Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2026/ДШМ/149

 

2026             01              30                                                                                    2026/ДШМ/149    

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа /цахимаар/,

шүүгдэгч Б.Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2696 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-д холбогдох эрүүгийн 2405010740224 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Б-ын Т-, ........., /РД:Б-/, урьд:

1. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3, 126.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/760 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар 15 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих, хаалттай хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа тус ангид хоригдож байсан Ч.Б-ы биед тодорхой шалтгаангүйгээр халдаж гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Б-ын Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 01 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 760 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жил 01 сар 15 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил, 13 хоногийн хорих ял дээр 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-н биечлэн эдлэх 14 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-н цагдан хоригдсон нийт 81 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар Б.Т-гөөс 2.819.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б- хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т- намайг нэг хэрэгт нэг бус удаа шийтгэсэн гэж үзэж байна. Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэрэг болсноос хойш 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдож байх хугацаанд 461 дүгээр хорих анги дээр эрүүгийн хэрэг үүссэн талаар хэн ч хэлж мэдэгдээгүй. Мөн хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой байтал нэгтгээгүй. Тухайн үед миний бие хэрэг үүссэнийг мэдээгүй байсан бөгөөд хэн ч ирж хэлээгүй. Энэхүү нөхцөл байдал нь миний эрх зүйн байдлыг хэт дордуулсан нөхцөлүүдийг үүсгэсэн. Тухайн үед миний хийсэн гэмт үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зөрчлийн акт бичиж “сахилгын арга хэмжээ” авсан. Энэхүү сахилгын зөрчил гаргасан акт нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цагдан хорих төвөөс хорих 415 дугаар ангид очих үед тус хорих ангийн прокурорын шийдвэрээр намайг дэглэм буюу хорих ял эдлэх нөхцөлийг хүндрүүлж тусгай нэгж /гянданд/ хорих ялыг эдлүүлэхээр өөрчилсөн. Энэ нь хохирогч Ч.Б-ыг цохиж эрүүг нь хугалсан зөрчлийн арга хэмжээ авхуулснаас үүдэлтэй шийдвэр юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 405 дугаар ангид буюу гянданд дэглэм дээшилж очсоноос хойш 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тусгай нэгж буюу гянданд хорих ял эдэлж байхад ч хэргийг шийдвэрлээгүй байсаар байсан. Би хэргийн талаар гүйцэт мэдүүлээгүй нь хорих ангийн алба хаагч нартай холбоотой бөгөөд миний ял эдлэх нөхцөлд нөлөөлж болзошгүй байсан болохоор би мэдүүлээгүй өнгөрсөн. Хэрэг гардаг өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Ө- нь хэргийн захиалагч буюу хатгагч юм. Тус алба хаагч нь ирээд “энэ Ч.Б-ыг жаахан шоглоод, айлгаадах, ганц нэг цохисон ч яах вэ” гэсэн бөгөөд Ө- нь хэлэхдээ “би наадхыг чинь танина, наад нөхөр чинь мөнгөтэй, жаахан юм салгах хэрэгтэй байна, Түмээ чи хийвэл хий, яахыг өөрөө л мэд, үгүй бол чи яахыг мэдэж байгаа биз дээ” гэж намайг шахаанд оруулж айлгаж эхэлсэн. Мөн надад юм өгнө гэсэн ба түүнийгээ ч өгөөгүй. Энэ хэрэг дээр миний бие ганцаараа шийтгүүлсээр ирсэн. Иймд Ө- гэх хүнийг шалгуулах, хэргийн нотолбол зохих байдлыг хангаж өгнө үү. Анхан шатны шүүх дээр мөн мэдүүлж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр өмгөөлөгч болоод миний яриаг дуусгалгүй тасдаж, гэм буруугийн шүүх хурал гэж хурлыг цааш үргэлжлүүлсээр дуусгасан. Мөн миний бие дэглэм дээшилж хорих 405 дугаар ангид тусгай нэгж буюу гянданд ял эдэлж байх хугацаандаа нэг ч удаа эргэлт, уулзалтад гараагүй. Тус хорих анги нь ар гэртэйгээ утсаар ярихыг хориглодог тул нэг ч удаа холбоо барьж чадаагүй байсан болохоор хохирол төлөх ч боломжгүй байсан. Мөн надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байх тул миний дээрх гомдлыг хянан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т- нь хэдийгээр Ч.Б-ыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зодож хүндэвтэр гэмтэл учруулсан хэдий ч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар шийтгэгдэх хэрэгт Ч.Б-д хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг нэмж нэгтгэн нэг шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэх боломж байсаар байтал нэмж нэгтгэн шийдвэрлээгүй. Тухайн үед Б.Т-д Ч.Б-ы биед хүндэвтэр гэмтэл учруулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар огт санаатайгаар мэдэгдээгүй зориуд шүүх хуралдааны дараа мэдэгдэж дахин шүүх хуралдаанаар Б.Т-гийн эрх зүйн байдлыг хэт дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхээс гаргасан тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед миний үйлчлүүлэгч Б.Т-гийн хийсэн гэмт үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зөрчлийн акт бичиж сахилгын арга хэмжээ авсан байдаг. Энэхүү сахилгын зөрчил гаргасан акт нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цагдан хорих төвөөс хорих 415 дугаар ангид очих үед тус хорих ангийн прокурорын шийдвэрээр дэглэм буюу хорих ял эдлэх нөхцөлийг хүндрүүлж тусгай нэгж буюу /гянданд/ ялыг эдлүүлэхээр өөрчилсөн байдаг. Энэ нь хохирогч Ч.Б-д хүндэвтэр гэмтэл учруулсантай холбоотой шийтгэл. Б.Т- нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хорих 405 дугаар ангид буюу /гянданд/ дэглэм чангарч очсоноос 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ял эдэлж байхад хэргийг шийдвэрлээгүй. Энэ бүхий л хугацаанд эрх зүйн байдал нь дордон нэг удаагийн гэмт хэрэгт хэтэрхий олон удаа шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгч Б.Т-гийн хэлж байгаагаар “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан ШШГГазрын ажилтан ахлагч Ө- гэдэг хүн Б.Т-д хандан Ч.Б-ыг жаахан шоглоод, айлгаад ганц нэг цохисон ч яах вэ гээд” дахин, дахин хэлээд байсан гэдэг. Хэрэв миний хэлснээр хийхгүй бол чи яахыг нь мэдэж байгаа биз дээ Түмээ” гээд шахаанд оруулаад байсан гэдэг. Тэгэхээр нь ахлагч Ө- гэгч нь Ч.Б-ы хохирсон гэх хэрэгт захиалагч байх онолын үндэслэл харагдаж байна. Иймд Ч.Б-ыг цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан Б.Т-гийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан а/ч Ө- нь уг хэрэгт холбоотой эсэхийг нягтлан шалгах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийн хувьд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Ажиллагаа явагдаж байх хугацаанд хохирогч Ч.Б- хорих ялаар шийтгэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Дээрх шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих хаалттай 461 дүгээр ангид хоригдож байхдаа тус ангид хоригдож байсан Ч.Б-ы биед тодорхой шалтгаангүйгээр халдаж гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүү ясны хоёрлосон хугарал, бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 100-102/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0525/352 дугаартай “...Ч.Б-ы биед эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 92-93/,

хохирогч Ч.Б-ы “... 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нарлагаанд гарах гээд ээлжээр гарч байсан хамгаалалтын ажилтан өрөөнүүдийн хаалгыг онгойлгон манай өрөө буюу С-3 5 номерын өрөөг онгойлгоод өрөөнийхөө үүдэнд гарч ирээд зогсож байтал, өрөөний үүдэнд, хажуу талын С-3 4 номерын өрөөнд хоригдож байсан /нэрийг нь мэдэхгүй/ намхан бор царайтай/ жаахан махлагдуу бүлтгэр нүдтэй залуу зогсож байсан. Тэр хүн надад хандан “чи ямар хэрэгтэй хулгайч вэ гэж хэлэхээр нь би түүнд хандан “за гар барьчихъя, танилцъя гээд өөрийнхөө нэрийг хэлчихээд эргэж хараад явж байтал, гэнэт оч манараад явахаар нь эргээд хартал нөгөө намхан бор залуу байсан бөгөөд нүүрээ хоёр гараараа барихад амнаас цус гарч байсан. Тэгээд амаа хөдөлгөх гэсэн чинь ерөөсөө хөдөлгөж болохгүй, маш их өвдөж байсан бөгөөд хамгаалалтын ажилтан нар ирээд намайг хорих ангийн эмнэлэг хүргэн, эрүүний хэсгийн рентген зураг авхуулахад баруун талын эрүүний хэсэг 2 удаа хугарсан байсан. Эмнэлэг дээр очиж зургаа авхуултал яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай, эрүүг хадна гэж хэлсэн. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад тухайн өдрөө хагалгаанд орох болоод 10 дугаар хорооллын  “Green med” гэх нэртэй эмнэлэг хүргэгдэн очиж хагалгаанд орсон” /1хх 42-44 /,

гэрч О.Э-ий “... Улмаар маргааш нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр наралгаанд гарах гээд өрөөний хогийг үүдэнд аваачиж тавьчихаад эргээд өрөө рүүгээ иртэл Б- доошоо явган суучихсан, ам хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд юу болсныг асуутал Т- ах Б-тай маргалдаад цохичихсон гэж хүмүүсээс сонссон...” /1хх 23-24/,

гэрч Г.А-ын “... Тэгтэл Т- ах юу гэнээ гэж хэлтэл цаанаас хорих ангийн хянагч Б-ыг хурдан усандаа ор гээд аваад явсан. Тэгээд байж байтал Б- ахын өрөө нь манай хажууд байрладаг бөгөөд өрөөндөө орж ирээд Б- ах Т-д хандан “чи яаж яриад байгаа юм бэ, гэж хэлтэл Түмээ ах “маргааш наралгаанд уулзъя” гэж хэлсэн. Тэгтэл Б- “чи түрүүлж чадахгүй бол, би түрүүлнэ шүү, би хүн алж чаддаг хулгайч шүү” гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд наралгаанд гарахаар болоод өрөөнд байсан хогоо асгах гээд коридортоо тавих хооронд ард маш чангаар нэг зүйл цохиж байгаа юм шиг чанга дуу гарсан. Тэгээд эргээд хартал Б- ах амаа барьчихсан, доошоо амаа бариад суучихсан, Түмээ ах дээрээс нь хараад зогсчихсон бөгөөд нарлагаанд гарах гээд байж байтал Б- ах Түмээ ах дээр ирээд “би чамайг гарч ирж байгаад алнаа” гээд орилоод байхаар хорих ангийн төлөөлөгч М- хоёуланг нь аваад явсан." /1хх 98-99/,

гэрч Т.М-ын “...Тэгээд эд зүйлүүдээ өрөөнөөсөө аваад "С-3 5-с гарах гэтэл П- над дээр хоригдогч Т-г дагуулж ирээд өрөөний хоригдогч Б-ыг цохичихлоо гэхээр нь би Т-гөөс асуутал “миний дургүйг хүргээд байхаар нь цохичихлоо” гэж хэлсэн бөгөөд араас нь Б- баруун талын эрүүгээ баруун гараараа барьчихсан над дээр ирээд “даргаа миний эрүү хугарчихсан юм шиг байна, би Т-д ямар нэгэн зүйл хийгээгүй, намайг эргээд хартал цохичихсон” гэж хэлсэн. ...” /1хх 32-34/,

гэрч М.П-ын “...Тэгэхээр нь эргээд хартал С-3 5 номерт хоригдож байсан Б- нь амаа дараад доошоо явган суучихсан байхаар нь очоод “хэн цохисон бэ” гэж асуутал тэр дундаас хажуу өрөөний С-3 4 номерт хоригдож байсан Т- “би Б-ыг цохичихсон” гэж хэлсэн. Улмаар би тухайн үед манай давхрыг хариуцсан ахлах төлөөлөгч М- дээр очоод болсон үйл явдлын талаар хэлэхэд М- төлөөлөгч надад хандан “Б-, Т- нарыг жигүүрээс нь гаргаад голын хэсэгт очоод байлгаж бай” гэж хэлтэл Б- эрүү хэсгээ хоёр гараараа бариад жаахан зовуурилсан маягтай “миний эрүү хугарчихсан байна” гэж хэлэхэд ахлах төлөөлөгч М- Б-ыг “эмнэлэгт очоод зургийг нь аваад ир гээд явуулсан...” /1хх 36-37/,

яллагдагчаар Б.Т- “...өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон үйл явдлаа бүгдийг нь хэлж ярьсан.” /1хх 226-227/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгч Б.Т- “.... Хэрэг гардаг өдөр үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Ө- нь хэргийн захиалагч юм. Ө- гэх хүнийг шалгуулах, хүсэлтэй байна. ...” гэх, түүний өмгөөлөгч А.Ганбат “....Т-гийн хийсэн гэмт үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зөрчлийн акт бичиж сахилгын арга хэмжээ авсан байдаг. Энэхүү сахилгын зөрчил гаргасан акт нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цагдан хорих төвөөс хорих 415 дугаар ангид очих үед тус хорих ангийн прокурорын шийдвэрээр дэглэм буюу хорих ял эдлэх нөхцөлийг хүндрүүлж тусгай нэгж буюу /гянданд/ ялыг эдлүүлэхээр өөрчилсөн байдаг. Мөн хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, дээрх хугацаанд эрх зүйн байдал нь дордон нэг удаагийн гэмт хэрэгт хэтэрхий олон удаа шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. ШШГГазрын ажилтан ахлагч Ө- гэдэг хүн Б.Т-д хандан Ч.Б-ыг жаахан шоглоод, айлгаад ганц нэг цохисон ч яах вэ гээд” дахин, дахин хэлээд байсан гэдэг. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан а/ч Ө- нь уг хэрэгт холбоотой эсэхийг нягтлан шалгах нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Т-г хохирогч Ч.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхэд Ө- гэх хүн болон өөр бусад этгээд хатгасан, зохион байгуулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч А.Ганбат нараас шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэх агуулгаар гаргасан гомдолтой танилцахад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 2024/ШЦТ/760 шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.6., 2.7 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтанд зааснаар гэм буруутайд тооцон ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 15 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилжээ. Шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн 2306000002471 дугаартай хэргийг хянан шийдвэрлэж, түүнийг гэм буруутайд тооцон ял оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулаагүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл болон 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу нэг бүлэгт заасан төрлийн объектоор нэг бүлэгт хамаарсан гэмт хэргүүд болохоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заагдсан нэг гэмт хэрэг гэж ойлгохгүй. Иймээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болжээ гэж дүгнэв.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2354 дүгээр захирамжаар хорих ял эдэлж байгаа хоригдлыг шилжүүлэн яллагдагчаар цагдан хорих тухай захирамж, Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №07/3818 албан тоот, Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 7/126 дугаар прокурорын зөвшөөрлийн дагуу шүүгдэгч Б.Т-г ШШГЕГ-ийн харьяа хаалттай 405 дугаар хорих ангиас цагдан хорих хаалттай 461 дүгээр ангид шилжүүлэхэд ялын тооцооны тодорхойлолтоор Б.Т- нь 13 жил 13 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байсан байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жил 01 сар 15 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил, 13 хоногийн хорих ял дээр 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2696 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-н 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 хоногийг 81 хоног цагдан хоригдсон гэж тоо тооцооллын алдаатай бичсэн техникийн шинжтэй алдааг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зөвтгөж шийдвэрлэсэн тул цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч Б.Т- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 58 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2696 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-5 дахь заалтын “...Б.Т-н цагдан хоригдсон нийт 81 /наян нэг/ хоногийг...” гэснийг “....Б.Т-н цагдан хоригдсон нийт 83 /наян гурав/ хоногийг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 58 /тавин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.ОДОНЧИМЭГ

 

                      ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

 

                                ШҮҮГЧ                                               Л.ГАЛБАДАР