэлнээр төлсөн 2,200,000 төгрөг, 5,000,000 /гал тогооны тавилга/ төгрөгийг тус тус хасаж тооцоход 30,111,760 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдов” гэсэн нь үндэслэлгүй байна.

6.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг 44,765,000 төгрөгийн хэмжээгээр хангахаар шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

 1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль баримтлалгүй орхигдуулсныг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан 2019 оны 02 сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүрэгт 66,715,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт илүү төлсөн 55,642,660 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.1. Зээлдүүлэгч Н.С- нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 27 удаагийн гүйлгээгээр 55,820,000 төгрөгийг зээлдэгч Л.Б-т шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан үндэслэл болох талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хариуцагч Л.Б- маргаагүй тул тэдгээрийн хооронд энэ мөнгөн хөрөнгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Хариуцагч Л.Б- нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан.

 

3.2. Н.С- болон Л.Б- нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр Н.С- 3,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр мөнгөн хөрөнгө шилжүүлэх, Л.Б- нь 1 сарын 15 хувиар хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн дүгнэлт хуульд нийцжээ. 

 

Зээлийн гэрээний 3.3-д “зээлийн хүү 15 хувийн хүүтэй” гэж, 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээнд хүү тогтоосон бол гэрээг бичгээр байгуулах, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 3,500,000 төгрөгт ногдох зээлийн хүү 525,000 төгрөг болон алданги 1,750,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

3.3. Мөн Н.С- нь өөрийн эзэмшлийн, Хаан банкны кредит данснаас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5,120,000 төгрөгийн зээл авч Л.Б-т шилжүүлсэн бөгөөд уг зээлийн 5,120,000 төгрөгийн төлбөрийг Н.С- “Хаан” банкинд төлсөн. Уг мөнгөн хөрөнгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцааны үүссэн талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

 

3.4. Иймд Л.Б- нь дээрх 3 зээлийн гэрээний үүрэгт 66,715,000 төгрөг төлөх  үүрэгтэй байна.

 

4. Л.Б-т нийт 29,403,240 төгрөгийг Хаан банкаар Н.С-д шилжүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 50/402 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн Н.С-гийн дансны 17 хуудас бүхий хуулгаар “Болор” гэсэн утгатай орлогын гүйлгээг үндэслэн тогтоосон байна.

 

5.1. Харин хэргийн 1 дүгээр хавтасны 126-145 дахь талд авагдсан “Хаан” банкны дансны хуулгыг нэхэмжлэгч баримтаар гаргаж өгсөн бөгөөд тайлбарлахдаа Н.С-гаас Л.Б-т шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нотолно гэжээ. Иймд энэ баримтыг үнэлж Л.Б-оос Н.С-д төлсөн төлбөрийг анхан шатны шүүх тогтоогоогүйг буруутгахгүй юм. Иймд Н.С-гийн Л.Б-т шилжүүлсэн мөнгийг баримтаар үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.2. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гарган маргаж буй тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхгүй учир анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй юм.

 

5.3 Хариуцагчийн хүсэлтээр шүүх 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШЗ2022/00647 дугаар захирамжаар “Хаан банк” ХХК-аас Н.С-гийн харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө нотлох баримт гаргах боломжгүй тохиолдолд шүүхээр бүрдүүлүүлэх эрхээ эдэлсэн байна. Иймд хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Харин сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүйг зөвтгөх нь зүйтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтална.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/00799 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар баримтлан нэхэмжлэгч Н.С-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 55,642,660 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Л.Б-ын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

                                           

ШҮҮГЧИД                                                  А.МӨНХЗУЛ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА