Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 350

 

 

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Ч.А-,

шүүгдэгч Э.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Боржигон овогт Чүлтэм-Очирын А-, Боржигон овогт ЭнхбаатарынД-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705018170232 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо ____________тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Чүлтэм-Очирын А-

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны нөхөн сэргээлтийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ,,,,,,,,,,тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Боржигон овогт ЭнхбаатарынД-

 

Шүүгдэгч Ч.А-, Э.Д- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст Ойл” шатахуун түгээх станцын орчимд “зам дээр автомашинаараа шахсан” шалтгаанаар маргалдаж улмаар Ч.А-, Э.Д- нар нь хоорондоо  зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Ч.А- мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн үед 10 дугаар хорооллын МТ шатахуун түгээс станцаас урагш Хермесийн уулзвар дээр жоохон саатаад хөдлөх гэхэд хажуу талаас приус маркийн машин толь шүргээд зогсоход нь дуут дохио өгөөд сануулаад чигээрээ явсан. Тэгтэл Хермесийн урд талд Приус маркийн машин урдуур шахаж орж ирээд огцом тоормослосон. Машины урд талын суудалд манай эхнэр хүүхдээ тэвэрч явж байгаад урагш унагаасан. Тэгэхээр нь би
Приус маркийн машины араас нь дагаж шатахуун түгээх станц руу орж зогссон. Тэгээд машинаасаа буугаад Приус машины жолоочтой маргалдаад зууралдаж цохилцсон. Цагдаа дуудахад ирээд гомдолтой бол цагдаагийн хэлтэс дээр оч гэсэн учраас Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Миний хамар хугарч хамрын хөдлөн таславч мурийсан. Доод хоёр шүд эмтэрсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Э.Д- мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 дугаар хорооллоос зүүн гар тийш эргэх гэрэл дээр чигээрээ явах машин зогсож байсан бөгөөд толио шүргэлцээд өнгөрсөн. Би эргэх уулзвар руугаа орж чадалгүй нөгөө машины өмнүүр нь чигээрээ явахад араас гэрлээрээ дохиод дуут дохиогоо дуугаргаад байхаар нь шатахуун түгээх станц руу орж зогссон. Тэгээд тэндээ нөгөө машины жолоочтой маргалдаж зодолдоод цагдаагийн хэлтэс рүү явсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Машины эвдрэлийг төлүүлсэн” гэв.

 

Шүүгдэгч Ч.А-, Э.Д- нар нь “зам дээр автомашинаараа шахсан” шалтгаанаар маргалдаж улмаар хоорондоо харилцан зодолдож Ч.А- нь Э.Д-гийн биед  духны зулгаралт, 1 шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Э.Д- нь Ч.А-гийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, 2 шүдний эмтрэл бүхий  хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Ч.А-гийн хохирогчоор өгсөн “2017 оны 11 сарын 25-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын замаар аав Чулуунбаатарын эзэмшилийн 57-88 УНУ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машинтай эхнэр хүүхдийн хамт явж байхад 42-78 УНӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн авто машин замын хөдөлгөөнд оролцоод явж байхад миний машиныг шахаад толь шүргээд явахаар нь сигнал өгчихөөд би чигээрээ уулзвар гараад явсан. Тэгсэн намайг уулзвар гарснаас хойш би Хермес төвийн замаар урагшаагаа явж байхад хажуугаар нөгөө машин орж ирээд шахсан. Би нөгөө талаар нь гарах гэсэн чинь намайг гаргахгүй урд хашиж яваад урд тоормослоод удаан яваад байсан. Би араас нь гэрлээрээ дохиод Жаст шатахуун түгээх салбар дээр очиж зогсоод машинаасаа буусан. Урд  явсан жолооч бас машинаасаа бууж ирсэн. Бээлий гаргаж өмссөн. Би чи яаж яваад байгаа юм бэ гэхэд намайг үгийн зөрүүгүй зүүн нүдний дээд хэсэгт 2 удаа цохисон. Би цохиулчихаад эргэж харахад дагз руу 2 удаа цохисон. Миний хамарнаас цус гарч чи яаж байгаа юм бэ хүн цохичихлоо гээд цагдаа дуудлаа гэж баахан зууралдсан. Манай эхнэр болон тэр  залуугийн машинд явсан эмэгтэй бууж ирээд салгасан. Би уурандаа тэр залуугийн автомашины нэг ширхэг толийг өшиглөж хугалсан байгаа. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хамарны зүүн, баруун талын таславч яс нь муруйж хугарсан, шүд  эмтэрсэн байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Э.Д-гийн хохирогчоор өгсөн “...Араас нөгөө машин ирж зогсоод би машинаас буухад нөгөө жолооч нь бууж ирээд намайг заамдаж аваад, машины хаалга руу шахаад боогоод байхаар нь би түлхээд салгасан чинь тэр залуу цамц татаад урчихсан.Тэгэхээр нь  би цамц урчихлаа гээд хэлсэн чинь чиний комиссын хувцас хэнд хамаатай юм гэсэн. Тэгтэл тэр залуугийн эхнэр нь хүүхдээ тэврээд бууж ирээд над руу өшиглөж дайрсан. Нөгөө жолооч намайг дахиад заамдаад аваад миний эрүү рүү цохисон. Би түлхээд салгахад нөгөө жолооч миний машины толь болон хаалга руу өшиглөөд тольны хагархай бариад ална гээд байсан. Тэгэхээр нь би нөгөө жолооч залуугийн шанаа руу нь цохисон. Бид хоёр нэг нэгийгээ цохиж байхад манай эхнэр бууж ирээд салгах гэхэд манай эхнэрийн баруун гарыг хөшөөд эрхий хуруу нь тулгасан байна лээ. Тэгээд цагдаа дуудсан юм. ... Би шүдэндээ сувгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Тэр мөнгө 116.000 төгрөг болсон байгаа. Энэ мөнгөө гаргуулаад авчихвал надад өөрөөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Гэрч Б.Гантуяагийн “... Манай найз залуу машинаас буухад нөгөө жолооч нь бууж заамдаж аваад машины хаалга руу шахаад боосон. Нөгөө машины жолоочийн эхнэрр нь бууж ирээд манай машины жолооч талын арын хаалга руу өшиглөөд нөхөр нь машины толь руу өшиглөөд хугалчихсан. Тэр залуу тольны хагархай барьчихаад ална гээд байсан. Тэгсэн чинь эхнэр нь нөхрөө болиоч гээд урдуур нь орсон чинь манай найз залуу тэр залууг нэг удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14715 дугаартай:

“1. Э.Д-гийн биед духны зулгаралт, 1 шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14710 дугаартай:

“1. Ч.А-гийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, 2 шүдний эмтрэл бүхий   гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 33 дугаар хуудас/

 

Э.Д-гийн яллагдагчаар өгсөн “... Миний эрүү рүү нэг удаа гараараа цохисон. Миний нэг шүд хөдөлсөн. Өвчтэй хөндүүр байна. Миний хүзүү улайж зулгарсан байгаа. ... Би А-гийн биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Ч.А- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 93-94 дүгээр хуудас/

 

Ч.А-гийн яллагдагчаар өгсөн “... Э.Д- нь миний эмчилгээний зардал мөнгийг барагдуулахаар болсон байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.А-, Э.Д- нар нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа “автомашины толь шүргэсэн, машинаараа шахсан” гэсэн шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие, биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул  тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.А-, Э.Д- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ч.А-, Э.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох” ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ч.А-, Э.Д- нар нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа “автомашины толь шүргэсэн, машинаараа шахсан” гэсэн шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие, биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг санаатай гэм буруугийн хэлбэрээр үйлдсэн байна.

 

Хохирогч Э.Д- нь “Би А-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлын хувьд маргаангүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн, хохирогч Ч.А- нь “Би А-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлын хувьд маргаангүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 98, 99 дүгээр хуудас/ тус тус гаргасан тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А-, Э.Д- нар төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Чүлтэм-Очирын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт ЭнхбаатарынД-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Э.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.А-, Э.Д- нар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ч.А-, Э.Д- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.А-, Э.Д- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А-, Э.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ