Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

                                  

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч  С.Ө- түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

хохирогч П.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хасвуу Монгол овогт Сайнбилэгийн Ө-од холбогдох 1805006280226 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, .......дүүргийн ... дугаар хороо ....тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо .........гудамж  170 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Хасвуу Монгол овогт Сайнбилэгийн Ө-. /

 

Шүүгдэгч С.Ө- нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх гал төвийн гадна иргэн П.М-тай “эхнэр Г.Мандахбаярыг цохилоо” гэх шалтгаанаар зодолдож биед нь зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамар яс, зүүн гайморын хөндийн урд болон арын ханын хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн гарын 2, 4-р хуруунд цус хуралт, зүүн гуя, шилбэнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн, дээд 2,3,4-р шүдний сулрал, зүүн дээд 3-р шүдний эмтрэл, тархи доргилт буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.Ө- мэдүүлэхдээ:

“2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө буюу тухайн үед миний 28 насны төрсөн өдөр болсон. Тэр өдөр өөрийн ойр дотны найзууд, 10 жилийн найзууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн резидент эмч нарыг цуглуулж төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн. Тэгээд 21 цагаас хоолонд орж, 00 цагийн үед Мөнхгал төвийн караокед 2 цаг байсан. Караокеноос гарахын алдад Амарбаясгалан, М- нар хоорондоо маргалдсан. Би тухайн маргааныг таслан зогсоох үүдээс Амарбаясгалан болон тэнд байсан үйлчилгээний төвийн ажилтнууд, зохион байгуулагч нарт “би хүмүүсийг зохицуулаад хэрүүл маргаангүй аваад гаръя, та бүхний үйл ажиллагаанд хүндрэл учруулсан бол уучлаарай” гээд гарсан. Би эхнэр болон Хуланжаргал нартай хамт хамгийн сүүлд гарсан. Биднийг гарахад Мөнхгал төвийн үүдэнд Амарбаясгалан, М- нар маргалдаж байхаар нь тэднийг салгасан. Тэгээд Амарбаясгаланд “миний төрсөн өдөр сайхан боллоо, одоо салаад явцгаая, хэрүүл маргаанаа зогсооё” гэж хэлсэн. Энэ үед 5 метрийн зайд манай эхнэр М-ыг “чи таксинд суугаад явчих” гээд ярилцаж байсан ба намайг эргээд харахад манай эхнэр хойшоо тодорхой хэмжээнд хөл алдаад унах шахсан. Би тухайн үед М-ыг манай эхнэрийг цохисон гэж ойлгоод М-тай харилцан зодолдсон. Хэрвээ тухайн үед би уураа бариад, нөхцөл байдлыг үнэн зөвөөр ойлгосон бол ийм зүйл болохгүй, М-ын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх байсан гэдгийг ойлгож байна. Миний зүгээс маш их гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.М- мэдүүлэхдээ:

“2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Амарбаясгалантай маргалдсан. Тухайн үед Ө-ын төрсөн өдөр дууссаны дараа гадагш гараад Амарбаясгалантай маргалдаж байтал андуурсан шалтгааны улмаас Ө- намайг цохиж надад гэмтэл учруулсан. Маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гавал тархины тасагт 5 хоног хэвтсэн. Дараа нь Сэтгэшгүй эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 02 дугаар сарын 05-ны өдөр ЭМЖЖ эмнэлэгт хамрын хянга яс болон таславчийг тэгшлүүлэх мэс заслын хагалгаанд орсон. Хагалгааны явцад өдөр бүр 20 хоног өглөө боолт хийлгэж байсан. Үүний дараа чихний үрэвсэл болж Түмэн шанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал болох 4.077.840 төгрөгийн хохирлыг Ө- 5 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан. Иймд би Ө-од гомдолгүй, хохирол нэхэмжлэх зүйлгүй. Тангараг өргөсөн эмч хүний хувьд бид нар маргалдсандаа ичиж байна. Тиймээс Ө-од оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

 Шүүхээс шүүгдэгч С.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч С.Ө- нь согтуурсан үедээ П.М-тай “эхнэр Г.Мандахбаярыг цохилоо” гэх шалтгаанаар зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч П.М-ын “2018 оны 1 дүгээр сарын 20-ны оройн 22 цагийн үед Ө-ын төрсөн өдрийг Модны хоёрт байрлах Мөнхгал төвд тэмдэглэсэн. Шөнийн 1 цагийн үед тарсан. Тэр үед Амарбаясгалантай маргалдсан. Маргалдсан шалтгаан нь найз Дашдаваа согтсон байсан. ... Салгаад байж байтал Ө- гарч ирээд юм ярилгүй шууд цохиод унагасан намайг. Мөн намайг хөлөөрөө нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. ... Эрүүл мэндийн талаас маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5-7 дугаар хуудас/

 

Гэрч Г.Мандахбаярын “ ... 01 цаг 30 минутын үед цугларсан хүмүүсээ тараагаад караокены өрөөнөөс гарч ирсэн чинь М- зөөгч залуутай барилцаад зогсож байсан. ... Тэгээд нөхөр бид хоёр салгаад би М-ыг холдуулаад аваад авч яваад чи одоо гэр лүүгээ такси бариад явчих аа би чамд таксины мөнгө өгье гэж хэлсэн чинь намайг арагш нь түлхсэн. Түүнийг хараад манай нөхөр Ө- хараад зодолдсон. ... Би нэг удаа харахад нөхөр Ө- М-ын хамар руу цохиод цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Б.Хуланжаргалын “2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн үед Мөнхгал төвийн 4-н давхарт Ө-ын төрсөн өдрийг тэмдэглэсэн.

... Ө-ын эхнэр М-ыг хойш нь аваад явж байсан чинь түлхсэн юм уу, хэл амаар доромжилсон юм уу гэнэт Ө- чи хүний эхнэрийг яаж байнаа гээд М-, Ө- хоёр зодолдсон. М- хажууд байсан бүх хүн рүү дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд арай гэж салгаад хоёр тийшээ таксинд суугаад явцгаасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1802 дугаартай:

“1. П.М-ын биед зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамар яс, зүүн гайморын хөндийн урд болон арын ханын хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн гарын 2, 4-р хуруунд цус хуралт, зүүн гуя, шилбэнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн, дээд 2,3,4-р шүдний сулрал, зүүн дээд 3-р шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлгийн магадлагааны хуулбар. /хэргийн 28-36 дугаар хуудас/

 

Яллагдагч С.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Хүлээн зөвшөөрч байна. Би их гэмшиж байна. ... Иймд би цаашдаа М-ын биед учирсан бодит зардлыг барагдуулах хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт  бүрдүүлж өгсөн баримт болон эрүүл мэндэд нь учирсан 5.000.000 төгрөгтэй санал нийлэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Ө- нь П.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогч,  гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.М-аас “эмчилгээний зардалд нийт 4.077.840 төгрөг төлсөн, хохирол гомдолгүй” гэсэн мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч С.Ө-оос нэмж гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ө- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч С.Ө-ын ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 90 дүгээр хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ө-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос сайн дураараа төлж барагдуулсан зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Хасвуу Монгол овогт Сайнбилэгийн Ө-    ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ө-од торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ө-ыг  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ө-од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    

       

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ