Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

Х.Д*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор О.М*******,

Шүүгдэгч Х.Д*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г******* /цахимаар/,

Хохирогч М.Г******* /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Ш.М******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нарыг оролцуулан,  Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн өмгөөлөгч Ш.М*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Д*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, ******* овогт Хын Д*******, аймгийн суманд 1997 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, ам бүл 2, ээжийн хамт аймгийн сумын баг 11 дүгээр хороолол, Б корпус, 9 дүгээр байшинд оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ФБ.

 

Шүүгдэгч Х.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04 цагийн орчим Булган аймгийн сумын бүрэн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй амралтын газарт иргэн М.тай хэрүүл, маргаан үүсгэн зодох явцад түүний үйлдлийг таслан зогсоохоор очсон М.Г*******ийн цээжин тус газар 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас Х.Д*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч ******* овогт Хын Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д*******д 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д*******д сануулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Д*******гөөс 16,041,990 /арван зургаан сая, дөчин нэг мянга, есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Г*******т олгож,

Хохирогч М.Г*******ийн эмчилгээ хийлгэх зардал, цалин хөлс, ээлжийн амралтын олговрын зөрүү, замын зардалд нэхэмжилсэн 30,025,460 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, түүний өмгөөлөгч авсантай холбогдон гарсан зардал 5,400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Xэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 1 ширхэг эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж, хэрэгт авагдсан дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг “компакт диск”-ийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж,

Шүүгдэгч Х.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ш.М******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх буюу 1,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх”-ээр тодорхойлогдохыг хуульчлан заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Д*******д торгуулийн ял оногдуулсан нь хуулийн зорилго, зорилт болон гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон шүүгдэгч Х.Д*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж хүндрүүлэх үндэслэл байхгүй хэдий ч хохирогчийн цээжин тус газарт хутгалж, түүний уушгинд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд тохироогүй. Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч цээжин тус газарт хутгалуулсны улмаас түүний булчин гэмтэж, улмаар нөхөн сэргээх шаардлагатай байгаа талаар холбогдох эмнэлгийн баримтад үндэслэн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, булчингийн гэмтэл нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөх болон хохирол төлбөр гаргуулах үндэслэл бүхий нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байгаа тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар гэм буруугийн шүүх хуралдаанд санал гаргасан боловч шүүхээс энэхүү нөхцөлийг харгалзан үзэхгүйгээр гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1.5.4-т “Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгч авсантай холбогдуулан гарсан зардал болох 5,400,000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-р зүй.чийн 1 дэх хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2018 оны 161 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасан зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгов” гэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хун, хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.

Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт "өмгөөллийн үйл ажиллагаа" гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг ойлгохоор хуульчилсан бөгөөд хохирогчийн зүгээс өөрөө өөрийгөө өмгөөлөх хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаа шалтгааны улмаас өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн. Мөн өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь хэсэгт өмгөөлөгч “өөрийн үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцааны төлөө үндэслэл бүхий хөлс авах, гаргасан зардлыг нөхөн төлүүлэх” эрхтэй байхаар хуульчилсан.

Гэмт хэрэгт өртөж, хохирогч болсон шалтгааны улмаас өөрийгөө өмгөөлөх боломжгүй өмгөөлүүлэх эрхээ эдэлж өмгөөлөгчид өмгөөллийн хөлс болон замын зардлыг төлсөн нь хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хэрэв хохирогч гэмтээгүй байсан бол түүнд өмгөөлөгч авах шаардлага хэрэгцээ үүсэхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгээв, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардлын тухайд гэмт хэргийн хор уршигтай хамааралгүй улсын төсвөөс санхүүжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бөгөөд түүнийг хэрхэн санхүүжүүлж, ямар баримтад үндэслэн гаргах талаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам” болон “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт”-д тодорхой тусгасан билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлсийн талаар бичигдсэн байх бөгөөд тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд төлөх талаар тодорхойлон тусгаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор О.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй учраас Булган аймгийн Прокурорын газраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичээгүй. Шүүхээс шүүгдэгч Х.Дэлгэрэнмөрөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсний дагуу бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулсан байгаа. Шүүгдэгч Х.Д*******д торгох ял оногдуулсан нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж үзэж байна. Энэ гэмт хэрэгт хохирогч М.Г*******ийн биед учирсан гэмтлийг тогтоох хоёр удаагийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Энэ хоёр дүгнэлт нь нарийн мэргэжлийн шинжээч эмч нар тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан агуулгын хувьд яг ижилхэн заалттай гарсан. Ямар нэг эргэлзээтэй, бүрэн бус дүгнэлт гаргасан зүйл огт байхгүй. Хохирогч нь цаашид хагалгаанд орох, эмчилгээ хийлгэх асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Тийм учраас дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчдын өмгөөллийн хөлсийг буруутай этгээдээс гаргуулна гэж тодорхой заасан байна. Тийм учраас өмгөөллийн хөлсийг нэхэмжилснийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй байна. Торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй гээд байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Шүүхийн шийдвэрлэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх үүрэгтэй гэж заасан хугацаа тогтоож өгсөн гэж үзэх бүрэн боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ийм хэрэг явдал болсонд үнэхээр их харамсаж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Д*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3.Шүүгдэгч Х.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04 цагийн орчим Булган аймгийн сумын бүрэн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй амралтын газарт иргэн М.тай хэрүүл, маргаан үүсгэн зодох явцад түүний үйлдлийг таслан зогсоохоор очсон М.Г*******ийн цээжин тус газар 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:

   Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “” амралтын газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг хуулбарлан авсан тэмдэглэл, сиди 1 ширхэг, Х.Д*******гийн эзэмшлийн “Iphone 15 promax” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Г*******, гэрч М., Б.А, С.Б, Б.Э, Б.П, Г. нарын мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарууд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

   4.Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

   5.Хохирогчийн өмгөөлөгч Ш.М******* нь “шүүгдэгч Х.Д*******д торгох ял оногдуулсан нь хуулийн зорилго, зорилт болон гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж хүндрүүлэх үндэслэл байхгүй хэдий ч хохирогчийн цээжин тус газарт хутгалж, түүний уушгинд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд тохироогүй, хохирогч цээжин тус газарт хутгалуулсны улмаас түүний булчин гэмтэж улмаар нөхөн сэргээх шаардлагатай тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар санал гаргасан боловч харгалзан үзэхгүйгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, хохирогч өмгөөлөгч авсантай холбогдон гарсан зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шийтгэх тогтоолд торгох ялыг ямар хугацаанд төлөх талаар тодорхой тусгаагүй” гэж давж заалдах гомдол гаргасан.

 

   6.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д*******д 1,300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, ... Х.Д*******гөөс 16,041,990 /арван зургаан сая дөчин нэгэн мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Г*******т олгож, ... 30,025,460 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаархи нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, өмгөөлөгчийн хөлс 5,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

            6.1.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай.

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах дээрх шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамраана.

  

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, хэрэгт шүүгдэгчийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой талаар баримт авагдаагүй байна. Мөн шийтгэх тогтоолд торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш тул шүүх хэрэгт авагдсан баримт, шүүгдэгчийн цалин хөлс, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.Д*******д 1,300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг оногдуулан   шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

6.2.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1002 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “...М.Г*******ийн биед учирсан цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, ...М.Г*******ийн биед учирсан цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотор эрхтэнг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээжний хөндийд цус, хий, агаар хуралдан үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол” гэсэн заалтад хамаарахгүй болно /1-р хх-ийн 75-75 тал/,  

   Мөн шинжээч эмч М.З, Э.Б, Б.Д нарын “...М.Г*******ийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь амь насны заалтаар мэс ажилбар хийгдсэн бол хохирлын хүнд зэрэгт хамаарах байсан боловч мэс ажилбар хийгдээгүй. Амь насанд аюултай шинж илрээгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын  4.1.3-т зааснаар хүнд хохиролд хамаарахгүй. Уг журмын 4.1.13-т цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь дотор эрхтэнг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн шархыг хэлнэ. М.Г*******ийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас ямар нэгэн мэс /хагалгаа/ ажилбар хийгдээгүй байх тул тухайн гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх агуулга бүхий мэдүүлгүүд зэргээр хохирогчид учирсан гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь тогтоогдож байна гэжээ.

   сэргээн засах клиникийн их эмчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “булчин нөхөн сэргэх мэс засал хийлгэх саналтай /26,000,000/ гэх эмнэлгийн магадлагаа хэрэгт авагдсан байх ба уг хагалгаанд орсон талаархи баримт хэрэгт авагдаагүй тул булчин нөхөн сэргээх мэс заслын зардал 26,000,000 төгрөгийг шүүх гаргаж шийдвэрлэх боломжгүй юм. Харин анхан шатны шүүх  хэлэлцэхгүй орхисон зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын талаархи нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

   6.3. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д зааснаар насанд хүрсэн, төлбөрийн чадвартай хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэжээ. Мөн насанд хүрсэн, төлбөрийн чадвартай хохирогч өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа тул өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

   7.Иймд хохирогчийн өмгөөлөгч Ш.М*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Хохирогчийн өмгөөлөгч Ш.М*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

   2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

 

                                                     ШҮҮГЧИД                                Л. АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                                     Л. ХИШИГДЭЛГЭР