| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2510 03580 1231 |
| Дугаар | 2026/ДШМ/162 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/162
2026 02 03 2026/ДШМ/162
Б.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2800 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Э-д холбогдох 2510 03580 1231 дүгээр эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Б-ийн Э-, ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:Б-/.
Шүүгдэгч Б.Э- нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.М-ы гээсэн “Хаан” банкны М- дугаарын данстай виза картыг олж хууль бусаар ашиглан Хан-Уул дүүргийн 25 дүгээр хороо, “Х-” хорооллын “Си Юу” сүлжээ дэлгүүрээс болон “Бум” худалдааны төвөөс нийт 897.525 төгрөгийн худалдан авалт хийж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Х.Х-гийн гээсэн “Худалдаа хөгжлийн банк”-ны виза картыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Х-” хотхоны 729 дүгээр байрны “Си Юу” дэлгүүрээс 15 удаагийн худалдан авалт хийхдээ тухайн дэлгүүрийн пос машинд уншуулж хохирогчийн “Худалдаа Хөгжлийн банк”-ны Х- дугаарын данснаас 449.253 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогч М.Б-ийн гээсэн “Төрийн банк”-ны виза картыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Х-” хотхоны 729 дүгээр байранд байрлах АТМ-д уншуулан 1.130.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын данснаас нийт 2.476.778 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт нийт 1.346.778 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Х-д 449.253 төгрөг, хохирогч Г.М-д 897.525 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2800 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Э- болон өмгөөлөгч У.Батцэцэг нар эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны тойргийн шүүхээс Б.Э-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Б.Э- 18 настай, ганцаараа амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогч М.Б-д хохирол 1.130.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Х-д хохирол 449.253 төг, хохирогч Г.М-д 897.525 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр "Б-” ХХК-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан. Иймд Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Б.Э- 18 настай. 2025 онд 12 дугаар анги төгссөн. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа бөгөөд цаашид их дээд сургуульд сурах хүсэл сонирхолтой байгаа. Түүний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогч Б-д хохирол болох 1,130,000 төгрөгийг төлсөн. Мөн хохирогч Б.Х-д хохирол болох 449,253 төгрөг, хохирогч М-д хохирол болох 897,525 төгрөгийг тус тус 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдол гаргахын өмнө хохирлоо төлж барагдуулсан буюу цаашид хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино. Б.Э- ганцаараа амьдардаг. Амьдралд хөл тавьж буй эмэгтэй хүүхэд бөгөөд цаашид сургуульд сурах хүсэл сонирхолтой байгаа тул элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Иймд Б.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж ялыг хөнгөрүүлж өгнө үү....” гэв.
Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт зэргийг харгалзан шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хохирол төлбөр бүрэн төлж барагдуулаагүй байгаа, Хан-Уул дүүрэгт ажиллаж, оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг нь харгалзан үзээд улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б.Э- нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.М-ы гээсэн “Хаан” банкны М- дугаарын данстай виза картыг олж хууль бусаар ашиглан Хан-Уул дүүргийн 25 дүгээр хороо, “Х-” хорооллын “Си Юу” сүлжээ дэлгүүрээс болон “Бум” худалдааны төвөөс нийт 897.525 төгрөгийн худалдан авалт хийж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Х.Х-гийн гээсэн “Худалдаа хөгжлийн банк”-ны виза картыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Х-” хотхоны 729 дүгээр байрны “Си Юу” дэлгүүрээс 15 удаагийн худалдан авалт хийхдээ тухайн дэлгүүрийн пос машинд уншуулж хохирогчийн “Худалдаа Хөгжлийн банк”-ны Х- дугаарын данснаас 449.253 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогч М.Б-ийн гээсэн “Төрийн банк”-ны виза картыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Х-” хотхоны 729 дүгээр байранд байрлах АТМ-д уншуулан 1.130.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын данснаас нийт 2.476.778 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан болох нь:
Хохирогч Х.Х-ы "...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Х-” хотхоны 729-42 тоотод оршин суудаг юм. Би 2025 оны 06 дугаар сарын эхээр өөрийн Худалдаа хөгжлийн банкны Х- тоот дансны картаа гээсэн юм. Би банкны картаа хаалгахаа мартчихсан байсан. ...Харин өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 06-ны үүрээр 04 цагаас эхлэн 07 цаг хүртэл миний гээсэн Худалдаа хөгжлийн банкны Х- тоот дансны картыг манай байрны доод талын “Си Юу” дэлгүүрт 15 удаа буюу нийт 449,253 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна..." /хх 08-09/,
Хохирогч М.Б-ийн: "... Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Х-” хорооллын 731 дүгээр байрны 93 тоотод эхнэр Х.Д-гийн хамт амьдардаг юм. Би 2025 оны 08 дугаар сарын 02-ны өглөөний 07 цаг 38 минутад “Х-” хорооллын “Сикон” дэлгүүрээс 0.33 литрийн “Х” нэртэй архи согтууруулах ундааг худалдаж авсан. ...тэр дэлгүүрээс гарч явахдаа тус дэлгүүрт Төрийн банкны виза картаа үлдээсэн байсан. Тухайн үед картаа орхисон гэдгээ санасан. “Си Юу” дэлгүүр луу 08 цаг өнгөрч байх үед буцаж очоод худалдагч эмэгтэйгээс миний карт байгаа эсэхийг асуухад “миний картыг байхгүй, та өөрөө картаа аваад гарч явсан” гэж хэлсэн. Нас дээр гарсан мартаж санах нь их байдаг болохоор дэлгүүрээс авч гараад ер нэг газар хийсэн юм байх гэж бодсон. ...эхнэртэйгээ хамт салхилж байгаад гэртээ ирээд утсаа шалгахад миний утсанд банкны мессеж ирсэн байхаар нь шалгаад үзэхэд миний картыг ашиглан Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас 1.130.000 төгрөгийг 08 цаг 18 минутад уншуулан бэлэн мөнгө болгон авсан байсан. Тэрний дараа удалгүй 2 цагдаа ирээд “Си Юу” дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд надад үйлчилсэн эмэгтэй худалдагч нь миний картыг авсан нь хяналтын камерт бичигдсэн байсан...” /хх 50/,
Хохирогч Г.М-ы "...2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Д- хотхоны “Си Юу”-д Хаан банкны виза картаа гээгдүүлснээ мэдээгүй байж байгаад өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны гүйлгээ хийгдсэнийг интернэт банк руугаа ороод мэдсэн. Өнөөдрийн 12 цаг 34 минутаас 18 цаг 48 минут хүртэлх хугацаанд нийтдээ 897,525 төгрөгийн зарлага гарсан...” /хх 89/,
Гэрч Б.Ч-ын “...2025 оны 06 дугаар сарын үеэр хүний картаас мөнгө уншуулсан гээд цагдаагаас ирсэн. Тухайн үед камер шүүгээд өөрт нь ийм зүйл хийж болохгүй талаар сануулж байсан. Тэрнээс хойш дахиад нэг хэсэг цагдаагийн асуудал гэж яриад чөлөө авсан. Тэгээд буцаж ажиллахдаа “хохирлоо барагдуулах хэрэгтэй байна, надад хувиар тавиад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд тэр үед нь би өмнөх шигээ үйлдэл хийж болохгүй талаар нь сануулаад ажиллуулсан. Хамгийн сүүлд гэхэд манайд байнга орж ирдэг нэг өвөө байдаг байсан. Тэр өвөөгийн виза картнаас мөнгө авсан байсан. Цагдаагаас ирээд камер шүүгээд дуудаж мэдүүлэг авахаар болсон. Би дугаар луу нь залгах болон мессеж бичих үед намайг блоклоод алга болсон.. Тухайн өдөр ажилласан байна. Хувиар дээр байна. ... /13174805/ id-тай пос машин нь манай “Си Юу 71” салбарын 2 дахь пос машин мөн байна...” /хх 35/ гэсэн мэдүүлгүүд,
2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл /хх 02/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасагт 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ч- дугаарын утаснаас гаргасан “картнаас мөнгө хулгай хийсэн байна" /хх 46/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасагт 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг 16 минутад Ч- дугаарын утаснаас гаргасан “банкны картаа алдсан, зарлага гарсан байна” /хх 83/ гэсэн дуудлагын лавлагааны хуудсууд,
Мөрдөгчийн Б.Э-аас 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Ногоон өнгийн Хаан банк гэх бичиглэлтэй Ч- М- Г- гэх бичиглэлтэй 266 CVV дугаартай виза карт 1 ширхгийг хураан авсан” /хх 84/, Б.Э-аас “TRADE DEVELOPMENT BANK гэх бичиглэлтэй К-.КН гэх нэртэй К- дугаартай 317 CVV дугаартай хөх өнгийн виза карт 1 ширхгийг хураан авсан” гэсэн тэмдэглэлүүд /хх 14/, мөрдөгчийн “К- дугаартай 317 CV дугаартай хөх өнгийн виза карт 1 ширхгийг хохирогч Х.Х-д хүлээлгэн өгсөн” /хх 15/ гэх тэмдэглэлүүд,
хохирогч Х.Х-гийн 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Худалдаа Хөгжлийн банкны Х- тоот дансны хуулга /хх 16/, хохирогч Г.М-ы 2025 оны 7 дугаар сарын 05-аас 06-ны өдрийн Хаан банкны М- дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 94/, мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б.Э-аас эд зүйл хүлээн авч, хохирогч М.Б-д хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэлүүд /хх 63-64/, “Х-” хотхоны “Си Юу” сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийсэн талаарх баримтууд /хх 95-106/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх Б.Э-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо зөрчилдөж эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Э-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нараас “...зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсний дараа шүүгдэгч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан буюу хохирогч Б.Х-д 449.253 төгрөг, хохирогч Г.М-д 897.525 төгрөг, нийт 1.346.778 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаар шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж шийдвэрлэснийг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн төрлийн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр шүүгдэгчид оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл хэмжээ, ял эдлүүлэх нөхцөл, үр дагаварын талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулав.
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч Б.Э-, өмгөөлөгч Б.Батцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2800 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2800 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй....” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй....” гэсэн өөрчлөлт,
- 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй....” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй...” гэсэн өөрчлөлт,
- 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж нэмэлт заалт,
- 5 дахь заалтад “...шүүгдэгч Б.Э- нь бусад төлөх төлбөргүй...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ