| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/00013/И |
| Дугаар | 308/ШШ2026/00272 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 308/ШШ2026/00272
| 2026 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 308/ШШ2026/00272 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С аймаг, М сум, * дүгээр баг, Д **-** тоотод оршин суух, Б овогт Д Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Д аймгийн З, б ашиглалтын ангид машин механизмын механикчаар ажиллаж байсан. Тус байгууллагын архив шатаж холбогдох материалууд үрэгдсэн тул тус байгууллагад 7 жил ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ***/** дугаартай дүгнэлт, Д аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт, замчдын баяраар авхуулсан гэрэл зураг, гэрч С.А, Ц.У нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д АЗЗА ТӨХК-ийн 40 жилийн ой 1983-2023 оны гэрэл зургийн цомог номны нүүр хэсгийн зураг, У хот дахь барилгын техникумын дипломын хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс С.А, Ц.У нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Д.Б нь Д аймгийн З, б ашиглалтын ангид машин механизмын механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч Д.Б ажиллаж байсан хугацааг нотлох баримтууд, байхгүй байгаа болох нь Д аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ***/** дугаартай дүгнэлт, Д аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Д.Бгийн нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл Д аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ***/** дугаартай дүгнэлт, Д аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт, замчдын баяраар авхуулсан гэрэл зураг, Д АЗЗА ТӨХК-ийн 40 жилийн ой 1983-2023 оны гэрэл зургийн цомог номны нүүр хэсгийн зураг, У хот дахь барилгын техникумын диплом байхаас гадна гэрч нарын тодорхойлолтоор дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.Бгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Д Бг Д аймгийн З, б ашиглалтын ангид 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл механик инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ