Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч У.Э- түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Гурван бүрд овогт Усчаагийн Э-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805017870345 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............” караокед бармен ажилтай, Баянхонгор аймгийн Заг сум ........баг ...........бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хорооллын 67 дугаар байр 106 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 320 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Гурван бүрд овогт Усчаагийн Э-

 

Шүүгдэгч У.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 18 тоотод эд зүйл эвдэлж 1.196.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч У.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч У.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 18 тоотод Г.Уянгын эд зүйлийг гэмтээж 1.196.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Уянгын “...2018 оны 03 дугаар сарын 22-ны орой урьд нь үерхдэг байсан Усчаагийн Э- нь зүс үл таних 2 найзтайгаа орж ирээд намайг үгийн зөрөөгүй хэл амаар доромжлон, манай гэрийн эд зүйл болох хөргөгч, угаалгын машин, ширээ, нөүтбүүк нарыг эвдэлж, хутганы комыг цонхоор авч шидэж эхэлсэн. Тэгээд цонхоор үсэрч үхнэ гээд агсан тавиад байхаар нь би цагдаа дуудсан чинь цагдаа ирэхээс өмнө яваад өгсөн. 2017 оны 07 дугаар сард Баянгол дүүрэг 17 дугаар хороо 35 дугаар байр 18 тоотын хажуу өрөө түрээслэж байхад тус байрны хажуу өрөөг түрээслэдэг байсан. Тэгээд бид хоёр 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 01 сарыг хүртэл үерхэж байгаад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг болохоор нь би салсан. У.Э-тай 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр түрээслэдэг хажуу өрөөнөөсөө гарч явсанаас хойш харилцаа холбоогүй байгаа. ...Дамно хөрөнгө үнэлгээний зуучлалын компаниар үнэлэгдсэн 1.196.000 төгрөгийг би У.Э-тай 600.000 төгрөг гэж төлчих гэж зөвшилцсөний дагуу У.Э- 600.000 төгрөг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

“...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Баянзулын “...Тэгээд бид 3 хамт ороход Э- нь хувцсаа аваад өөрийн матраасаа авах гэтэл найз охин болох У- нь хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд Э- нь уурлаад эхэлсэн. Тэр 2 хэсэг маргалдаж байгаад эхлээд гудас аваад цонхоор шидсэн. Тэгээд гал тогооны өрөөнд байсан ширээг хэмхэлсэн.  ...юм өгч явуулахгүй бол эвдэлчихье гээд ширээ сандалаа эвдэлсэн. Мөн цонхны тавцан дээр байсан хутганы ком байсныг цонхоор авч шидсэн. ...Тэгээд юмаа авч гарах гэж байхдаа угаалгын машин нь саад болоод байхаар нь холдуулах гэж байхдаа угаалгын машины тагийг татаж холдуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Мягмардоржийн “2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн орчим манай ажлын найз Баянзул нь хоёулаа Э-ийн гэрт очоод юмыг нь хамт очоод аваадхая гэж хэлээд ажлаас гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо 35 дугаар байрны гадна очиход Э- хүлээж байсан. Тэгээд бид 3 дотогш ороход Баянзул бид 2 үүдний хэсэгт зогсож байхад Э- нь юмаа авах гэхэд нөгөө эмэгтэй У- нь юмыг нь өгөхгүй гэж маргалдсан. Тэгэхээр нь Э- өгөхгүй бол би энэ юмыг гаргаад хаячихъя гээд эхлээд гудас цонхоор аваад шидсэн. Тэгээд ширээний дээр байсан жаазтай зургийг аваад эвдэлсэн. Тэгээд угаалгын машиныг 2 удаа уурандаа өшиглөхөд У- хэл амаар доромжлоод Э-ийг 2-3 удаа цохиж байсан. Тэгээд Баянзул бид хоёр Э-ийг аваад гарсан. ...Өөрөө цохиж зодуулсанаас биш У-д гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.196.000 төгрөгөөр үнэлэгдэв” /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл “ ... хохирогч Г.У- болон сэжигтэн У.Э- нарын хооронд зөвшилцөн дагуу хохирлын мөнгө гэж 600.000 төгрөг болон үнэлгээний төлбөр болох 80.000 төгрөг өгсөнийг тэмдэглэл болгон үйлдэв. Хохирлын мөнгө өгсөн: У.Э-, хохирлын мөнгө авсан: Г.У-” гэсэн баримт. /хэргийн 22 дугаар хуудас/

 

У.Э-ийн яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 08 дугаар сараас хойш Б.У-тай үерхэж Баянгол дүүргийн 13 дугаар хороо 35 дугаар байрны 18 тоотод хамтран амьдарч байсан. Тэгээд 03 дугаар сарын 10-ны өдөр салсан.2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ найз Номин-Эрдэнийн найз залуутай нэг шил 0,75 литрийн “Evok” нэртэй архийг хувааж оройн 23 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо 35 дугаар байр 18 тоотод байх хуучин амьдарч байсан гэртээ очсон. Би амьдарч байсан гэрийнхээ хаалгыг удаан нүдсэн. Тэгэхэд Г.У- гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь Баянзул, Мягмардорж нарын хамт эд хогшилоо авахаар дахин гэртээ очиж орсон. Гэр дотроо ороод өөрийнхөө саарал өнгөтэй ширээ, хивс матрас зэргийг авах гэсэн чинь чиний юм байхгүй гэж У- уурлахаар нь уурандаа балкон дээр нь байсан тортой хувцсаа аваад гал тогооны саарал өнгөтэй ширээг нь өргөж шидээд дээрээс нь дэвсэж, хутга байсан хутганы комыг цонхоор авч шидэж, цагаан өнгийн угаалгын машин руу өшиглөөд гэрээс нь гараад явсан. Тэрнээс хойш дахин уулзаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч У.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Уянгын эд зүйлийг эвдэлж 1.196.000 төгрөгний хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Г.Уянгын “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,  /хэргийн 29 дүгээр хуудас/ мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хэргийн 22 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.Э- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч У.Э- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигийг төлж барагдуулсаныг харгалзан түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гурван бүрд овогт Усчаагийн Э-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Э- торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, У.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Э-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ