Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00862

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00862

 

ТБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч СК ХХК, СП ХК-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,566,362,088.09 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Д.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч нарын өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч СК ХХК нь Төрийн банктай дараах гэрээнүүдийг байгуулж, зээл авсан. Үүнд:

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-18 тоот зээлийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/16-18 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/16-157 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-19 тоот Барьцааны гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/16-19-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11-647870 тоот Барьцаалбар, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11-647879 тоот барьцаалбар, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-20 тоот батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулан 1,430,000.00 ам.долларын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, Төрийн банк дахь өөрийн нэрийн 106000038082 тоот ам.долларын дансанд шилжүүлэн авсан.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/16-157 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр ам.долларын зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 3,556,279,856.60 төгрөгт шилжүүлсэн.

Зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх заалт, гэрээний хавсралт №1-ийн дагуу зээлийг cap бүрийн тогтсон өдөр хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй.

Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзалт хийсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №04/21-37 тоот зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн.

СК ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.4 , 4 дүгээр зүйлийн 4.1.9 , 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Банкны зүгээс хүргүүлсэн албан тоот мэдэгдлүүдийг СК ХХК хүлээн авсан. Зээлдэгч СК ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа зээлээ төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, зээл буцаан төлөх хугацаа 1,580 хоногоор хэтэрч, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6,566,362,088.09 төгрөг төлөгдөөгүй байна. Үүнд: Зээл 2,418,953,430 төгрөг, хүү 3,715,433,489,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,975,168,26 төгрөг нийт 6,566,362,088.09 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч СК ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн өмчлөгч СП ХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201045386 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол /18105/ Толгойтын гудамж, 106 тоот хаягт байршилтай 7,718.51 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ү-2201045385 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол /18105/ Толгойтын гудамж, 102 тоот хаягт байршилтай 8,507.71 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд дурдсан 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-18, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/16-18-1, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/16-157 тоот зээлийг гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд заасан мөнгийг хүлээн авсан. Аливаа зээл нь тодорхой зорилт, зориулалттай байдаг. СК ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-18 тоот зээлийн гэрээгээр ТБ ХХК-аас Дархан хотод нөөц модуляр дата төв барих зориулалтаар 480,000 ам долларыг нэг сарын 1,7 хувийн хүүтэй, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн.

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/16-108-1 дугаар нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хэмжээг 950,000 ам.доллароор нэмэгдүүлж, нийт 1,430,000 ам долларын зээл авсан боловч, зээлдүүлэгч уг зээлийн гэрээг хуулийн шаардлагад нийцүүлэн байгуулаагүй тул уг зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/16/157 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 480,000 ам.долларын зээл, 950,000 ам.долларын зээлийг Монгол банкны тухайн өдрийн албан ханш буюу 2,486.98 төгрөгөөр тооцож 3,556,279,856.60 төгрөгт шилжүүлж, 480,000 ам.долларын төгрөгт шилжүүлсэн зээлийн хүүг нэг сарын 2,2 хувь, жилийн 26,4 хувь болгон өөрчилсөн.

СК ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 95 тоот албан бичгээр зээлээ төлж барагдуулах санал, хүсэлтээ, ТБ ХХК-д хүргүүлсэн. Төрийн банкны Эрсдлийн хороо 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж зээлийн төлбөрөөс эд хөрөнгөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа ТБ ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26-187 албан тоотоор мэдэгдэж талууд зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохиролцсон.

Иймд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-18 тоот зээлийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цуцалсан. Иймд ТБ ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд зээлийн хэмжээг 950,000 ам.доллараар нэмэгдүүлж байгаа гэрээ, ам.долларыг төгрөгт шилжүүлсэн гэрээ нь хуульд нийцээгүй хэлцэл.

Зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар Дархан хотод нөөц модулятор дата төв барих зориулалтаар зээл авсан боловч, тухайн нөхцөл байдлаас болоод, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. СК ХХК-ийн хэрэгжүүлж байсан төсөл хойшлогдсон, банкнаас авсан зээлийг хэрхэн юунд зарцуулахдаа дотооддоо ярилцсаны үндсэн дээр СП ХК-ийн хэрэгжүүлж буй Шинэ толгойт хороолол төслийн барилга угсралтын ажилд зарцуулсан. Зээлийн зориулалт өөрчлөгдсөн талаар, хожим нь ТБ ХХК-д мэдэгдсэн. Зээлийн зориулалт өөрчлөгдөхөд зээлийн эргэн татах, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, зэргээр ямар нэгэн үр дагавар үүсгэх ёстой.

Гэтэл энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулаагүй, нэмэлт тохиролцоо хэлцэл хийгдээгүй бөгөөд зээлийн зориулалт өөрчилсөн ноцтой зөрчлийн хувьд зээлийг нэн даруй буцаан төлөх үүргийг үүсгэсэн. Ер нь банк хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан. Банкны зүгээс зээлдэгчийн хувийн мэдээлэл, зээлийн үйл ажиллагаа, зориулалт, зээлийн зарцуулалт зэрэгт хяналт тавих боломжтой байсан. Анхнаас зээл зориулалтын дагуу зарцуулагдаагүй, өөр төсөлд зарцуулагдсан нь өөрөө эрсдэл үүсгэсэн. ТБ ХХК энэ тухай мэдэж байсан нь эс үйлдэхүй юм. Зээлийн зориулалт, зарцуулалт өөрчлөгдөж байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй, зээлийн төлөлт доголдож эхлэхэд хариу арга хэмжээ аваагүй, зээлийн хугацаа хэтрэлтийн талаар мэдэгдэл хүргүүлээгүй.

Бидний зүгээс зээлдэгчийн санхүүгийн байдал доройтсон, барьцаа хөрөнгө эрсдэлтэй байдалд байгаа тухайгаа мэдэгдэх нь гэрээгээр хүлээсэн үүрэг. Энэ бүх хугацаанд нөхцөл байдал хүндэрч байгаа, компанийн санхүү, төлбөрийн чадвар, зээлийн эргэн төлөлт, хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг хаах талаар санал хүсэлтээ олон удаа гаргаж, банкны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж байсан. Олон удаагийн уулзалт, санал солилцоогоор 3,168,364,500 төгрөгийн үнийн дүнд тооцуулж, 56 айлын орон сууцыг банкинд шилжүүлэх, банк орон сууцыг үүргийн бус хөрөнгөөр бүртгэж авахаар шийдвэрүүд гарч байсан боловч, банкны удирдах албан тушаалтнууд солигдож, өмнө нь гаргасан зээлийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, зээлээ төлөхийг шаардсан. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,324,000,000 төгрөг байсан. Компанийн зүгээс зээл төлөх чадваргүй болсноо удаа дараа илэрхийлж байсан. Бид эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа тухайгаа мэдээлж, зээл хаах, хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг өгч байсан. Нэгэнт эрсдэлтэй байдалд орсон, зээлээ төлж чадахгүй, барьцааны тодорхой хувийг санал болгоход авна гэж байснаа сүүлдээ авахаа больж, компанийг хохироосон. Иймд нэхэмжилж байгаа 6,566,362,088 төгрөгөөс 4,174,103,450 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна .

Хуримтлагдсан зээлийн хүүг зөвшөөрөхгүй байгаа ба цар тахал хөл хорио тогтоосон, эдийн засгийн хувьд хүнд байгаа нөхцөлд нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн зээлдүүлэгч хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн гэж үзэх үндэслэл байгаа. СК ХХК нь зээлийн төлбөрт 1,533,830,812.11 төгрөг төлсөн. Иймд зээлийн гэрээний үүрэг үүсэх үеийн буюу 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн монгол банкны албан ханш буюу 2,050.73 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2,005.71 төгрөгөөр гүйцэтгэнэ.

Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд барьцааны гэрээ байгуулж байх тухайн үед барилга дутуу баригдсан байсан тул 262 айлын 2 блок орон сууц 2 гэрчилгээтэй байсан. Улсын комисс хүлээн авснаас хойш улсын бүртгэлийн Ү-2201045386, Ү-2201045385 дугаарт бүртгэлтэй гэрчилгээ хүчингүй болж, улмаар худалдан авагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэсэгчлэн олгогдсон байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч СК ХХК-аас 6,566,362,088.09 /зургаан тэрбум, таван зуун жаран зургаан сая, гурван зуун жаран хоёр мянга, наян найман төгрөг, есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, ТБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч СК ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Стандарт проперти групп ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045385, Ү-2201045386 дугаарт тус тус бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол /18105/ Толгойтын гудамж, 102, 106 тоот хаягт байрлалтай 7,718.51 м.кв, 8,507.71 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг тус тус хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,059,960.45 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч СК ХХК-аас 32,989,760.45 төгрөг, СП ХК-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтуудад хууль хэрэглээний хувьд бодитой дүгнэлт хийгээгүй, хууль хэрэглээний алдаатай дүгнэлтүүдийг хийж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасан.

Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 480,000 ам.долларыг нэг сарын 1,7 хувийн (нэг жилийн 20.4 хувь) хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар бичгээр байгуулсан. Талууд уг гэрээгээр 480,000 ам.долларын зээлийн гэрээний харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон. Мөн зээлдүүлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн хэмжээг 950,000 ам.доллараар нэмэгдүүлж зээлдэгчид зээлийг олгосон боловч зээлийн гэрээг хуульд нийцүүлэн бичгээр байгуулаагүй, 950,000 ам.долларын зээлийн гэрээ талууд хариу төлбөр буюу хүүгийн талаар тохиролцоогүй байхад шүүх 950,000 ам.долларын зээлийн гэрээгээр хүү тооцохоор тохиролцсон, хүүгийн хэмжээг урьд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар шаардах мэтээр дүгнэлт хийж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.

Талууд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг байгуулахдаа 480,000 ам.долларын зээлийн гэрээний харилцааг зохицуулах уг гэрээг байгуулж байгаа ба харин талуудын хооронд ирээдүйд үүсэх эрх зүйн харилцаа, зээлийн харилцааг уг гэрээ шууд зохицуулахгүй бөгөөд эрх зүйн харилцаа үүсэх бүрт талууд хуульд нийцүүлэн гэрээг шинээр байгуулах үүрэгтэй. Дээрх хоёр гэрээг бичгээр байгуулсан этгээдүүдийн нэг тал нь банк эрх бүхий хуулийн этгээд буюу зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг этгээд юм.

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд ...2076 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 12/16-18 тоот зээлийн гэрээний бусад зүйл заалт хучин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө гэсэн байдаг. Энэ нь 480,000 ам.долларын зээлийн гэрээний хариу төлбөр буюу хүүгийн зохицуулалт нь хэвээр болохыг нотолж байна.

Нотлох баримтад үндэслээгүй, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийж 950,000 ам.долларт хүү тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг үл хөдлөх эд хөрөнгөөр тооцон төлөх саналыг гаргасан ба банкны эрх бүхий этгээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 26/187 тоот албан бичигтээ 56 ширхэг орон сууцыг 1м.кв талбайг 1,050,000 төгрөгөөр буюу нийт 3,168,364,500 төгрөгт тооцон өгч зээлийн төлбөрт төлүүлэх саналыг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эрсдлийн хорооны хуралд танилцуулсан ба хурлаас танайхаас ирүүлсэн хүсэлтийн дагуу орон сууцуудыг хүлээн авч банкны ӨБҮХХ-д бүртгэн зээлийн төлбөрөөс суутган тооцохоор тохиролцсон байсан. Гэвч шүүхээс талуудын дээрх байдлаар тохиролцож байсанд дүгнэлт хийлгүй, хөндлөнгийн байр суурьтай байх шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагчийн эрх зүй, эдийн засгийн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргалаа.

Гуравдагч этгээдийн буюу уг барьцаа орон сууцны барилга баригдсан газар нь Гэр хорооллын дахин төлөвлөлт-ийн хүрээнд газраа чөлөөлсөн, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлсөн иргэдийн газар дээр баригдсан орон сууцны барилга ба газар чөлөөлсөн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгаа тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар-аас газар чөлөөлсөн, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлсөн иргэдийн бүртгэлтэй холбоотой материалыг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн зүйл ч байдаг.

Хариуцагчийн зүгээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 4,174,103,450 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрч, үлдэх хэсгийг буюу 2,392,258,240 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй байгаагаа нотолж, мэтгэлцэж оролцсон. анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу 2,392,258,240 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөхгүй байгаа тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, эсхүл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал банк хүү тооцохдоо нэмэгдүүлсэн хүүг их хэмжээгээр авч бид нарыг хүүгийн дарамтад оруулсан гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хуу тооцоолох хүснэгтээс харахад үндсэн зээлд 1,1 тэрбум төгрөг, хүү 356,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,000,000 төгрөг нийт 1,5 тэрбум төгрөг төлсөн.

Хариуцагч тал зээл авснаас хойших хугацаанд компанийн зүгээс төлсөн төлөлт байхгүй. Тэр төлсөн 1,5 тэрбум төгрөг нь орон сууцны ипотекийн зээлээр буюу тухайн ашиглалтад оруулсан 2 ширхэг блок 262 айлын орон сууцнаас нийт 28 айлд Төрийн банк өөрийн эх үүсвэрээр 6 хувийн буюу тухайн үед 8 хувь байсан орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлж 28 айлд нийт 1,5 тэрбум төгрөгийг орон сууцны зээл шийдвэрлэж барьцаа хөрөнгийг чөлөөлж, Төрийн банк төлүүлж байгаа. Мөн нэмэгдүүлсэн хүү тооцсон гэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 08-ны хооронд буюу нийт 12 айлын 586,000,000 төгрөг төлөхөд 230,000,000 төгрөгийг үндсэн зээлд, үлдсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон. Үүнээс хойш компанийн нөхцөл байдал хүндэрч үндсэн зээлээс төлөх хүсэлтийг албан бичгээр гаргаж байсан. Тэгээд удаа дараагийн уулзалт хүсэлтийн дагуу банк 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 905,000,000 төгрөгийг 100 хувь буюу үндсэн зээлээс төлүүлсэн. Тэгэхээр нийт төлсөн 1,5 тэрбум төгрөгийн ихэнх нь үндсэн зээлээс төлүүлсэн. Компаниас хүү болон нэмэгдүүлсэн хүүний дарамтад оруулаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч СК ХХК, СП ХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,566,362,088 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.а. Нэхэмжлэгч ТБ ХХК нь нэхэмжлэлээ 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-18 тоот зээлийн гэрээ, уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/16-18-1, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/16-157 тоот, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-19 тоот барьцааны гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/16-19-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, батлан даалтын гэрээнд тус тус үндэслэсэн. /1хх10-11, 13-20/

 

3.б. Хариуцагч СК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,174,103,450 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, ТБ ХХК нь зээлийн зориулалтад хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, компанийн санхүү, төлбөрийн чадвар доройтсон асуудлаар хүсэлтээ удаа дараа гаргасан, гэрээг цуцалсан шийдвэрээ дахин хүчингүй болгосон гэж маргасан. /1хх65-66, 84-85/

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.а. ТБ ХХК, СК ХХК-ийн хооронд анх 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12/16-18 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр СК ХХК нь 480,000 ам.долларыг сарын 1,7 хувийн хүүтэй, жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. /1хх 10-11/

 

4.б. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дээрх 12/16-18-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар 950,000 ам.долларыг нэмж олгосноор нийт 1,430,000 ам долларыг сарын 1,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, өмнөх гэрээний нөхцөлтэйгөөр нэмж зээлдүүлэхээр тохиролцсон. /1хх 13/

 

4.в. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр, өмнөх 12/16-157 тоот зээлийн гэрээ болон 12/16/18-1 тоот зээлийн гэрээнүүдэд өөрчлөлт оруулан, гэрээний 2.1.1-д заасан зээлийн хэмжээ болох 1,429,959.17 ам.долларын зээлийг Монгол банкны тухайн өдрийн албан ханш 2,486,98 төгрөгөөр тооцож, 3,556,279,856.60 төгрөгийн зээлд шилжүүлж, зээлийн хүү сарын 1,7 хувь байсныг 2,2 хувь, жилийн хүү 20,4 хувь байсныг 26,4 хувь гэсэн өөрчлөлт оруулсан талаар гэрээнд тусгажээ./1хх14, 95 /

 

4.г. Дээрх нэмэлт гэрээ нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-18 тоот зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг байх бөгөөд зээлийн гэрээний бусад зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөхөөр гэрээнд тусгаж, талууд гэрээнд гарын үсэг зурж, тэмдэг дарж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болохоор тохиролцсон байна.

 

4.д. Мөн дээрх зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохирсон байх ба үндсэн зээл 3,556,279,856.60 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд тодорхой хэмжээгээр сар бүр төлөхөөр тохиролцсон./1хх14/

 

4.е. Дээрх зээлийн гэрээнүүдээр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнд талууд маргаангүй.

 

4.ё. СП ХК нь СК ХХК болон ТБ ХХК-ийн хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12/16-19 дугаар барьцааны гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/16-19-1 дугаар барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/16-19-1 дугаар барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 11-647870 тоот ,11-647879 тоот барьцаалбар, барьцаалбарын агуулгад өөрчлөлт оруулах гэрээг тус тус бичгээр байгуулж, эрхийн улсын бүртгэлийн газарт тус тус бүртгүүлсэн байна. /1хх 17-24/

 

4.ж. СК ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон. Хэрэгт ТБ ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26/6857, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26/187 тоот албан бичгүүд, ТБ ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12/18-98 тоот мэдэгдэл, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/2426 тоот албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04/20-11 тоот мэдэгдэл, СК ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 24 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29 тоот, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21/06 тоот албан бичгүүд зэрэг бусад нотлох баримтууд авагдсан. /1хх29-30, 33-34, 37-38, 247/

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.2,156 дугаар зүйлийн 156.2,156.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Талууд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

 

Анхан шатны шүүхээс зээлийн үлдэгдэл 2,418,953,430.43 төгрөг, зээлийн хүү 3,175,433,489.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,975,168,26 төгрөг нийт 6,566,362,088.09 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Хэдийгээр талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 495 тоот албан бичгээр зээлийг төлж барагдуулах санал хүсэлтийг хүргүүлж байсан үйл баримт байгаа хэдий ч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эсэх нь талуудын хүсэл зориг, эрх тул ТБ ХХК-ийг гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй гэж эрхийг үүрэгжүүлэн зааж буруутгах боломжгүй.

 

Барьцааны эрх нь үндсэн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой үүрэг тул шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг зөв гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,119,245 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД