Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00823

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00823

 

 

 

КБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/00733 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Ц-, Б.Г- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 48,020,712 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй, хариуцагчийн КБ ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №3026-19/76 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Э, хариуцагч О.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О.Ц-, Б.Г- нар нь тус банктай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3026-19/76 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг хашаа байшин 8 нэрийн дэлгүүр худалдан авах зориулалтаар, жилийн 24,00 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр доорх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

О.Ц-ын өмчлөлийн, Ү-2201016307 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай, хувийн сууц, О.Ц-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201007706 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байршилтай, 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эдгээр болно.

Нэхэмжлэгч нь барьцааны эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагуудад бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь зээлдэгч О.Ц-ын Капитрон банк дахь 3026004253 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нар нь зээлд 401,830.74 төгрөг, хүүд 2,755,252.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 421,54 төгрөг буюу нийт 3,157,504 төгрөг төлсөн. Зээл төлөлтийн дэлгэрэнгүй задаргааг нэхэмжлэлд хавсаргасан зээл, хүүгийн тооцоололд тусгасан. Хариуцагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ огт биелээгүй. Иймд хариуцагч нартай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №3026-19/76 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэлд 39,598,169 төгрөг, хуримтлагдсан хүүд 5,303,488 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,014 төгрөг буюу нийт 44,909,672 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүг 3,098,421 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 12,620 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №3026-19/76 тоот гэрээний үүрэгт зээл 39,598,169 төгрөг, хуримтлагдсан хүүд 8,401,909 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,634 төгрөг буюу нийт 48,020,712 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагч О.Ц-, Б.Г- нарын тайлбарын агуулга:

Нэмэлт хугацаа олгож, мэдэгдэл өгсний үндсэн дээр урт хугацааны гэрээг цуцалдаг хуулийн журмыг нэхэмжлэгчийн зүгээс зөрчсөн. Мөн гэрээний 10.2 дах заалтын аль заалтаар гэрээг цуцлах үндэслэл болгосон нь тодорхой бус байна. Энэхүү зээлээр найман нэрийн дэлгүүр худалдан авах зорилготой байсан. Гэтэл 8 нэрийн дэлгүүрийг 2 өөр үнийн дүнгээр, 2 өөр гэрээ байгуулан худалдан авч, татвараас зайлсхийх асуудлыг банкнаас зөвлөн халхавчилсан гэрээ хийлгүүлсэн. Одоо зээлийн төлбөрт тооцох асуудлыг тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 40,000,000 төгрөгийн үнийн дүнгээр байгуулсан гэрээг банкны ажилтан ил болгохгүй гээд хураан авсан. Харин 8 болон 5,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг бидэнд өгсөн. Энэ асуудлыг банкны ажилтан урьдчилан мэдэж байсан учир зээлийн гэрээний хүчин төгөлдөр байх асуудал заавал яригдах асуудал болох юм. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээл олголтын шимтгэл гэсэн нэрийдлээр 400,000 төгрөгийг 3026004200 тоот харилцан данснаас данс эзэмшигч бидний ямар нэгэн зөвшөөрөл, гарын үсэггүйгээр суутган авчээ. Энэ нь зээл олгох үүргээ банкны зүгээс санаатайгаар зөрчсөн буюу зээл олголтыг дутуу хийн, хууль бусаар 400,000 төгрөгийг суутган авсан байна. Үүнийхээ үндэслэл болгож зээлийн гэрээнд 3.1.7-д Зээл олгосны шимтгэл: Зээлийн дунгийн 1 хувь гэсэн заалт оруулж хууль зөрчсөн байна. Энэ асуудлын хүрээнд сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ. Зээлдэгч миний хувьд зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй атал банкны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх... Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Хариуцагч О.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О.Ц- нь КБ ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар тохиролцон, КБ ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр О.Ц-ад худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Гэсэн атлаа зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хүү алдангийн хамтаар шаардсан нь хуульд нийцэхгүй. КБ ХХК нь бусдын зээлийн төлбөрт хураагдан өөрийн өмчлөлд нь шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Ц-ад худалдахаар тохиролцсоноос бус О.Ц-ад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулагдсан ипотекийн зээлийг олгоогүй. О.Ц- нь нэхэмжлэгч КБ ХХК-тай зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэн өгөх нь хуульд нийцэх байсан боловч өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг байгуулан хариуцагчид 40,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч мөнгийг шилжүүлсэн даруйдаа эргүүлэн 35,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж авсан нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд хуульд заасны дагуу КБ ХХК болон О.Ц- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөх тухайд КБ ХХК нь зээл хүссэн бүрдүүлбэр хангаагүй хүсэлтэд зээлийн үйл ажиллагааны журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчин зээл олгосон учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй. Банк өөрийн барьцаанд байгаа зээлийг бусдад Н.Х-ын зээлийг төлүүлэх зорилгоор илтэд хууль бус зээлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагаврыг үүсгэсэн гэж үзэж байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

КБ ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016307 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201007706 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байршилтай, 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус өмчилж, эзэмшиж байгаагүй. Нэгэнт өмчлөлд, эзэмшилд байгаагүй дээрх хөрөнгүүдийг КБ ХХК нь иргэн О.Ц-, Б.Г- нарт худалдах хууль зүйн үндэслэлгүй боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,225 дугаар зүйлийн 225.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ц-, Б.Г- нараас нийт 44.909.672 /дөчин дөрвөн сая есөн зуун есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,111,041 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Ц-, Б.Г- нар нь төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох хариуцагч О.Ц-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016307 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 11дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2201007706 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 11дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягтай 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч О.Ц-ын КБ ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,427 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Ц-, Б.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 261,350 төгрөг буюу нийт 522,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, хариуцагч О.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШЗ2021/03813 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь доорх нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч нарт холбогдуулан гаргасан. Үүнд:

1. Хариуцагч нартай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах,

2. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт

Зээлийн өрийн үлдэгдэлд 39,598,169 төгрөг,

Хуримтлагдсан үндсэн хүүнд: 5,303,488 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүд 8,014.00 төгрөг буюу нийт 44,909,672 төгрөг гаргуулах,

3. Хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулах,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээ ихэсгэсэн.

Анхан шатны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснийг бичилгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлуулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх татгалзсан гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, хариуцагч нараас нийт 48,020,712 төгрөг гаргуулах буюу нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 3,111,041 төгрөгийг хангаж өгнө үү.

 

7. Хариуцагч О.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах байдлаар хангаагүй гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч нотлох баримтыг өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйг хуульчилсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч төр байгууллагын нууцад хамаарах өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулах эрхтэйгээр хуульчилсан. Хариуцагч О.Ц- нь гэрээний тал болохын хувьд гэрч Н.Х-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс өөрөө хүсэлт гарган хуулбарлуулан авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн газраас хуулбарлуулан авч улмаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхдөө нотлох баримтын хуулийн шаардлагыг хангуулан 327 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн өгсөн баримтыг шүүх хуулийг буруу тайлбарлан үнэлээд зогсохгүй нэхэмжлэгч КБ ХХК-аас удаа дараа гарган шүүхэд нотлох баримтаар өгч буй 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн О.Ц- Н.Х- нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ гэсэн 40,000,000 төгрөгийн зөвхөн нотариатчаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд огт бүртгэгдээгүй гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрээ гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болжээ.

Маргаан бүхий хашаа байшингийн зээлээр буюу О.Ц-ад олгосон 40,000,000 төгрөгийн зээлийг олгосныхоо дараагаар Н.Х-ын дээрх үл хөдлөх эд хөрөнгө газрыг барьцаалан авсан зээлийн төлбөрт 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоор атал анхан шатны шүүх илт нэг талд үйлчлэн нэхэмжлэгчийн хариуцагчид олгосон зээлийн гэрээг хуульд нийцсэн байдлаар хийгдсэн зээлийн гэрээ гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдан шийдвэрлэгдсэнээр О.Ц- нь нэхэмжлэгч талд төлсөн 3,157,504.45 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу олгогдсон 40,000,000 төгрөгөөр хасаж тооцуулахад О.Ц- нь КБ ХХК-д 36,842,495.55 төгрөгийн тооцоотой байх байтал анхан шатны шүүх хариуцагч О.Ц-аас 44,909,672 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

О.Ц- болон КБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул О.Ц- нь нэхэмжлэгч талд 36,842,495.55 төгрөгийг төлөх үүрэгтэй, илүү тооцон шийдвэрлэсэн 8,067,178 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн КБ ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр О.Ц-ын өмчлөлд шилжсэн, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар КБ ХХК-д зээлдэгч Н.Х-ын зээлийн барьцаанд байсан хөрөнгөд зээл олгохоор 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н.Х-ын муу зээлийг төлүүлэхээр шийдвэр гарган илт хүчин төгөлдөр бус гэрээнүүдийг үндэслэн 40,000,000 төгрөгийн илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ хийсэн нь бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх ханган шийдвэрлэх үндэслэлтэй байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж үүнтэй холбоотойгоор хариуцагч О.Ц-ыг нэхэмжлэгч КБ ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн 44,909,672 төгрөгөөс 8,067,178 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэлэлцэж байгаа нь холбогдох хуулиудыг зөрчсөн. Хариуцагч тал 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хариуцагч тал давж заалдах журмаар гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 19-ний давж заалдах журмаар гаргасан гомдлоо шүүхэд хүргүүлсэн. Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн байхад уг гомдлыг хүлээн авч хэлэлцэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй. Зээлийг хариуцагч О.Ц-ын данс руу шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад нь зориулж 35,000,000 төгрөгийг олгосон, 5,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөндөө зарцуулсан. Худалдагч, худалдан авагч талууд нь зээлийн гэрээг байгуулахаас өмнө бие биенийгээ таньдаг байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийг нь хөлсөлдөг байсан. Худалдах, худалдан авах гэрээг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримт нь Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбарт заасныг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангадаггүй. Зээлийн анкетад муу зээлийн төлүүлэх зорилго бичсэн. Зээлийн олгох шийдвэрт муу зээлийг төлүүлэх гэсэн шийдвэр байдаггүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,111,041 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Зээлийн гэрээ 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2029 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дуусах ёстой байсан. Талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Гэрээг цуцалсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгэж, харин гэрээнээс үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болох ёстой. Хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг тал гэрээ цуцлах хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээний биелэгдсэн хэсэг хэвээр үлдээд, үүргийн харилцааг дуусгавар болгохыг ойлгоно. Хариуцагч нар хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон, гэрээ цуцлах үндэслэлтэй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцалснаас хойш нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх гэрээ цуцалснаас хойших хугацаанд үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч О.Ц-, Б.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт

2.а. Зээл 39,598,169 төгрөг,

2.б. Хүү 5,303,488 төгрөг,

2.в. Нэмэгдүүлсэн хүү 8,014 төгрөг, нийт 44,909,672 төгрөг гаргуулж,

2.г. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлуулсан хүүд 3,098,421 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,620 төгрөг, нийт 3,111,041 төгрөгөөр ихэсгэж, зээл 39,598,169 төгрөг, хүүд 8,401,909 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,634 төгрөг, нийт 48,020,712 төгрөг байхаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. /1хх 1-2,102/

 

3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.а. КБ ХХК болон О.Ц-, Б.Г- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд хэрэгт авагдсан. /1хх13-20/

 

3.б. Уг гэрээнд 40,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлдүүлэх нөхцлийг заасан. /1хх13/

 

3.в. Дээрх зээлийн гэрээний үүрэгт О.Ц-аас өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 195 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

3.г. Мөн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр О.Ц- нь иргэн Н.Х-аас Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 27,000,000 төгрөгөөр, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 195 м.кв газрыг 8,000,000 төгрөгөөр тус тус худалдан авах нэртэй гэрээ байгуулсан, гэрээг нотариатч гэрчилсэн, гэрээг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт авагджээ. /1хх 90, 3хх 22-26/

 

3.д. КБ ХХК-аас 40,000,000 төгрөгийг О.Ц-ад шилжүүлсэн, О.Ц- нь 35,000,000 төгрөгийг Н.Х-ын данс руу шилжүүлсэн баримт авагдсан. /1хх27, 209/ Гэхдээ дээрх 40,000,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг 3026004200 тоот харилцах данснаас зээлийн шимтгэл нэрээр суутган авсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

3.е. Мөн О.Ц-, Н.Х- нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 00 тоот хаягт байрлах гэр бүлийн зориулалттай газрыг 5,000,000 төгрөгөөр, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 8 нэрийн дэлгүүрийг 5,000,000 төгрөгөөр нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хэрэгт авагджээ. /2хх 30/

 

3.ё. Маргааны зүйл болох, мөн барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 195 м.кв газрын өмчлөх эрх О.Ц-ын нэр дээр шилжсэн үйл баримт тогтоогджээ. /3хх17/

 

3.ж. О.Ц-аас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ар гэрийн гачигдал болон бусад нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөх боломжгүй байгаа талаар мэдэгдэж, үндсэн зээлийнхээ хүүг төлөх талаар КБ ХХК-д хүсэлт гаргаж байсан баримт авагджээ. /3хх 1/

 

4. Талууд дараах асуудлаар маргаантай байна.

 

4.а. Нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 48,020,712 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэл заан бодитой шилжүүлэн авсан 36,842,494 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж маргажээ.

 

5. Анхан шатны шүүхээс талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна. Гэрээний үгийн шууд утгаас үзэхэд КБ ХХК нь хариуцагч О.Ц-, Б.Г- нартай 40,000,000 төгрөгийг хашаа, байшин 8 нэрийн дэлгүүр худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, гэрээнд хүүгийн хэмжээ, зээлийн хугацаа зэргийг тодорхой заасан байна. Иймд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 44,909,672 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар заасныг буруутгах боломжгүй.

 

5.а. Хариуцагчийн КБ ХХК нь бусдын зээлийн төлбөрт хураагдан өөрийнх нь өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Ц-ад худалдахаар тохиролцсон нь хууль бус гэх тайлбар үндэслэлгүй. Хэргийн баримтаас дээрх барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө иргэн Н.Х-ын өмч байжээ./2хх100-103/

 

Хариуцагч тал хашаа, байшин, 8 нэрийн дэлгүүр худалдан авах зориулалтаар зээл авч, уг зээлийн мөнгөн хөрөнгөөр 00 тоот хаягт байрлах гэр бүлийн зориулалттай газар, хашаа, байшин худалдан авсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 

5.б. О.Ц-, Н.Х- нарын хооронд хоёр өөр үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан гэх үйл баримт уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамааралгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн ...хашаа байшин зарагдсан учир 35,000,000 төгрөг хасагдсан, татвар бага төлөхийн тулд үнийн дүнг нь багаар гэрээ хийсэн гэх тайлбар, баримтыг үнэлж үзсэн нь хэргийн баримтад нийцсэн байна. /2хх 70-71/

 

5.в. Харин анхан шатны шүүх О.Ц-, Н.Х- нарын хооронд байгуулагдсан гэр бүлийн зориулалттай газрыг 5,000,000 төгрөгөөр, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 8 нэрийн дэлгүүрийг 5,000,000 төгрөгөөр нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг шүүхийн журмаар бүрдүүлээгүй байхад хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. /2хх 30-33/

 

О.Ц-, Н.Х- гэх иргэдийн хоорондын хашаа байшин худалдах, худалдан авахтай холбоотой харилцаа нь банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүргийг төлүүлэхгүй байх, уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй юм.

 

5.г. Шүүх Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 гудамж, 00 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 195 м.кв газрыг иргэн Н.Х- нь бусдаас худалдан авч 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ олгосны дагуу тэрээр КБ ХХК-аас зээл авч, зээлийн барьцаанд барьцаалсан тул зээлдүүлэгч банкнаас барьцаалбар бүртгүүлсэн, хариуцагч О.Ц- нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байхдаа түрээслэгч Н.Х-аас худалдан авахаар тохиролцож, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж 00 тоот хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 195 м.кв газар өмчлөгч болсон үйл баримт нотлогдсон гэж зөв дүгнэсэн. Энэ дүгнэлт нь хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №2100 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн №2099 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-2201016307 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г-2201007706 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтад үндэслэгдсэн байна. /1хх21, 26, 2хх30-33/

 

5.д. О.Ц-, Б.Г- нар зээлийн үүргийг хамтран хүлээх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт нийцсэн.

 

6. Харин зээлдэгч буюу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн үүргийг бүхэлд нь буцаан шаардсанаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул нэмэгдүүлсэн шаардлага болох 3,111,041 төгрөгт холбогдох хэсгийг хангах боломжгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.а. КБ ХХК болон О.Ц- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3026-19/76 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Зээлийн гэрээ хуульд нийцсэн, талууд тодорхой үр дүнд хүрсэн, 00 тоот хаягт байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 8 нэрийн дэлгүүр, гэр бүлийн зориулалттай газар нь О.Ц-ын өмчлөлд шилжсэн байна.

 

6.б. Барьцааны гэрээг талууд хуульд нийцүүлэн байгуулсан, хүчин төгөлдөр тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ. Дээрх үндэслэлээр талуудын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/00733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 134,927 төгрөг, хариуцагчаас төлсөн 501,975 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД