| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00817/И |
| Дугаар | 303/ШШ2026/00186 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 303/ШШ2026/00186
Нэхэмжлэгч: Би ай эм би ХХК,
Хариуцагч:Г.*******,
Би даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц.*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 328 дугаар байрны 4 давхрын 23 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.
/Хариуцагч Г.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.******* нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Би ай эм би ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 328 дугаар байрны 4 давхрын 23 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Би ай эм би ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулах захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэтэл *******ийн ******* нь өөрийн нөхөр гэх*******гийн *******ын хамт 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулах 13 тоот гэрээнээсээ татгалзаж, Баянхонгор аймгийн орон нутгийн сангаас хуучин оршин суугч нарт урьдчилгаа болгон шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн дэмжлэгийг манай компаниас Төрийн банкны данс руу шилжүүлэн авч, Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтэст захиалсан гэрээнээсээ /байрнаасаа/ татгалзсан өргөдөл гаргаж өгсөн. Г.******* нь орон сууцны нөхцөл сайжруулах гэрээнээсээ татгалзсаны дагуу дараагийн худалдан авагчид шилжүүлэх гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг байранд хууль бусаар оршин суусаар байгаа тул Рашаант 10 дугаар багийн 328 байрны 4 давхрын 23 тоот 61.61м2 орон сууцыг *******ийн *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн үндэслэл нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулан захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэтэл Г.******* өөрийн нөхөр н.*******ын хамт 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны нөхцөл сайжруулах 10 тоот гэрээнээсээ татгалзаж, Баянхонгор аймгийн орон нутгийн сангаас хуучин оршин суугч нараас урьдчилгаа болгон шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн дэмжлэгийг тус компани өөрийн дансанд шилжүүлэн авсан. Тэгээд энэ өдрөөс хойш байраа чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байна гэсэн нэхэмжлэлийг гаргасан байгаа. Би ай эм би ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулах 3 талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг нэг талаас Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, тухайн үед ажиллаж байсан н.Хишигбаатар нэг ёсондоо эрх олгогч гэсэн үг. Нөгөө талаас Би ай эм би ХХК-ийг төлөөлөн тухайн үед захирлаар ажиллаж байсан н.Ганбаатар нар гүйцэтгэгч байгууллага нь орон сууц өмчлөгч буюу тухайн үед Рашаант 10 дугаар багийн 328 дугаар байрны 16 иргэд тухайн 3 талт гэрээг байгуулсан. Түүний нэг нь*******гийн ******* гэдэг хүн байгаа. Ингээд 3 талт гэрээг хууль тогтоомжид зааснаар барилгын нөхцөлийг сайжруулж харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Би ай эм би ХХК нь Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Рашаант энэ 10 дугаар багийн 328 дугаар байрыг буулгаж, 2023 оны 7 сард багтаан чанар стандартын шаардлагад нийцсэн 60 айлын 10 давхар орон сууц барьж, сууц өмчлөгч орон сууцны нөхцөлийг сайжруулах, зах зээлийн үнээс бага өртөгтэй орон сууцаар хангах үүргийг хүлээсэн. Гэрээ байгуулах үндэслэл нь Рашаант 10 дугаар багийн 328 дугаар байр нь ашиглах боломжгүй болсон. Тухайн үед байрны оршин суугчид буюу 16 оршин суугчдаас гаргасан өргөдөл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт зэргээр сайжруулж барихаар гэрээ байгуулсан. Эрх олгогч байгууллагууд буюу Засаг даргын Тамгын газар сууц өмчлөгчийн хуучин байрыг 20,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг үндэслэн 3 талт гэрээний дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж шийдвэрлүүлсэн. Тэгээд барилгынхаа м/кв 1,300,000 төгрөгөөр худалдан авагчдад олгохоор шийдсэн. Тэгээд 20,000,000 төгрөгийг нь 16 айлын шинэ байрны урьдчилгаа болж өгсөн байгаа. Үүнээс хойш хүмүүс энэ байруудаа авсан. Г.******* өнөөдрийг хүртэл энэ гэрээнийхээ үүргийн дагуу нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Харин Ц.******* гэх хүн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нотариатаар батлуулж энэ байрнаасаа татгалзсан өргөдөл гаргаж гэрээнээсээ татгалзсан байгаа. уг өргөдөлдөө Би ай эм би ХХК-ийн 2023 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулсан 01 давхар 40 айлын орон сууцыг барьсан. Миний бие тус байранд нөхцөл сайжруулах гэрээгээр авах байсан байрыг эхнэр Г.*******ийн нэр дээрх байгуулж байсан гээд Ц.*******т өгсөн. Энэ байрыг авах боломжгүй болсон. Иймд хуучин оршин суугч нарын урьдчилгаа болгож шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Би ай эм би ХХК-иас эхнэрийн дансанд авч өөрийн хүсэлтээр уг байрыг захиалсан гэрээнээсээ татгалзаж байна. Цаашид энэ хооронд ямар нэгэн маргаан гаргахгүй болно гэсэн утгатай өргөдөл бичээд Ц.*******, Г.******* нар гарын үсгээ зурж баталгаажуулан иргэний бүртгэлд өгсөн. Мөн Ц.*******ын өмчилж байсан 23 тоот орон сууцынх нь тоо өөрчлөгдсөн. Энэ орон сууцны зориулалттай 24 м/кв байр байсан билээ. Тэгээд дахин төлөвлөлтөд орж ашиглахгүй болсон учир гэрчилгээний хувь, гэрчилгээ, хувийн хэргийг бүртгэлээс хасаж өгнө үү гэсэн өргөдлийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаад үүнийг нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болгосон. Иймд Ц.******* нэг ёсондоо энэ байранд хуучин байрыг өмчлөх эрх нь хаагдсан байна гэж үзэхээр байна. Иймд Г.*******ийг удаа дараа байрнаасаа гарч өгөөч гэж гуйсан боловч гараагүй. Иймд Г.*******ийн хууль бус эзэмшлээс Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 328 дугаар байрны 23 тоот орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. гэв.
2. Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Би ай эм би ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Тус байр нь Ц.*******, Г.*******, , /хөгжлийн бэрхшээлтэй/, , ын нар буюу гэр бүлий өмч юм. Би ай эм би ХХК-тай дахин ямар нэгэн тохиролцоо, гэрээний хэлэлцээр хийгээгүй.
Тус байранд ярилцаж, тохиролцсоны дагуу оршин сууж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсээс хуучин гэрчилгээг гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр гаргуул авсан тохиолдолд суллах юм. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны нөхцөл сайжруулах Би ай эм би ХХК-тай олон удаагийн гэрээнээс 13 дугаар гэрээ нь хууль, эрх зүйн нөхцөл бүрдээгүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээ болно. Улсын бүртгэлд гэрээ цуцалж, байрнаасаа татгалзсан удаа байхгүй. Тус компани нь гуравласан гэрээ буюу орон сууцны нөхцөл сайжруулах гэрээг олон удаа худал хэлж, хууран мэхлэн олон айл өрхийг төөрөгдүүлсэн хийсэн үйлдлээ нуун дарагдуулж байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга,Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн засаг дарга нар надад нөхөн олговор олгоно гэсний дагуу Баянхонгор сум хөгжүүлэх сангаас 20,000,000 төгрөгийг танай гэр бүл байраа чөлөөлтөл ая тухтай амьдрах нийгмийн баталгааг тус компаниас 20,000,000 төгрөг ав гэсний дагуу Би ай эм би ХХК-ийн инженер 20,000,000 төгрөгийг миний Төрийн банк ХК-ийн 230800026892 дугаар данс руу шилжүүлсэн болно. Тус Би ай эм би ХХК нь Ц.******* бид 2-той удаа дараа олон удаа уулзаж тохиролцож, м/кв 1,000,000 төгрөг, 1,300,000 төгрөг, 1,600,000 төгрөг гэх мэтээр тохиролцож чадаагүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.
Би ай эм би ХХК-ийн инженер таньдаг банкаар зээл гаргуулаад зөрүү м/кв 1,600,000 төгрөгөөр тооцож, миний дүү ийн нэр дээр ипотекийн 66,000,000 төгрөгийн зээл гаргуулахаар тохиролцох үедээ нэг өргөдөл хэрэгтэй байна зөвхөн банканд үзүүлнэ гээд нотариат дээр очсон. Түүнээс улсын бүртгэл дээр албан ёсоор татгалзаж гарын үсэг зураагүй. Би ай эм би ХХК нь зөвхөн ашиг орлогын төлөө иргэдийг гэр оронгүй ажлын байр орлогогүй болгож сэтгэл санаа биед хохирол учруулсан.
Дээрх хэлцэлд хавсаргасан баримт гэрээнүүдээс харахад Г.*******, Ц.******* бид хууль бус оршин суугчид мөн гэдгийг дүгнэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Би ай эм би ХХК нь тохиролцсоны дагуу 61.61 м/кв 2 өрөө байр өгөх эсвэл Ц.*******ын гэр бүлийн хэрэгцээний 52.5 м/кв байр, өрхийн орлогын эх үүсвэр болох 8.7 м/кв өрөөг тус тус бүр гаргаж өгсөн тохиолдолд тус байрыг чөлөөлнө. гэжээ.
3.Нэхэмжлэгч байгууллагаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах захиалан бариулах гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 222-12 дугаартай
орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ, түүний хавсралт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, иргэн Ц.*******, Г.******* нарын Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл баримт, Төрийн банк ХК-ийн депозит дансны хуулга баримт, Би ай эм би ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай албан бичиг, 4 дүгээр давхрын 23 тоот орон сууцны хэмжилтийн байгуулалт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Би ай эм би ХХК-ийн дүрэм зэргийг, хариуцагчаас Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ТГ-05/1733 дугаар албан бичиг, Халамжийн нэгдсэн систем лавлагаа, тодорхойлолтын байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлэгийн мэдээлэл зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Г.*******, Ц.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хариуцагч талын хүсэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүд, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, орлогын мэдүүлэг, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар, Хаан банк ХК-ийн албан бичиг, иргэн Ц.*******ын Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан өргөдөл, гарын үсэг гэрчилсэн үйлдэлийн баримт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/623 дугаартай захирамж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05-07-003/90 дугаартай дүгнэлт, орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ, түүний хавсралт, гэрэл зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/202 дугаартай албан бичиг, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн орон сууцыг буулгаж нураасантай холбоотойгоор хувийн хэрэг хаах бүртгэл хийлгүүлэх улсын бүртгэлийн хувийн хэрэг бүртгэлийн жагсаалт /Баянхонгор сум, Номгон 1-р баг 1 байр/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/757 дугаартай тушаал, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус бүрдүүлсэн.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Би ай эм би ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 328 дугаар байрны 4 давхрын 23 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Би ай эм би ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тус байр нь Ц.*******, Г.*******, , /хөгжлийн бэрхшээлтэй/, , ын нар буюу гэр бүлий өмч юм. Би ай эм би ХХК-тай дахин ямар нэгэн тохиролцоо, гэрээний хэлэлцээр хийгээгүй. Тус байранд ярилцаж, тохиролцсоны дагуу оршин сууж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсээс хуучин гэрчилгээг гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр гаргуулан авсан тохиолдолд суллах юм. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны нөхцөл сайжруулах Би ай эм би ХХК-тай олон удаагийн гэрээнээс 13 дугаар гэрээ нь хууль, эрх зүйн нөхцөл бүрдээгүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээ болно. Улсын бүртгэлд гэрээ цуцалж, байрнаасаа татгалзсан удаа байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Би ай эм би ХХК нь тохиролцсоны дагуу 61.61 м/кв 2 өрөө байр өгөх эсвэл Ц.*******ын гэр бүлийн хэрэгцээний 52.5 м/кв байр, өрхийн орлогын эх үүсвэр болох 8.7 м/кв өрөөг тус тус бүр гаргаж өгсөн тохиолдолд тус байрыг чөлөөлнө гэж маргажээ.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь
4.Нэхэмжлэгч Би ай эм би ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 328 дугаар байрны оршин суугчид нартай Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ-г байгуулж, гэрээний зорилго нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянхонгор сумын Рашаант 10-р багийн 328 дугаар байрыг буулгаж, 2023 оны 7 дугаар сард багтаан орчин үеийн чанар стандартын шаардлагад нийцсэн, 60 айлын 10 давхар орон сууцны барилга барьж 328 дугаар байрны орон сууц өмчлөгчийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, зах зээлийн үнээс бага өртөгтэй орон сууцаар хангахаар тохиролцжээ.
5. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцны суурь газар нь Орон сууцны тухай хуулийн 151.7 зүйлд заасны дагуу төрийн мэдэлд байна., 2.2-т Эрх олгогч нь орон сууц өмчлөгчдийн хуучин байрыг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр үнэлэх саналыг үндэслэн гурван талт гэрээний дагуу Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/24 дүгээр тогтоолын дагуу 1 дүгээр байранд оршин суугч 16 айл өрхөд дэмжлэг болгон олгох нөхөн төлбөрийг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлнэ., 2.3-т Барилгын 1м2-ыг 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр тооцож худалдан авах бөгөөд эрх олгогчоос шилжүүлсэн 20,000,000 /хорин сая/ төгрөг нь 16 айлын шинэ байрны урьдчилгаа төлбөр болно., 2.4-т Баянхонгор сумын Рашаант 10-р багийн 328 дугаар байр нь цаашид ашиглах боломжгүй болж онцгой нөхцөл байдал үүссэн тул орон сууц өмчлөгчийн хүсэлтийн дагуу орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд эрх олгогч, гүйцэтгэгч тал нь орон сууц өмчлөгч талын өмнө байрлах байр болон бусад гарах зардалд үүрэг хүлээхгүй., 2.5-т Гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэгч, орон сууц эзэмшигчид / 16 айл харилцан байрныхаа м2-ыг тохиролцох ба байр ашиглалтад ороход м2- шалтгаалсан маргаан үүсгэхгүй. 2.6-т Тухайн айлын хэмжилтээр баталгаажсан м2-ийн үнийг 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр илүү м2-ийн үнийг зах зээлийн үнээр худалдаалах., 2.7-т Шинээр ашиглалтад орох орон сууцны давхар, байршлыг гүйцэтгэл компанитай харилцан тохирох гэж тус тус зохицуулжээ.
6. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Би ай эм би ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр №13 дугаартай орон сууцны нөхцөл сайжруулах захиалан бариулах гэрээ-г байгуулж, сууцны нийт талбайн хэмжээг эрх бүхий байгууллагаар дахин хэмжилт хийлгэж баталгаажуулах бөгөөд тус талбайн хэмжээг 1м2-ын үнийг 1,300,000 төгрөгөөр, оршин суугчийн захиалж байгаа илүү 1м2-ын үнийг 1,600,000 төгрөгөөр тус тус тооцохоор, тус үнэнд НӨАТ орсон болно. Баянхонгор сумын Рашаант 10-р багийн нутаг дэвсгэрт барьж буй 49 айлын 7 давхар орон сууцны 4 давхарын 55,67 метр квадрат, 2 өрөө, нийт эзэмшиж буй м2 52,5, 1,300,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг, нэмж авсан м2 3.17, 1,600,000 төгрөг, 41,210,000 төгрөг, нийт 56,621,000 төгрөг гэж тохиролцсон байна.
7.Гуравдагч этгээд Ц.******* нь Баянхонгор сумын 10 дугаар баг, 324 дүгээр байр, 4 тоотыг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс өмчлөн авч, эхнэр Г.******* болон хүүхдүүдийн хамт оршин сууж байгаад 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 328 дугаар байрны оршин суугчид нартай Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ-ний дагуу тус байрыг ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлтийг үндэслэн буулгаж нураахыг зөвшөөрч, улмаар улсын бүртгэлийн Ү-0320000216 дугаар бүртгэл, хувийн хэргийг хааж өмчлөх эрхийг хүчингүй болгох хүсэлтийг Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар ...иргэн Ц.*******ын өмчлөлийн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн Рашаант рашаантын 3 дугаар гудамж, 328 дугаар байрны 4 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0320000216 дугаарын эрхийн улсын бүртгэл... хаасан үйл баримтууд тогтоогдож байна. /хх-ийн 124-170 дугаар тал/
8.Хариуцагч Г.*******, гуравдагч этгээд Ц.******* нар нь гэрлэгчид байх бөгөөд өөрсдийнх нь амьдарч байсан байрыг ашиглалтын шаардлага хангахгүй үндэслэлээр буулгаж, шинээр барих байранд орох агуулга бүхий 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр №13 дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах захиалан бариулах гэрээ-ний дагуу шинээр баригдсан 328 дугаар байрны 23 тоот, 61,61 м2 орон сууцыг хариуцагч Г.******* эзэмших болжээ.
9. Гэвч хариуцагч Г.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.******* нар нь шинээр баригдсан байрны м2 -ийн зөрүү төгрөгийг төлөөгүй, мөн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, Би ай эм би ХХК, Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 328 дугаар байрны оршин суугчид нарын байгуулсан Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ-ний дагуу Баянхонгор сумын Засаг даргын тамгын газраас орон сууц өмчлөгчдийн хуучин байрыг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр үнэлэн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч рүү 220,000,000 төгрөг шилжүүлснээс гуравдагч этгээд Ц.*******, хариуцагч Г.******* нар нь шинээр барих байранд орохоос татгалзаж, өөрийн хуучин байранд оногдох 20,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Г.*******ийн Төрийн банк ХК-ийн тоот дансанд шилжүүлэн авч, улмаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан захиалан бариулах гэрээнээсээ татгалзсан талаарх өргөдлийг гаргасан байна. /хх-ийн 13-15 дугаар тал/
10.Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, зохигчийн тайлбарууд зэргээс үзэхэд хариуцагч Г.*******, гуравдагч этгээд Ц.******* нар нь Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 328 дугаар байрны 23 тоот орон сууцны өмчлөгч, эзэмшигч биш, харин нэхэмжлэгч Би ай эм би ХХК нь тухайн орон сууцны өмчлөгч этгээд мөн байна шүүх дүгнэв.
11.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй., 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Би ай эм би ХХК нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн барьж, ашиглалтад оруулсан байрыг чөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж үзэв
12.Иймд хариуцагч Г.*******ийн хууль бус эзэмшлээс Баянхонгор сумын Рашаант 10 дугаар баг, 328 дугаар байрны 4 давхарт байрлах 23 тоотод байрлах, 61,61 м2 орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Би ай эм би ХХК-д олгож шийдвэрлэлээ.
13. Хариуцагч Г.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.******* нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасан болно.
15. Хариуцагч Г.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.******* нар нь 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад болсон шүүх хуралдаанд биечлэн оролцсон мөн хариуцагч нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг өөрийн биеэр мэдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
16.Түүнчлэн хариуцагч Г.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд хүсэлт гаргасан.
17. Иймд хариуцагч Г.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.******* нарыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******ийн хууль бус эзэмшлээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар баг, 328 дугаар байрны 4 давхрын 23 тоотод байрлах, 61,61 м2 орон сууцыг албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Би ай эм би ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА