Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч C.Батгэрэл,

шүүгдэгч М.Д түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Гурван хулд овогт Мөнхжаргалын Дд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805002000058 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо .......гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гурван хулд овогт Мөнхжаргалын Д

 

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эль хаус” зочид буудлын саунд биеэ үнэлэхийг зохион байгуулаад байна гэх  зөрчлийн шинжтэй дуудлагын дагуу очсон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Доржбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянгол дүүрэг хариуцсан Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч  Э.Гараваа нарыг албан  үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох Никон- 3100 маркийн дижитал зургийн аппаратыг эвдэж халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “Би эхлээд хоёр найзтайгаа пабад сууж байгаад хүнтэй уулзах гэж тухайн газар ороход цагдаа нар орж ирсэн. Бид нар тэнд пиво задлаад ууж байсан нь үнэн. Тэгээд явах гэтэл цагдаа нар явуулахгүй байхаар нь би явмаар байна гээд хэрүүл, маргаан болсон. Гаргасан алдаа миний буруу” гэв.

 

Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Э.Гарваа нь хууль сахиулагч биш бөгөөд уг байгууллага нь хууль сахиулах байгууллагад хамаарахгүй байна.

Учир нь шинжилгээний байгууллага нь зөвхөн гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлэх, тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах үүрэгтэй хөндлөнгийн шинжилгээний байгууллага юм.

Иймд шүүгдэгч М.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Д нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Доржбатыг албан  үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Яллагдагч М.Д нь удаа дараа пизда гэх мэтээр харааж байв. ... Цагдаагийн дэслэгч Э.Доржбатын тавьсан шаардлагыг М.Д биелүүлэхгүй өөдөөс нь хэрэлдэсээр бичлэг дуусч байв. ... Д нь мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Доржбат руу хандан битгий хуцаад бай зайл чи муу, би энд сууна, би эрхээ хасуулаагүй шүү гэж хэлж байв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Хохирогч Э.Доржбатын “... Тэгээд хаалгаар гараад шатны хажууд коридорт гарахад хүрэн өнгийн ноосон цамц өмдтэй эмэгтэй /Д/ улаан өнгийн плажтай эмэгтэй хоёр хэл амаар доромжилж эхэлсэн ба согтуурхаад шүлсээ үсчүүлээд жолооч цагдаа Элей, шинжээч Гараваа бид гурав руу дайраад байсан.

 ... Д гэх эмэгтэй согтуурхаад агсраад улам дайраад байсан ба тэр үедээ миний куртикнээс татаж, чангаасан ба миний баруун хацар руу нэг алгадсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Гэрч Д.Элейгийн “... тэнд байсан Д гэх эмэгтэй нь урдаас шаардлага эсэргүүцэн чамд хамаагүй чи юу юм би та нарт гомдол мэдүүлнэ, пизда гэх зэргээр амаар доромжлоод агсараад өөдөөс дайраад байсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч М.Д нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Доржбатыг албан  үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан  үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Дгийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 55 дугаар хуудас/ урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн мэдээлэл авагдсан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Доржбатын “ ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/ өгсөн тул шүүгдэгч М.Дгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, М.Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч М.Дгийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                               

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Дгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэнийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Гурван хулд овогт Мөнхжаргалын Дг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар М.Дг  тэнсэгдсэн хугацаанд  зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, М.Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ