Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хулант овогт Дамчаасүрэнгийн М-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн эрүүгийн 1805010390414 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, зорчигч тээврийн нэгтгэл ..............дотоод хянал шалгалтын хэлтэст хяналтын ажилтан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо .... дугаар хороолол ............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хулант овогт Дамчаасүрэнгийн М-

 

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн ....дүгээр хороо ..........тоотод эхнэр Х.А-ыг хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Д.М- эхнэр Х.А-ыг зодож биед 2 нүдний зовхи болон гарын бугалганд цус хуралт хавантай бүхий хүний эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

            Хохирогч Х.А-ын “2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчим ажлаа тараад ажлын хүмүүстэйгээ хамт караокед орж сууж байгаад 22 цаг 20 минутын орчим гэртээ харьсан. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сот 4 дүгээр байрны 20 тоот гэртээ орж ирэхэд манай нөхөр М- нь чи хаагуур явж байгаад ирсэн юм залгаад байхад гар утсаа авсангүй, янхандаж байгаад ирсэн юм уу гэхээр нь үгүй би ажлынхаа хүмүүстэй хамт караокед сууж байгаад ирлээ гэхэд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би тонгойсон чинь баруун нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд намайг дахин эрүү рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний уруулын дээд, доод талдаа язарсан, мөн хүүхдийн модон сандлаар толгойны ар руу цохисон юм. Зодуулсанаас болж миний хамарнаас цус гарсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Хамарныхаа цусыг тогтоочихоод унтсан байгаа. Шөнийн 05 цагийн орчим миний эрүү хөдлөхгүй, бие маань чичрээд халуураад байхаар нь М- бид хоёр ГССҮТ-д очиж үзүүлэхэд түргэн зураг авхуул гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ харьж амарсан. ... Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр бид хоёр үл ойлголцлоос болж маргалдсан байгаа. Одоо бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. / хэргийн 7-8 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2492 дугаартай:

            “1. Х.А-ын биед 2 нүдний зовхи болон гарын бугалганд цус хуралт хавантай гэмтэл тогтоогдлоо.

            2. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

            3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.

            5. Уг гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 12 дугаар хуудас/

 

            Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

            Д.Мөнх-Эрдэний яллагдагчаар өгсөн “...Тэгээд би гэртээ хариад байж байсан чинь 00 цагийн орчим манай эхнэр А- согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би хаана байж байгаад ирж байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй, хэнтэй ч уулзсан яадаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад нүүр рүү нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгсэн хамарнаас нь цус гарсан. Тэгээд доош тонгойгоод суусан. Тэгээд над руу уурлаж намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Би тэр үед нь айлгах санаатай хүүхдийн суудаг жижиг сандал аваад хажуу талд нь газар шидсэн. Тэгсэн орон дээрээ очоод хэвтээд өгсөн. Гэрлэлтийн баталгаатай, 2 хүүхэдтэй. ... Би эхнэр А-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

         

          Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Х.А- “...Одоо бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг / хэргийн7-8 дугаар хуудас/ өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй бөгөөд тэрээр гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хулант овогт Дамчаасүрэнгийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ