Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0448/з |
Дугаар | 208 |
Огноо | 2020-06-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 208
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “”Д” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах “Шарын гол” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0832 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0832 дугаар шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Д” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах “Шарын гол” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бусад тооцож, ХV-... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0832 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах “Шарын гол” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XY-... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бусад тооцож, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, маргааны үйл баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй гэж дүгнэж байна.
4. Учир нь “Д” ХХК-ын нэхэмжлэлийн шаардлага нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Шарын гол нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах Х\/-... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй болохыг хууль бусад тогтоолгоход чиглэгдсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар шаардлага гаргасан мэтээр дүгнэж буй нь үндэслэлгүй юм.
5. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд “... төрийн захиргааны байгууллага хуульд заасны дагуу өргөдлийг хавсралт баримтуудын хамт хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 61 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаан эсэхийг хянахаар хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулиар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд бүрдэл дутуу өргөдлийг хүлээн аваад хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэх эрхийг олгоогүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
6. Уг дүгнэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасантай холбон тайлбарласан.
7. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан ба уг заалтаас дүгнэвэл хэрэв төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн аваад тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзвэл сунгахаас татгалзаж, энэ талаар бичгээр мэдэгдэж, бүртгэлд тэмдэглэл хийхээр зохицуулсан байна.
8. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “анхан шатны шүүх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн төрийн байгууллага, албан тушаалтан харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах үүрэгтэй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
9. Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах хугацаа, шийдвэрлэх журмыг заасан боловч хүлээн авах буюу хүлээн авахаас татгалзах тухай харилцааг зохицуулаагүй.
10. Аливаа өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь тухайн эрх бүхий байгууллага, албан тушаалтны эрх хэмжээ боловч хүлээн авахгүй буцаах тухай асуудал нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах”-ыг ергөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг болгон заасан байна.
11. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэх тодорхойлохдоо 1 дэх хэсэгт “энэ хууль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хзрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Арбитрын тухай хуулиар шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд хамаарахгүй” гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдөл гаргах, түүнийг шийдвэрлэхэд уг хууль үйлчлэхээр байгааг илэрхийлж байна. Мөн тус хуулийн 14 дүгээр зүйлд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэлийг заасан байна.
12. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
14. Дархан Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт байрлах “Шарын гол” нэртэй 550.45 га талбайд ашигт малтмалын хайгуулын ...Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус сунгасан, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Д” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө” буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар байсан, хуульд заасан хугацаанд, мөн хуульд заасан журмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргаагүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
15. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан”-аар тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор заасан, ашигт малтмалын хайгуулын ...Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссанаар уг тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, нэгэнт дуусгавар болсон буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон тусгай зөвшөөрлийн хувьд уг тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн аливаа эрх “Д” ХХК-ийн хувьд дуусгавар болсон гэж үзнэ.
16. Иймд, “Д” ХХК-иас “... /хуульд заасан хугацаанд/ өргөдөл гаргахаар очсон боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй гэсэн шалтгаанаар манай өргөдөл материалыг аваагүй, ... Дархан уул аймгийн Байгаль орчны байцаагч нь 2018 оны 05 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд томилолтоор орон нутагт явсны улмаас менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй байсан, ... төлөвлөгөөгөө батлуулаад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар дахин хандахад хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн нь хууль бус” гэх үндэслэл дурдаж гаргасан “... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ... өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах хугацаа, шийдвэрлэх журмыг заасан боловч хүлээн авах буюу хүлээн авахаас татгалзах тухай харилцааг зохицуулаагүй, ... давж заалдах шатны шүүх хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авахгүй.
17. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хамгаалагдах тул тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нь түүнийг сунгуулах тухай өргөдлөө гаргах эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгосон, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаар түүнийг эзэмшигчийн эрх мөн дуусгавар болох тул “Д” ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын ...Х дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх дуусгавар болсон, “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах”-тай холбоотой харилцаа талуудын хооронд үүсэхгүй юм.
18. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмаар ашигт малтмалын хайгуулын ...Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах талаар “Д” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаагүй тохиолдолд, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссаныг бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй, “тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцох” үндэслэлгүй.
19. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, тусгайлсан харилцааг буруу тодорхойлсон, уг маргаанд хэрэглэх ёсгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа, “иргэнээс төрийн байгууллага, албан тушаалтанд харьяалалын дагуу гаргасан өргөдөл гомдлыг заавал хүлээж авах” уг хуулийн зохицуулалт нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай холбоотой харилцаанд хамааралгүй.
20. Давж заалдах шатны шүүх энэ алдааг засаж, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх” гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч “Д” ХХК-ийн өмгөөлөгч Э.Т-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Д” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА