| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 2315002820125 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | О. |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
Ж.У*******т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А дж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор О.М*******,
Шүүгдэгч Ж.У*******, түүний өмгөөлөгч Р.М*******, Н.Б*******,
Хохирогч А.Х*******ы өмгөөлөгч Э.Ц*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******, түүний өмгөөлөгч Г.П*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******, түүний өмгөөлөгч Ч.О /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нарыг оролцуулан, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгийн дж хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ж.У*******, түүний өмгөөлөгч Р.М*******, Н.Б******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.У*******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 1, Булган аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт Жаны У******* /РД:ГЖ9/.
Шүүгдэгч Ж.У******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт байрлах нисэхийн гүүрний асфалтан зам дээр улсын дугаартай, Т /Toyota corolla filder/ загварын тээврийн хэрэгслийг цусан дахь этилийн спирт 0.5 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан А.Х*******ы биед хөнгөн хохирол учруулсан, Б.А, Б.Ө нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Ж.У*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч овогт Жаны У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учирч, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ж.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У*******т оногдуулсан 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 508.5, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгч С.Б*******од 28,116,850 /хорин найман сая нэг зуун арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг, амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгч Л.Н*******д 47,364,621 /дөчин долоон сая гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг, амь хохирогч Б.Өын насанд хүрээгүй хүүхдүүд болох 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.Б, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ө.Т нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү хүүхэд тус бүрт 144,250 /нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус шүүгдэгч Ж.У*******аас гаргуулан тус тус олгож, хохирлоос С.Б*******ын нэхэмжилсэн 2,121,900 /хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг, Л.Н*******гийн нэхэмжилсэн 24,781,736 /хорин дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Хохирогч А.Х******* нь сэтгэцэд учирсан хохирол, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг, энэ хэрэгт шүүгдэгч Ж.У******* нь цагдан хоригдсон хоноггүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суудлын баруун дээд хэсгийн таазнаас 22.5х24 см-ийн хэмжээтэй саарал өнгийн доторлогооноос зүсэж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тээврийн хэрэгслийн доторлогооны материал, зүүн урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудлын дэр, таазны завсарт хавчуулагдсан үс, арын суудлын баруун хойд талын сандлын аравчны саарал өнгийн даавуун материалтай бүрээснээс цус мэт зүйлээр бохирлогдсон даавууны хэсэг 35х22 см-ийн хэмжээтэй, арын суудлын баруун хэсгийн хүрэн өнгийн бүрээс, арын суудлын зүүн хэсгийн суудлын бүрээс тус бүр 1 ширхэг, жолооч талын буюу тухайн тээврийн хэрэгслийн баруун урд талын суудлын дэр хэсгийн хүрэн өнгийн 2 ширхэг бүрээс, арын суудлын дээд таазны дээд хэсэгт хатсан цус, зүүн талын арын суудлын тааз хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс 15х18 см-ийн хэмжээгээр зүсэж авсан материал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.У******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.У******* нь 2023.07.12-ны өдөр осол болох үед уг машиныг барьж яваагүй. Надтай хамтран амьдарч байсан А.Х******* гэдэг бүсгүй барьж явсан. Осол болох үед хамгийн түрүүнд А.Х******* машинаас гарч явсан байдаг. А.Х******* гараад асфальтан зам дээр явж байсан гэж мэдүүлсэн ч байдаг. Надад “машин барьж явсан” гэдгээ яриад уйлж ч байсан. Гэхдээ А.Х******* надтай хамт амьдарч сууна гэдэг байсан учир би тэр үгэнд нь итгэж 5 настай охинтой учир хэрэгт оруулаад яах вэ гэж бодоод мөрдөн байцаах явцад хэлээгүй явсан. Би тухайн үед болсон үнэн явдлыг шүүх хурал дээр ярьсан.
Жолооч талын суудал мөн машины руль хоорондын зайг шалгаж хэн машин барьж явсаныг тогтоогоогүйд гомдолтой байсан. Шүүх хурал дээр болон мөрдөн байцаалтын явцад чи л барьж явсан, чиний машин учраас чи л барих боломжтой гэж яриулаагүй.
Анх машинаас А.Х*******аа гарч явсан гэдгээ өөрөө мэдүүлсэн байдаг. Энэ нь машин барьж жолооч талын хаалга гарах хаалга онгойхгүй байсан. А.Х******* нь 1 мэдүүлэгтээ хальт санаж байгаа нь голын усан дээр зогсож байсан. Машины хаалга онгойлгох гэж үзэхэд онгойхгүй байсан. Надаас өөр хүн машинаас гарч ирсэн харагдаагүй гэдэг. 2 дахь мэдүүлэгтээ туслаарай гэж сүүлийн хүчээ шавхаад 1 удаа орилоод миний баруун талаас нэг гар цээж хэсэгт хүрсэн гэдэг боловч ослын улмаас Х******* бүсээ хэрэв бүсэлж явсан бол эсрэг болж зүүн талд нь хүрэх байсан. Энэ нь А.Х******* би машин барьж явсан гэдгээ өөрөө хэлж нотолсон байхад тухайн осол болоход намайг барьсан гэдгээр ямар ч нотолгоогүйгээр шийтгэл ял оноож байгаад гомдолтой байна. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн зурагнаас харахад жолооч талын суудал урагшаа, жолоочийн эсрэг талын суудлыг харахад суудал нь арагшаа, урд талаас нь харахад 2 суудал тэгш биш их зөрүүтэй харагддаг. Эндээс харахад жолооч талын суудал эмэгтэй хүн А.Х******* барьж явсан нь 2 суудлын байрлалаас тодорхой харагддаг. Мөн гар, хурууны хээ аваагүй, араа болон руль, хаалганы хавтаснаас илрээгүй гэх нотолгоогүй. Хэргийн газрын үзлэг дутуу хийгдсэнд гомдолтой байна. Замын хажуугаар явж байсан эмэгтэйн мэдүүлэгт асуулт дутуу асуусан. Тэр хүнээс жолооч, жолоочийн хажууд явсан 2 хүний өмсөж явсан цамцны өнгийг асууж болох байсан. Өөр өөр өнгийн цамц өмсөж явсан нь мэдүүлэгт байдаг” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М*******, Н.Б******* нар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар “...Прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, мөн зүйлийн 3-т зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэсэн үүргээ тус тус биелүүлж чадсангүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.У******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутагт байрлах Нисэхийн гүүрний асфальтан зам дээр улсын дугаартай Тоёота королла фейлтер загварын тээврийг хэрэгслийг цусан дахь этилийн спирт 0.5 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а/, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан А.Х*******ы биед хөнгөн хохирол учруулсан, Б.А, Б.Ө нарын амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь 1-42 бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов... гэж үзэв.
Нэг: Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад:
Шүүгдэгч Ж.У******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутагт байрлах Нисэхийн гүүрний асфальтан зам дээр улсын дугаартай Тоёота королла фейлтер загварын тээврийн хэрэгслийг цусан дахь этилийн спирт 0.5 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а/, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан А.Х*******ы биед хөнгөн хохирол учруулсан, Б.А, Б.Ө нарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна. Ж.У******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн.
Ж.У*******ын гэмт үйлдэл, хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан. Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн , гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлж зүйлчлэхээр тогтоосон тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул хэргийн зүйлчлэл, тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
1. Ж.У*******ыг 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт байрлах Нисэхийн гүүрний асфалтан зам дээр буюу осол болсон цаг хугацаанд тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэдгийг баттай шалгаж тогтоогоогүй, өөрөөр хэлбэл хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон А.Х******* нь 4 удаа мэдүүлэг өгөхдөө 4 өөр янзаар мэдүүлэг өгсөн байхад, үүнийг ч анхаарч үзэлгүй зөвхөн Ж.У*******ыг тээврийн хэрэгсэл жолоодон явж зам тээврийн осол гаргасан гэдгээр буруутган шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэж байгаа болно.
Тухайлбал: А.Х******* нь гэрчээр мэдүүлэхдээ /2023,.07.12-ны өдөр/ /ХХ-157 тал/ “ би яаж гарч ирсэн талаар санахгүй байна нэг л мэдэхэд тусламж дуудаад зам дээр зогсож байсан тэр үед түргэн тусламж ирсэн эргээд харахад машин дээшээ харсан байсан” гэж,
Иргэний нэхэмжлэгчээр 2023.10.27-ны өдөр /ХХ-126-127/ өгсөн мэдүүлэгт: "... хальт санаж байгаа нь голын усан дээр зогсож байсан, намайг машины хаалгыг онгойлгох гэж үзэхэд онгойхгүй байсан, тухайн үед надаас өөр хүн машинаас гарч ирсэн харагдаагүй., ....Асуулт: Таны санаж байгаагаар түргэн тусламж, цагдаагийн байгууллагаас өөр хүн очсон уу? гэж асуухад Хариулт: Нэг машин хальт зогсоод түргэн тусламж дуудсан гэнээ л гэж хэлсэн юм. Өөр хүн ирсэн үгүйг санахгүй байна. гэж,
Дахин 2024.05.05-ны өдөр /ХХ-130-132 тал/ иргэний нэхэмжлэгчээр өсгөн мэдүүлэгтээ: "... Би тухайн осол болох үед жолоочийн урд талын эсрэг талын суудал дээр сууж явсан. Харин осол болох үед хэн машин барьж байсныг хараагүй болохоор тэр машин барьж явсан гэж хэлж чадахгүй байна., ... Би унтаж байх үед миний ар талаас буюу хойд талын суудлаас талийгч Б.Ө орилоод сэрсэн. ..., гэхдээ би өөрийн нүдээр хараагүй болохоор хойно сууж байсныг нь хэлж мэдэхгүй байна. ” гэх тус тус мэдүүлснээс харахад А.Х******* нь үнэн зөв бодит байдлыг мэдүүлсэн гэж үзэх боломжгүй харагдаж байна. /бодит амьдрал дээр машины урд талын суудал дээр суучхаад хажууд нь хэн сууж явсан гэдгийг мэдэхгүй байж болох уу, бас хойд талын суудлаас Ө орилсон гээд тэгснээ нүдээр хараагүй болохоор хойно сууж байсныг хэлж мэдэхгүй гэж хэлж болох уу гэх асуулт нөгөөтээгүүр А.Х*******ы согтолтын зэрэг нь 0.8 байгаа нь тэгтлээ ойр тойрноо мэдэхгүй болчихсон ухаан мэдрэл алдах нөхцөл байдалтай болсон байсан гэж үзэх үндэслэл үүсэхгүй гэж үзэж байна./
Согтолтын түвшин гэдэг нь цусан дахь болон амьсгал дахь спиртийн хэмжээг хэмждэг. Цусны найрлаганд байгаа спиртийн хэмжээнээс хамаарч согтуурлын зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг бөгөөд А.Х*******ы согтуурлын зэрэг нь 0.8 хувь хөнгөн зэрэг байгаа.
Гэрч Ж.Б мэдүүлэгтээ: “...би маркийн сайн харж амжаагүй, мөнгөлөг саарал өнгийн автомашин явж байгаад нисэх онгоцны буудлын урд байрлах гүүрний хашлага дээгүүр нэлээд өндөрт хөөрөөд гүүрний урагшаа уначихсан. ..., Тэгтэл дараагаар нь нэг эрэгтэй хүн гарч ирээд хашхираад л байсан. ..., би өөрөө утасгүй явж байсан болохоор хамгийн ойрхон байсан “Тэс Петролиум” бензин колонкын түгээгч эмэгтэйн утаснаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн дугаарын утас руу холбогдож Нисэхийн урд гүүр лүү автомашин онхолдчихлоо гэж хэлсэн...., би тухайн осол болсон гүүрнээс 200-аад метрийн зайтай байсан. ..., ямар ч л байсан нэг залуу тухайн автомашинаас гарч ирээд хашхирахыг л би сонссон. Би тухайн тээврийн хэрэгслээс гарч ирээд хашхираад байсан залууг автомашины аль хэсгээс гарч ирснийг хараагүй.” гэж хэлснээс харахад А.Х******* нь хууль сануулж мэдүүлэг авсаар байхад зөрүүтэй мэдүүлгүүдийг зориудаар өгч хууль зөрчиж, шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй нь өөрөө буруутай учраас бушуухан Ж.У*******ыг гүтгээд холдох гэж буй дүр зураг шиг харагдаж байна.
2.Жолооны ард хэн сууж явсан гэдэг нь эргэлзээтэй байх бөгөөд ХХ-0025 талын ар хэсэгт авагдсан хуудасны улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүдийн зураг №6 зүүн урд суудлын хэсгийг харуулав гэсэн хэсэгт авагдсан фото зургаас харахад жолоочийн суудал урагшаа байгаа нь биеэр намхан нуруутай хүн сууж байж уу гэхээр, харин хажуу талынх нь суудал нь хойшоо байдал нь өндөр нуруутай хүн сууж байсан гэж үзэхээр байгаа юм.
Бодит байдалд Ж.У******* нь 176 см орчим өндөртэй, А.Х******* нь 150 см орчим өндөртэй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан суудлын тэрэгний фото зураг 5-аас харахад яг осол болоход хэн машин жолоодож явсныг тогтоон шалгахад илт намхан хүн барьсан болов уу гэж харагдахаар байхад тэр өдөр Ж.У******* л машин барьж явсан, осол гаргасан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоогоогүй, зөвхөн осол болсон хүний амь хохирсон гэдгээр л хандаж хэтэрхий нэг тал буюу яллах талыг барьсан. Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй байгаа. Хамгийн гол гэрч болох хүмүүс буюу анх ослын газар дуудлагаар очсон түргэний эмч болон жолоочийг гэрчээр асуугаагүй мөртлөө хэрэгт ач холбогдол багатай мэс заслын эмчийг асуусан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдах юм.
Энэ зорилгыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж заасан байна.
Мөн хэрэгт авагдсан ХХ-0022 талд авагдсан тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: "... тээврийн хэрэгслийн урд хайрцагнаас хүрэн өнгийн түрүүвч түүний дотор 325 000 төгрөг, Ж.У*******ын иргэний үнэмлэх, бусад хувцас зэргийг ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн гэсэн тэмдэглэл үйлдсэн боловч зөвхөн Ж.У*******ын иргэний үнэмлэх, хувцсыг нь хүлээлгэн өгсөн, 325 000 төгрөгийг нь өгөлгүйгээр барахгүй одоо энэ мөнгө хаана, хэнд байгаа нь мэдэгдэхгүй байгааг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн хуралдаанд тодорхой ярьж хэлсээр байхад шүүх үүнийг огт хэрэгсэхгүй хэн нэгэн этгээд завших боломжийг бүрдүүлсэн байна гэж үзэж байгаа тул дахин шалгуулж 325 000 төгрөг хаана байгааг тогтоолгох, хэрэгт байгаа Ж.У*******ын гар утсанд эзнийг нь байлгалгүй А.Х*******ыг байлцуулан Х*******аар утасны кодыг тайлуулж Х*******д У*******ын гар утсыг хүлээлгэж өгч хууль зөрчсөн.
Хоёр: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгчөөр 2 хүүхдийнх эх түүний эхнэр Отгонцагааны Оийг тогтоохгүй, түүний ээж Л.Н*******г 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр тогтоосон нь ойлгомжгүй байна. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эхнэр О.Оаас авсан гэрчийн мэдүүлэг, 2025 оны 02 дугаар сарын 07- ны өдөр гэрч Э.Бгээс авсан гэрчийн мэдүүлэг /4х.х.-186 / зэргийг яллах дүгнэлтэд авагдаагүй учир бичгийн нотлох баримтаар тооцсонгүй. Өмгөөлөгч Р.М******* би шүүх хурал дээр дүгнэлтдээ шинжлэн судлуулж гэрч Э.Бгийн талаар ярьсан байхад бичгийн нотлох баримтаар тооцсонгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар бичгийн нотлох баримтаар тооцохгүй байх талаараа тайлбар дүгнэлтийг хийсэнгүй.
Гэм буруугийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулах саналтай мэтгэлцээнд орсон боловч шүүх шүүгдэгч Ж.У*******ыг гэм буруутайд тооцоход хангалттай гэж дүгнэж дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлсэнгүй.
1 дүгээр хавтас хэрэгт хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан фото зураг 20 хуудаснаас харахад хамгийн түрүүнд жолооч талын хаалганы цонх шилээр жолооч анх гарсан байх үндэстэй, тэгээд жолооны хүрдний баруун доор байрлах машины түлхүүрт хохирогч А.Х******* баруун өвдгөө зүссэн шархтай, автомашины урд хоёр суудал урагшаа, хойшоо, жолоочийн эсрэг талын суудлын түшлэг арагшаа налсан, хохирогч А.Х******* "... хальт санаж байгаа нь голын усан дээр зогсож байсан. .. тухайн үед надаас өөр хүн машинаас гарч ирсэн харагдаагүй. ...” зэргээс үзэхэд осол болох үед машиныг А.Х******* барьж явсан байх магадлал ихтэй байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан хэдий хохирогч А.Х*******, шинжээч Т.Т, С.Ч, Г.Ц нарыг цахимаар оруулсан боловч энэ хүмүүсийн нүүр царай, үнэхээр үнэн ярьж байна уу, үгүй юу гэдгийг мэдэх боломжгүй, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй хуулиа хэрэгжүүлж чадсангүй.
Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шинжээч Б.С, Б.Д, Т.А нарын №550 дугаартай дүгнэлтээр Ж.У*******, А.Х******* нарыг тээврийн хэрэгслийн аль суудалд сууж явсан талаар дүгнэлт гаргуулсан атлаа 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №974 дугаартай шинжээч Ө.С, С.Ч, Б.Б нараар дахин дүгнэлтийг гаргуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байхад шүүх анхаарч үзсэнгүй. Эхлээд 3 хүнийх гарсан бол дараа 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарах байтал тийм зүйл хийсэнгүй. Хохирогч А.Х*******ы гэмтлээр биш түүний үсний булцуугаар автомашины хаана явж байгааг тодорхойлж байгааг ойлгохгүй байна.
Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч. цагдаагийн ахлах дэслэгч Э.Г нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №46/99/24/408 дугаартай дүгнэлтийг “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ -ын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлтэд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №974 дугаартай шинжээч Ө.С, С.Ч, Б.Б нарын гаргасан дүгнэлтийг үндэслэж Ж.У*******ыг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлийг хангаж гараагүй үндэслэлгүй дүгнэлт байгаа учраас дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байлаа.
Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгч Л.Н******* нь насанд хүрээгүй Ө.Б, Ө.Т нарын ээж О.О байгаад байхад яагаад түүнд мөнгө олгоод байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 39.5.1 хэсэгт заасан 3 үндэслэлүүд байх тул Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү” гэв.
Прокурор О.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ж.У*******т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотолж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүгдэгч Ж.У******* нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А.Х*******ыг жолоо барьж явсан гэдэг. Түүний мэдүүлж байгаагаар А.Х*******тай дотно үерхдэг, удахгүй гэрлэнэ гэж тохиролцсон байсан ба түүний 5 настай охиныг нь бодоод хэрэгт оруулаад яах вэ гэж бодсон гэж ярьдаг. Тэгээд хэрэг явдал болж хэрэгт татагдсанаас болж харилцаагаа тасалсан гэдэг. Шүүгдэгчийн эдгээр тайлбарууд нь үндэслэлгүй, худлаа мэдүүлэг байна. Хохирогч А.Х*******аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3 удаа хууль сануулж, тайлбарлаж байгаад мэдүүлэг авсан байдаг. Тэгэхэд жолоо хэн барьж явсан болохыг удаа дараа мэдүүлдэг. Мөн хохирогч А.Х******* нь жолоочийн эсрэг талын суудал дээр хамгаалах бүсээ зүүгээд суусан гэж мэдүүлдэг. Эдгээр нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр давхар тогтоогддог. Дүгнэлт гаргасан шинжээч нар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар орж дүгнэлтүүдээ тайлбарлаж, оролцогчдын асуусан асуултад үндэслэлтэйгээр тайлбарлаж А.Х*******ыг жолоо барьж явсан байх боломжгүй талаар мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яагаад бэрээ хууль ёсны төлөөлөгчөөр оруулаагүй юм бэ? гээд байх шиг байна. Тухайн үед миний бэр дөнгөж төрсөн нялх биетэй байсан. Мөн өөрийнх нь төрсөн аав нь нас бараад маш хүнд хэцүү байсан. Энэ талаархи нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Сэтгэцэд учирсан хохирол хор уршигт өмгөөлөгчийн маань тайлбарласан 82,500,000 төгрөгийг буруутай этгээд болох Ж.У*******аас гаргуулж авмаар байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг шийдэгдэхгүй 2-3 жилийн хугацаа өнгөрлөө. 3 шинжээчээс мэдүүлэг авч, дүгнэлтээ танилцуулж байхад эдгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар асуулт асуугаагүй, зүгээр суугаад байсан. Өөрөөр хэлбэл ерөөсөө шинжээч нараас асуулт асууж маргаж мэтгэлцээгүй. Ж.У******* нь гэмт хэрэг хийчхээд би жолоо бариагүй гэж худлаа яриад байна. Яасан хүн чанаргүй, яасан хүний мөсгүй хүмүүс байдаг юм бэ?” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******гийн өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын төрсний гэрчилгээний лавлагаанууд, Өын төрсөн ээж Н*******г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, эрх, үүрэг тайлбарлаж танилцуулсан баримт авагдсан. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан хууль ёсны баримтууд юм. Цаашилбал анхан шатны шүүхийн тогтоолд хууль ёсны төлөөлөгчөөр Н*******г тогтоосон үйл явц нь хууль ёсны гэж үзэн хохирол төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. ...О нь нэгдүгээрт нөхрөө алдсан, хоёрдугаарт нялх хүүхэдтэй, гуравдугаарт сэтгэл санаа нь маш хүнд нөхцөлд байсан зэрэг шалтгааны улмаас хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжгүй болсон.
Жолоочийн суудал урагшаагаа налсан, жолоочийн хажуу талын суудал хойшоогоо налсан байдал нь Х*******ааг жолоо барьж явсан байх магадлалтай байна гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол огт үндэслэлгүй. Шинжээч нар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар оролцсон бөгөөд цахимаар оролцож байгааг шүүх хуралдаанд оролцоогүй, нүүрний тал нь гараад тал нь харагдахгүй, юу гээд байгаа нь ойлгомжгүй байсан гэдэг нь бас үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ж.У******* нь осол болох үед жолоо бариагүй байсан, харин бусад үед нь жолоо барьж байсан, осол болох үед Х*******аа жолоо барьж байсан, энэ үед Х*******аа бид хоёр хайр дурлалын холбоотой байсан ба Х*******ааг ял авхуулахгүй гэсэндээ өмнөөс нь хэрэг хүлээсэн гэж гомдол гаргасан. Мөрдөгч ганцхан удаагийн асуултаар энэ хэргийг шийдвэрлээгүй. 3-4 хуудас асуулт асууж, мэдүүлэг авсан. Энэ мэдүүлэг зөвхөн У*******ын мэдүүлгээр шийдвэрлэгдсэн хэрэг биш. Ийм учраас анхан шатны шүүхийн 214 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын өмгөөлөгч Г.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х*******ааг жолоо барьж явсан байх магадлалтай гэх нэг ч баримт авагдаагүй. Харин анхан шатны шүүхийн хохирол төлбөрийг тооцож тогтоосон хэсэг нь үндэслэл муутай болсон байна. Тийм учраас анхан шатны шүүхийн хохирол төлбөртэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ үү.
Амь хохирогч Аын хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын нэхэмжлэлийг 28,116,850 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь бидний нэхэмжилсэн нэхэмжлэлээс нэлээдгүй бага дүн бөгөөд хохирлыг бүрэн гүйцэт тооцоогүй нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. ...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө болох 82,500,000 төгрөг, ингээд нийтдээ 102,039,785 төгрөгийг шүүгдэгч Ж.У*******аас гаргуулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.
Давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Э.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.У******* жолоодож явсан болох нь хангалттай нотлогдож, тогтоогдож байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х*******ыг тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Харин тэрээр тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудалд зорчиж явсан болох нь хангалттай нотлогдож, тогтоогдсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Ж.У*******ын мэдүүлэг үндэслэлтэй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х*******ы удаа дараагийн өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн гэдэг боловч харин ч эсэргээрээ шүүгдэгч Ж.У*******ын мэдүүлгүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй байдаг.
Тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.У******* жолоодож явсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х******* жолоодож яваагүй болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тусгай мэдлэг бүхий шинжээчид дүгнэлт гаргасан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлүүлэх санал, дүгнэлтийг гаргаж байна” гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.У*******т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У*******, түүний өмгөөлөгч Н.Б*******, Р.М******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3.Шүүгдэгч Ж.У******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт байрлах нисэхийн гүүрний асфалтан зам дээр улсын дугаартай, Т /Toyota corolla filder/ загварын тээврийн хэрэгслийг цусан дахь этилийн спирт 0.5 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан А.Х*******ы биед хөнгөн хохирол, Б.А, Б.Ө нарын амь нас хохирсон үйл баримт нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авсан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ж.У*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, талийгаач Б.А, Б.Ө нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******, С.Б*******, хохирогч А.Х*******, гэрч Г.А, Э.Э, Л.Б, П.Ж, Ш.Б, Б.Б, Б.Б, Д.Э, Б.З, О.М, Б.Жан, Д.П, Ж.У******* нарын мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Эын 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №65, 66 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ждэлгэрийн 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн №3233, 3234 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Зын 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн №3235, 3236 дугаартай дүгнэлт, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Эын 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн №190, 191 дугаартай дүгнэлт, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээч И.Б, Н.М, А.Э нарын техникийн шинжээчдийн 2023 оны 11-р сарын 29-ний өдрийн 06/132 дугаартай “ ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.У******* нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт буюу "Жолоочид... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Мийн 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №4173 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.С, С.Ч, Б.Б нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №974 дугаартай “...тээврийн хэрэгслийн зүүн урд талын суудлаас авсан булцуйтай үсний дээж нь ДНХ шинжилгээний №4173 дугаартай хариугаар ДНХ-ийн бүтэц нь А.Х*******ыхтай тохирч байх тул автомашины зүүн урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна, Ж.У*******ын биед духны зүүн дээрх шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн гарын шуунд, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтлүүдийн байрлалаас харахад автомашины баруун урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна...” гэх дүгнэлт, “Цагаан шонхор” НҮТББ-ын шинжээч Т.Т, Ю.Б, С.Б, Б.Ц, Я.С нарын “... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг зам тээврийн осол гарах үед Ж.У******* жолоодож явсан байх үндэслэлтэй байна, ...хэргийн материалтай танилцахад жолооч зорчигч нар хоорондоо жолоо шилжүүлсэн гэх нотлох баримт тусгагдаагүй байна” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х., Б.А нарын 2025 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ №1118 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Д, Х.Б нарын 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ №1117 дугаартай дүгнэлт зэргээр бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
3.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Ж.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
4.Шүүгдэгч Ж.У******* “...жолооч талын суудал, машины руль хоорондын зайг шалгаж хэн машин барьж явсныг тогтоогоогүйд гомдолтой байна. ...А.Х******* би машин барьж явсан гэдгээ өөрөө хэлж нотолсон байхад намайг барьж явсан гэж нотолгоогүйгээр ял оногдуулж байгаад гомдолтой байна” гэж, түүний өмгөөлөгч нар “Ж.У*******ыг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэдгийг баттай шалгаж тогтоогоогүй, хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгчөөр эхнэр О.Оийг тогтоохгүй, ээж Л.Н*******г тогтоосон нь ойлгомжгүй, гэрч Э.Бгийн талаар ярьсан байхад бичгийн нотлох баримтаар тооцоогүй, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд цахимаар оролцуулж мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
4.1.Хэрэгт нотлох баримтаар авагдсан ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн И.Б, Н.М, А.Э нарын техникийн шинжээчдийн 2023 оны 11-р сарын 29-ний өдрийн 06/132 дугаартай “...39-44БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй, тээврийн хэрэгслийн жолооч Ж.У******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт буюу “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж хөдөлгөөнд оролцож явсан, ...дээрх хуулийн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан болсон” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.С, Б.Д, Т.А нарын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 550 дугаартай “...тээврийн хэрэгслийн зүүн урд талын суудлаас авсан булцуутай үсний дээж нь ДНХ-ийн шинжилгээний №4173 дугаартай хариугаар “…ДНХ-ийн бүтэц нь А.Х*******ыхтай тохирч байх тул автомашины зүүн урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна, Ж.У*******ын биед духны зүүн дээр шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн гарын шуунд, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтлүүдийн байрлалаас харахад автомашины баруун урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.С, С.Ч, Б.Б нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №974 дугаартай “Тээврийн хэрэгслийн зүүн урд талын суудлаас авсан булцуйтай үсний дээж нь ДНХ шинжилгээний №4173 дугаартай хариугаар ДНХ-ийн бүтэц нь А.Х*******ыхтай тохирч байх тул автомашины зүүн урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна. Ж.У*******ын биед духны зүүн дээрх шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн гарын шуунд, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтлүүдийн байрлалаас харахад автомашины баруун урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна” гэх дүгнэлт,
Шинжээч Т.Т, Ю.Б, С.Б, Б.Ц, Я.С нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 46/99/24/408 дугаартай “... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг зам тээврийн осол гарах үед Ж.У******* жолоодож явсан байх үндэслэлтэй байна, ...хэргийн материалтай танилцахад жолооч зорчигч нар хоорондоо жолоо шилжүүлсэн гэх нотлох баримт тусгагдаагүй байна, маркийн 30-44 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх ул мөр тусгагдаагүй байна...” гэх дүгнэлт,
яллагдагч Ж.У*******ын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
шүүх хуралдаанд шинжээч Г.Цгийн “...зүүн гар талын урд талын суудлын даруулга бүс сунаж түгжигдээд гацсан байсан, ...ослын үед жолооч суудлын даруулга бүс хэрэглээгүй байх үндэслэлтэй”,
шинжээч С.Чийн “...А.Х******* тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэгт, Ж.У******* тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой, ...Ж.У*******ын биед үүссэн гэмтлүүд нь бусад зорчигч нарын гэмтлээс илүү жолооны ард сууж явсан байх боломжтой байсан тул тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэж тогтоосон, ...А.Х******* хамгаалах бүсээ зүүсэн. Хамгаалах бүс гадна талаасаа дотогш чиглэлд бүслэгддэг. А.Х*******ы зүүн мөр, эгэмд учирсан гэмтэл нь зорчигчийн талд сууж бүс бүсэлсэн байдалтай холбоотой. Хэрэв А.Х******* жолооч талд сууж бүс бүсэлсэн байсан бол эсрэг талдаа буюу түүний баруун талын мөр, эгэмд гэмтэл үүснэ. Онхолдож, өнхрөх ослын үед хүн биеийн жингээрээ гадагшаа шидэгддэг. Тэр үед хамгаалах бүс татагдаж зулгарал гэмтэл үүсдэг. Иймд А.Х******* жолооч талд байрлаж явсан байх боломжгүй”,
шинжээч Г.Тын “Эргэлзэх зүйлгүй Ж.У******* тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар зам тээврийн ослын үед хохирогч А.Х******* автомашины зүүн урд хэсэгт зорчиж явсан, шүүгдэгч Ж.У******* автомашины баруун урд хэсэгт буюу жолоо барьж явсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол няцаагдаж байна.
4.2.Прокурорын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор дахин шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.С, С.Ч, Б.Б нарыг томилсон байдаг.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчид 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 974 дүгээр дүгнэлтэд “...дахин шинжилгээ хийлгэх тухай 09 тоот прокурорын тогтоолоор ...шинжээчид тавьсан асуудлыг тогтоох зорилгоор хэргийн материал, ирүүлсэн бичиг баримттай танилцан шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй магадлан шинжилгээг 2 дахь удаа хийв.” гэсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
4.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам батлагдсан. Уг журмын 3.1-т “Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаяг /цаашид "цахим шуудан" гэх/-аар мэдэгдэнэ” гэж заасан. Хэргийн оролцогч нь хаалттай явагдах шүүх хуралдаанаас бусад шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой ба анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцогчид дээрх журамтай танилцаж, шүүх хуралдааны дэгийг сахиж оролцсон байх тул талуудын мэтгэлцэх зарчим алдагдсан гэж үзэхгүй.
4.4.Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, хзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж хуульчилсан. Хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх Л.Н*******г тогтоосон нь хууль зөрчөөгүй.
4.5.Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...гэрч Э.Бгийн талаар ярьсан байхад бичгийн нотлох баримтаар тооцоогүй талаараа тайлбар дүгнэлт хийгээгүй” гэж дурджээ. Анхан шатны шүүх яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож шийдвэрлэсэн. Гэрч Э.Бгийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй бөгөөд хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
5.Иймд шүүгдэгч Ж.У*******, түүний өмгөөлөгч Р.М*******, Н.Б******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтад буруу бичигдсэн Ө.Бгийн төрсөн оныг залруулж, зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.У*******, түүний өмгөөлөгч Р.М*******, Н.Б******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.Б” гэснийг “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.Б” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.У*******ын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын жр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ