Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч C.Оюунжаргал, 

шүүгдэгч С.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сартуул овогт Содномдашийн Ч-ад яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1803003300198 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, .....ХХК-д харуул ажилтай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол ... дүгээр байр .... тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Сартуул овогт Содномдашийн Ч-.

 

Шүүгдэгч С.Ч- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөө “Сод Монгол” ШТС-ын арын баруунаасаа зүүн зүгт явах замд “Бэл капитал” ХХК-ний эзэмшилийн Тоёота Приус 20 маркийн 05-79 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.3-д заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан зорчигч Г.Эрдэнэсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 8 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 9-13 дугаар хуудас/

 

Мөнгөн гүүр эмнэлгийн өвчний түүх. /хэргийн 20-34 дүгээр хуудас/

 

Хохирогч Г.Эрдэнэсайханы “2018 оны 04 дүгээр сарын 13-ны 14 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг Гранд плаза төв дээр манай оффис байдаг ба мөнгө шилжүүлэх зорилгоор Сод Монгол ШТС-ын ар талын гэрлэн дохиогүй явган хүний гарцаар урдаасаа хойшоо зүгт зам хөндлөн гарсан юм. Тэгээд замын 2 дугаар эгнээнд явж байхад нэг машин тулж ирээд зогссон. Тэгэхээр нь тэр машины урдуур гарсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэргэхэд эмнэлгийн насилкэн дээр хэвтчихсэн байсан ба цагдаа нар ирчихсэн та осолд орчихсон байна нэр насаа хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би нэр насаа хэлээд би явган хүний гарцаар гарсан ш дээ гэж хэлсэн. ... Ослын улмаас зүүн талын 3,4 дүгээр хавирга хугарсан, баруун талын хөлний шилбэний тахилзуур яс цуурсан, толгой хавдсан, зүүн баруун гар зулгарсан. Оёо тавиулсан, хацар халцарсан, зүүн хөлний өвдөг хөхөрсөн, зүүн мөр хөхөрсөн, баруун нүдэнд цус хурсан байсан. ...Би эмчилгээний зардлаа төлүүлсэн. Цаашид эмчилгээ болон сая зарцуулсан зардалдаа жолооч Ч-аас 6.000.000 төгрөг, жолооч Нямжаргалаас 2.000.000 төгрөг авсан.

... Гадаа гэгээтэй, цас орчихсон зам нойтон, машины хөдөлгөөн сийрэг үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй ээ. Эмчилгээний болон цаашдын эмчилгээний зардлаа авчихсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Мөнхбатын “... Яг юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. Эхнэр маань хэлэхдээ замаар явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал нэг машин ирээд зогссон. Тэгээд тэрний урдуур гарч байтал цаанаас нь өөр машин ирээд мөргөсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48 дугаар хуудас/

 

Иргэний хариуцагч Ч.Энхболдын “... Тухайн үед Бэл капитал ББСБ дээр барьцаанд тавьчихсан байсан ба бүртгэл нь Бэл капитал ХХК-ны нэр дээр байсан. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай аав Ч- манай хүү болох Эрхэмбилэгийг сургуульд нь хүргэж өгөх гээд явж байгаад зам тээврийн осол гаргасан байсан. ... Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Баруун гар талын их гэрэл хагарсан байсан. Нэхэмжлэхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56-57 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4914 дугаартай:

“1. Эрдэнэсайханы биед баруун тахилзуур ясанд хугарал, зүүн 3,4-р хавирганы хугарал, баруун шуу, сарвуу, зүүн хацарт зулгаралт, баруун зовхи, алимны  салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 63 дугаар хуудас/

 

Шинжээч Т.Номинцэцэгийн “Г.Эрдэнэсайханы биед учирсан баруун тахилзуур ясанд хугарал, зүүн 3,4-р хавирганы хугарал, баруун шуу, сарвуу, зүүн хацарт зулгаралт, баруун зовхи, алимны салстад цус хурсан гэмтлүүд нь босоо болон хэвтээ байрлалд авсныг ялгах боломжгүй. Г.Эрдэнэсайханы биед учирсан баруун тахилзуур ясанд хугарал, зүүн 3,4-р хавирганы хугарал хоёр тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх 2 гэмтлийг босоо хэвтээ аль ч байрлалд авах боломжтой гэмтлүүд юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 287 дугаартай:

“1. Т.Prius маркийн 05-79 УБЛ дугаартай автомашиныг жолоодон явсан С.Ч- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Т.Ist маркийн 04-22 УНЕ дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Нямжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

3. Явган зорчигч Г.Эрдэнэсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 83-84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч С.Ч-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Ч- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

  

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ч-ад 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

         

          Шүүгдэгч Д.Ч-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй  хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Эрдэнэсайхан “... Би эмчилгээний зардлаа төлүүлсэн. Цаашид эмчилгээ болон сая зарцуулсан зардалдаа жолооч Ч-аас 6.000.000 төгрөг, жолооч Нямжаргалаас 2.000.000 төгрөг авсан.

Одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй ээ. Эмчилгээний болон цаашдын эмчилгээний зардлаа авчихсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/ өгсөн, мөн хохирогч Г.Эрдэнэсайханы “... Д.Ч-аас 6.000.000 төгрөг авсан бөгөөд түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлт /хэргийн 131 дүгээр хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгч Д.Ч-аас гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

                                                                    

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Сартуул овогт Содномдашийн Ч-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар С.Ч-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С.Ч- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  С.Ч- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, С.Ч- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт хурааж ирүүлсэн С.Ч-ын 375752 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц С.Ч-ад буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ч-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ