Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 303/ШШ2026/00082

 

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:  ******* сумын Соёлын төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ******* сумын 6 дугаар багт оршин суудаг. Соёлын төвд сантехникч, техникийн ажилтнаар 2022 оны 10 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу ажлаас чөлөөлөх болсон талаар сонсох ажиллагаа явуулаагүй мөн хуулийн болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тушаалыг надад гардуулж өгөөгүй. Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн ямар үндэслэл нөхцөл шалтгааны улмаас ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна гэж үзэж байна.

Миний хувьд тушаалаа авъя ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдмөөр байна гэсэн боловч миний тушаалыг огт өгөөгүй, "ажлаас гарна гэсэн өргөдлөө бичиж өг" тэгвэл тушаалыг чинь өгнө гэж хэлсэн. би удаа дараа бичиг хэргийн ажилтан руу ярьж байж тушаалын зургийг 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дарж над руу явуулсан. Надад албан ёсоор гардуулж өгөөгүй.

Мөн Ээлжийн амралт олгох журамд заасны дагуу ажлаас чөлөөлсөн бол ээлжийн амралтыг олгох ёстой байтал ээлжийн амралтыг олгоогүй байгаа юм.

Дээрх байдлаар миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, ажлаа. чөлөөлсөн бөгөөд төрөөс олгох ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадаагүй байна. Иймд миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж, ******* сумын соёлын төвийн даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралт болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчтай дараах байдлаар эвлэрсэн. Үүнд ******* сумын Соёлын төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ажилгүйдлийн тэтгэмжийг албан тушаалыг үндсэн цалингийн 70 хувиар буюу 736,400 төгрөгөөр бодож, нийт 1,472,800 төгрөгийг төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. гэв.

3. Хариуцагч ******* сумын Соёлын төвийн эрхлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч *******т ажилгүйдлийн тэтгэмж нийт 1,472,800 төгрөг өгөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* сумын Соёлын төвд холбогдуулан ******* сумын Соёлын төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь ******* сумын Соёлын төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл мөн ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас тус тус татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч ******* нь ажилгүйдлийн тэтгэмжид 1,472,800 төгрөгийг нэхэмжлэгч *******т төлөхийг харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ******* сумын Соёлын төвийн дарга ******* нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч ******* нь ******* сумын Соёлын төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл мөн ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас тус тус татгалзаж, хариуцагчийн байгууллагын төлөөлөгч ******* нь ажилгүйдлийн тэтгэмжид 1,472,800 төгрөгийг нэхэмжлэгч *******т төлөхийг харилцан тохиролцож зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА