Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2026/00277

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2026/00277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 1 дүгээр хороо, С 5, төв байранд байрлах Г б ХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, З, * дугаар байр * тоотод оршин суух Б овогт С Г,

Хариуцагч: Д аймаг, Х сум, * дугаар баг, Б н байрны *-* тоотод оршин суух З овогт Бын Б нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, нотариатын зардал нийт 18,648,123.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Э /цахимаар/,

Хариуцагч: С.Г,

Хариуцагч: Б.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.У /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

С.Г, Б.Б нар нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гб-тай *********** дугаарт зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 1838 хоногийн хугацаа хэтрэлттэй, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9,793,205.09 төгрөг, зээлийн хүү 7,700,246.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,154,671.89 төгрөг нийт 18,648,123.86 төгрөгийг С.Г, Б.Б нараас гаргуулж өгнө үү. С.Г нь Б.Быг зээл авсан анкет дээр эхнэр гэж бичсэн байсан. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учраас Быг хариуцагчаар татан оролцуулж байгаа. Зээл авсан өдрөө Б.Бы данс руу 1,364,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Г бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд, эхнэр, нөхрийн харилцаа байхгүй. Зээл авахдаа эхнэр гэж бичсэнийг мэдээгүй. Зээл авах гэсэн юм хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гээд гуйгаад байхаар нь гарын үсэг зурж өгсөн юм. Зээлийг би авч хэрэглээгүй учраас төлөхгүй гэж үзэж байна. Би хамтран зээлдэгч болоод төлнө гэж ойлгоогүй нь миний буруу байсан байна гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа. Ангийнхаа Быг гуйгаад гарын үсэг зуруулсан. Энэ зээл Бд хамааралгүй би гуйгаад гарын үсэг зуруулсан. Зээл авсан анкет дээр эхнэр гэж би өөрөө бичсэн. Тэрийг өөрт нь хэлээгүй. Б.Баас мөнгө зээлсэн байсан учраас зээл аваад тэр өдөр түүний данс руу зээлсэн мөнгөө шилжүүлсэн. Эхнэр гэж бичээд зээл авсан нь миний буруу. Бие өвдөөд эмнэлгээр явж байгаад зээлээ төлөөгүй. Зээлийн хүүг багасгаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагч Б.Б өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.Бы өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. ... 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр энэ гэрээний хугацаа дуусаж байгаа. 2020 оноос хойш зээлийн гэрээний үүргийн энэ асуудлаар Г б ямар ажиллагаа явуулсан юм. Шаардах эрхийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг асуудал яригдана. Хууль иргэн, хуулийн этгээдэд адил тэгш үйлчилнэ. Г б 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж өгсөн. ... Г б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны буюу гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлнэ гэж байгаа. 2020 оны 09 дүгээр сараас шаардах эрх буюу энэ гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэдэг шаардах эрх үүссэн байна. ... Энэ гэрээний шаардах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Тэгээд 1 сар гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Ийм үйл баримтыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. ... Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэдэг саналыг шүүхэд гаргаж байна. Хариуцагч С.Гын хувьд би энэ зээлийг өөрөө авсан, өөрийн хэрэгцээнд зарцуулсан, би энэ зээлийг бүрэн төлнө гэдэг тайлбар гаргаж байна. Тэгэхээр энэ гэрээнд гарын үсэг зурсан Б.Б С.Гын өмнөөс үүрэг хүлээх шаардлагагүй гэж үзэж байна. ... Б.Бы хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд С.Гын үүргийг хүлээх боломж байхгүй гэдгийг дурдаж хэлье. ... С.Г, Б.Б нарыг тухайн үедээ Гэр бүлийн тухай хуульд зааснаар хамтран амьдрагч эхнэр, нөхөр гэдэг үйл баримт огт байхгүй. ... Г бны шаардлагын хүрээнд Б.Быг эхнэр гэж бичсэн байгаа. Тухайн үед Б.Б нь гэр бүлтэй хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан. С.Гын 10 жилийн ангийн дарга нь байсан охин байгаа. Ангийнхаа хүүхдэд итгэсний үндсэн дээрээс гарын үсэг зурахдаа энэ хүний эхнэр болоод зээлдэгчээр намайг зайлшгүй оруулж ирнэ гэдгийг бодоогүй. ... С.Г өөрөө зээлийг төлнө гэдэг хүсэлтээ өгөөд зөвшөөрөх ёстой. Үнэхээр хөөн хэлэлцэх хугацааны хувьд энэ нөхцөл байдлыг шүүх хүлээж авахгүй гэж үзэж байгаа бол хууль зүйн үндэслэл нь байгаад хүлээж авч байгаа бол энэ хоёр хүмүүсийг заавал нийлүүлээд 18,648,123.86 төгрөгийг энэ хоёр хүнээс зэрэг гаргуулна гэдэг боломж байхгүй гэж үзэж байна. Иргэн хуулийн этгээдэд хууль адилхан үйлчилдэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа энэ нөхцөл байдлыг анхаарч өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ************** дугаартай зээл болон барьцааны гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт, дансны хуулга, шилжүүлгийн баримт, Д аймгийн Цэргийн гавьяаны одон цагдаагийн газрын албан бичиг, Г бны тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч нараас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбаруудыг өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Гб ХК нь хариуцагч С.Г, Б.Б нартай цалингийн зээлийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ************* дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй, зээлийн гэрээний графикт зааснаар зээлийг эргэн төлөх, графикт хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хугацаанд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. (хх-7-8)

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр, 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ************** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр үндсэн зээл 9,793,205.09 төгрөг, зээлийн хүү 7,700,246.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,154,671.89 төгрөг нийт 18,648,123.86 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул гаргуулна гэснийг хариуцагч нар үнийн дүнгийн хэмжээнд маргаагүй, хариуцагч Б.Бы зүгээс зээлийн гэрээнд зүгээр гарын үсэг зурсан, мөнгийг хүлээн аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж,

Хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө, зээлийн гэрээний дагуу мөнгийг ганцаараа авсан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар тогтоосон бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилхээр, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор хөөн хэлцэлцэх хугацааг тоолохоор нарийвчлан зааж өгсөн.

Нэхэмжлэгч Г б ХК нь хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот шийдвэрийн дагуу хариуцагч нарын оршин суух хаягийг тодорхойлсон болох нь Д аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 сарын 20-ны өдрийн **/1958, **/1956 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 сарын 20-ны өдөр дуусах тул шаардах эрх энэ өдөр үүсэх бөгөөд 2025 оны 07 сарын 20-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гарсан тул энэ өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хаягийг олж тогтоосноор шинээр тоологдохоор байх тул хариуцагч Л.Бы хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэг талаас Г б нөгөө талаас С.Г, Б.Б нар оролцсон болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.Б зээлийн гэрээнд гарын үсэг зурсан мөнгийг хүлээн аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд талууд гэрээнд гарын үсэг зурсны үндсэн дээр Г б ХК нь зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Гад зээл 12,000,000 төгрөг шилжүүлсэн байна.

Иймд хариуцагч Б.Быг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болохоор зохицуулсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,793,205.09 төгрөг, зээлийн хүүнд 7,700,246.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,154,671.89 төгрөг нийт 18,648,123.86 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар Гб ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,191 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 251,191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гб ХК-д олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Г, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 18,648,123.86 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гб ХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,191 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 251,191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гб ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ