Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Цагаантугууд овогт Лонжидын Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805001090322 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймагт төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн .....хороо .......байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаантугууд овогт Лонжидын Э-.

 

Шүүгдэгч Л.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “DEEF” бааранд иргэн Д.Н-тай  хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Н-ы биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Л.Э- мэдүүлэхдээ: “Өнгөрсөн жил гэр бүлийн асуудал гараад тухайн үедээ хэцүү байсан. Тэгээд арай гэж эхнэртэйгээ эвлэрэх шатанд ороод эвлэрч байтал манай эхнэрийн оюутан цагийн найз гэх Н- гэнэт гарч ирсэн. Тэгээд оройн цагаар манай эхнэрийг дуудаж авч гараад наргидаг байсан. Би тухайн үедээ уурлаад утасны цаанаас “эхнэртэйгээ эвлэрч байхад битгий саад болоочээ” гэж хүсэж байсан. Шинэ жилийн үеэр манай гэрийн урд байдаг найзынхаа баар руу манай эхнэрийг дандаа авч явдаг. Заримдаа Н- “эхнэр чинь согтчихлоо ирж ав” гээд гэрт дөхүүлж өгөхгүйгээр хаяж явдаг байсан. Энэ хэрэг гардаг өдөр болчимгүй зангаасаа болж Н-ы биед гар хүрсэндээ харамсаж байна. Тухайн үед Н-аас амаар уучлалт гуйсан. Өөрийн үйлдэлд гэмшиж байгаа” гэв. 

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Л.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “DEEF” бааранд иргэн Д.Н-тай  хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Н-ы биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Н-ы “2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг DEEF паабад найзуудаараа шинэ жилээ тэмдэглээд байж байсан. ...Тэгээд тэндээ бид нар шинэ жилээ тэмдэглээд байж байтал шөнө 01-02 цагийн үед санагдаж байна Алтанзулын нөхөр Э-тай паабын үүдэнд тамхи татаж байхад таарсан.

Тэгээд Э- хүрч ирээд шууд дотогшоо орж хэн байгааг харчихаад хэн нь манай эхнэртэй унтдаг вэ гэх мэтээр хэлж байгаад эргэж гадаа гарч ирээд Э- над руу чи манай эхнэрийг дагуулж явж янхандууллаа юу юу ч билээ хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би Э-д хандаж чи эхнэрээ зодож нүүр амыг нь ийм болгочихоод юу яриад байгаа юм бэ гээд хэлтэл Э- миний баруун нүдний доод хэсэг рүү 1 удаа гараа атгаж байгаад цохисон ба би аль гараараа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгтэл найзууд Бүрэнчимэг, Энхзул, Оюунбилэг нар гарч ирж салгаад байж байтал дахиад миний зүүн хацар орчим руу гараа атгаж байгаад цохичихсон.

Э-г эхнэр Алтанзулынх нь хамт паабаас хөөж гаргасан. Найзуудтайгаа байж байгаад гэртээ ороход миний нүүр хавдчихсан байхаар нь би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. ... Энэ гэмтлийг миний биед Э- учруулсан. Ханхүү эмчийн гаргасан дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна, ямар нэг санал хүсэлт байхгүй байна. Би Э-д гомдолтой байна. Баяраа тэмдэглээд сууж байхад Э- хүрч ирж цохиж зодон, миний биед гэмтэл учруулж, нүүр хавдаж баяраар хүний нүүр харж чадахгүй их хэцүү байдалтай байлаа. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ... Би тухайн үедээ өвчин намдаах эм, нүүрэндээ тос түрхэж байсан гэх мэт зардал гарсан. Гэхдээ би баримтыг бол цуглуулаагүй. Намайг томографийн зураг авхуул гэж байсан учир би одоо ойрын хугацаанд томограф зургаа авхуулна. Тэгэхээр цаашид эмчилгээ гарвал нэхэмжилнэ гэж бодож байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бүрэнчимэгийн “10 дугаар хороолол пабад сууж байхад Алтанзул бид нар хамт байхад Алтанзулын салсан нөхөр Э- ирээд Алтанзулыг авч явах гэсэн. Тухайн Алтанзулыг Н- өмөөрч чи эхнэрээ зодсон байна гээд хэлсэн чинь Э- нь уурлаад Н-ы нүүр рүү 2 удаа цохисон. Э- дайрч эхнэр Алтанзулыг авч явна гээд гар утсыг нь булаасан. Эхнэр Алтанзул нь гар утсаа авна гээд тэнд бөөн л хэрүүл маргаан болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №823 дугаартай:

“1. Д.Н-ы биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Л.Э-гийн яллагдагчаар өгсөн “Ер нь хохирогч Н-тай манай эхнэр оюутан ангийн найзууд юм. ... Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө эхнэр Н-тай хамт манай гэрийн урд пабад байна гэсэн. Тэгээд би очсон. ... Тухайн үед би бас уусан байсан болохоор уураа барьж чадаагүй Н-ы нүүр рүү нэг түлхээд нэг цохисон. Өөр асуудал болоогүй. Би дараа нь Н-аас уучлалт гуйсан. Хүнд гар хүрсэн нь миний буруу л даа. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Л.Э- иргэн Д.Н-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Л.Э-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 33 дугаар хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Хохирогч Д.Н-ы гаргаж өгсөн “Нуруу, толгойны томографийн зургийн үнэ нийт 120.000 төгрөгний” баримт нь түүнд учирсан хөнгөн гэмтэл болох “баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэлтэй ямар холбоотой болох нь тодорхойгүй, өөр бусад хохирол хор уршигийн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хохирлын талаар тооцоо гаргах боломжгүй байна.

Иймд хохирогч Д.Н- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Э- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Л.Э- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаантугууд овогт Лонжидын Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Э- торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.Н- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ